2011 он бол Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Үндэсний ардчилсан хувьсгалын 90, Монгол Улсын орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын эхлэл Судар бичгийн хүрээлэнгийн 90, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50, Монголын Шинжлэх ухааны академийн 50, сансарт монгол хүн нисэж, монгол эрдэмтэд судалгаа хийсний 30 жил зэрэг олон түүхт ой, түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буй онцлог жил юм. Монголчууд бид нэн эртний баялаг түүхийн улбаатай бахархалт ард түмэн билээ.
Уудам өргөн Азийн цээжинд нүүдэлчдийн эзэнт гүрнийг байгуулж, дэлхийд данслуулсан цагаас хүмүүний ертөнцийн олон үйл явдалд оролцож, цагийг эзэлсэн Их улс, Эзэнт гүрнийг байгуулан хүн төрөлхтний туулсан зуун зууны тодорхой үед дэлхийн түүхийг тодорхойлж, өөрсдөөрөө овоглуулж явсан ард түмэн бол монголчууд юм. Бүхэл бүтэн хоёр зууны түүхийг оройлж байсан үндэстэн Монголоос өөр өнөө хэр дэлхий дахинд гараагүй билээ. Монголчууд бид түүхийн нэгэн цагт харь гүрнийг дагасан ч уусаж үгүй болсонгүй, уламжлалт ахуй, түүх, соёлоо тээн хадгалсаар түүхэн шинэ эрин ХХ зуунд дахин түүхнээ гарч ирсэн юм.
Энэ зуунд Монгол орон үндэстний хувьд сэргэн мандаж, төр улсаа шинэчлэн байгуулж, хөгжлийн төлөө урагшилж ирсэн. Монголчууд та бидний эх орон минь XX зууны турш хөгжлийн амжилт ололт, бүтээн байгуулалт, алдаа оноотой замыг туулан явсаар 1990 онд түүхэн сонголт хийж, ардчиллын замаар хэлбэрэлтгүй замнаж, эх түүхээ тасралтгүй бүтээсээр байна. Энэхүү аугаа түүхийг Монголын ард түмэн бүтээж, бас түүнээсээ ямагт суралцсаар иржээ. Монгол хүн утга учиртай амьдарч, Монгол Улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзэл, эрин цагийн шинэ сэтгэлгээг эх түүхийн мэдлэг ямагт тэжээн тэтгэж байдаг.
Иймээс түүхээ танин мэдэж, түүнээс ухаарал авч, урагшаа тэмүүлэн амьдрах нь иргэн бүрийн үүрэг мөн. Өнгөрсөн бүхэн эхлэл байдгийн учир эх орныхоо түүхийг үл мэдэх аваас өнөөгийн нөхцөл байдлыг ойлгохгүй, ирээдүйн зам тэр хэрээр униартан бүдгэрэх авай. Хол, ойрын олон янзын соёл, үзэл санаа нэвтрэн, улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монгол үндэстний дархлааг хадгалж, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд түүхийн шастир хуудаснаа мөнхөрсөн их ой санг нэхэн сэргээж, тайлбарлан таниулахын үнэ цэнэ улам бүр өсөж байна.
Үүнийг ойлгож хэрэгжүүлэхэд энэ онд тохиож буй түүхт ойнууд чухал ач холбогдолтой бөгөөд сургамжтай билээ. Аливаа түүхт ой бол ердийн нэгэн баяр бус харин өнгөрсөн түүхээс сургамж санаа авах, үнэн зөв дүгнэлт гаргах боломж олгодог их үйл хэрэг юм. Тиймээс 2011 оныг нийт иргэд, залуу үеийнхэнд агуулга баян аугаа түүхээ таниулан мэдүүлж, тэднийг улс үндсээрээ бахархах, эх орноо гэсэн чин хүсэл эрмэлзлийг нь бадраах жил болгоход төр засаг, шинжлэх ухаан, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүхч эрдэмтэд онцгой хүчин чармайлт гаргахын хамт хүн бүр уг удам, угсаа гарал, төрж өссөн нутаг ус, төгссөн сургууль, аймаг орныхоо түүхийг гүнзгийрүүлэн мэдэж, түгээн дэлгэрүүлэхийг хичээцгээе. Эх түүхээ дээдлэх нь нийт ард түмний ёс суртахууны эрхэм дээд нь мөн.
Их ойнуудын жилд Монгол Улсын бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөрт улс үндэс, эх орон, монгол хүний үнэ цэнийг дээдлэх үзэл санааг суулгаж өгөх, эрдэмтэн судлаачид, түүхийн сургалт, судалгааны бүх байгууллага хамтран улс үндэстний хувь заяаг тодорхойлсон түүхэн үйл явдлуудыг гүнзгийрүүлэн судалж, өргөжүүлэн баяжуулах, түүх бичлэгийн өдгөө буй алдаа эндүүрлийг засах талаар онцгой чармайн ажиллацгаая.
Монголчууд бид түүхээ зөвхөн мэдээд зогсохгүй иргэн хүний үүргээ биелүүлэн түүхт үйл явдлын тухай мэдээ сэлт, ховор нандин ном бүтээл, аман домог зэргийг хэр чинээгээрээ цуглуулан түүхийн судалгааны эх суурийг арвижуулах үйлст хүчин зүтгэл гаргахыг уриалж байна. Монгол Улсын төр засгийн зүгээс улс орныхоо тусгаар тогтнол, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн үйлст онцгой гавьяа байгуулсан үе үеийн энх орончид, төрийн сэцэн билигт зүтгэлтнүүд, үндэсний баатруудынхаа алдрыг бадрааж, нэрийг нь мөнхжүүлье. Монгол эх түүхээрээ бахархаж, түүхээсээ суралцаж, түүхээ эрхэмлэн дээдэлцгээе. Монголчуудын хийморь нь босоо, хараа хурц, билгийн мэлмий тунгалаг, сэтгэл ариун, түүх гэгээн, ухаалаг, бахархаж бахдам, ид хавтай эрхэмсэг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАН
Монгол эх түүхээрээ бахархаж, түүхээсээ суралцаж, түүхээ эрхэмлэн дээдэлцгээе. Монголчуудын хийморь нь босоо, хараа хурц, билгийн мэлмий тунгалаг, сэтгэл ариун, түүх гэгээн, ухаалаг, бахархаж бахдам, ид хавтай эрхэмсэг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!