ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА
Уншсан 7390 vote 0 2011.09.13 16:11:31“Өнөөдөр” сонины уншигч -сурвалжлагч Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Ганцэцэг
Гэнэн охин амьдралд хөл тавьж буй дүрийг чадварлаг бүтээж олны танил болсон соёлын тэргүү- ний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг манай энэ удаагийн сурвалжлагчаар ажиллав. Тэрбээр нөхөн үржихүй, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцахыг хүсэж, гавьяат эмч Б.Үйлстийг урилаа.
-Сайн байна уу, Үйлст эмч ээ. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Та бид хоёрын яриа эмэгтэйчүүдэд тустай төдийгүй гэр бүл, бүх хүнд мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна?
-Сайн, сайн байна уу. Мэдэх зүйлээ олон түмэнтэйгээ хуваалцсаар өнөөдрийг хүрсэн дээ, эмч нь. Асуух зүйл байвал асуугаад л байгаарай. Би мэдэх зүйлээ хэлж өгөлгүй яах вэ.
-Таныг мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Гэхдээ аль аймгийн уугуул, яагаад эмч мэргэжлийг сонгосон гэдгийг сайн мэдэхгүй. Эхлээд хоёулаа товчхон танилцъя?
-Эмч нь Завхан аймгийн Сантмаргад сумын уугуул. Тосонцэнгэлийн 10 жилийн сургууль дүүргээд АУДС-д орсон. Намайг хэн ч эмч бол гэж хэлээгүй. Өөрийн сонирхлоор энэ мэргэжлийг сонгосон. Салбартаа 35 жил ажиллаж, 18 мянган хүүхэд эх барьж авсан байх юм. Миний хань бас эмч. Хавдрын чиглэлээр дагнаж ажилласан доктор, профессор Авирмэд гэдэг хүн бий. Одоо Хавдар судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажиллаж байна. Охин маань эмэгтэйч үүдийн их эмч, хүү маань эдийн засагч. Анагаахын оюутнууд дөрөв, тавдугаар дамжаанаас эхлээд дадлага хийдэг. Би анхныхаа дадлагыг Увс аймагт хийж байлаа.
-Дөрвөн жил анагаах ухаан заалгасан хүн дадлага хийж байхдаа хүүхэд эх барьж байв уу?
-Дадлага хийх үедээ амаржих гэж байгаа эмэгтэйчүүдийг хараад “Ямар хэцүү юм бэ. Яаж туслах вэ. Хурдхан эмчилгээ хийж, өвдөлтийг нь намдаахсан” гэж боддог байлаа. Анхны дадлагаа хийж байхдаа 30 гаруй хүүхэд эх барьж авсан. Эрүүл, эсэн мэнд амаржуулсандаа маш их баярласнаа санаж байна.
-Эмчийн ажил гэдэг хүний амь насыг хариуцдаг болохоор та нарын дадлагажуулагч нь бас сайн эмч нар байдаг байх. Та анх хэдэн кг жинтэй, ямар хүүхэд эх барьж байв?
-Тухайн үед анагаахын сургуулийн оюутнуудыг багш нар нь хариуцаад дадлага хийлгэдэг байлаа. Багш нараас гадна Увс аймгийн их эмч Цэгмэд, Бат-Очир гэдэг туршлагатай эмч нарын ачаар их зүйл сурсан. Миний анхны эх барьж авсан хүүхэд эрэгтэй байсан юм. Хэдэн кг байсныг одоо санахгүй байна. Олон жилийн дараа анхны эх барьж авсан хүүхэдтэйгээ уулзахаар хайсан боловч олоогүй. Эрүүл саруул төрсөн тэр хүү өдгөө 34 настай байх учиртай. Тухайн үед аав, ээжийнх нь нэрийг асуугаагүй болохоор олдохгүй юм билээ. Ажлынхаа гарааг Завхан аймгийн Тэс сумаас эхэлсэн. Хөдөө хоёр жил ажиллаад нэгдүгээр амаржих газарт шилжин ирснээс хойш тэтгэвэрт гартлаа ажилласан.
-Хөдөө орон нутагт ажил лаж байгаа залуу эмчид мэдэхгүй чадахгүй зүйл бишгүй гарсан байлгүй. Таны дотнын туслагч тэр үед хэн байсан бэ?
-Тэс суманд ажиллаж байхдаа олон хүнд үетэй тулгарч байсан. Эх барих гэдэг зөвхөн нэг хүний ажил бус, багаараа гар нийлж байж эх, үрийг эсэн мэнд амаржуулна. Сайн эмч нар, ажлаа мэддэг дарга нарын ачаар алдахаасаа илүү онож явсан даа, би. Ажлаа мэдэж зохицуулдаг дарга гэдэг хамгийн чухал байдаг юм. Тэсийн тэжээлийн аж ахуйн даргаар Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажилладаг байлаа. Хүний амь нас аврах яаруу, давчуу цагт Ш.Гунгаадорж гуай хамгийн сайн машинаа надад гаргаж өгнө. “Цуваа зургаа” гэдэг байсан машиныг санаж байгаа байх. Гол усны үер, цасан шуурган дунд тэр машин л хэрэг болно. Ямар ч ажилтай байсан эмч хүсэлт тавихад шууд л машинаа өгч тусална.
Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд хүнд хэцүүг даахдаа илүү байдаг гэдгийг би тэр үед мэдэрсэн. Тэсийн голын цаахна нэг эх амаржаад эхэс нь гарахгүй цус алдлаа гэсэн дуудлага ирсэн. Гол үертэй болохоор гаталж болдоггүй. Голын цаана хүний амь нас эрсдэх гээд байдаг. Сумын трактораар арай ядан гарч түүний амийг аварч байсан юм. Эхийн эндэгдэл гэдэг маш богино хугацаанд болдог аюултай. Эхэс гарахгүй удаад, нэг минутад 1-2 литр цус алдахад амь насаа алддаг. Тиймээс эмч хүн цаг хугацаатай уралдан шуурхай ажиллаж, тухайн цаг үед зөв шийдвэр гаргах чадвартай байх ёстой.
-Таны нэрийг сонсоход нэг л сайхан байдаг юм. Үйлст гэдэг ховор нэр шүү. Хэн танд энэ нэрийг өгсөн юм бол?
- Намайг манай аав эх барьж авсан гэдэг. Би ээжийгээ 44 настай байхад нь гарсан юм. Хэнз охиндоо нэр асуухаар аав минь нутгийн сайн лам дээр очиход энэ нэрийг хэлсэн гэдэг. Миний эх барьж авсан хүүхдүүд дунд Бат-Үйлст, Энх- Үйлст гэдэг нэртэй хүүхэд цөөнгүй бий.
-Та олон жил энэ салбартаа ажиллажээ. Таныг ажиллах хугацаанд гурван ихэр хүүхэд хэд төрж байв. Манай улсад дөрвөн ихэр төрсөн тохиолдол бий юү?
-Дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн хүн байхгүй. Гурван ихэр ч олон биш. Цөөхөн байдаг юм. Харин хоёр ихэр олон. Манай эмнэлэгт ажилладаг Цэрэнханд гэдэг эмэгтэй хоёр амаржаад, дөрвөн хүүхэдтэй болж байсан юм. Сүүлд эх барьж авсан ихрүүд одоо 13 настай болжээ.
-Би
хоёр хүүтэй. Анхныхаа хүүг төрүүлсний дараа эмч нар сар болоод гадаа
гар, долоо хоногт нэг удаа усанд оруулж бай гэдэг байсан. Гэтэл одоо өөр
болжээ. Уух эм нь хүртэл нь өөрчлөгдөөд байх юм?
-Тэр үнэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр шинэ зөвлөмж гаргаад ирүүлдэг. Бид түүнийг нь дагадаг. Асаргаа сувилгаа, эм тариа өөрчлөгдөж болно. Харин ганц өөрчлөгдөхгүй зүйл бол хүүхдээ хөхөөр хооллох. Эхийн сүү юу юунаас чухал учир аль болох хүүхдээ хөхөөр нь хооллож, өсгөх хэрэгтэй. Зарим нэг бодлого хоцроод байгаа нь анзаарагдаж байна.
-Хоцорч байгаа бодлогод хүүхдийн цэцэрлэг зүй ёсоор орох байх?
-Тийм ээ, би тэр асуудлыг л хэлээд байгаа юм. Хүнээ төрүүл, хүн амаа өсгөе гээд л байдаг. Гэтэл төрсөн хүүхдээ эх барьж авах эмнэлэг дутагдаад, сургууль цэцэрлэгийг нь бариагүйн хор одоо харагдаж байгаа биз дээ. Алтан гахай гээд 2007 онд олон эх төрлөө. Гэтэл тэдний аав, ээж өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонон өнжин дугаарлаж байна.
-Түүнээс гадна манай улс нөхөн үржихүйн асуудлаа бодлогоор дэмжих ёстой мэт санагддаг. Хүүхэд төрүүлсэн эхэд сүүний 20 мянган төгрөг өгч байгаа нь хангалтгүй. Цалингийн доод хэмжээ бага хэрнээ өртөг өндөр манай улсад залуу гэр бүл ажиллаж, амьдрахад хэцүү шүү дээ?
-Нөхөн үржихүйн төрийн бодлого гарцаагүй шаардлагатай байна. Манайхан судалгаа хийсэн болоод энэ асуудлыг орхигдуулдаг. БНХАУ энэ асуудалд онцгой анхаарч байгааг бид харж байна. Хятадууд нэг хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх хүн их хэмжээний мөнгө төлдөг. Харин төрөх хүүхэд нь охин байвал дэмжиж, төлбөрөөс чөлөөлдөг. В.В.Путин Ерөнхийлөгч байхдаа жирэмсэн эхчүүдэд сертификат олгож, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлэхэд зориулж хангалттай мөнгө олгодог болсон. Ингэснээр эхчүүд цалин мөнгөгүй гэж санаа зовох зүйлгүй болж байгаа юм. Хүүхдээ эрүүл өсөх нь улс орны хөгжилтэй салшгүй холбоотой. Манай улс хоёр хөршийнхөө туршлагаас суралцахад л хангалттай.
-Анзаараад байхад манай улсад салалт ихсэж, ганц бие эмэгтэйчүүд олон болжээ. Түүнээс гадна гэрлэлтийн нас нь хожуу байна. Байнгын бэлгийн харьцаанд байсан эмэгтэй энэ байдал нь алдагдаад ирэхэд эрүүл мэндэд нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Энэ маш том асуудал. Нөгөө л нөхөн үржихүйн асуудалтай шууд холбогдоно. Нэг хэсэг манайхан эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгоод авъя. Эрэгтэй хүүхэд юу ч хийгээд амьдарна гэдэг байлаа. Энэ нь эргээд нийгэмд хор уршигтай. Эмэгтэй хүүхэд нь боловсрол эзэмшээд өөрийн гэсэн ажил төрөлтэй болохоороо өөртэйгээ адил түвшний хүн сонирхох нь гарцаагүй. Гэтэл эрчүүд маань гологдоод байна. Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүд нь Солонгос болон бусад орон руу явчихсан болохоор жендерийн асуудал доголдоод ирж байгаа биз. Гэр бүл салалт их байгаа нь эрчүүдийн боловсролын түвшин, эр хүний уужуу ухаанаас гадна эмэгтэйчүүдийн ачаалал эрс нэмэгдсэнээс болсон гэж би боддог. “Эр хүн” гэдэг дуунд “...Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй...” гэдэг үг байдаг даа. Эр хүн яг л тийм байдаг. Монгол эр хүн ноён нуруутай, гүндүүгүй, ухаалаг шүү дээ. Бүсгүйчүүд бид эрчүүдээ дэмжиж, тусалж, хөгжүүлэх ёстой.
-Үр хөндөлт дэндүү замбараагүй болжээ. “Өнөөдөр” сонин үр хөндөлтийг эсэргүүцэн, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтлэл бичсэнийг санаж байна. Үр хөндөлтийг хориглосон хууль гаргавал үр дүнтэй байх болов уу. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд та юу гэж боддог вэ?
-Манай улс 1989 он хүртэл үр хөндөлтийг хориглосон хуультай байсан шүү дээ. Тухайн цаг үед эхийн эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьдаг байлаа. Эх төрөлтөөс үүдэн амь насаа алдах магадлалтай үед эмч нарын зөвлөл - гөөнөөр оруулж, дараа нь үр хөнддөг байсан юм. Харин одоо өөр болсон. Үр хөндөлтийг нийгэмтэй холбож ойлгохоос өөр аргагүй. Залуу бүсгүйчүүд тэр дундаа оюутнууд яагаад үр хөндүүлээд байна вэ. Сургуульд сурах мөнгөгүй, бусдын адил амьдрах гэхээр боломж бололцоогүй болохоор биеэ үнэлдэг гэж тэд тайлбарладаг юм билээ. Өнөө маргаашдаа гоё сайхан байх нь чухал уу, эрүүл мэнд, цаашдын амьдрал нь хэрэгтэй юү гэдгээ ойлгохгүй байгаа бололтой. Эмэгтэй хүн сайхан ханьтай болж, үр хүүхэд төрүүлэх нь хамгийн чухал, нандин юм шүү. Үр хөндөлтийг хууль зохицуулахг үй гэдгийг би олон жил ажиллахдаа мэдэрсэн.
Охид, бүсгүйчүүддээ нөхөн үржихүйн боловсрол олгоход онцгой анхаарч чадвал үр хөндөлтийг багасгаж чадна. Үр хөндүүлэх нь ямар хор хөнөөлтэйг мэдэхгүй охид байтугай нас бие гүйцсэн бүсгүйчүүд ч олон байна. Өнөөдөр 1940 он биш шүү дээ. Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг, эм, тариа гээд л олон байна. Эмчдээ үзүүлээд л өөртөө тохирохыг мэдээд хэрэглэх ёстой. Эмэгтэйчүүд эмчийн зааваргүй хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой бус эм аваад уучихдаг болж. Дээр үед зах дээр “Спирт байна, архи байна” гээд л явуулдаггүй байж билээ. Харин өнөөдөр “Эм байна, эм байна” гэсэн хүмүүс дүүрэн. Ийм байж болохгүй шүү дээ.
-Танаас асуух зүйл маш их байна аа. Харамсалтай нь ярилцлага маань цаг хугацаатай юм. Таны зөвлөгөөг бүсгүйчүүд сонсож, хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэй хүн гэр бүлээ эрүүл, халуун дулаан байлгахад юу анхаарах ёстой вэ?
-Өндөр цалинтай, зав чөлөөгүй ажилтай байсан ч гэр бүлдээ заавал цаг гаргаж байгаарай. Найз залуутайгаа, ханьтайгаа сайхан дотно харилцах тусам улам халуун дулаан уур амьсгал үүсдэг. Цаг зав гаргаж байж л айл шиг айл болдог юм шүү. Эрчүүдийн ааш зан эвдэрч, архинд дурлаад байгаа нь эмэгтэйчүүд биднээс шалтгаалж байна. Элгэмсэг зөөлөн харьцаатай, халамжтай ханиасаа холдож хөндийрөх эр хүн гэж байдаггүй юм. Тэгэхээр ханиасаа бус өөрөөсөө буруугаа хайж, засах нь чухал. Сүүлийн үед бүсгүйчүүд гэрийн үйлчлэгчтэй болжээ. Ажлынх нь зав чөлөө болохгүй байдаг л байх. Гэхдээ би үүнийг буруу гэж боддог. Гэр бүлдээ хоол хийж өгөх завгүй байвал халуун дулаан уур амьсгал үгүй болж, хүйтэн орон зай үүснэ. Иймд эрчүүдээ хайрлаж, ухаалаг амьдраарай гэж бүсгүйчүүддээ зөвлөе.
-Сүүлчийн асуулт, Үйлст эмч ээ. Манай эмэгтэйчүүд Бүлтэн эмч та хоёрт үзүүлж, зөвлөгөө авахыг илүүд үздэг. Энэ юутай холбоотой юм бол. Та одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Бид хоёрын сайных биш л дээ. Зах зээлд шилжсэнээс хойш олон эмч нар ажлаасаа гарсан. Манай амаржих газар л гэхэд тав зургаахан эмчтэй үлдсэн. Тухайн үед бидний хяналтад байсан эхчүүд маань өнөөдөр охиноо, бэрээ дагуулаад л ирж байгаа юм. Эмч мэргэжил маань намайг олны танил болгосон. Эх нялхсын өмнө “Гурван гал” гэдэг эмнэлэг байгуулагдаад гурван жил болж байна. Эмч нь тэнд зөвлөх эмчээр ажиллаж байгаа.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд бие сэтгэлээ зориулдаг танд олон мянган ээж, эмэгтэйчүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Тэмдэглэсэн Х.ОЮУНСҮРЭН