
Солонгосын хойг дээр байдал улам хурцдаж байна. АНУ Умард Солонгосын эсрэг хамгийн сүүлийн үеийн “F-22″ хэмээх онгоцоо ашиглахад бэлэн байгаа юм. Энэ удаад Умардынхны хөөргөхөөр зэхэж буй пуужинг нь америкчууд сөнөөх аваас тэдний заналхийлэл бодитоор хэрэгжих магадлалтай байна.
Япон, Өмнөд Солонгосын эсрэг дайн эхлүүлэхээр Умард Солонгос заналхийлсний дараахан Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан хээрийн сургууль эхэлсэн юм, Харин тус сургуулилтад АНУ-ын хамгийн сүүлийн үеийн “F-22″ онгоц, пуужингаас эсэргүүцэн хамгаалах зэвсгээ оролцуулж байгаа. Үүнийг Умардынхан өдөөн хатгасан хэрэг хэмээн үзсэн байна.
Умард Солонгос шинээр пуужин турших тухайгаа зарласнаас хойш энэ бүх хурцадмал байдал үүссэн аж. Умардынхан энэ бол өрдөө л энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөх үйлдэл хэмээн мэдэгдэж байсан юм. Харин хөрш орнууд нь үүнийг тив алгасан АНУ-ын нутагт хүрэх чадвартай “Тэпходон-2″ пуужингаа турших гэж байгаа тул зарим хэсэг нь Японы нутаг дээр унах аюултай хэмээн хардаж байна.
“АНУ, Өмнөд Солонгос, Японы зүгээс манай хиймэл дагуулыг хүчирхэг зэвсэг хэрэглэлээрээ устгах оролдлого хийх аваас хариу цохилт өгнө. Хиймэл дагуул руу гал нээвэл дайн эхлүүлсэнд тооцох болно” гэсэн Умард Солонгосын мэдэгдлийг Японы Батлан хамгаалах яамны тэргүүн шүүмжилсэн юм.
Энэ бүхний хажуугаар Умардынхан Хятадын дэмжлэгийг олж авахыг зорьж байгаа аж. Тиймээс Умард Солонгосын Ерөнхий сайд Ким ён Ир Хятадын удирдагч В.Жибаогийн урилгаар тус улсад айлчлахаар зэхэж байна. Айлчлалын явцад хятадууд хилийнхээ ойр орчимд дайн өдөөхгүй байхыг хүсэх нь дамжигггүй.
Умард Солонгосын цэргийн номлол нь “идэвхтэй хамгаалалт” хэмээх түрүүлж цохилт хийхийг үгүйсгэдэгүй арга барил тул цэргийн мөргөлдөөн гарахыг угүйсгэх аргагүй аж. Учир нь 1968 оноос хойш жижиг хэмжээний зөрчилдөөн байнга гарч байсан юм.
Хоёр талын цэрэг зэвсгийн хүчийг авч үзвэл доорх байдалтай байна. БНАСАУ буюу Умард Солонгосын тал 850 мянган цэргийн албан хаагчтайгаас гадна нэмж дөрвөн сая бэлтгэл цэргийн албан хаагчаа татах боломжтой аж. Тус улс бүхэлдээ нэг цэргийн хуаран маягтай бөгөөд хуягт техник, нисэх хүчин зэрэг зарим төрлийн цэргийн анги нэгтгэлд алба хаах хугацаа нь 10 жил хүртэл байдаг билээ. Гэвч тус улс түлш шатахууны хомсдолтой байгаагаас гадна зэвсэгт техник нь нэлээд хуучирсан юм.
АНУ-ын дэмжлэгийг тооцохгүй ч гэсэн Өмнөд Солонгосын ард иргэд умардын довтолгоог улайран эсэргүүцэх болно. Учир нь ялагдвал тэднийг ямар хувь заяа хүлээж буйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа билээ.
Цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь их гүрнүүдийн оролцооноос нэлээд шалтгаалах болно. Энэ удаад өлсгөлөнгийн ирмэгт тулаад буй умардынхан дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж оронд нь мөнгө, мазут хоёр авснаар энэ бүхэн дуусах байх гэсэн таамаглал гарч байна. Пуужин туршина гэсэн заналхийлэл нь нөлөө үзүүлэхгүй бол цөмийн зэвсэг турших гэж буй гэсэн заналхийллээ сэргээж уг технологио Иранд дамжуулна хэмээн сүрдүүлэх бололтой.
Умард Солонгос өөрсдөдөө халгаатай цэрэг зэвсгийн зөрчилдөөн өдөөхгүй байх магадал их юм. Учир нь хүч тэнцвэргүй байгааг мэдэрч буй Пхеньянын эрх баригчид заналхийлэл, жинхэнэ дайн хоёрын торгон үзүүр дээр тогтож чадах эсэх нь ойрын хугацаанд шийдэгдэх бололтой.