МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.ӨСӨХБАЯР: ТЭРХҮҮ МЭДРЭМЖИЙГ ЮУТАЙ Ч ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ
Уншсан 11392 vote 0 2013.05.16 17:02:38Монгол
хүн Өмнөд туйлд хүрсэн, сансарт ниссэн, Эверестэд гарсан, олимпийн
аварга болсон торгон агшин өнгөрсөн ба энэ зууны алтан үсгээр
тэмдэглэгдсэн бахархалт түүх. Их түүхээ улам баяжуулах эрмэлзэлтэй явдаг
Готовдоржийн Өсөхбаяр гавьяат энэ хаврын дунд сарын эхээр хайрам хүйтэн
Хойд туйлын -90 градусыг зорьж, улмаар адармаатай аяллаа амжилттай
дуусгаж чадсан юм. Хойд мөсөн далайд хийморийн дарцаг болсон төрийн
далбаагаа намируулах торгон агшинд түүний цээжинд эх орон нь бүхэлдээ
багтаж, баярын нулимсаа барьж чадаагүй гэсэн. Олон жил өвөрлөж явсан
хүслийг нь биелүүлэх “түлхүүр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
түүнд атгуулсан билээ. Хойд мөсөн далайн төв цэгт мандуулах далбаагаа
төрийн тэргүүнээсээ тосож авахдаа тэр зорилгоо биелнэ гэдэгт итгэлтэй
байлаа.
Мөнх цаст уулын авиралтыг мөсөн далайн аялалтай зүйрлэхийн аргагүй. “Оргил булаацалдахаас” амар, бас хэцүү зүйл дагжим хүйтний “өндөрлөг”-т хүрэхээр мацаж явахад элбэг тохиолдоно. Энэ бүх эрсдэлд өөрийгөө бэлтгэж амжсан Өсөхөө хэл, хил, шашин шүтлэг өөр боловч нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн багийн нөхөдтэйгөө богино хугацаанд ээнэгшин дассан юм. Амжилтад хүрэх гол нөхцөл нь энэ байлаа. Хойд туйлыг зорьсон, оргил цэгт хүрсэн, тэндээс буцах зам саад бэрхшээлээр дүүрэн байсан ч монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил эцсийн бүлэгт ялсан.
Та гайхаж магадгүй, Өсөхөөгийн ертөнцийг. Яагаад заавал мөнх цаст уулын оргилд хүрэхийн төлөө тэмүүлж, хүн амьтан идээшиж үл чадах бөмбөрцгийн 90 градуст очихыг хүснэ вэ гэж. Тэр өөрийгөө давж, ялж амьдрахыг зорьдог. Дэлхийн долоон ноён оргилыг эзэлсний дараа л сая санаа нь амрах байх.
-Хойд туйлд хөл тавихын төлөө өөрийгөө бүрэн дүүрэн дайчилсан нь мэдээж. Гэхдээ энэхүү аялал төсөөлснөөс хэр өөр байв?
-Энэхүү аяллыг ууланд авирахтай харьцуулшгүй. Сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хийсний хүчинд мэдэхгүй, чадахгүй бүхнээ давж чадлаа. Хойд туйл бол монгол хүний очиж үзээгүй цэг боловч техникийн дэвшлийн зуунд амьдарч байгаагийн хэрэг юу билээ, мэдээллийг хангалттай цуглуулсан. Гэвч бодит байдал төсөөлснөөс өөр байлаа.
-Дэлхийн хойд хязгаарт орших Норвегийн Свальбард хотод хөл тавихад төрсөн анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Свальбардад хүрэхэд ачаа маань хараахан ирээгүй байлаа. Дөрөвдүгээр сарын 6-нд нийслэл хотоосоо гарах үеэр дулаахан байсан учраас аян замд дан өмд, нимгэн цамцтай, гадуураа хүрэмтэй гарсан юм. Харин дээрх тосгонд буухад над шиг сонин хувцасласан хүн харагдаагүй. Багийн нөхөд маань өдөн куртка, зузаан комбинзон өмссөн байхад ачаагаа ирж амжина гэж найдсан би зуны хувцастайгаа. Свальбардад очсоны дараа төрсөн анхны сэтгэгдэл гэвэл байгалийн үзэсгэлэн, уул усны өвөрмөц тогтоц нь дуу алдмаар сайхан санагдаж билээ. Тэнд алмаазны ордтой бололтой, уул нүхэлсэн уурхайнууд онгоцны буудлаас хөдлөхөд элбэг тааралдана. Урьд өмнө огт үзээгүй шинэ ертөнц намайг хүлээж байлаа.
-Багийн нөхөд тань нимгэн хувцастай монгол залууд тусалсан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Олон газраар аялж, юм үзэж нүд тайлсан нөхдийнхөө тус дэмээр алзаагүй. Тэнд очсоноос хойш гурав хоногийн дараа ачаатайгаа золгосон. Свальбардад тав хонох хугацаанд манай багийнхан аяллын бэлтгэлээ базаасан юм.
-Тэрхүү хотын амьдралын хэв маягаас уншигчдад маань сонирхуулна уу?
-Зуны цагт тэр чигтээ уурхайн амьдрал буцалдаг юм шиг санагдсан. Алзмаазны орд ихтэй учраас аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн газар. Миний ойлгосноор байнгын оршин суугч гэж бараг байдаггүй бололтой. Харин ресторан, зочид буудал олноор баригджээ. Түр оршин суугчид Скандиновын хэлээс гадна англи, оросоор ойлголцдог.
-Хойд туйлд хүрэх замыг бодохоор халширмаар сэтгэгдэл төрж байв уу?
-Замын хэцүүг бодох эрх надад байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд маш олон хүний итгэл хүлээсэн учраас ухрах зам байгаагүй. Харин хэцүү бүхнийг туулах арга ухаан сийлсэн. Аялал маань амжилттай болсонд баяртай байна. Гэхдээ бэрхшээлтэй замыг ингэж тууллаа гэж сайрхах нь юу юм. Надаас өмнө Хойд туйлд олон хүн хүрсэн. Ямар ч гэсэн Монгол Улсын төрийн далбаа мандсанд л баяртай байна.
-Танай багт өмнө нь Хойд туйлд хүрсэн туршлагатай аялагч байсан уу?
-Багийн ахлагчаас бусад нь бөмбөрцгийн -90 градуст анх удаа мөрөө гаргахаар цугларсан хүмүүс. Энэ дэлхийн онгон дагшин газруудаар хэссэн омголон залуусаас баг маань бүрдсэн. Хүсэл зорилго нэг учраас ойлголцоход ч амар. Би Эверестэд авирсан байхад манай багийн гишүүн тэнд очиж үзээгүй, намайг Өмнөд туйлын өндөрлөгт гараагүй байхад нөгөөх маань энэ талаар зэгсэн туршлага хуримтлуулсан байх жишээтэй. Аяллыг эргээд дурсахад бидэнд алдаа, оноо аль аль нь байсан.
-Оросын явуулын Барнео баазаас цааш нэг өргөрөгийг явганаар туулах машруттай байсан санагдана. Төлөвлөгөө өөрчлөгдсөн үү?
-Нисдэг тэргээр дээрх баазад очсон юм. Аялал маань төлөвлөгөө ёсоор үргэлжилсэн. Дэлхийн бөмбөрцгийн 89-р өргөрөгөөс цааш сансрын шулуун замаар 110 км-ийг туулах хэрэгтэй байв. Өөрөөр хэлбэл, чаргатай ачаагаа өөрсдөө чирэн, цана хөлөглөн аяллаа үргэлжлүүлсэн юм. Тамирчдын чадал чансаанаас шалтгаалан, тухайн замыг туулахад хэд ч хонож болно. Бидний хувьд 110 км-ийг долоо хоногийн дотор туулахаар зорьсон бөгөөд саад бэрхшээл их тулгарна. Тухайлбал, зарим газраа зузаан цастай байхад, заримд нь хагарсан мөс тааралдана. Дээшээ өргөгдсөн мөсөн овоонууд ч бий. Тэр бүхнийг туулахын тулд цанаар туулах, эсвэл явган явах, заримдаа цанаа гүүр болгон ашиглах жишээтэй. Хэцүү замыг туулах бүх арга чаргыг хэрэглэсэн.
-Таныг Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Мөсөн далайд өнгөрүүлсэн дөрөвдүгээр сарын 20-ныг эргэн дурсъя...
-Анхны төлөвлөгөөгөөр дөрөвдүгээр сарын 21-нд төв цэгт хоноглоод 22-нд буцах байсан юм. Аяллынхаа замд багийн нөхдөдөө “Төрсөн өдрөөрөө Хойд туйлд очмоор байна” гэж хэллээ. Тэд хоорондоо зөвлөлдсөний эцэст “Өсөхөөдөө бид бэлэг барина. Нэг өдрийн ачааллаа нэмнэ шүү” гэв. Өдөрт нэг хүн зургаан цаг ажиллах байсан бол үүн дээр ихээхэн ачаалал нэмэгдсэн. Маш хүнд нөхцөлд тэр бүхнийг давж гарах нь хэр баргийн хүний сэтгэлд багтахгүй. Гэхдээ эрчүүдийн нөхөрлөл хамгаас хүчтэй байдаг. Сүүлийн гурван өдөр өндөр ачаалал авсан багийнхан маань зорилгоосоо буцаагүй. Тэдэндээ насан туршдаа баярлаж явна. Монголдоо ирсний дараа бичсэн цахим шуудандаа энэ тухай талархлаа илэрхийлсэн.
-Өмнө нь мөнх цаст уулын оргилыг эзэлдэг байсан Өсөхөөг Хойд туйлын 90 дэх өргөрөгт чухам юу угтав?
-Тийм ээ. Намайг урьд нь мөнх цаст уулын ноён оргил угтдаг байлаа. Харин Хойд туйлд тэгшхэн мөс угтсан учраас сонин мэдрэмж төрсөн. Өндөр уулын оргилоос алсын барааг ширтэх ондоо. Бид 90 градуст очоод JPS-ээ барин, төв цэгийг хайж эхэлсэн. Төв цэгийг олсны дараа баруун хөлөө тавиад ээлжлэн зургаа авахуулав. Төрийн тэргүүнээсээ гардан авсан Монгол Улсынхаа далбааг мандуулсан агшин, монгол хүн Хойд туйлд мөрөө гаргалаа хэмээн зогссон тэр мөч сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Тухайн үед миний төрсөн өдөр гэсэн бодол огтхон ч төрөөгүй. Мөрөөдөлдөө хүрч, ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярласан. Энэ мэдрэмжийг юутай ч харьцуулахын аргагүй. Зураг авахуулсны дараа багийхан маань төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, оргилуун дарс буудуулсан. Энэ яваа насны минь мартагдашгүй дурсамж. Төрсөн өдрөө мартагдахааргүй тэмдэглэсэн хоёр дахь тохиолдол нь энэ юм. Урьд нь Эверестийг зорих замдаа Намчибазар хэмээх тосгонд хүрэх үеэр төрсөн өдөр минь тохиоход гурван монгол залуу хамтдаа байлаа.
-Хойд туйлын өвөрмөц тогтцын талаар уулчин хүний амнаас сонсъё...
-Тэнгэрийн хаяа мөстэй нийлсэн дүр зураг. Зах хязгааргүй мөснөөс өөр юу байх вэ дээ. Урьд нь байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тулгарч, даарч сурсан хүмүүс л энэ замыг туулдаг юм шиг. Огт тийм аялал хийж үзээгүй хүний хувьд энэ аялал санаагаар унагаж мэдэх. Өглөө босоход өөрийг чинь хүлээж байгаа хүйтэн хувцас, унтах цаг болмогц хүйтэн аяны хөнжилд шургах хүсүүштэй зүйл гэж үү. Хөлдүү гутал өмсөөд -30-аас -40 хэмийн хүйтэнд алхана гээд бод доо. Энгийнээр хэлэхэд энэ бүхэн өөртөө өстэй юм шиг амьдрал.
-Хөлдөж үхэхгүйн тулд яах ёстой вэ?
-Зүгээр сууж болохгүй. Даарахгүйн тулд мөнхийн хөдөлгөөнтэй байх ёстой. Ингэхгүй бол наад зах нь гар, хуруугаа хөлдөөх эрсдэлтэй. Гэхдээ өндөр ууланд авирахаас нэг сайхан нь хүчилтөрөгчийн дутагдалд орно гэж айлтгүй. Хойд туйлд авирахад далайн өвчин тусах магадлал өндөр гэж сонссон. Азаар манай багийнханд ийм аюул тулгараагүй.
-Уучлаарай, дулаацах гэж дотроо халаах хэрэгтэй биз дээ?
-Архи уу? Архи ууж болохгүй ээ. Хөлдөх гэж байгаа хүнийг сэргээдэг бодис дэлхийд угаасаа байхгүй биз дээ. Мөнхийн хөдөлгөөнтэй байж гэмээнэ тэр их хүйтэнд тэсэж үлдэнэ. Даарч байгаагаа гайхан сууж болохгүй. Майхнаа барихгүй бол хаана толгой хоргодох вэ. Даарч байна гээд амрахыг урьтал болгох талаар саналтгүй. Хэчнээн ч ядарсан гэлээ чи хөдлөх ёстой.
-Тэгвэл 110 кмийг туулахын тулд та нар өдөрт хэдэн цаг ажилладаг байв?
-Дунджаар зургаан цаг ажиллах ёстой. Гэвч сүүлийн гурван өдөр дээр хэлсэнчлэн өндөр ачаалалтай өнгөрсөн.
-Цагаан шөнө үргэлжлэхээр хүмүүс унтаж амарч чаддаггүй. Үүнтэй адил нар мандаж, жаргах нь мэдэгдэхгүй Хойд туйлын амьдрал заримдаа шоконд оруулдаг байв уу?
-Тэнд цэлмэг өдөр, харанхуй шөнө гэж болохгүй. Өдөр, шөнийг цагаар баримжаална. Нар нэг газраа л ёлтойно. Бид өглөө 7.00 цагаас босож, шөнө 23.00-д унтдаг байлаа. Гэхдээ л тэр өдрүүд надад сайхан мэдрэмж төрүүлсэн.
-Ажлын хэмнэлээсээ сонирхуулна уу?
-Өглөө босоод цай чанах зуур хувцсаа гэсгээж, өдрийн турш хэрэглэх усаа буцалгаад халуун савнуудаа дүүргэнэ. Цайгаа уучихаад майхнаа хураан, 9.30 гэхэд аяллаа үргэлжилдэг байлаа. Буцалсан усаа бага, багаар маш гамнаж ууна. Тэнд ханатлаа идэж, ууна гэж саналтгүй. Яагаад их ус, хоол хүнс авч явж болдоггүй юм гэж гайхаж магадгүй. Тэдгээрийг буцалгах бензинийг, их ачааг дааж яаж хүчрэх вэ? Бид амрах гэж яваа биш. Заримдаа шоколад болон хүч сэлбэх ойр зуурын хүнс хэрэглэх жишээтэй. Орой нь буудаллахад маш их ядарснаа мэдэрсэн хэдий ч майхнаа барьж, хоол ундаа хийх зайлшгүй хэрэгтэй. Зургийн аппарат, камераа хөлдөөхгүйн тулд өвөртөлж унтана. Амьдралын маань хэмнэл иймэрхүү.
-Аяллаа амжилттай дуусгасан тэр үед сэтгэл ханамж 100 хувь авсан уу?
-90 градуст очоод төрийнхөө далбааг мандуулсны дараа бүх аялалд байнга хамт байдаг Мобиком корпорацийн сансрын иридиум утсаар улсынхаа Ерөнхийлөгчтэй холбогдож, баярт мэдээгээ дуулгасан. Багийн ахлагч маань ч бас ярьсан юм. Үүний дараа л сэтгэл амарсан даа.
-Энэ аяллыг Эверестэд авирсан үетэй зүйрлүүлж болох уу?
-Ертөнцийн хойд туйл, дэлхийн зулай хоёрыг яаж харьцуулж болох вэ. Аль алинд нь давтагдашгүй зүйлээр баян.
-Гэхдээ өндөр ууланд авирах, хойд туйлд гарах зам осгож үхэх эрсдэлтэй биз дээ?
-Даарахын эцсийн цэгийг үзэж яваа хүн гээд өөрийгөө тодорхойлчиход буруудахгүй байх. Өндөр ууланд авирахад, дэлхийн туйлд хүрэхэд мэдээж даарна. Хүсээд байх зүйл биш л дээ. Хойд туйлд -35-аас -40 хэм хүйтэн байдаг. Монголчуудад маш ойр сонсогдож магадгүй. Миний хувьд Хойд туйлд хөл тавиагүй байхдаа Монгол тачигнасан хүйтэн өвөлтэй гэж боддог байлаа. Гэвч бидний монголчуудаас маш цөөхөн нь -40 хэмд байж үзсэн болов уу? Увсын Улаангомд -40 хэм хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээллийг монголчууд зурагтаар хангалттай хүлээн авдаг. Гэтэл Улаанбаатарт -20-оос -25 хэмийн хүйтэнд Хандгайтад цана, чаргаар хоёр цаг гулгадаг хүн байдаг уу? Аливаа зүйлийг зүйрлэх хэцүү. Өөрөө биеэрээ мэдэрч байж л ойлгоно.
-Хойд туйлд амжилттай хүрсэн тухай мэдээллийн дор уншигчид сэтгэгдлээ янз бүрээр илэрхийлсэн. Чухам яагаад ингэж өөрийгөө зовоодог юм бэ гэж гайхах нэгэн ч байлаа. Та тэдгээрийг уншсан уу?
-Тамирчид маань олимпийн аварга болохыг мөрөөддөг. Миний зорилго ч бас үүнээс ялгаагүй. Дэлхийн долоон ноён оргилд тугаа мандуулах хүсэлтэй. Өмнөд туйлд очмоор байна. Зардал олдвол саран дээр бууж, ангараг руу нисмээр байна. Яагаад энэ бүхнийг үгүйсгэх хэрэгтэй гэж? Манай найзууд дээрх сэтгэгдлүүдийн талаар ярьж л байсан. Хүмүүсийн хэр хэмжээ, ухааны цараа харагдаж байна. Хойд, өмнөд туйлаа ялгахгүй мөртлөө олон зүйл ярих нь хэр зохилтой вэ? Гэхдээ би ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.
-Өмнөд туйлд оцон шувуу, Хойд туйлд цагаан баавгай амьдардаг. Туйлын ан амьтныг дэргэдээс нь харах боломж олдов уу?
-Хойд туйлын наад захын эх газарт цагаан баавгай байдаг. Харин 90 градуст амьд амьтан тогтох нөхцөл үгүй. Миний хувьд цагаан баавгайг дэргэдээс хараагүй юм байна.
-Ингэхэд өвдгөө гэмтээчихсэн юм уу? Бага зэрэг доголоод байх шиг...
-Урьд нь авсан гэмтэл. Хүнд ачаа үүрч явсаар зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн ч саяны аяллын үеэр сэдэрчихлээ. Одоо эмчлүүлж байгаа.
-Хойд туйлыг зорихын өмнө нарийн шинжилгээ хийлгэсэн үү?
-Экстрим спортын тамирчдын хувьд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж байгаа учраас хэн нэгнээс гомдол нэхэх эрхгүй. Нэгэнт зорьсон бол чи өөрийгөө бэлтгэх ёстой. Бэлтгэлээ бүрэн дүүрэн хийсэн эсэхэд чинь байгаль дүн тавина.
-Бэлтгэлээ Монголын хүйтэн цэг бүхэнд хийж чадсан уу?
-“Mongolian Expedition” компанийн төлөвлөгөө, дэмжлэгээр, ахмад уулчдынхаа зөвлөгөөгөөр бэлтгэлээ хийсэн. Хөвсгөл далайд очиж, хойд цэгээс урд цэг хүртэл дугуйгаар аялан, тэсвэрийн бэлтгэл хийхийн тулд өвлийн шөнө майхан барьж, далай ээжийнд хонож үзлээ. Голын жавар хүйтэн гэдэг дээ. Туул голдоо бас хүч сэлбэсэн. Хамгийн бага зардлаар үр дүнтэй бэлтгэл хийсэндээ сэтгэл хангалуун байгаа. Хойд туйлыг зорьсон багийн нөхдийн бэлтгэлийн дэргэд энэ нь өчүүхэн зүйл. Гэхдээ л монгол хүнд байгалиас заяасан унаган авьяас гэж бий.
-Ингэхэд Хойд туйлыг туулах зардал мөнгөний асуудлыг шийдэх үед таныг баярын нулимсаа барьж чадаагүй гэж сонссон...
-Зардал мөнгө маш хүндрэлтэй байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ асуудлыг ухаалгаар шийдвэрлээгүй бол хоёулаа энэ сайхан ярилцлагыг хийхгүй байсан биз. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, “Мобиком”, “Мах Импэкс” компани болон, найз нөхдийнхөө дэмжлэгээр бүх зүйл бүтлээ. Өмнөх авиралтуудтай харьцуулбал Хойд туйлын аялал илүү өндөр зардалтай нь. Олон жилийн мөрөөдөл биелэх болсон баярт мэдээг сонсоод өөрийн эрхгүй нүднээс нулимс гардаг юм билээ.Үүний хажуугаар бас эмээх сэтгэл төрсөн. Тэр үед гэмтэлтэй өвдөг маань эдгэрч амжаагүй байсан тул айсан юм. Гэнэт гишгэж чадахгүй бол яана гэхээс санаа зовсон удаатай. Аз болоход зорилгоо биелүүлж чадлаа. Хойд туйлын аяллаар гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн нь цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрч байна. Энэ нь ард түмэндээ барьж байгаа бодит тайлан.
-Дэлхийн долоон оргилын тавд нь гарчихлаа. Зорилгынхоо хэдэн хувийг биелүүлээд байна?
- 60 хувьтай явна. Одоо Өмнөд туйлын өмнөд цэгт очих, өмнөд Америкийн өндөрлөгт хүрэх, Австрали тивийн Карстенс пирамидад авирах дутуу байна.
-Эдгээрээс алиныг нь хамгийн түрүүнд дайлаар мордох вэ?
-Өнгөрсөн зүйлийг дахин дахин ярих утгагүй санагддаг. Хэдэн жил ч ингэж ярих вэ дээ? Харин бүтээсэн шинэ ажлынхаа талаар ярих илүү сайхан. Хойд туйлыг зорихоос өмнө санхүүгийн хүндрэл багагүй тулгарсан нь нууц биш. Хамгийн сүүлд ууланд авирахдаа үнэтэй цайтай бүхнээ зараад явж байлаа. Гэсэн ч Хойд туйлд хүрэх бэлтгэлээсээ ухраагүй. Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Дараагийн аяллын төлөвлөгөө ёсоор ирэх найм, есдүгээр сарын аль нэгэнд Карстенс пирамидыг зорих санаатай.
Тэр уулын оргилд гарахдаа омголон мөртлөө энгийн үед дэндүү даруухан ч юм шиг. Өсөхөөгийн тухай ном хэзээ хэвлэлтэд орох вэ гэсэн асуултад дэлхийн долоон оргилд тугаа мандуулсны дараа өөрийн гэсэн номтой болох эрх олдох байх хэмээн өгүүлсэн юм. Түүний хийсэн авиралт, аялал бүхэн бичлэг, зурагтай. Тиймээс ямар нэгэн баримтыг мартах зовлон гэж үгүй. Монгол хүн бүхний хийморийн дарцаг болсон төрийн далбаагаа тив, тивийн оргилд мандуулах үедээ ард түмнийхээ хийморийг сэргээлээ хэмээн тоймгүй баярладаг Өсөхөө эх орныхоо ирээдүйг гэгээлгээр хардаг. Амь насанд халтай аялал бүхэн нь амжилттай болох тэр үед араас минь цай, сүүний дээжээ өргөсөн ээжүүдийн сайхан сэтгэлийн үзүүр хэмээн бэлгэшээдэг. Тэр удахгүй алсын замд ахиад л гарна.
uldsen 2 orgildo zaaval gararai.amjilt