Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? Үүний хариуг анагаах ухаан одоог хүртэл олоогүй байна. Хүн бүрийн бие махбодын амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн 8 цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай гэнэ. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй юм.

Эрдэмтэд та биднийг нойрны хувьд өөрийн биеийг чагнахыг зөвлөж байна. Тархин дахь биологийн цагаар удирдуулж байдаг бидний бие махбод маань нойр хүрч байгааг сануулж өгдөг. Орой болоход биеийн дулаан буурдаг. Тархины үйл ажиллагаа, рефлекс үйл ажиллагаа аажмаар зогсч эхэлнэ. Орой бүр ижил цагт зовхи анилдан, эвшээж эхэлдгээ ажиглаж болно. Энэ бүгд нь бие маань бидэнд “унтах хэрэгтэй” гэдгийг л сануулж буй хэрэг юм.

Бид биеийнхээ хүслийг дагах хэрэгтэй. Учир нь яг нойр хүрэхэд унтахгүй бол дахин нойр хүртэл 1-2 цаг хүлээх хэрэгтэй болно. Хүмүүс “нойр хулжлаа” гэж ярьдаг нь энэхүү органик тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. Ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байна гэсэн үг. Ялангуяа тогтмол цагт сэрэх шаардлагатай үед энэ нь танд томоохон алдагдал болох нь гарцаагүй. Нойрыг амархан хүргэдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Спортоор идэвхитэй хичээллэх, хүнд хоолны дараагаар нойр маш их хүрдэг. Энэ бүхний дараа шууд орондоо орвол та бидний бие махбодод дээрх үйлийн үзүүлэх сөрөг нөлөөлөл 2 дахин ихэсдэг гэнэ. Иймд орой хөнгөн хооллож, нойрсоход эерэг нөлөө үзүүлдэг зүйлсийг хэрэглэ гэж зөвлөе. Түүнчлэн оройн хоолныхоо дараа эсвэл унтахын өмнө амтлаг зүйлсийг тунг нь тохируулан хэрэглэх нь тустай байдаг байх юм.

Унтахын өмнө:

* Ном унших эсвэл хөгжим сонсох: Тайван нойрсохын тулд саад болж буй гадны зүйлээс хол байх хэрэгтэй. Ном унших, хөгжим сонсох нь таныг бусад зүйлээс тусгаарлан, унтахад бэлтгэнэ.

* Усанд орох: Халуун устай онгоцонд хүний судас тэлж, биеийн дулаан буурч эхэлдэг. Унтахаар зэхэх үед биеийн дулаан буурах нь таны амрахад онцгой нөлөөтэй.

* Зөв байрлал: Орондоо хэвтэх хамгийн зөв байрлал бол бие, нуруугаа ижил түвшинд байлгах явдал юм. Баруун талаараа зүрхээ дээд талдаа байхаар хэвтэх хэрэгтэй. Ингэж хэвтэхэд зүрх бусад эрхтэнд дарагдахгүй тайван ажиллана. Унтлагын өрөөний дулаан 20С-ээс хэтрэхгүй байх ёстой.

Зайлсхийх зүйлс

* Согтууруулах зүйлс нойргүйдэхэд хүргэдэг: Кофе, тамхи зэрэг бүх төрлийн сэргээгч зүйлсийг унтахын өмнө хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Гэвч эдгээр нь кофе, цай зэрэг сонгодог зүйлсээр хязгаарлагддаггүй. Тухайлбал: Оройн цагт хийсэн “ачаалал ихтэй дасгал”, “айл гэрийн хэрүүл маргаан” зэрэг нь эдгээртэй эн зэрэгцэхүйцээр нөлөөлдөг байна. Нөгөө талаас унтахын өмнө компьютер дээр ажиллах, утсаар ярих, өдрийнхөө ажлыг дүгнэх зэрэг нь нойргүйдэхэд хүргэдэг аж.

* Нойрны эмээс зайлсхий: Өнөө үед жороор хэрэглэдэг маш олон нойрны эм худалдаж байгаа нь бас л аюулын харангыг дэлдээд л байна. Хэд хэдэн нойрны эмийг нь хүнд зуршил болж, уцаартай болгож байгаа учраас хэрэглэх, худалдаалахыг нь хориглосон. Мөн зарим нэг тайвшруулах эм нь маш хүчтэй үйлчилгээтэй тул унтсаныхаа дараа сэрэх гэж бүтэн өдрийг зарцуулдаг байна. Хүмүүс зарим төрлийн ургамлыг унтахад тустай гэж үздэг ч шинжлэх ухааны үүднээс эдгээр нь нойрны хэмнэлийг бий болгоход огт нөлөөлдөггүйг нь тогтоосон байна. Мөн эдгээр бүх тайвшруулах, нойрсуулах үйлчилгээ бүхий эмүүд нь эгзим, бөөрний дутагдал, элэгний гепатит, зүрх судасны өвчнийг үүсгэх зэрэг сул талтайг мартаж болохгүй. Тиймээс албан ёсоор хүлээн зөвшөөрч, худалдаалагдаж байгаа эдгээр эмийг хэрэглэхдээ заавал эмчийн зааварчилгаа авах хэрэгтэй.

* Ор тань зөвхөн унтахад зориулагдсан байх: Нойр судлаачид, эрдэмтдийн үзэж байгаагаар орондоо зөвхөн унтаж, сэрүүн байхдаа хол байх хэрэгтэй ажээ. Тиймээс ч хамгийн наад зах нь орондоо зурагт үзэхийг хориглодог. Энэ нь мэдээж нойргүй хонодог хүмүүс заавал мөрдөх өдөр тутмын дүрэм юм.