Гэхдээ энэ удаа сүмогийн ертөнц Хакүхо гэсэн ганц аваргатай жил хагас болж, бөхийн хорхойтнууд шинэ ёкозүна төрөхийг харах хүсэлтэй байгаа, Хакүхо ч өөрөө “Шинэ аваргатай болмоор байна. Хоёр дараалан түрүүлэх гэдэг болзлыг зөөллөвөл яасан юм бэ” хэмээснээс үүдэн Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо Харүмафүжиг сайн барилдвал үзүүрлэсэн ч хамаагүй эрхэм хүндтэй цол өгнө гэж шийдсэн хэрэг. Гэвч энэ саналыг эсэргүүцэж байгаа олон хүн Сүмогийн хол боонд байгаа.
Японы “Шьюкан жицүва” сэтгүүлд бичсэнээр зарим ояката ёкозүна болох болзлыг хөнгөлөх биш харин гадаадын бөхчүүдэд зориулан улам чангатгах ёстой гэж үзэж байгаа гэнэ. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ояката тус сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Японы ганц арслан байсан Кайо зодог тайлчихаад байхад ёкозүна болох шаардлагыг сулруулбал сүмогийн ертөнц гадаадын бөхчүүлийн “диваажин” болно гэсэн үг. Сүмогийн найрааны хэргийн үеэр бөхчүүд ажил хаялт зарлах санал тавихад Хакүхо ч зөвшөөрч байсан.
Кайо л тэднийг номхотгосон. Хэрэв хоёр монгол ёкозүнатай болчихвол Сүмогийн холбоо тарахад хүрнэ байх” хэмээжээ. Мөн зарим ояката Харүмафүжиг Асашёорюүтэй адилхан зан ааштай болж байна хэмээн шүүмжилжээ. Тэд “Асашёорюү эхнэр хүүхдээ Монголд байлгаад дандаа эх орондоо харьдаг байлаа. Тэгвэл Харүмафүжигийн гэр бүл бас л Монголд. Нагоягийн тэмцээн дуусангуут тэр шууд л нутаг буцсан” гэж шүүмжилжээ.