Хэзээд бардам омоггүй машид номхоноор яв,
Хэнийг ч хуурч мэхлэлгүй үнэн шударгаар өгүүл,
Хэдэрлэж уурлалгүй омгийг тэвчин үйлд,
Хэн бүхэнд инээмсэглэж, шударга зөөлөн өгүүл,
Ашиггүй дэмий олон үг бүү чалч,
алгасарч үймэх олны газар бүү яв,
Архи тэргүүтэй согтоогч бүгдийг бүү уу,
Аль чадлаараа амьтан бүгдэд өглөг өг,
амрагсадангүй нэгнийг тэтгэн асар,
Ариун буян номд аль чадлаараа хичээ,
Амлаж авсан санваараа ариунаар сахь,
Анхаарч эдгээрийг хичээн үйлдэж чадсан
Асар олон амьтад амгаланг аяндаа олюу,
хэмээх тэргүүтний утгыг товчилбоос,
Ахас ихэсээ өргөн хүндэтгэж
Адаг доордсыг басамжилалгүй аса яв,
Ач үр, тус эрдэм нь машид их тул
Асар сэрэмжээр нүглийг тэвчин, буяныг үйлд,
хэмээх шүлэгт утга нь багтах болой.
Хутагт Нагаржунай
Ардыг тэжээхүй РАШААНЫ ДУСАЛ