Moderator: mgl_300
Болж өгвөл бүү сал. Яагаад гэвэл дахиад гэрлэх нь салахаасаа хэцүү байдаг
Уншсан 751 vote 0 2009.03.17 11:49:49Гэр бүл сална гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Цагтаа бие биенээ хайр гэрэлтсэн нүдээр ширтэж, нэг нэгнээ санан мөрөөдөж, чин сэтгэлээсээ энхрийлэн хайрлаж байсан эр эм хоёр нэг нэгнээ үзэж чадахаа больж сална гэдэг юутай аймшигтай. Хамгийн наад зах нь үр хүүхэд өнчирнө. Цаашлаад хайран сайхан амьдрал үрэн таран болж нэг айлын гэрт эцгийн ч юм уу, эхийн ч юм уу орон зай эзгүйрч, тэр хэрээр эхнэр нөхөр хоёрын нэр хүнд буурч амьтан хүний хэл амны зугаа болно.
Хүүхдүүд эхээ, эсвэл эцгээ санан бэтгэрнэ. Салж сарнисан гэр бүлд хүүхдүүд яаж тохь тухтай амар тайван амьдрах билээ. Хэрхэн цаашид сайн хүн болон хүмүүжиж улс эх орондоо сайн үйл бүтээх билээ. Энэ мэтээр олон хурц асуудлуудыг гэр бүл салалт гаргаж ирдэг байна.
Гэтэл эр эм хоёр хоорондоо таарч тохироогүйн төлөө энхрий бяцхан нялх үрс яагаад хохирох ёстой гэж. Тэдний буруу гэж юу байх сан билээ.
“Болж өгвөл бүү сал. Яагаад гэвэл ахиад гэрлэх нь салахаасаа хэцүү байдаг” гэж үг бий. Хэрэв эр хүн өөр хүүхэнд хайр сэтгэлтэй болоод түүнтэйгээ хамтран амьдрахын тулд эхнэрээсээ салсан бол өөрийн хийсэн алхамдаа төдийлөн их эмзэглэдэггүй. Үр хүүхдээ ч хайхрахгүй орхиод л явна. Тэр бүү хэл, үр хүүхдээ эргэж тойрч санаа тавих ч үгүй.
Харин өөр сэтгэл санааг нь урвуулах зүйл байхгүй, зүгээр л эхнэртэйгээ таарч тохирохгүй, санаа сэтгэл нийлдэггүйгээс болж эхнэрээсээ салсан бол үүнийхнээ дараа хэд хэдэн үе шаттай сэтгэл зүйн хямралд орж түүнийгээ даван туулах гэж архинд донтдог болох нь нэгэнт тодорхой болсон зүйл.
Харин эр нөхрөөсөө салсан эмэгтэй хүн хоёр янзын үе шатыг туулдаг байна. Хэрэв эр нөхөртэйгээ таарч тохироогүйгээс, санаа сэтгэл нийлдэггүйгээс болж салсан бол эргээд ууч сэтгэл гаргахад бэлэн байдаг. Хэрэв эр нөхөр нь буцаж ханилахыг гуйх юм бол ам өчгийг нь аваад эргээд суухад бэлэн байдаг.
Харин эр нөхрөөсөө гадуур хүнтэй явалддаг, хэд хэдэн нууц амрагтай байсан бол тийм эмэгтэй хүн нөхрөөсөө салсны дараа гинжнээсээ алдуурсан нохой шиг хаашаа л бол хаашаа харин ч нэг хамаа намаагүй гүйдэг болж яахаас ч буцахгүй нэгэн болдог аж. Ингэж гүйлээ гээд тэд юу ч хождоггүй өөрсдөө л хохирдог боловч, салаад явсан нөхрөө адгийн муугаар төсөөлөн бодож түүнээс хариугаа авахын тулд өөрт таалагдсан, татаж чангаасан ямар ч эрчүүдтэй шалиглахад бэлэн байдаг.
Тэгэхээр гэр бүл сална гэдэг ямар их хор хөнөөлтэй зүйл болохыг та бүхэн анзаарсан байх. Гэр бүлийн салалт хэрийн хэмжээнээс ихсэх нь нийгэмд маш муугаар нөлөөлдөг тул ихэнх улс орнууд гэр бүлийн бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаарал тавьдаг байна. Тиймээс хэзээ нэгэн цагт салахгүйн тулд залуус маань анх гэрлэхдээ л хань болох хүнээ сайтар тунгааж бодож, зөв сонгох нь л чухал шүү. Гэрлэх гэж яарах хэрэгүй. Юуны түрүүнд үерхэж сурах хэрэгтэй гэж өнөөгийн залуустаа захимаар байна.
/Хань/