Бичлэгийн тоо 3,329
 “Хүн бүрийн сэтгэлд бурхан бий. Эмэгтэйчүүд бүгд л дарь эх шүү дээ. Гагцхүү сэтгэлээ боловсруулж чадахгүй байгаа учраас дотоод ертөнц дэх бурханлиг шинж чанараа олж, нээхгүй байгаа юм. Дотор ертөнцөө таниагүй хүн бусдыг муу хэлж, атаархаж, махан биеэ зовоон, зовлон дуудаад, тэрийгээ үржүүлээд байгаагаа ч мэддэггүй”.

“Өнөөдөр”-ийн “Хоймор”-т уригдсан Төрийн шагналт, зураач Сэр-Одын Саранцацралт ийнхүү ярьсан. Түүнийг эргэж харалгүй өнгөрдөг хүн ер нь байдаггүй болов уу. Өвөрмөц имиж, үс зүс, өнгө донж, гэрэлтсэн ялдам инээмсэглэл. Энэ бүхэн нь олны харцыг эрхгүй татдаг биз.

Гэхдээ тэр хүмүүсээс содон байх гэж имиж бүрдүүлээгүй. Урлагийг, уран бүтээлчийн сэтгэлгээг дүр төрхөөрөө донжтой илэрхийлдэг түүний дотоод ертөнцөд нэвтрэхийг хичээв.

Тэр зөвхөн Монголдоо л мундаг биш. Монголын уран зургийн ертөнц өд тод мөртэй зураач С.Саранцацралтыг Олон улсын намтар судлалын төвөөс “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулсан сайхан мэдээг бид өнгөрсөн оны сүүлчээр баярлан хүлээн авсан билээ.

-Дэлхийн оюунлаг хүн болсонд дахин баяр хүргэе. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том шагнал авах гэж буйгаа урьдчилан мэдсэн үү?

-Тийм шагнал байдгийг ч, ямар хүнийг шалгаруулдгийг ч мэддэггүй байсан. Ер нь шагнал авахаа урьдчилаад мэддэг хүн байдаг юм уу. Би Төрийн шагнал авна гэдгээ хэдэн цагийн өмнө л мэдсэн шүү дээ. Тэр үед ажил ихтэй, урландаа хонож байтал 23.00 цагийн үед утсаар “Маргааш өглөө Төрийн ордонд ирж, Төрийн шагналаа гардан аваарай” гэсэн. Энэ тухай гэрийнхэндээ хэллээ. Тэгсэн Бат-Эрдэнэ “Яг Төрийн шагнал гэсэн үү. Төрийн шагнал авна гээд очтол “Алтан гадас” байсан гэж хүмүүс ярьж байсан. Тийм юм болбол чи уйлж балрав” гэж тоглоом шоглоомоор сануулсан.

Цаг нь тулсан учраас дээл хувцас бэлдэж амжилгүй маргааш нь өмдтэй, бөөн хадаас, өргөс болсон цүнхтэйгээ Төрийн ордонд очлоо. Хамгаалагч нар нь нэвтрүүлдэггүй ээ. Аз болж Ёслолын албаны дарга нь ирж “Төрийн шагнал авах гэж байгаа хүнийг яаж буцаах вэ” гээд оруулсан.

Тэрбээр “Монгол эх”, “Элэнц хуланцын дурсамж” уран баримал, “Жонон хонгор”, “Арга билиг” бүтээл, “Баадантай юм” үзэсгэлэнгээрээ толилуулсан бүтээлүүдээрээ 2005 онд Төрийн шагнал хүртсэн юм. Тэдгээр бүтээл өдгөө Монголд байхгүй. Бүгдийг нь зарчихсан юм билээ. Зөвхөн Саранцацралтынх гэлтгүй олон сайхан бүтээл гадагшаа гарсан. Хэдийгээр харамсмаар ч уран бүтээлчдийн сэтгэл, ухаан,чадвар, хөлс хүч шингэсэн шедевр бүтээлүүдийг улс ганц хоёрхон сая төгрөгөөр үнэлдэг болохоор арай илүү үнээр борлуулахаас ч яах билээ. Үүнээс гадна Саранцацралтын гурван том бүтээл Уран зургийн галерейд гал гарах үеэр шатаж үгүй болсон юм. Харамсмаар, халагламаар ийм асуудлуудыг зохицуулах бодлого манайд гарцаагүй үгүйлэгдэж буйн илрэл бол энэ.

-Саранцацралт гэдэг эмэгтэйг “Хэтэрхий этгээд. Бодит амьдралаас тасархай, хиймэл дүртэй” гэхчлэн янз бүрээр харж, дүгнэж, ярьдаг. Ер нь сүүлийн үед хүмүүс тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр ярьсан үгийг өлгөж аваад мушгиж, туйлширдаг болж. Энэ нь нийгэмд янз бүрийн ташаа ойлголт төрүүлэхэд хүргэдэг. С.Саранцацралтыг ийм маягаар дүгнээд байх шиг. Ер нь Саранцацралт гэж чухам хэн юм бэ?

-Би багаасаа л зурдаг байсан. Зураач болно гэж мөрөөддөг байсан. Сонголтондоо нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Хүсэл минь биелсэн. Нэгэнт урлагийн төлөө явахаар шийдсэн бол ажлаа ч, амьдралаа ч, өөрийгөө ч тэр чигт нь уран бүтээл байлгах ёстой гэдэг үзэл надад маш эрт суусан. Тэгж гэмээнэ жинхэнэ урлаг болно. Түүнээс биш урландаа очихоор, эсвэл үзэсгэлэн гаргахдаа зураач болж, гэртээ хариад айлын авгай стилээр амьдрахыг хүсдэггүй. Зураач, уран бүтээлч хүн нийгмээс нэг алхмын урд явж хүмүүсийг дагуулах ёстой. Бусадтай адилхан байвал ямар юмных нь манлайлал байх юм бэ. Зөвхөн уран бүтээл хийгээд ханаж болохгүй.

-Соён гэгээрүүлэгч гэгддэг урлагийнхан бусдаас онцгой, содон байх шаардлагатай гэсэн үг үү?

-Онцгой, содон гэж тодорхойлж болохгүй. Байгаа байдлыг олон талаас нь илэрхийлэх чадвартай гэж болно. Жирийн хүний хардгаас арай өөрөөр, олон өнцгөөс тусгаж, түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд янз бүрээр сэтгэнэ гэсэн үг. Тэрнээс биш бусдаас онцгой, содон байна гээд тусгайлан имиж бүрдүүлээд өөрийгөө сурталчилна гэсэн үг биш. Уран бүтээлч хүн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай. Хариуцлага гэдэг нь уран бүтээл юм.

-Танд авьяас заяасан уу?

-Авьяас байгалийн өгөгдөхүүн, хүн төрөлхтний амьдралыг утга, уянга болгох, бурхнаас илгээсэн асар том бэлэг. Заяасан тэр зүйлийг хөдөлмөрөөр тордож, зөвхөн өөрөө эзэмших бус, бусдад хүртээх хэрэгтэй. Тэр бэлгийг би дамжуулагч учраас өндөр үүрэг, хариуцлага хүлээж байгаа юм. Хүмүүст гоё, сайхан зүйл бэлэглэх хүн гоё л байх ёстой биз дээ. Тиймээс амьдрал минь урлаг байж л тэр бэлгийг төгс дамжуулна. Мундаг зурдаг сайн зураач олон. Гэхдээ амьдралаа урлаг болгосон жинхэнэ уран бүтээлч тун ховор.

-Онгод гэж ер нь яадаг эд юм бэ. Гэнэт л зурмаар, бүтээмээр болж, хаа нэгтээгээс сэтгэлд ороод ирдэг юм уу?

-Би онгод гэдгийг ажлаа хий гэсэн дохио, мессеж гэж ойлгодог.

-Сайн явахад өөрийн зүтгэлээс гадна олон хүчин зүйл, ялангуяа шашин нөлөөтэй гэдэгтэй санал нийлэх үү. Ер нь шашин хэрэгтэй юм уу?

-Шашныг хэрэглээ болгож чадвал хэрэгтэй. Харин мухар сүсэг болгож туйлшраад тэрэндээ мунхагласан хүмүүс байдаг. Ажил үйлс нь бүтэхгүй болохоор шашинд, эсвэл хэн нэгэнд бурууг тохох жишээтэй. Үнэн чанартаа бурхан багшийн сургаал бол зөв амьдрах ухааны хичээл, дотоод мөн чанараа олох ухаан шүү дээ. Дотоод мөн чанараа нээж чадсан хүн сайхан амьдарч чадна.

-Тэр мөн чанарыг яаж нээх вэ?

-Дотоод мөн чанар гэдэг нь сэтгэлийн боловсрол. Сэтгэлийг боловсруулснаар амьдралын мөн чанарыг танина. Хэдийгээр гадаад төрх өөрөө хүн болчихсон ч бидний сэтгэл хангалттай боловсроогүй байгаа. Тийм учраас л улс орноо худалдаж байна, бие биенээ хайрлахг үй, хүндлэхгүй байна. Ер нь хорвоо дээр сэтгэлээ боловсруулж мөн чанараа олсон жинхэнэ хүн тун цөөн гэдэг. Гэхдээ сэтгэлээ боловсруулж, гэгээрэх нөөц боломж хүн бүрд бий. Ганц бурхан багш л гэгээрч чаддаг гэвэл эндүүрэл. Бид Ногоон дарь эхтэй адилхан шүү дээ. Гагцхүү тэр бүсгүй сэтгэлээ төгс боловсруулж чадсан учраас л дарь эх болсон хэрэг.

-Дарь эх болох боломж өнөөгийн нийгэмд байна уу?

-Олон эмэгтэй ихэнх цагаа дэлг үүр, гоо сайхны салон хэсэж, хов ярьж, эсвэл “Манай хүүхэд ингээд тэгээд” гэхчлэн зөвхөн ахуйтайгаа холбоотой асуудал тойрон цагийг дэмий өнгөрүүлж байна. Үүний оронд сэтгэлээ боловсруулаад байвал мөн чанараа олж, элдэвт шуналгүй амгалан амьдрах боломжтой.

-Хүссэн ч, хүсээгүй ч олон хүний амьдрал идэх талхнаасаа шалтгаалаад юун тэр дотоод ертөнцийг олох манатай байгаа нь үнэн шүү дээ?

-Яг ингэж бодож, буруугаа заавал нэг юманд тохож, нялзаах гээд байдаг нь л буруу байхгүй юу. Тэрний оронд өөр рүүгээ хандаж, дотроо байгаа мөн чанараа л олчихвол аливааг өөр нүдээр харж, ханддаг болно шүү дээ. Бухимдах зүйл байхгүй болно. Тэрийг эрж хайхад эдийн засаг огт хамаагүй. “Зөв явбал зөөлөн замбуулин” гэдэг биз дээ. Зөв л яваад байвал ертөнцийн хууль чамд үйлчилж эхэлнэ. Талх аяндаа олдоно. Талх олох өнцгийг арай өөрөөр харж эхэлнэ гэсэн үг л дээ.

-Эрчүүдийн тухай бодлоосоо хуваалцаач?

-(Инээв). Хайрлаж, уучилж өршөөж, энэрч асарч чаддаг зэрэг хүнд байдаг ерөнхий шинжүүд нь бүрдсэн байхад л сайхан эр хүн шүү дээ. Тэрнээс биш “Тэр гоё булчинтай, энэ их мөнгөтэй” гэж харж, бодож байгаагүй.

-Тэгвэл Бат-Эрдэнийн юунд нь татагдаж амьдралаа холбосон юм бол?

-Чухам юунд нь татагдсанаа мэдэхгүй л холбогдсон. Биднийг бага, залуу байхад олон хүнтэй үерхэнэ, сална гэсэн ойлголт байгаагүй шүү дээ. Өвөө, эмээгийн сургаал гэдэг их хатуу, журамтай зүйл байлаа. Манай эмээ онгон хальсны үнэ цэнийн тухай байнга ярьдаг байж билээ. Тийм юм сонсож өссөн хүн ийш тийш харах манатай. Дүрслэх урлагийн дунд сургуульд ороод анх удаа эрэгтэй хүүхэдтэй найзалсан. Найзалсан юм чинь амьдрах ёстой гэж бодоод л суучихсан.

Ингэж хэлээд тэрбээр тун хөгжилтэй инээлээ. Эмэгтэй хүний ариун журмын тухай ярихдаа эмээгийн царай ямар болдог, эрэгтэй хүүхэдтэй анх уулзахдаа яаж ичиж байснаа санасан юм болов уу.

Тэгээд “Бид хоёр ерөөлөөр учирсан байх. Ингэж учирсан хүмүүс бие биедээ зовлон, дарамт болдоггүй юм гэсэн. Ер нь аль болох нэгнийхээ сайн чанарыг олж харж амьдарвал гэр бүлд асуудал гарахгүй” гэсэн.

Тэд хамтын амьдрал зохиогоод 30 гаруй жил болохдоо нэг ч удаа хэрэлдэж, маргалдаж байгаагүй гэнэ. Бие биенээ хүндэлж, сайн чанарыг нь харж амьдарсан учраас тэр байх. Бас амьдралын туршид гарч болзошгүй хэрүүл, үл хүндлэл, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд хувь заяагаа холбохдоо анхнаасаа хэлэлцэж, тохирсон “гэрээ” байдаг аж.

-Бат-Эрдэнэ та хоёр олсноо өөрсдөө зарцуулдаг гэж сонссон. Гэр бүлийн хүмүүсийн эдийн засаг тусдаа байхаар эр хүн болон гэр бүлийн үнэ цэнэ алдагдахгүй юу?

-Бид гэр бүлийн үнэ цэнэ гэж их ярьдаг хэрнээ тэр нь чухам юу юм бэ гэдгийг сайн ойлгохгүй байх шиг. Гэр бүлийн амьдралыг салаа, мөчир бүрээр нь салгаад авч үзвэл сайхны хажуугаар муу юм ч бий. Муу муухай, хэрүүл маргаан, үл ойлголцлын үндэс нь мөнгөнөөс үүдэлтэй байдаг. Мөнгөнөөс болж эхнэр, нөхөр хэрэлдэж байна. Бэр, хүргэнүүд хадмынхандаа харамч зан гаргаж байгаа нь мөн л мөнгөнөөс болж байна. Тэгэхээр гэр бүлийн үнэ цэнэ гэж ярихаар утгагүй биз дээ. Тийм учраас бид хоёр “Ханьсан амьдаръя гэж байгаа бол бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй, нэгнийхээ халаас руу харахгүй” гэж тохиролцсон. Үүнд тийм сонин юм байхгүй шүү дээ. Би нэг ч удаа Бат-Эрдэнийн цалинг авч, хэтэвчийг нь ухаж, халаасыг нь сэгсэрч байгаагүй. Бас тэр хүний утас, мэйлийг шалгаж үзээгүй. Хэдийгээр миний нөхөр ч гэсэн хувь хүн гэдэг бодит чанарыг нь хүндлэх ёстой. Надад бүх юмаа яриад, тайлагнаад, байнга айж, ичиж хараат шахуу байх утгагүй биз дээ. Ер нь бүх үнэнээ хэлж байх ёстой гэвэл олон жилийн туршид хэзээ нэг цагт худлаа хэлэхэд хүргэх нь гарцаагүй. Тэгж яах юм бэ. Тэгээд ч бүх зүйл, ертөнц ч мөнх бус шүү дээ.

Үүнээс гадна уран бүтээлч хүн сэтгэлгээний эрх чөлөөтэй байх ёстой. Гэтэл тэр эрх чөлөөг эхнэр, нөхөр гэдгээрээ далайлган барьж, хаах ёсгүй. Ингэсэн, ингээгүй хүн үргэлж ямар нэгэн хүрээнд өөрийгөө хүчлэн барьдаг шүү дээ. Гэтэл бас гэр бүлийн хүлээсэнд баригдаж, эмээж, нуугдаж баймааргүй байна. Ингээд ярихаар зөвхөн амиа бодоод, чөлөөтэй явна гэж ойлгож болохгүй. Хамтын амьдралд зохицуулж, шийдвэрлэх асуудал байна. Хамгийн чухал нь үр хүүхдүүдийнхээ төлөө явах ёстой. Бат-Эрдэнэ бид хоёр 35 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Энэ хугацаанд ярьж, хэлэлцсэн зарчмаа хэрэгжүүлж ирсэн. Нэг ч удаа хэрэлдэж байсангүй. Бие биенээ яаж явна гэж мөрдөж, мөшгидөггүй учраас элдэв явдал байдаг, эсэхийг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Би хүний хувийн деталь руу орох дургүй. Ер нь тэр хүнийг өдөр бүр хараад баярлаж, азтай, жаргалтай амьдарвал гоё биз дээ.

-Гэхдээ байгалиас заяасан эр хүйстний мөн чанар алдагдах юм биш үү. Байгалийн хуулиар ихэвчлэн эрэгчин нь гэр бүл, үр төлөө хооллож, аюулгүй байлгах үүрэгтэй байдаг биз дээ?

-Би амьтан шиг, адгууслаг байхыг хүсдэггүй. Нөхөр нь үүрэг, рольтой гэдгээ үзүүлж, мэдрүүлэх гээд захирсан, зандарсан байдал сайхан санагддаггүй. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.

-Охид тань Швейцарьт сурч байгаа гэсэн. Тэдний төлбөрт дэм болдог уу?

-Дэмжилгүй яах вэ. Охин хүүхдүүдийг өөрсдөө мэд гээд орхиж болохгүй шүү дээ. Урлагийн сургууль учраас тэр хоёр маань зав муутай, дээрээс нь ажил хийх статустай сургууль биш юм билээ.

-“Саранцацралт их азтай юм. Нөхөр нь эхнэрийнхээ фэн болчихсон, сүүдэр шиг дагах юм. Ховор заяатай эмэгтэй” гэхчлэн бүсгүйчүүд таны тухай ярьдаг. Та азтай хүн мөн үү?

-Хэрэв би тийм эмэгтэйг харвал “Ямар сайхан юм бэ” гэж бодон, даган баясаж, бахархана. Хэзээ ч “Энэ ямар азтай юм бэ” гэж атаархлын үг унагахгүй. Хүн хэдийчинээ атаархаж, хорсоно төдийчинээгээр амьдрал нь доройтож, доошилно. Энэ бол ертөнцийн хууль. Үүнийг л сэтгэлийг боловсруулах гэж хэлээд байгаа юм. Түүнээс биш би нөхрөө атгачихсан сүрхий амьтан биш. Манай гэр бүлийн амьдралд орж үзвэл үүнийг мэдрэх байх. “Азтай хүн мөн үү” гэдэгт би “Тийм” гэж хариулна.

-Та хоёрын сонголт хэр таардаг вэ?

-Тэс өөр. Дээрээс нь Бат-Эрдэнэ бараа сонгохдоо их удаан, нухацтай үзнэ, тэгээд их бодно. Би харин шийдвэр гаргахдаа хурдан, нэг хараад таалагдвал шууд л авчихдаг. Тийм учраас хамтдаа дэлгүүр явахад мань хүн хоцорчихдог юм.

-Хүмүүсийн янз бүрийн яриаг тоолгүй, элдэв хов живгүй, нийгмээс “тасарч” амьдардаг нь таны ажилтай холбоотой юу?

-Тийм шүү, би бусдаас хамааралгүй ажилладагт учир нь байгаа юм. Даргагүй, цэрэггүй, цалингүй, цаггүй гээд харьцангуй тайван ажилтай. Нийгэмтэй харилцаж байна гээд заавал нэг юмтай “хутгалдаж”, тэмцээд байх шаардлага байхгүй шүү дээ. Би ер нь төрөлхийн тэмцэгч биш шиг байгаа юм. Уг нь бар жилтэй гээд бодохоор их л тэмцэгч чанартай баймаар. Би аливаа зүйлийг хүчээр бүтээхийг хүсдэггүй. Бүтэхгүй бол зөнд нь орхичихдог. Гэсэн ч аяндаа бүтдэг. Ер нь аливаа зүйлийг зөнгөөр нь мэдрэхэд бодитой үнэн юм гарч ирдэг. Хүчээр бүтээсэн зүйл худал хуурмаг санагддаг. Миний амьдрал зөнгөөрөө л явж ирсэн.

-Тэмцэлгүй амьдрал гэхээр сонин санагдаад байх юм.

-Амьдрал бол тэмцэл гэдгийг хүмүүс яаж хүлээж авдгийг би мэдэхгүй. Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Би байгаль дэлхийн заасан зүг рүү л урсаж амьдарсан. Зөнгөөрөө байна гэдэг нь байгалийн урсгалыг дагах гэсэн утга юм байна. Бурхны номд ч зөнгөөрөө л бай гэж сургасан байх юм.

-Бидний яриа эрхгүй бурхан, шашинтай холбогдчихлоо. Таны төрж, өссөн цаг үед энэ асуудал хаалттай байсан шүү дээ. Та ер нь хэдийнээс бурханд итгэдэг болов?

-Миний эмээ сайн боловсролтой, манж, япон, төвд, хятад хэл эзэмшсэн, орчуулагч хүн байлаа. Түүхийн төв архив, Нийтийн номын санд Дорно дахины судлалын фондын эрхлэгч байсан юм. Эмээ надад үргэлж үлгэр, тууль ярьж өгдөг, буруу юм хийсэн ч загнадаггүй байсан. Харин надад тохиолдсон явдлыг үлгэр болгон ярьж, муу үйл хийснээ ухаарч, буруугаа гарцааг үй хүлээхээс өөр замгүй болгоно. Энэ мэтчилэн ямар ч юмыг үлгэрээр тайлбарлан, хүмүүжүүлдэг амьдрах ухааны багш байж гэж боддог. Эргээд бодох нь ээ, бурхны сургаалаас л ярьдаг байж. Хоосон чанарын тухай өгүүлдэг “Доржзодов” номыг маш энгийнээр тайлбарлаж өгсөн байгаа юм. Бас Зэн, Хайкугийн шүлгүүдийг уншиж өгдөг. Тэгэхээр эмээ минь намайг бурхны сургаалаас салгалгүй өсгөсөн байгаа биз. Энэ бүхэн нь миний дотоод ерт өнцийг бүрдүүлсэн гэж боддог. Үүнээс гадна миний урд төрлийн хүн бурхан, шашинтай холбоотой байсан юм билээ. Тэр хүний хийсэн буянаар би энэ насандаа сайхан байгаа учраас үргэлж талархаж явдаг.

-Харин Та охиддоо аливаа зүйлийг яаж тайлбарлаж өгдөг байв. Эмээгийнхээ аргыг хэрэглэдэг байсан уу?

-Би эмээ шиг уран цэцэн ухаантай сурган хүмүүжүүлэгч биш, ихэнх цагаа уран бүтээлдээ зарцуулдаг байсан. Эмээ надтай ажилладаг байсан шиг би охидтойгоо тулж ажиллаж байгаагүй. Харин тэднийг ажиглаж, ямар өгөгдөлтэй болон юунд дуртайг нь мэдсэний үндсэн дээр ололттой талыг нь хөгжөөж, хөөргөж, дэмждэг байсан. Онцгүй байдал гаргавал эмээгийн хэлж ярьж байснаас жишээ татаад, аль болох хүчлэхгүй орхичихдог. Ер нь Бат-Эрдэнэ бид хоёр охидоо загнаж үзээгүй. Тэгээд ч манай хоёр намайг зовоож байгаагүй шүү.

-Та нэг ярилцлагадаа “Хүүхдээ гаргахыг хүсээгүй” гэснээс иш татаад зарим хэвлэлд “Саранцацралт хатуу сэтгэлтэй, хүүхдэд дургүй” гэж бичсэн байсан. Амьтныг сэтгэлээсээ хайрладаг хүн төрүүлсэн үр хүүхдэдээ хэрхэн хандах нь ойлгомжтой. Та тэр үед яагаад тэгж хэлсэн юм бэ?

-Миний талаар тэгж ярьдаг, эсэх, ер нь юу гэх нь надад хамаагүй. Би бусдад таалагдах гэж ярьдаггүй. Өөрт тохиолдсон, бодсон зүйлээ л хэлчихдэг. Хүмүүс тэрийг өөрсдийнхөөрөө хүлээн авч, янз бүрээр л ярьдаг байх. Энэ бол тэдний хэрэг. Тэглээ гээд би огт эмзэглэдэггүй. Гэхдээ манайхан хүний яриан дундаас хэрэгтэйг нь авахгүй, дандаа өөнтөглөх, гуйвуулах өнцгөөс хардаг хачин зантай.

Хүмүүс Саранцацралтыг зураач гэдгээр нь л мэддэг. Харин хэр сайн ээж, хэр ухаалаг эзэгтэй, бас хэр энэрэлтэй, буянтай хүн гэдгийг нь тэр бүр мэдэхгүй. Тэрбээр 70 гаруй нохойг сайн эзэнтэй учруулжээ. Муу хүмүүсийн гарт гэмтэж, бэртсэн, машинд дайруулан цус нөжтэйгээ холилдчихсон тэдгээр нохойг гудамжнаас олж, эмчлүүлээд найдвартай хүмүүст өгсөн юм билээ.

Бат-Эрдэнийнх Мишээл, Мөнгөлдэй хоёроос гадна олон “хүүхэдтэй”. Хандаа тэргүүтэй дөрвөн нохой, нэлээд хэдэн загас, хоёр яст мэлхий, Энхүүш нэртэй хэргийн эзэн хэнгэрийн дохиур болсон нэг мэлхийгээ тэд “Манай хүүхдүүд” гэдэг. Саранцацралт яг л хүнтэй харилцаж буй мэт тэр хэдтэйгээ ярьж, эрхлүүлэх аж.

“Би ДАРГАГҮЙ, ЦЭРЭГГҮЙ, ЦАЛИНГҮЙ, ЦАГГҮЙ”

Шаарийбуу, Ананд нэртэй хоёр яст мэлхий тун дөлгөөн, бие биедээ их халамжтай гэнэ. Харин Энхүүш хэмээх намгийн ногоон гэрт ирснээс хойш загаснууд амар тайван байхаа больжээ. Өдгөө алганд багтахгүй том, тарган бах болсон түүнийг хурууны өндгөн чинээ байхад нь амьтны дэлгүүрээс “үрчилжээ”. Уйдаахгүйн тулд хосынх нь хамт авчирч, загаснуудын гэрт тухлуулж. Гэвч Энхүүш “гон бие, гозон толгой” болсон. Учир нь тэр найзаа бариад идчихэж. Муу үйл хийснийг “аав, ээж” хоёр нь эхэндээ мэдсэнгүй. Нэг мэлхий нь харагдахгүй болохоор хаа нэгтээ булан тохой, буйдан дороос гараад ирнэ гэсээр сар гаруй болжээ. Яаж ч хайгаад олсонгүй. Төд удалгүй загаснууд нэг нэгээрээ учир битүүлгээр алга болж эхлэв. Гэрийн эзний таамгаар бол Энхүүш л “но”-той. Гэвч эзэгтэй түүнийг тас өмөөрч “Баримт, нотолгоогүй байж хүүхэд битгий гөрдөөрэй” гэж аврав. Хэрэг дахиад мандлаа. Нэг загасны сүүл салбайчихаж. Хэд хоногийн дараа өөр нэг нь шархдав. “Аав”-ын тэвчээр барагдаж, Энхүүшийг шийтгэхийг шаардлаа. “Ээж” бодитой нотолгоо нэхээд бас л халгаасангүй. Ингэж байх зуур дахиад нэг загас үл мэдэгдэх дайсны золиос болжээ. Энэ явдлаас хойш тун удалгүй Бат-Эрдэнэ хэрэгтнийг үйлдэл дээр нь барьж, өмгөөлөгчид нь тушаасан байна. Швейцарьт байгаа хоёр охин аавыгаа дэмжиж, муу үйл хийсэн Энхүүшийг шийтгэхийг шаардсанаар намгийн ногоон нэг сар “гянданд” хоригдоод саяхан суллагдсан гэнэ. Энхүүш ялыг биеэр эдэлж, данханд амьдрах хугацаандаа “бясалгал хийж”, сайн хүмүүжсэн учраас түүнд тусгайлан аквариум авч өгчээ. Сохорсон биш завшив. Энхүүш халаасны өрөөнөөс гарч, харшид амьдрах болов. Гэмээ ухаарч, хүмүүжсэн учраас түүнийг урамшуулж байгаа нь энэ аж.

-Мэлхий бясалгал хийсэн гэхээр сонин санагдлаа. Та түрүүн бас дөрвөн нохойтойгоо хамт бясалгадаг гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Манай Хандаа, энэ хэд намайг бясалгал хийж байхад огт саад бололгүй дэргэд тэвчээртэй суудаг. Үнэхээр бясалгаж байх шиг санагддаг. Би энэ хэддээ байнга маанийн таван үсэгтэй тарни сонсгодог юм. Эрхэлж тоглож, энэ тэрүүгээр гүйж байснаа тарни сонсоод нам гүм болж, сууцгаадаг. Ойлгож байгаа нь мэдрэгддэг шүү. Тиймээс Энхүүшийг “шоронд” байхад нь 24 цагийн турш сонсгодог байсан. Ямар ч байсан найз нараа идсэндээ гэмшиж байгаа бололтой хоол ч идэхгүй, толгойгоо гудайлгаад хэд хоносон. Тэгэхээр нь өрөвдөөд учир байдлыг Бат-Эрдэнэд хэлж “суллуулаад”, шинэ гэрийнх нь дэргэд тарнитай аппарат байрлуулчихсан.

-Та Хандаагийн тухай байнга ярих юм. Тэр амьтныг бас л гудамжнаас олсон уу?

-Их сонин шүү, миний олж, эмчлүүлсэн бүх нохой эм байсан. Манай дөрөв ч бас охин. Би Хандаагаа хэдэн жилийн өмнө алгын чинээ байхад нь олсон. Тийм жаахан амьтныг хэн нэгэн зодож, хөлийг нь хугалчихаж. Дүн өвлөөр явж чадахгүй, суусан газартаа шээсэн бололтой бөгс нь газартай барьцалдаад хөлдчихсөн, гаслах ч тэнхээгүй болчихож. Мөсийг нь цохиж, арай гэж салгаад, гэртээ авчирч, усанд орууллаа. Хагас сайн өдөр байсан учраас мал эмнэлэг амарч таарсан. Хөлийг нь боогоод, шулуун гэдсэнд нь өвчин намдаагч лаа хийж хоёр хонуулаад, даваа гаригийн өглөө “Энэрэх” эмнэлэгт хөлөнд нь хагалгаа хийлгэж, уушгийг нь эмчлүүлсэн. Одоо манай Хандаа их том болсон. “Энэрэх” эмнэлэгтэй би олон жил хамтран ажиллаж байна. Гарцаагүй тусламж хэрэгтэй болсон нохойтой таарвал тэр эмнэлэгт хүргээд өгчихдөг. Өөрт нь гэм хор болохгүй хөөрхий амьтдыг тамлаж, зодож, зовоодог хүмүүс их муухай. Би нэг удаа улаан хоолой нь ил гарчихсан нохой олсон. Гөлөг байхад нь өргөстэй төмөр утсаар чанга боосноос болж хүзүүнд нь шигдээд, улаан хоолойд нь тулчихсан байна гэж эмч хэлсэн. Тэр одоо их сайн эзэнтэй болсон. Үүнээс гадна том биетэй нохой тэжээдэг зарим хүн их муухай. Өөрийн нохойг л бодно. Орооны үеэр нь гудамжны жижиг охин нохойг золиос болгочихно. Тэр жаахан амьтан том нохойн гөлгийг гаргах гэж бараг үхдэг юм билээ. Иймэрхүү маягаар гэмтсэн олон нохой байдаг.

Зүрхний чакра нь нээгдсэн бодь сэтгэлтэй хүн аливаа амьтныг үр хүүхэд шигээ хайрлаж чаддаг юм гэсэн. Ийм нэгэн бодь сэтгэлтэй хүнтэй ярилцаж суухдаа мэддэг хэрнээ анзаардаггүй олон зүйлийг эргэцүүлэн тунгааж, эргэж харахад хүрлээ.

Түүнээс уул уурхай, улстөр, хувьцаа энэ тэрийн тухай асуугаад нэмэргүй. “Тийм юм мэдэхгүй, сонирхдогг үй шүү дээ. Элдэв юманд санаа зовохгүй, Хандаагийнхаа баасыг цэвэрлээд сууж байдаг амар амьтан даа, би. Ямар сайндаа Бат-Эрдэнэ “Хөөе, тэр дээрээсээ буугаад ирээч” гэж цаашлуулдаг юм” гэж ярих Саранцацралт их нээлттэй нэгэн аж.

Тэр зурагт бараг үздэггүй гэнэ. “Амьдрал дэндүү богинохон. Хийх ажил зөндөө байхад тэгж цаг үрээд яах юм бэ” гэх тэрбээр шөнө ердөө хоёр цаг хагас унтдаг гэсэн. Олон жил бясалгал хийсний үр дүнд нойроо зохицуулж чаддаг болжээ.

-Саранцацралт зорилгодоо хүрсэн хүн мөн үү?

-Багаасаа л хүсэж, зорьсноороо зураач болж чаджээ. Бас намайг зовоож зүдрээхгүй нөхөртэй байна. Эмэгтэй хүнд тохиох чухал зүйл энэ мөн биз дээ. Хоёр охин зөв сайхан явна. Тэгээд ээжийнхээ дэргэд тайван амьдарч байна. Тэгэхээр би азтай хүн гэж боддог.

-Тэгвэл аз жаргалтай хүн үү?

-Сүүлийн үед өөрийгөө аз жаргалтайд тооцдог болсон. Яагаад гэвэл олон жилийн хичээл зүтгэлээрээ би сэтгэлийн амар амгаланг олж чадсан. Олон сайхан багшийнхаа ач буянаар олсон тэр амар амгалан гэдэг нь төгс эрх чөлөө юм. Тэрийг мэдэрч, үнэрийг нь авсан хүн аливаа зүйлд тэчъяадахаа больчихдог юм билээ.

-Зовлон заавал байх ёстой юу?

-Хүний амьдрал тэр чигээрээ зовлон. Гэхдээ тэр зовлонг жаргал болгон урвуулж сурах хэрэгтэй. Аав минь байхад би зовлон гэдгийг мэддэггүй байсан. Бурхан болсноос нь хойш зовлон гэдгийг асар их мэдэрсэн. Гэхдээ үхэл гэж чухам юу болохыг ойлгож чадвал зовлон биш гэдгийг мэдэрч болно. Ингээд ярихаар ямар хатуу амьтан бэ гэх байх даа. Үхэл гэдэг зүйлээс суралцаж чадвал зовлонг жаргалд урвуулж чадна гэдэг юм.

-Сүүлийн үед монголчууд өмнө нь сонсож байгаагүй янз бүрийн өвчнөөр өвдөх болж. Хавдрын өвчлөл манайд их байгаа. Үүнийг зарим хүн “Цаг төр муудсаных” гэж тайлбарладаг.

-Ууж идэх, унтаж хэвтэх гээд ер нь бүх зүйлийг тохируулаад байхад эрүүл байж чадна. Ихдүүлбэл, бас дутаавал хор болно. Энэ бол Нагаржунайн төв үзлийн номлол шүү дээ. Би нэг зүйлтэй огт санал нийлдэггүй. Бие, сэтгэл, ухаан нь төлөвшөөд, амьдралыг жинхэнэ утгаар нь мэдрэх насандаа ирэхээр хүмүүс “Хөгширч байна” гэж муухайгаар ярих юм. “Би хөгшрөөд уртын дуунд дуртай болж байгаа” ч гэх шиг. Үгүй шүү дээ, энэ насанд хүн ид боловсроод, амьдралыг ойлгож, төлөвшиж байгаа юм. Би энэ насандаа их дуртай. Ер нь амьдралын бүх үе минь гоё байсан. Гэхдээ л одоогийнх илүү гоё. Юмыг зөв өнцгөөс харж, сэтгэл минь тэгширч ирж байна. Гэтэл ийм гоё үеийг муухайгаар хэлж, элдэв өвчин яриад л, сонин шүү. Хөгшрөөд сүүл иддэг болсон гэж ярьдаг. Сүүл идэх ашигтай, хэрэгтэйг мэдсэн учраас идэж байгаа болохоос нас ахихтай ямар ч холбоогүй.

-Сүүл гэснээс Та мах, өөх иддэг үү. Сүүлийн үед хүмүүс махнаас татгалзах болж?

-Би сүүлэнд дуртай. Мах идэлгүй яах вэ, ер нь хоолонд ямар нэгэн гаж зуршил байхгүй. Харин зун мах идэж дотроо ялзруулах дэмий. Хүмүүс аливаа юманд их туйлширдаг. Цагаан хоол гэхчлэн ямар нэг юмыг сайн гэчихвэл бүр “нэвт орж” туйлширна. Хоёр тийшээ савчиж, туйлшрахгүй баттай зогсох ухааныг заасан бурхан багшийн төв үзлийг уг нь хэрэгжүүлэхэд л савчихаа болино. Бас нэг зүйл бол өнгөрснийг дурсаж харамсаад, баярлаад, эсвэл ирээдүйг төлөвлөөд горьдож, найдаад одоо цагийг орхигдуулаад байх шиг. Бид одоо ярилцаад сууж байгаа энэ цаг үе л гоё шүү дээ. Цаг хугацааг алттай зүйрлэдэг нь хангалтгүй. Цаг хугацаа гэдэг хүний амьсгал гэж боддог. Хүн эхээс төрөөд л амьсгалж, цаг эргэж эхэлдэг. Тиймээс цаг бол амьсгалтай дүйцэх үнэтэй юм.

-Эмэгтэйчүүд гэр орноо тохижуулах, хоол хийх зэрэгт илүү санаа тавьж, тэрнээс сэтгэл ханамж авдаг. Та ямар хоолонд дуртай вэ?

-Би ер нь ямар ч юманд үхэн хатан тэчъяадаж, ач холбогдол өгдөггүй. Гэртээ элдвийн юм цуглуулж, хураах дургүй. Ихэвчлэн ногоотой шөл хийгээд хэдэн “хүүхдүүдтэйгээ” тойрч суугаад иддэг.

-Таашаал авч, баярладаг зүйл юу вэ?

-Амьд байгаадаа баярлаж, амьдралаас таашаал авдаг.

-Боломж олдвол аль насандаа эргэж очихыг хүсэх вэ?

-Аль ч нас руугаа эргэж очихыг хүсэхгүй. Нэгэнт өнгөрч улираад одсон насыг эргүүлж авчрахад цаг хугацаа миний амьсгалаас хорооно шүү дээ. Хором бүрийн амьсгал минь хайран, тийм биш гэж үү. Би өнгөрсөнд, ер нь юун ч харамсдаггүй. Амьд байгаадаа, өнөөдөр сайхан байгаадаа баярлаж явдаг.

-Цаг үе давтамжтайгаар суут ухаантнуудыг төрүүлдэг юм болов уу. Орчин цагт Занабазар, да Винчи шиг ухаантнууд яагаад төрөхгүй байгаа юм бол?

-Бидний сэтгэл муудсан учраас тийм мундаг хүмүүсийг олж илрүүлж чадахгүй байгаа юм. Ер нь тухайн хүний гэгээлэг талуудыг харж чадвал Занабазар, да Винчитэй адилхан хүн олон бий.

-Та Монголын цөөнгүй зохиолч, яруу найрагчийн шүлгийг уран зурагт буулган бүтээл болгосон. Ер нь өөрийн сэтгэлгээгээр зурах, хүний санааг буулгах хоёрын аль нь хэцүү вэ?

-Би хийж буй ажлаа хэзээ ч хэцүү, түвэгтэй гэж бодож, түүртдэгг үй. Харин ч сонирхолтой. Шүлэг уншаад зурахад их сонин, гоё юм билээ. Тухайн хүн шүлэг болгон үгээр илэрхийлсэн санааг би зураг болгоход бүтээлээс бүтээл төрсөн сонин дамжлага бий болсон. Дээрээс нь би тэр хүний санааг буулгах гэж зориогүй, уншигчийн хувьд хүлээж авсан сэтгэгдэл, амтыг буулгасан болохоор нэг үндэснээс янз бүрийн санаа гарснаараа сонирхолтой.

-Та найз нартайгаа уулзаад юун тухай ярьдаг вэ?

-Би ямар ч сайн найздаа хувийн амьдралынхаа талаар ярьж, сэтгэлээ хуваалцдаггүй. Зайгүй сайн найз байсан ч тэр хүн гэгээнтэн биш. Надтай л адил учраас сайн, муу янз бүрийн л юм заана, ярина. Би өөрийнхөө эзэн учраас өөрөө л бүхнийг шийдэж, учрыг нь олохыг хүсдэг. Зөвлөгөө авахаар бол гэгээрсэн хүний үгийг л сонсоно.

-Саранцацралт эрэгтэй байсан бол ямар хүн байх бол?

-Бурхан надад ийм сайхан эмэгтэй заяа өгчихөөд байхад “Эрэгтэй байсан бол” гэж бодож байгаагүй. Бодохыг ч хүсэхгүй.

-Эмэгтэйчүүд баярын өдөр дэгжин даашинз өмсөж, үс зүсээ гоёод цэцэг шиг болдог. Та юугаар гоёдог вэ?

-Би мөр, цээжээ гаргасан хувцас өмсдөггүй. Тийм дэгжин даашинз өмсөж үзээгүй. Ер нь бусдад гоё харагдах гэж, эсвэл ямар нэгэн зүйлд зориулж хувцас авч, хийлгэж байгаагүй. Ингээд үнэнээ ярихаар “Бусдаас гажууд байх гэлээ” гэчихнэ ээ. Хүн өөртөө л таалагдах хэрэгтэй. Би баяр ёслолоор ч гэсэн онцгойлон гоёдоггүй. Өөрт таалагдсанаар байгаа хэдэн хувцсаа тохируулаад л өмсчихдөг.

Түүний үс гялалзана. Их сайхан шүдтэй юм. Инээхэд нь бага зэрэг тодрох нүд орчмын үрчлээг эс тооцвол арьс нь хүүхдийнх шиг өө сэвгүй, булбарай юм. Өдий насанд ийм сайхан байгаагийн нууц нь юу юм бол. Сэтгэл амар амьдрахаар хүн хөгширдөггүй гэж үнэн бололтой. Ямартай ч саваагүй, бас гэнэн гэмээр асуулт тавилаа.

“Уучлаарай, буурал үс бий юү. Та үсчинд ордоггүй гэж үнэн үү. Үрчлээний эсрэг юу хэрэглэдэг вэ. Аминдэм, нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэдэг үү” гэхэд жигтэйхэн инээснээ “Зарим хүн хазаж үзэх нь халгүй юм болно оо. Би бусдын л адил хүн. Тэгэхээр тавь гарсан өдий насанд буурал үс байлгүй яах вэ. Үсчинд ордоггүй, үсээ өөрөө янзалж, буддаг. Надад тохирдог болохоор “Монос”-ын гүүний саамтай тос түрхээд, дээр нь Солонгосын “Skin food” энгэсэг тавьдаг. Хааяа монгол төмсийг хальстай нь чанаж, нухаад зөгийн балтай холиод бигнүүр тавьчихна. Хэрэв арьс хуурайшаад байвал төмсний нухаш дээр өндөгний шар, тослогтвол цагаан уураг нэмэхэд хангалттай. Хүн бүрийн мэддэг, энгийн хэрнээ үр дүн сайтай арга шүү дээ. Би элдэв эм бэлдмэл, нэмэгдэл хүнс хэрэглэхгүйгээр байгалийн чадавхиараа хэдий хүртэл явж болохоо үзэхийг хүсдэг” хэмээв.

-Хүн заяа, тавилангаа өөрчилж чаддаг гэх юм. Энэ талаарх таны бодол?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Ер нь хүн өөрөө мэрийгээд зүтгээд байвал хувь тавилангаа сайхнаар залуурдан, менежмент хийж болно шүү дээ. Ингэхийн тулд бас л сэтгэлээ боловсруулах хэрэгтэй. Эртний монголчууд оюун санааны маш өндөр түвшинд хүрсэн сайхан хүмүүс байсан гэж боддог. Тэдэнд шунаж тэчъяадах юм байсангүй. Гэрээ цоожлолгүй, эзгүй орхиод явсан ч бусдын юманд шунаж, хулгайлна гэж байхгүй. Нүүдэллэж яваа хүмүүст хоол цай хүргэж өгнө. Хүний бараа хараад баярладаг тийм л сайхан хүмүүс байж. Гэтэл одоо монгол хүн бие биенээсээ дөлж, зугтаах болж. Ялангуяа гадаадад нутаг нэгтнээсээ зугтаж, хараагүй дүр үзүүлж байна. Энэ бол бидний оюун санаа бузартсаны илрэл. Гэхдээ бүх хүн ийм муухай болчихсон гэж бодохгүй байна.

Тэрбээр жижиг ширээний хэртэй өндөр, цар шиг том, никель таваг дүүрэн төрөл бүрийн шоколадтай, зөөлөн чихрээр дайллаа. Чихэр хүнийг баяр баясгалантай болгодог учраас идэхээс гадна харж баясдаг гэнэ. Юу ч бодолгүй нэг үмхээд л, залгичихдаг чихрийг хүртэл харж сэтгэлийн баяр баяслыг мэдэрч байгаа нь түүний өвөрмөц сэтгэлгээтэй холбоотой юм болов уу. Эсвэл өнөөх сэтгэлийн боловсролтой холбоотой юм уу. Юутай ч чихрийг зөвхөн хүлхэж, зажилж мэдэрдэг механик сэтгэлгээнээсээ жаахан ичлээ. Хүн өөрөө олж харж чадвал таашаал авч, баярлаж, бахдах юм мундахгүй аж.

-Та Цагаан сарыг яаж тэмдэглэдэг вэ?

-Ээж болон ах дүү нартайгаа золгож, бусдын л адил тэмдэглэдэг. Ууц чануулах, бууз, бэлэг сэлт гээд бэлтгэл ажлууд миний толгой дээр л бууна шүү дээ. Аавыг сэрүүн байхад ч би бүх ажлыг нугалдаг байсан. Айлын ганц охин гээд дөрвөн мөчөө дэлгээд хэвтдэг гэж бодоогүй биз дээ. Би нэг эрэгтэй дүүтэй. Гэхдээ тэр маань хадмынхандаа үйлчлээд явчихна. Тэгэхээр би л гүйнэ дээ.

-Наадмаар бөх үздэг үү?

-Бөхийн барилдаан гэхээсээ морь уралдахыг хардаг. Надад ямар морь түрүүлэх нь чухал биш. Барианд иртлээ хол газрын турш ташуурдуулсан тэдгээр амьтныг өрөвдөөд уйлчихдаг. Харин сурын харваа их гоё шүү.

Ирэх аравдугаар сард “Тавин нэг дэх аравдугаар сар” нэртэй үзэсгэлэнгээ гаргахаар цаг нартай уралдан ажиллах Төрийн шагналт зураачийн урланд очоод уран бүтээлийн талаар ярилцсангүй.

“Амьдрал бүх төрлийн хөгжим”. Тэр ингэж хэлсэн. Тэгэхээр тэр хөгжмийн нэг хэсэг болсон хүн бүрийн хөг аялгуу, хэмнэл, хүч, далайцын хүрээ өөрөөс тань шалтгаална. Нэг өнгөөр дуугарах уу, оркестрын хэмжээнд байх уу, гунигтай жаргалтай, уйтгартай хөгжилтэй, үлбэгэр чанга байх уу гэдэг нь хөгжим эгшиглүүлэгчийн сэтгэлийн толь аж. Тэр толины тусгал ямар байх нь хамаагүй. Хамгийн чухал нь зөв хөгийг олох. Өнөөдрийн зочныхоо сэтгэлийн хөгжмийг сонордон, урлангаас нь гарахдаа ийн бодлоо.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7176574/98d/trackback

gutal

2013.04.19 23:39:44
*.44.251.163

tanid az jargal husie.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1629 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
1628 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13486
1627 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
1626 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
1625 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10979
1624 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
1623 СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13409
1622 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
1621 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
1620 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
1619 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
1618 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
1617 МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ 2013-04-05 10636
1616 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
» С.САРАНЦАЦРАЛТ:БИ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ Н ЗААСАН ЗҮГ РҮҮ Л УРСАЖ АМЬДАРСАН [1] 2013-04-04 10269
1614 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
1613 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
1612 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
1611 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
1610 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
배너신청
자생병원

배너신청