Үтрээнээс цус алдах нь олон хэлбэрээр илрэх ба шалтгаан нь олон янз байдаг. Сарын тэмдэг хэвийн хэмжээнээс илүү үзэгдэж ариун цэврийн хэрэглэлээ 1 эсвэл 2 цаг тутамд солих шаардлага гарах эсвэл сарын тэмдэг 7 хоногоос илүү хугацаагаар үргэлжлэх нь эм дааврын тэнцвэр алдагдах, умайн хоргүй хавдар, умайн хүзүүний ургацаг (полип) зэргээс үүсэлтэй байж болно.
 
Бэлгийн хавьтлын дараа цус узэгдэх нь умайн хүзүүний шархлаа, үтрээний болон умайн салстын үрэвсэл, умайн болон умайн хүзүүний ургацаг, умайн хоргүй хавдар зэрэг олон шалтгаантай. Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж ойр ойрхон ирэх, мөчлөгийн дундуур цусан толбо үзэгдэх нь мөн эм дааврын тэнцвэр алдагдах; бэлгийн замын халдварууд; умай, умайн гуурсан хоолой, умайн хүзүү, үтрээний ургацаг; хортой болон хоргүй хавдрууд; умайн хүзүүний шархлаа; үтрээний гэмтэл; умайн гадуурх жирэмслэлт; зулбалт гэх мэтийн жирэмслэлтийн хүндрэлүүдийн үед илэрдэг.
 
Дээрх шинжүүдийн аль нэг нь илэрсэн үед та хугацаа алдалгүй эмчид хандаарай! Ихэнх тохиолдолд эдгээр эмгэгүүдийн эмчилгээний үр дүн сайн байдаг ч хугацаа алдвал амь насанд аюултай байж болно