Монгол охид солонгос жүжигчнийг хөл алдан дурлаж, тэднийг хуулбарлан үс зүс, өмсч зүүхээ хүртэл өөрчилж, ааш араншин, ардын ухаанаа гээгээд байна.
Чухам яагаад солонгос кино Монголын телевизийн бүх сувгийг эзэгнэнхэн амьдарч, ямар ч хяналтгүй урагш давшилсаар буй хангүг маягийн соёлын довтолгоонд шинэ үеийн залуус автах болов оо?
“Өвлийн хайрын дуу” бизнесийн зорилгоо хангалттай биелүүлсэн. Түүгээр ч зогсохгүй өргөн хүрээнд, нийгмийг хамран нөлөөлж, солонгос эзэдтэй хоолны газар, солонгос үнэртэй баар саунуудын орлогыг огцом өсгөсөн билээ. Үнэнийг хэлэхэд солонгос савангийн дуурь хэмээх хар тамхинд бид нийгмээрээ согтуурах болсон нь маргашгүй бодит байдал юм. Зохиомж, эхлэл, өрнөл, төгсгөл, үйл явдлын хувьд нэгэн хэвийн гэмээр ядмагхан, хоол, хувцас хунар, хадам, бэрийн хэрүүлээр үргэлжилдэг эл савангийн дууриудад юуны учир ингэтлээ автах болов оо?
Тааруухан дууг мянга сонсоход үнэлэх сэтгэл төрдөг гэсэн үг бий. Үүнтэй адил солонгос жүжигчдийн гоо сайхны мэс засал, царай зүс, цалин мөнгийг сонирхох хүртлээ талын монголчууд олон ангит кинонд “орсон” нь телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын алдаа байж ч болох талтай.
-За нэг сайхан мөстэй гоймон идье.
-Кимчитэй будаа мөн ч гоё шүү гэхчлэн авгай нар ам мэдэн чалчиж, охид хангүг овгийн үе тэнгийнхнийгээ дуурайн хувцаслаж, хөвгүүд үс засалт, өмд гутлаа хүртэл солонгос хуулбараар шийдэх болов.
Ядаж байхад хотын төвийн хамгийн том кино театр маань мөн л хангүг эздийн гарт орж, Солонгосын аймшиг, аллага, дурлалын кинонууд дуу таслахгүй дэлгэцнээ гарах болсон нь монголчуудын хувьд соёлын эмгэнэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оройтоогүй байна. Техникийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар саяхныг хүртэл монгол уран бүтээлчдийн бүтээсэн киног үл тоомсорлон үүднээсээ хөөж байсан “Тэнгис” кинотеатр дэлгэцийн уран бүтээлийн нийт орлогын 40 хүртэлх хувийг авдаг даварсан журамтай.
Монгол залуус олон мянгаараа хангүг эздийн боол болохоор хэдэн халтар төгрөгийн төлөө далайн чанадыг зорьж ахуйд, тэдний эзгүйд Солонгосын бизнесийн бодлого эх орныг маань нөмрөн авлаа. Монголд хөл тавьсан солонгосчууд манай зах зээлд манай эдийн засагт нэг төгрөг нэмэрлэдэг нь юу л бол. Солонгос эзэнтэй зочид буудалд бууж, солонгос ресторанд тухлан, эцэст нь өөрсдийнхөө унаагаар дүүлж оддогийг бид мэднэ.
Секс жуулчлалын бэлгэ тэмдэг гэгддэг хацар гоо охид маань харин хэдэн вон салгаад өгвөл их юм. Ингэсээр байтал үздэг кино, иддэг хоол, өмсдөг хувцаснаас эхлээд аялдаг дуу, амрагладаг дурлал хүртэл солонгос хэв маягт шилжиж, боловсрол багатай шилжилтийн насныхан, өсвөр үеийнхэн монгол хүн гэдгээ мартахад хүрлээ. Монголд төрсөндөө харамсахад ойрхон байх шиг.
Нэгэн баримт дурдъя. 16 настай монгол охин амиа хорлохоор оролдоод бүтэлгүйтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар намаржин сонин хэвлэлүүд шуугисан. Хайртай солонгос жүжигчин нь амиа хорлосныг сонсоод сэтгэлийн хямралд өртөн үхлийг сонгосон тухай харин сэтгэлзүйчээс нь өөр хүн мэдээгүй гэдэг.
17 настай эрэгтэй М гэрээсээ оргон, орц хонгилоор хоног төөрүүлж яваад эрүүл мэнд нь эрс муудан мөн л эмнэлэгт очихдоо тулжээ. Ээж нь солонгос кино үзэхийг хориглосны төлөө М ийм шийдвэр гаргаж, төрсөн гэрээ орхин, гэрийнхэнтэйгээ муудалцсан нь тэр байж.
Сэтгэл судлаачид олон ангит савангийн дуурийг нэгэн төрлийн хар тамхитай зүйрлэдэг нь зүгээр ч нэг адилтгасан үг биш болохыг эндээс харж болно.
Солонгосоос бараа зөөж борлуулдаг бизнесийн компаниуд, Монголд бизнес эрхэлж байгаа солонгосчуудын шунал хүслийн золиос нь шилжилтийн насны энэ охид, хөвгүүд болж хувирсны хамгийн тод жишээ гэж үүнийг тодотгоё. Цаашлаад хувь хүн төдийгүй монгол үндэстний уламжлал, ёс заншил хохирч үлдэхэд ойрхон болжээ. Монголын ямар ч хамгаалалтгүй зах зээл солонгос бизнесмэнүүдийн хувьд ашиг хонжооны найдвартай түшиц газар болдог төдийгүй хангүг соёлыг дэлгэрүүлэх том талбар аж. Монголын телевизүүд үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргийг огоорч, өдөр шөнөгүй, ээлж халаагүй солонгос киногоор бөмбөгдөх болсны цаана асар их мөнгө эргэлдэж байхыг үгүйсгэмгүй.
Солонгос хоолны газар, ресторан, караоке, хэлний сургалтын төв, хими цэвэрлэгээ, зочид буудлуудаар Улаанбаатар хахаж байна.
Солонгос маягийн амиа хорлолт, дурлалын паянгаар залуус өвчилж байна. Солонгос киногоор Монголын телевизүүд мэндчилж байна. Монгол хүн хаана нь амьдрах юм бэ? Төв Азийн монголчуудыг дайлаар мордоод буй Солонгосын соёлын довтолгооноос хэрхэн зайлсхийж, хэрхэн монголоороо үлдэх вэ?
Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ хэмээн модернист яруу найрагч Б.Галсансүх гашуун үнэнийг сэтгэлээ элтлэн бичсэн. Харин одоо Монголын телевизүүд солонгосоор мэнд эрэхэд өнө эртний соёл, өнөө цагийн уламжлалаа мартахад хүрэх нь.
- Solongosiig duuraih ch gej dee argagui shdee hun chine saihniig l husdeg biz dee saihniig ni duuraij l baig yaahavdee muug ni l buu duuraigasai *_^
Ene baidlaas garakh ug ny mash amarkhan l daa gol ny khusekhgui l baigaad ym shuu dee. Khen be? geklheer manai mongolchuud ekh oronch uzelgui bolsond l gej bodood baina. Za tegeed bi Dundad Asiin ornuudaar odoo yavj baina . zavtai bolkhooroo tednii ekh oronch uzel , bolon tend baigaa MGLchuudiin ajil amidraliin tukhai, kharitsuulan bodokh bolomj ta bukhen bag ch bolov ... za