Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Мөнгөнтуул: Хожих нь ойлгомжтой болоход их баярлаж байсан ч тоглолт дуусаагүй байна, анхааралтай байх хэрэгтэй гэж өөртөө хэлж байсан
Уншсан 1006 vote 0 2010.09.15 15:41:19
Оюутны дэлхийн аваргын алтан медалиар энгэрээ чимээд удаагүй байгаа “Оюутолгой” компанийн шатарчин Б.Мөнгөнтуултай холбогдлоо. Тэрбээр одоо Германд байгаа юм. 20 орны 39 эмэгтэй шатарчныг тэргүүлж алтан медаль авсан түүнтэй хожлын дараах сэтгэгдэл болоод одоо оролцох тэмцээнийх нь талаар ярилцлаа.
Оюутны шатрын аварга болсонд баяр хүргэе? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би нийт есөн өрөг тоглосноос зургаа хожиж, 2 тэнцэж, нэг хожигдсон. Сайн тоглохын төлөө явсан ч эхний өдрүүдэд жишээ нь хоёрдугаар өрөгтөө хожигдоод бас хоёр тэнцсэн өрөгтөө дандаа илүү явж байгаад алдаж байсан. Харин сүүлийн гурван өргөө амралтын өдрийн дараа тоглосон. Магадгүй амралтын өдрөө маш сайхан байгальтай газраар аялаж өнгөрүүлсэн нь амжилт гаргахад нөлөөлсөн байх. Сүүлийн гурван өргөө хожсон. Сүүлийн өрөгтөө Индонезийн Сукандар гэдэг их мастертай тоглож хожсон. Тэнцэхэд оноо ижил болох магадлал их, дээр нь хоёрдугаар өрөгтөө хожигдсон байсан болохоор их хичээж тоглосон. Харин яг хожих нь тодорхой болоод ирэхэд их баярласан. Гэхдээ өрөг дуусаагүй байна, сайн анхааралтай байх хэрэгтэй гэж өөртөө хэлж, тоглож байлаа.
Өөрөө ч аварга болоод, багаараа ч анх удаа алтан медаль хүртсэн гэхээр их сайхан санагдаж байна?
Хувийн дүн, багийн дүн гэж гарсан. Сайн тоглосон гурван хүний дүнгээр багийн оноог гаргасан. Б.Гүндаваа, Т.Батчимэг бид гурвын дүнгээр гаргасан гэсэн үг л дээ. Тэгээд алтан медаль авсан. Манайхан их баяртай байгаа.
Тэмцээнээ дуусгаад шууд Герман руу гарсан уу?
Тэмцээний дараа эхний байрт орсон шатарчдаас допингийн шалгалт авсан. Тэрнийгээ өгчихөөд хаалтын ажиллагаандаа оролцчихоод тэгээд л орой нь Берлин руу явсан.
Ганцаараа юу? Одоо ОХУ-д болох Шатрын дэлхийн олимпиадад оролцоно биз дээ?
Оюутны дэлхийн аваргад оролцохоор монголоос дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй шатарчин, хоёр дасгалжуулагчтай ирсэн. Тэмцээн дууссан орой хоёр удаагийн улсын аварга У.Лхамсүрэн, Г.Эрдэнэ бид гурав Берлин рүү гарсан. Харин Б.Гүндаваа өнөөдөр москва руу нисч байгаа. Бусад нь монгол руу буцчихсан.
Берлинд хаана байрлаж байна вэ?
Герман дахь Монголын элчингийн ажилтан Баттөмөр ахынд байгаа. Баттөмөр ах бид нарыг монголоос ирэхэд тосч авч, цаашаа Швейцарийн Цюрих хот руу явахад тусалж байсан. Одоо ч тусалж байгаа. Энэ дашрамд Баттөмөр ах болон гэргий Чимгээ эгчид их баярлаж байгаагаа хэлье. Бид энд дөрөв хонохоор болсон.
Хэзээ Орос руу явах вэ? Бэлтгэлээ хэр хийж байна?
Олимп энэ сарын 20-ноос 10 сарын 3 хүртэл болно. Тэгэхээр 16-нд эндээс Москва руу ниснэ. 19-нд Олимп болох Хантимансийск хотруу явахаар байгаа. 160-аад орны улс оролцоно. Эрэгтэй эмэгтэй ангилалаар явагддаг хоёр жилд нэг удаа болдог том тэмцээн байгаа юм. Бэлтгэлээ хийж байгаа, бас амарч байна.
Хэзээ монголдоо ирэх вэ?
Олимп 10 сарын 3-нд дуусна. Олимпоо дуусгаад 7-нд нисээд 8-нд монголд очно.
Таван настайгаасаа шатар тоглож сурсан их мастер Б.Мөнгөнтуул төрсөн өдрөөрөө эх орондоо ирнэ гэдгээ хэлсэн. Шатарч охиндоо алтан медалиа хос болгоод ирэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна.