
Монгол, АНУ төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулаад буй манай говиос олдсон үлэг гүрвэлийн араг ясны талаар өчигдөр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дуудлага худалдаанд оруулах гэж байсан аварга үлэг гүрвэлийн олдвор Монголын говиос олдсон аварга, махан идэшт “Тарбозавр батаар” хэмээх үлэг гүрвэл болох нь батлагдсан. Уг дуудлага худалдааг зогсоосны дараа буюу зургаадугаар сарын 18-нд АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний дагуу өнгөрсөн сарын 20-нд хураан авсан. Одоо уг олдвор АНУ-ын Засгийн газрын тусгай агуулахад хадгалагдаж байгаа.
АНУ-ын шүүхийн шийдвэрээр уг олдворыг Монгол руу буцаах асуудал хоёр сарын дараа эцэслэн шийдвэрлэгдэнэ. Тус улсын хуульд зааснаар хэргийн холбогдогч этгээд сөрөг нэ хэмжлэл гаргах эрхтэй байдаг. Түүнийг нь хоёр сарын дотор шүүх шийдвэрлэх хуультай. Хэрэв олдворыг АНУ руу хил нэвтрүүлсэн этгээд хоёр сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахгүй бол Монгол руу шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Хууль хяналтын байгууллагынхан уг олдворыг Прокони гэдэг хүн Англиас АНУ-ын хил, гаалийн тухай хууль зөрчин аваачсан гэдгийг тогтоосон. Тэд хилээр оруулахдаа Английн эрэг орчимд байдаг жижиг гүрвэлийн олдвор хэмээн жижиг хэсэг болгон хувааж, бүтэн араг яс гэж мэдэгдэхгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийж оруулсан. Уг олдворыг Монголоос хэзээ, хэрхэн гаргасныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа.
Харин АНУ-ын хилээр 2010 онд оруулсан. Түүнээс өмнө Монгол Улсаас Японд аваачсан, дараа нь Их Британи, тэндээсээ Флорида-Техас-Нью-Йорк гэсэн маршрутаар оруулсан гэсэн мэдээлэл бий. 1999 онд Японд “Тарбозавр батаар”-тай адилхан үлэг гүрвэлийн олдвор байсныг АНУ, Англи, Японы хэвлэлүүд бичиж, тэнд байсныг гэрчлэх гэрэл зургийг гаргасан байсан. АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах чиглэлээр судалж, АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байгаа үлэг гүрвэлийн чулуужсан олдвор таван газар байгаа талаар мэдээлж байна. Түүгээр зогсохгүй АНУ-ын сэтгүүлчид манай улсад ирж, “Тарбозавр батаар”-ын яс олдсон Нэмэгтийн хөндийгөөс сурвалжлага хийх хүсэлт тавиад байгаа” гэв