Moderator: mgl_300

Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн. Гэвч яагаад ч юм халх нутгийн хацар гоо охид харьд одох болов. Эрх чөлөө эх орныхоо төлөө илд барин зогсож эр хүнээс дуталгүй дайтаж явсан зоригт цусан тэдний судсанд лугшиж буй.
Алд хархан гэзгээ даруулан шууж ам тангарагтаа үнэнч гэхдээ бүсээ чангалж морин дэлэн дээгүүр сийгүүлж явсан Монгол бүсгүйчүүдийн үнэн түүх мартагдаж орхижээ. Нуган үр нутгаа эзэмшиж, охин үр өнгө шилэгддэг гэж эртний их хаад өгүүлсэн нь бий. За тэгээд бусдын газар очноо гэдэг бүсгүй хүний заяа юмаа хөө гэж ардын дуунд ч өгүүлсэн ч байдаг. Үнэхээр л бүсгүй хүн эцгийн гэрт өтөлдөггүй нь үнэн хойно өнгө шилэгдэж бусдын гэрт бэр болон очдог жам.
Харамсалтай нь сүүлийн үед хацар гоо охид маань харийн улс гүрэнд хадмын хаяа түших нь олон болж. Бүр сэтгэл сэрдхийлгэх болсон зүйл бол охид бүсгүйчүүдийг хил дамнан худалдах болсон явдал юм.
Нийгэмээ дагаад гадаадад гарах бодол хэн хүний толгойд эргэлдэх болсоор бас ч үгүй хэдэн жилийн нүүр үзжээ. Хилийн дээс алхаж л байвал диваажинд хүрэх мэтээр төсөөлж бололцоотой бүхий л арга саамны эрэлд мордоцгоох болсон нь нууц биш. Хуурамч паспорт, хуурамч банкны баталгаа, хуурамч виз гээд л...бүгд харьд одох хүслээс үүдсэн хуурмаг зүйлс. Үнэндээ ч гадаадад нэг cap ажиллаад олох өртөг бидний хэдэн сарын хөлстэй тэнцэж байхад тэднийг буруутгаад ч яалтай билээ. Хориод жилийн өмнөөс л хүмүүсийн хүсэл болсон энэ асуудал олон ч хүнийг сайн сайхан амьдралтай нь залгуулсан. Өнөөдөр ч янзаараа, аль л амжиргаа сайтай, амьдрах боломжтой газар луу хошуурсан хэвээр. Манайхны очоогүй газарч байхгүй болж, эгээ л Африкийн ширэнгэн ойруу явах нь халаг л байна. Харамсалтай нь харь орныг зорих хүслээ хоригдох зовлонгоор сольсон тохиолдлууд цөөнгүй бий.
20-25 насны царайлаг охидыг гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна. Эрээ цээрээ алдсан ийм төрлийн зарыг сонсоогүй уншаагүй хүн байхгүй биз. Хүний ёсоор өнгө шилэгдэж, харь гүрэнд хадмын хаяа түшсэн охидоо нүд үзүүрлэхээ байя. Харин элдэв ганган чамин зүйлд нь хууртагдан, хорхой гозолзуулсан худал үнэн заранд итгээд хилийн дээс алхаж эрдэнэт биеэ эд агуурс мэт үнэлүүлэн мөнгөтэй баячуудын гар дамжих Монгол охидын төлөө санаа тавихсан.
Хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах гэдгийг барууны кинонуудаас л үзэж байснаас биш өөрсдөдөө ийм явдал таарна гэж Монгол бүсгүйчүүд маань төсөөлөө ч үгүй байсан цаг саяхан. Анх 98 онд Оросын иргэн Максим гэгч хорь шүргэж яваа цэцэг цэврүү шиг хоёр охиныг хил дамжуулан худалдсан нь илэрч олныг цочроосон.
Үүнээс хойш Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2006-2008 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Харин нийслэлийн прокурорын газраас дээрх 3 жилийн хугацаанд хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
Баримт түшье: Иргэн Д гэгч эмэгтэй Япон улсад явуулж өндөр цалинтай ажилд оруулна хэмээн хууран мэхэлж, эхний ээлжинд долоон эмэгтэйг тус бүр 3500 ам доллараар, үүний дараа 10 эмэгтэйг Макаод аваачин массажист нэрийн дор массаж хийлгэн, зарим бүсгүйг хөх томруулах хагалгаанд хүртэл албадан оруулсан жигшүүрт хэрэг 2004 онд гарсан байх юм.
Төвийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн чат, зар сурталчилгааны сонингийн буланг ашиглан өндөр цалин амлаж, өнгө зүс сайтай байх шалгуур тавин хэтэвчээ түнтийлгэх увайгүй үйлдэл энэ мэт дахин бүү давтагдаасай. Нүд бүлтийлгэж, чих сортойлгосон эл хэрэг хүний наймаа гэгч холын сураг биш ойрын аюул гэдгийг мэдрүүлсэн. Харьд очоод харанхуй өрөөнд хоригдон хүчээр биеэ үнэлэн дарамтлуулж, хөл нүцгэн, мөр нөмгөн оргон зайлж элчин сайдын яамандаа очиж аврагдсан Монгол бүсгүйн тухай хэсэгтээ шуугиад намжсан. Эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдаалах асуудлыг өнөөдөр ихэнх орнууд өөрсдийн эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн тусгаж үүнтэй тууштай хатуу тэмцэл явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хамгийн их гарч байгаа. Манай хоёр хөрш ч энэ төрлийн хэргээр нэлээд дээгүүрт тэмдэглэгддэг. Хүн наймаалах гэмт хэрэгтэй олон улсын хэмжээнд хатуу тэмцэл явуулж байгаа ч хязгаарлаж таслан зогсоож чадахгүй л байна.
Улс орнууд даяарчлагдахын хирээр гэмт хэрэг хүртэл даяаршиж байгаагийн наад захын жишээ энэ. Охид бүсгүйчүүдийг хил дамжуулан наймаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, энэ талаар гарсан олон улсын конвенцид өөрийн орны хууль тогтоомжийг нийцүүлэх ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн олон улсын туршлагыг судлах гээд олон асуудал манай хууль байгуулагынхны өмнө тулгарсан хэвээр байна.
Дээхнэ үед охид бүсгүйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болохыг цээрлэдэг байлаа. Монгол хүний цус, омголон зан Монгол хүндээ л үлдээх хатуу чанга хэдий ч дэндүү нандин хүсэл өвгөдийн сэтгэлд нэвт шингээстэй байж. Хөрөнгө мөнгө бэл бэнчинтэй л бол хөгшин залуу харалган сохор ч байсан хамаагүй дагаад л гүйх болсон охид минь даанч дээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдсэн харамсалтай тоо байна. Тэдний дийлэнх нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон байх юм. Насны хувьд 18-25 насны охид харийн иргэнтэй гэр бүл болж байгаа ч, тэдний нөхөр болох улс нь 35-60 насны эрчүүд байдаг аж. Гэр бүл зуучлалын нэгэн компаниар зуучлуулан Солонгос иргэнтэй суусан охин ээжтэйгээ утсаар ярих бүртээ "-Ээж ээ намайг аваач ээ, энд үнэхээр хэцүү байна. Намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан, явуулахгүй гээд байна гэдэг байж. Харин ээж нь зуучлах төвд хандахад "-Танай охин өөрөө буруутай ааш муутайдаа тэгж байна. Тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ, бидэнд хамаагүй" гээд огт халгаадаггүй байж. Охин гэрээсээ арай гэж оргон эх орондоо ирсэн баримт хүний эрхийг хамгаалах үндэсний комисст тэмдэглэгдсэн байна.
“Арай ч дээ” гэж халагламаар зүйлийг интернэтээс үзээд өөрийн эрхгүй бухимдах бас өрөвдөх, эмзэглэх сэтгэл нэгэн зэрэг төрснийг нуух юун.
Саяхны нэг өдөр “Монгол охид ичмээр юм” гэсэн гарчигтай электрон захидал ирснийг уншихад солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсч, ярилцлагад орон, өөрийгөө сурталчилж байгаа эмэгтэйчүүдийн бичлэг байлаа. Уг сайтад 17-30 орчим насны 20 гаруй эмэгтэйчүүдийн бичлэг байв. Мэргэжлийн хувьд багш, тогооч, оюутан гэхчлэн янз бүр ч ихэнх нь ажилгүй, сургуульд сурч байгаад хаячихсан, эсвэл аль нэг дээд сургууль төгссөн ч ажилд орж чадаагүй нэг ёсондоо “гэрийн дээдийнхэн” байв. Мөн тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь олон хүүхэдтэй, амьдралын боломж тааруухан гэр бүлд төрж өсчээ.
Өөрийгөө танилцуулж, хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх чадвар маруухан хэрнээ “сэтгэл сайтай солонгос хүнтэй гэр бүл болж амьдралаа дээшлүүлмээр байна. Нэг их хөгшин биш л бол нас нь хамаагүй ээ.” гэж хэлж байгааг нь харахад өмнөөс нь ичмээр санагдаж байв.
25 настай Уянга /нэрийг нь өөрчилсөн болно/ гэдэг эмэгтэйгээс “Та яагаад заавал солонгос хүнтэй гэр бүл болохоор шийдэж энэ төвд хандсан бэ” гэсэн асуулт тавихад “Солонгос гэдэг агуу гүрэнтэй танилцаж, ёс заншлаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлэх гэсэн юм. Тэгээд ч солонгос хүмүүс чинь соёлтой, эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж чадна. Энд амьдарч байгаагаасаа илүү сайхан амьдрах гэсэн юм” хэмээн хээв нэг хариулж байх юм. Хэл нэвтрэлцэх нь битгий хэл барааг нь ч хараагүй хүнтэй гэр бүл болж сайхан амьдрахыг мөрөөдсөн эдгээр охид бүсгүйчүүд манайд хэт хүчээ авч байгаа Солонгосын савангийн дууриудаас солонгос эр хүнийг бишрэх сэтгэл төрсөн бололтой. Телевизийн суваг болгон дээр нэрийг нь өөрчлөн улиг домог болтол нь цацаж байгаа Солонгосын олон ангит киног Засгийн газар нь залуучуудынхаа эрээ цээргүй бэлгийн харьцаа, зах замбараагүй амьдралын хэв маягийг нь таслан зогсоож, ариун хайр, хүн хүнээ хайрлах сэтгэлийг бий болгохын тулд зориудаар кино болгож хүргэдэг гэсэн. Тэгэхээр залуусынхаа сэтгэхүйд нөлөөлж өөрчлөхийн тулд хэрэгжүүлж байгаа бодлогыг нь шууд тусган авч, Чан Ву, Ин Ха, Ким Ду Хан нарыг сохроор шүтэн биширч байгаа зарим эмс охид тун ч өрөвдмөөр санагдах юм. Бас болоогүй агуу их гүрний соёл, заншлаас нь суралцахын тулд харийн хүнд эцэг эхээс заяасан биеэ шууд л тавиад өгөх юм гэнэ. Соёл, иргэншлийн тухай ярих аваас олон мянган жилийг туулахдаа нүүдэллэн амьдарч байсан ч ардынхаа сайхан ёс заншлыг гээгээгүй, Азийн зүрхэн тушаа байрлах Монгол Улс аль ч гүрэн улсад гайхуулахаар ёс заншил, соёл иргэншилтэй улс шиг л санагдах юм.
Ер нь тэгээд өнөөгийн амьдралаасаа илүү сайхныг төсөөлөн ёстой нөгөө олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз ээ. Гадаадын хүнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн сэтгэхүйд байдаг шиг тийм сайхан амьдралынх нь оронд хөдөө тосгоны хахир хатуу орчин хүлээж байдгийг олон жишээ бидэнд харуулсан.
Харамсалтай нь хяналтын байгууллага байхгүй. Уг нь ард түмний татвараар цалинжиж байгаа нэлээд хэдэн төрийн байгууллага мөн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагууд байдаг. Гэтэл тэд үндсэн ажлаа хийхгүй л байх шиг байна. Мөн хичнээн хэлж яриад байхад ойлгохгүй өөрийгөө ямар амьдрал руу түлхэж байгаагаа мэдрэхгүй байгаа зарим нэг ухамсар дорой охид бүсгүйчүүдийг буруутгах уу. Сайхан ажилтай, амьдралтай бол харийн хүний гэргий болох гэж манай бүсгүйчүүд зүтгээд байхгүй нь ойлгомжтой болохоор ард түмнийхээ сайн сайхны төлөө гэж тэнхээ мэдэн орилж гарч ирсэн хэрнээ хэлсэн амнаасаа буцаж байгаа улс төрчдийг буруутгах уу. Ядуу тарчиг оронд төрсөн та бид өөрсдөө буруутай юу. Гэтэл “үйлчлэгч, зөөгч, угаагч ажилд авна” гэсэн зар хаа сайгүй л байдаг юм байна лээ. Харин эрчүүдийн өврийг дулаацуулж үнэ цэнээ алдаж төрж өссөн эх нутгаасаа хол байсны оронд шал угаасан нь уг нь дээр л баймаар юм даа
Хүний наймааны золиос болон харьд зовж яваад ирсэн бүсгүй ингэж захилаа. Ердөө саяхан, хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа түүнтэй уулзаж ярилцлага авах гэсэн боловч нэлээд цааргаллаа. Гэсэн ч бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс цөөн асуултад хариу өгсөн юм. “Миний амьдралд тохиолдсон зовлон шүү дээ” гэж ярих бүсгүй 20 гаруй настай харагдана.
-Танд яг юу тохиолдсон юм бэ?
-Би энд Солонгос Монголын хамтарсан компанид ажиллаж байсан юм. Тэгээд захирлынхаа урилгаар явсан юм.
-Солонгос руу юу?
-Тийм ээ. Солонгост очсон.
-Ямар зорилгоор явсан юм бэ?
-Солонгосын компанид ажиллаж байгаагийн хувьд Солонгос орныг үзээд, хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор явсан. Тэр урилгын цаана л хүний наймаа явагдаж байсан юм билээ.
-Таныг очиход ямар байдалтай угтсан бэ?
-Тэрийг хэлмээргүй байна. Ямар ч байсан намайг урьсны цаана гэмт хэрэг явагдаж байсан. Тэгээд Солонгосоос Хятад руу дамжуулсан.
-Хэр удсан юм ?
-Нэг их удаагүй ээ. Солонгост сар гаруй болсон. Хятадад нэг сар орчим болсон.
-Наашаа яаж мэдэгдсэн юм. Яаж мултарч гарч ирэв?
-Бид хамгийн гол нь зөв байгууллагад ханджээ гэж бодож байна.
-Хаана мэдэгдсэн юм бэ?
-Монголын Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн. Маш түргэн шуурхай арга хэмжээ авч, бидний амьдралд туслалцаа үзүүлсэн явдалд их баярлаж байна. Ийм хэрэг гарлаа л гэж байдаг. Болсных нь дараа биш, болохоос нь өмнө сэргийлж байгаасай. Хэрэв одоо ийм байдалд орсон хүмүүс байвал ар гэрийнхэн нь ч юм уу, тагнуулын байгууллагад яаралтай мэдэгдээсэй гэж хэлэх байна. Ер нь эмэгтэй хүүхэдтэй айл хүүхдээ хамаагүй гадагш нь битгий явуулж байгаарай л гэж захъя. Өөр ч би юу ярих вэ дээ.
Бүсгүйг эгч нь бололтой эмэгтэй дагаж явна лээ. Тэрээр яриа өгөхийг мөн л эсэргүүцэж байсан ч бид ийн цөөн хорон ярилцав. Хүний наймааны золиос болсон бүсгүй солонгос хэлний мэдлэгтэй бололтой. Солонгос захирлынхаа урилгаар нутагт нь очин сар гаруй байж байгаад Хятадад иржээ. Тэндээс гэрийнхэнтэйгээ байнга холбоо барьж байж. Удахгүй очно гэж байснаа удалгүй муу хүмүүсийн гарт орсноо хэлсэн бололтой. Гэрийнхэн нь ч тагнуулын байгууллагад яаралтай мэдэгдсэн байна.
Манайхан гадагшаа л явбал диваажинд очих гэж байгаа мэт санадгаас тэднийг ямар орчин угтах, ямар эрсдэлд орж болохыг огт төсөөлдөггүй. Ар гэрийнхэн нь ч тэр, гадагшаа явж байгаа охин хүүхдийнхээ ард санаа амар хоцордог. “Өндөр цалинтай ажилд зуучилна” “Хэлний сургалтад хамруулна” гэх зэрэг зараар хууртагдан гадаадад гарч гашуун зовлон амссан эмэгтэйчүүдийн нэг жишээ нь энэ бүсгүй юм. Өмнө нь ч бид ийм гэмт хэрэгт өртсөн монгол бүсгүйчүүдийн талаар уншигчдадаа хүргэж байсан билээ. Тиймээс өндөр цалин, сайхан хангамж амласан ажлын зар болон хэн нэгэн таньдаг, таньдаггүй хүнээр зуучлуулан харийн орон руу одох гэж байгаа эмэгтэйчүүд байвал хаана очих гэж байгаагаа дахин нэг нягтлаарай