Бичлэгийн тоо 3,329

Боодол өвс 5000 төгрөгийн үнэтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрсэнтэй холбогдуулан малын тэжээл, өвс ямар үнэтэй байгаа болон эрэлт нийлүүлэлт ямархуу байгааг сурвалжлахаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын баруун талд, Сонсголонгийн зам дагуу байрлах өвсний захыг зорилоо. Тэвш дүүрэн өвс ачсан чиргүүлтэй “ЗИЛ-130”, “Камаз”, “Маяти”, “Норд Бенз” зэрэг ачааны машин эгнэн зогсчээ. Тэдний өмнүүр жижиг тэрэг унасан залуус холхин, “Нар салхинд гандаж шарлаагүй, нарийн ширхэгтэй ногоон өвс байна уу. Хурдан мориндоо өгөх гэсэн юм” гэвэл өвсний худалдаачид “Сар гаруйн өмнө л хурааж авсан юм чинь бүх өвс л шим тэжээлээ алдаагүй байгаа шүү дээ. Хашаанд хураалттай байсан өвсийг шууд ачиж ирээд энд борлуулж байгаа. Шим тэжээл маш сайтай. Бид ямар жилийн өмнө хураасан, өнжмөл өвс худалдаж байгаа биш”, “Өчигдөрхөн хадсан биш дээ, яаж ч нов ногоон байх билээ. Бүхэл бүтэн хоёр сарын өмнө хурааж аваад, хадгалсан шүү дээ”, “Миний зарж байгаа өвс нарийн ширхэгтэй бас шинэхнээрээ. Боодолтой өвс гадна талаараа бага зэрэг шарласан болохоос биш голдоо ногооноороо байгаа. Боодолтой өвснүүдээсээ нэг боодлыг аваад үзүүлсэн ч болно” гэцгээнэ. Жижиг тэрэгтэй залуус “Нэг боодол нь 5000 төгрөгт хүрэхээргүй л өвс харагдаад байх юм. Хэдхэн хоногийн өмнө 4500 төгрөг байсан. Жаахан цас хаялахаар үнээ нэмчих юм аа. 4500 төгрөгөөр зарна гэвэл 50 боодол өвс авлаа” гэв. Тэдний дэргэд цугларч байсан өвсний худалдаачид “Өө тэгвэл бидэнд ямар ашиг гарахав дээ. 200-300 км, зарим нь 500 гаруй км-ийн алсаас 4000 төгрөгөөр худалдаж аваад, бензин тосоо гарздан, цаг зав, хөлс хүчээ шавхан байж авчирсан жаахан өвсөө 500-хан төгрөг нэмээд зарна гэж юу байхав”, “Энэ боодолтой өвснүүд чинь өөрснөө тэвшин дээр үсэрч гараад, татлаган дор орчихгүй. Дор хаяж 150-200 мянган төгрөг болж байж чиргүүлтэй машин дээрээ ачуулдаг. Дээр нь шатахуун, хоол ундны мөнгөө нэмбэл бараг 4500 болчихно. Тэгэхээр 5000 төгрөгөөр зарж байж, 500 төгрөг нь бидэнд ашиг болж ирдэг юм” гэцгээн өөр өөрсдийн ачааны машин руугаа явцгаав. Ийнхүү “4000 төгрөгөөр тооцоод мөнгөө аваад ирсэн чинь 50 боодол өвс авахад хүрэхгүй нь бололтой. Тэгэхээр 40 боодлыг л авъя даа. Ачааны машин хөлслөөд ирье” гээд мөнгөө тоолж өгчихөөд явцгаав.

“Хоёр үхрийг 200 боодол өвсөөр сольё”

Тэвшин дээрээ хоёр үхэр ачсан Сэлэнгэ аймгийн дугаартай портер орж ирлээ. Хар бор ажилд өмсдөг болов уу гэмээр өнгө нь гандсан хөвөнтэй дээлтэй, 50 гаруй насны махлаг эр бууж ирснээ өвсний үнэ сураглав. Тэрбээр “Ах нь хөдөөнөөс шууд орж ирлээ. Нэг нь шүдлэн, нөгөө нь хязаалан тарган эр үхрүүд байгаа юм. 200 боодол өвсөөр сольчихмоор байна. Өнгөрсөн намар манай нутгаар гантай, хур бороо оройтож ороод газрын гарц тааруу. Эмгэн бид хоёр хүн бүлгүй учраас нутаг алгасаж, хадлан тэжээлээ бэлтгэж чадаагүй. Ямар сайндаа л үхрээ муулж чадалгүй амьдаар нь ачаад явж байхав. Хот хүрээнд ажил төрөлтэй үр хүүхдүүдээ ямар хадлан аваад өг гэж дуудалтай биш. Өвсөө манай үхрээр сольчихвол алдах юмгүй шүү” гэвэл өвсний ченжүүд тэвшин дээрх үхрүүдийг нь хэдэн талаас нь сонжин харснаа “Махны үнэ хямдраад байхад хоёрхон үхрийг бүхэл бүтэн 200 боодол өвсөөр солино гэж юу байхав дээ. Одоо үхрийн мах бөөндөө 3000 төгрөг л байгаа даа. Тэгэхээр нэг нь чүү ай 300 мянган төгрөг хүрнэ гэвэл хоёр үхэр 600 мянга болно. Харин 200 боодол өвс нэг сая төгрөг. Бидэнд алдагдалтай юм аа. Тэглээ ч бид бэлэн мөнгөөр л зарна” гэлээ. “Тэгвэл 600 мянган төгрөгөөр тооцоод, өвсөөр сольчихъё” хэмээн гуйх аргадахын завсар асуувал “Ах минь дээ, бид чинь өвс худалдаалдаг болохоос махны ченж биш. Та махны үйлдвэр эсвэл ченжүүдэд үхрээ худалдчихаад мөнгөө барьж ирээд өвсөө ав даа. Өвснийхөө оронд үхэр аваад бид нар бас ямар унаагаараа хаашаа зөөх билээ. Өөрснөө муулж чадахгүйгээс хойш хүн амьтанд тав арван цаас өгч л гаргуулна. Тус бүрээс нь 100 кг мах гараач уу үгүй ч үү, нэг кг нь 3000-аа бариа ч уу үгүй ч үү” гээд халгаасангүй. Өнөөх махлаг эр дээлийнхээ өврөөс утсаа гаргаж ирснээ “Хоёр үхрийг 200 боодол өвсөөр солихгүй гэнээ. Бэлэн мөнгөөр л зарна гэнэ. Өнөө орой Галдангийнд хоноод, өглөө эртхэн муулаад, махыг нь заръя даа. 100 боодол өвсний мөнгө гарах нь уу үгүй юу. Чи тэгэхээр наашаа ирэх гэсний хэрэггүй. Ганц миний машинд ачаад болчих юм байна” хэмээгээд утсаа салгаснаа өөр дугаар руу залгаж “Малаа муулахаар боллоо. Өвсөөр шууд солихгүй гэнэ. Гэдэс дотрыг нь Сараа эгчийнд өгчихье. Тэгнэ ээ тэгнэ” гээд хэдэнтээ толгойгоо дохисноо утсаа салгав. “За ах нь амжвал маргааш (өнөөдөр), амжихгүй бол нөгөөдөр (маргааш) ирж хэдэн боодол өвс авъя даа. Бас хэдэн шуудай хивэг олж авъя” гээд гарч одов.

“Өндөр хүчдэлийн шугамын дор өвс зарах нь галын аюултай юм байхаа. Тэгвэл бидэнд өвс худалдаалах өөр газар гаргаад өг. Нүүхэд бэлэн” гэв

Ж.Батбаатар “Иргэдийн, тэр дундаа малчдын худалдан авах чадвар эрс муудсан. Малынх нь арьс нэхий үнэгүй шахуу, мах нь хямд болохоор арга ч үгүй биз. Энэ өвгөн шиг ч малаар өвс сольё гэж саяхан хэд хэдэн малчин, уяач нар ирсэн. Би сүүлийн тав, зургаан жил өвс зарж байна. Гэхдээ энэ жилийнх шиг “Малаар өвс сольё. Бэлэн мөнгөгүй байна” гэсэн үгийг малчдын амнаас сонсож байгаагүй.” гэвэл Б.Гандагва “Бүр сумын төвийн хашаа байшингийнхаа гэрчилгээг бариад, зээлээр авъя гэж хүртэл ирсэн. Ядаж байхад банкнаас гурваас дээш сая төгрөгийн зээл өгөхгүй байгаа юм билээ. Энэ мөнгө нь ганц хүүхдүүдийнх нь сургуулийн төлбөр, хичээлийн хэрэглэлд ч хүрэхгүй. Тэдний зовлонг хэдий ойлгож байгаа ч байгаа өвсөө өгчихөөд, хашаа байшингийн гэрчилгээ тэвэрч үлдвэл бид эргэлтийн мөнгөгүй болчихно шүү дээ. Ер нь энэ жил ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатарын ойролцоох Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн нутгаар зуншлага тааруу, газрын гарц муу байлаа. Бидний зарим нь орон нутгаас өвс худалдаж аваад энд борлуулдаг бол залуус хөлсөлж өвсөө хадуулж, тэнд нь хадгалж байгаад 400, 500 боодлоор нь хотод авчраад зардаг нь ч бий. Хэн хэнийх нь хувьд гардаг зардал ялгаагүй. Нэг боодол өвс бэлтгэх эсвэл худалдан авахдаа 3500-аас 4000 төгрөг зарцуулдаг учраас нэг боодлыг нь 5000 төгрөгөөр зарахаас өөр аргагүй” гэсэн юм. Тэрбээр Хэнтий аймгаас арваад га талбайгаас 3000 боодол өвс хаджээ. Одоогоор 1000 гаруй боодлыг нь борлуулаад байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан дүн аж.

Өвсний захын дээгүүр өндөр хүчдэлийн шугам татагдсан учраас тэднийг энэ газраас хөөх болжээ. А.Эрдэнэ-Очир “Бид чинь эхлээд Моносын уулзвар дээр өвсөө зардаг байж байгаад тэндээсээ хөөгдөөд энд ирсэн. Тэгтэл өндөр хүчдэлийн шугамын дор өвс заруулахгүй гээд Баянгол дүүргийн мэргэжилтнүүд нүүхийг сануулсан. Энэ нь гал түймрийн аюултай юм байх аа. Хэрэв биднийг энд өвс заруулмааргүй байгаа бол зарах газрыг минь албан ёсоор зааж өгөөд, хашаалаад өгчих юм бол бид нүүхэд бэлэн байна” гэвэл “Бас замын цагдаа нар хууль дүрмээр далайлган биднийг торгож, хохироодог” гэсээр М.Эрдэнэмөнх ярианд оролцов. Тэрбээр “Бидний ихэнх нь Оросын ЗИЛ-130 машинаар өвсөө тээвэрлэдэг. Өөр дээр нь 250, чиргүүл дээр нь 250 гээд нийт 500 боодол ачихаар газраас дээш таван метр болчихож байгаа юм. Тэгтэл шинэ дүрмээр бол дөрвөн метр хагасаас хэтрүүлж болохгүй гээд заачихсан. Хэтрүүлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 200-гаад мянган төгрөгөөр торгоно. Хэрэв дөрвөн метр хагасаар нь ачвал бидэнд ямар ч ашиггүй болчихно. Тэгээд ч машины даацаа хэтрүүлж, тэвшнээс нь хоёр тал руу нь илүү гаргаж ачаагүй шүү дээ” хэмээн бухимдангуй хэлэв.

Буцах замдаа таван шар дахь зам дагуух малын тэжээл хивэг борлуулдаг газраас үнийг нь сонирхлоо. “Улаанбаатар гурил” компанийн болон Оросоос орж ирж буй 25 кг-ийн шуудайтай хивэг 9500 төгрөг бол Алтан тариагийнх 10500 төгрөг. Том шуудай овъёос болон хорголжин тэжээл тус бүр 18 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин нэг шуудай тэжээлийн будаа мөн 18 мянган төгрөгийн ханштай байлаа.

М.Ууган-Эрдэнэ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8823177/4ed/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3009 Монгол орны талаарх сонирхолтой баримтууд 2015-11-26 5441
3008 БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ 2015-11-25 5837
3007 Эрт өтлөхөөс сэргийлэх аргууд 2015-11-24 5384
3006 ЦАРАЙ МУУТАЙ ЭР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2015-11-24 5345
3005 Синайн хойгт дахин халдлага гарлаа 2015-11-24 5334
3004 ”Барселона” заналт өрсөлдөгч Реал Мадридыг бутниргэлээ 2015-11-22 5262
3003 Хамгийн хурдан “SUV BENTAYGA”-гийн анхны хувилбар гарлаа 2015-11-22 5459
» Боодол өвс 5000 төгрөгийн үнэтэй байна 2015-11-22 4829
3001 Дэлхийн хамгийн хурдан тэшүүрчин ОХУ-аас мэндэллээ 2015-11-19 5275
3000 Танилц, энэ оны хамгийн тачаангуй залуу 2015-11-19 5386
2999 Өмнөд Солонгос руу зорчих Монголчуудын урсгал эрс нэмэгджээ 2015-11-19 6001
2998 Их аварга Хакүхогийн дэвжээний эзэн туслахаа зодсон хэргээр байцаагдаж байна 2015-11-19 4921
2997 Сайн ээж байх 10 арга 2015-11-17 4726
2996 Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог” дасгал 2015-11-13 5588
2995 Солонгос оддын ориг төрх 2015-11-12 4916
2994 Хуримтлалтай хүмүүс цалингийнхаа 5 хувийг заавал хадгалдаг 2015-11-12 5398
2993 Германий нэртэй удирдагч нас баржээ 2015-11-11 5474
2992 Селена Гомез шинэ найз залуутай болжээ 2015-11-11 5154
2991 Ерөнхийлөгч асан одоо ердөө зургаан сар амьдрах мөнгөтэй 2015-11-09 5435
2990 Кардашьяны ээж хоёр саяар төрсөн өдрөө тэмдэглэв 2015-11-09 5369
배너신청
자생병원

배너신청