Үүнээс хойш таван хоног анир чимээгүй гэртээ суусан Сарнай Галааг утасдахыг чагнасаар эгээтэй л галзуурчихсангүй. Хажууд нь Заяа ч сураг ажиггүй болохоор түүнд энэ их анир чимээгүй байдал аймшигтай хачин мэдрэмж төрүүлэх ажээ. Чухам энэ хэдэн өдөр тэрээр урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй хайр сэтгэлийн тухай, хайр гэж байдаггүй гэсэн нэгэн хэвийн бодолдоо дүгнэлт хийн өөрийгөө чухам ямархан байдалтай амьдарч буйгаа эргэцүүлсэн юм. Тэрээр ийн ганцаардаж үдшийн мэлтгэр сарыг цонхоор ширтэн суутал хонх дуугарлаа. Энэ орой хэн ирдэг байнаа гэсээр хаалга тайлтал Буяндорж
-Сайн сууж байв уу? хэмээн хацар дээр нь зөөлөн үнсээд гэрт оров. Сарнай түүнийг гайхсан харцаар харж
-Ийм хурдан хүрээд ирж байгаа юм уу? гэсэнд Буяндорж хүйтэн ус аягалан хүд хүд залгилаад -Яасан, долоо хоноод ирнээ гэж хэлсэн шүү дээ. За тэр яахав. Чамдаа бэлэгтэй ирсэн гээд Сарнайгийн гараас хөтлөн
-Алив гаръя гээд гэрээс хамт гарлаа. Буяндорж түүний гайхах царайг сэтгэл дүүрэн харж жаргалтай нь аргагүй инээмсэглэн зогсоно. Халааснаасаа түлхүүр гарган Сарнайгийн гарт атгуулаад
-За, миний хонгорт таалагдаж байна уу? Унаад үздээ гэж хэлэхэд Сарнай өмнөө байгаа хамгийн сүүлийн үеийн загварын чамин хийцтэй, нүд гялбуулам час улаан өнгийн машиныг олж харав
-Ямар гоё юм бэ? Баярлалаа. Би танд хайртай шүү гэж дороо дэвхцэн хүүхэд шиг хөөрөн баярлаж Буяндоржийг хүзүүдэн хацар дээр нь шопхийтэл үнсээд гүйх нь холгүй машиндаа очиж суун сурамгай гэгч нь асааж ойр хавиараа хэд тойрлоо. Энэ бэлэг Сарнайд өнгөрсөн нэг юмыг сануулж орхив. Гурван жилийн өмнө түүний төрсөн өдрөөр Буянаа нэгэн дэгжин хар машин бэлэглэсэн ч Буянаагийн эхнэр Лхамаад хэн нэгэн хошуу хүргэж бөөн хэрүүл дэгджээ. Гэнэтхэн дансан дахь мөнгөнөөс нь их хэмжээгээр дутсан нь ч үүнийг баталсан болохоор ганц машинаас болж Сарнай Буянаа хоёрын нууц тэр чигээрээ илрэх гээд байсан болохоор хэл амгүйхэн машиныг буцааж, цэвэрхэн үлдсэн аж. Харин энэ удаа Буянаа хаширсан хүн эртнээс бэлдэж байж энэ бэлгээ авчээ. Буяндорж энэ орой шинэ ажлынхаа хэдэн түншүүдтэй уулзахаар товлосон гэдгээ Сарнайд хэлж түүнийг дагуулж явъя гэлээ. Сарнай хэд хэдэн удаа ийм уулзалтанд очиж байсан юм. Хэт номын, дүнсгэр царайрах дээдсүүдийн дунд сууж нэг ёсны ширээний чимэг болдогтоо дургүй ч энэ удаа татгалзаж чадсангүй. Буянаа Сарнайг сугадсаар рестораны үүдээр ороход зөрж өнгөрсөн хүн бүр ширтэнэ. Тэднийг ороход бүгд ирчихсэн байлаа. Таньдагаас Мягмар сууж байв. Буяндорж өнөө хүмүүстэйгээ албан яриандаа орж суухад Мягмар нүднийхээ булангаар Сарнайг сэм сэм харж
-Чи өнөөдөр их сайхан харагдаж байна шүү гэж шивнэхэд
-Тийм байна уу? Баярлалаа гэж Сарнай хариулаад энэ муу өвгөн юу л сэдэж суугаа болдоо гэж бодон өөр юу ч хэлсэнгүй. Энэ үдэш Сарнайгийн хувьд маш уйтгартай өнгөрлөө. Буянаа буцах замдаа түүний дуугаа хураасныг гадарлаад
-Чи яагаав. Бие чинь зүгээр үү? гэж асуусанд
-Зүгээр дээ. Би дахиж ийм уулзалт, хүлээн авалтанд явмааргүй байна гэсэнд Буянаа
-Үгүй, яасан бэ? Юу нь таалагдахгүй байгаа юм бэ?
-Уйтгартай юм байна шүү дээ. Тэр хүмүүсийг чинь хараад ямар хүчээр инээлтэй биш. Зарим нэг нь намайг үзмэр шиг л хараад бүр гөлөрчих юм гэсэнд Буянаа чангаар инээд алдан
-Чамайг минь хөөрхөн болохоор л тэр байхгүй юу. Чи заавал инээх албагүй шүү дээ. Би чиний ямар байдалд дуртайг чи мэдэх үү? гэсэнд Сарнай
-Ямар байдалд дуртай гэж?
-Яг ийм ихэмсэг бардам, хэн ч халдашгүй байдалд чинь гэж их л бахархалтайгаар хэллээ. Дулаахан салхи хөшиг хийсгэн үлээсэн өглөө Сарнайг сэрэхэд Буянаа хэдийнэ босчихсон хувцаслаж зогсов. Сарнай түүний хөдөлгөөнийг хэсэг харж хэвтсэнээ
-Та орой ирэх үү? гэж асуув. Буянаа зангиагаа зүүх зуураа түүний дэргэд ирж духан дээр нь зөөлөн үнсээд
-Ажил багатай бол ирнээ. Гэхдээ битгий хүлээгээрэй за юу
-Ирэхгүй гэдгийг чинь мэдэж байна аа гэж уртаар санаа алдан хэлэхэд
-Чи гадуур гар л даа. Гэртээ ганцаархнаа уйдаж суухаар гадуур гарч дэлгүүрээс юм худалдаж ав. Аан тийм. Нөгөө Заяатайгаа хамт үзвэр кино үзсэн ч болно шүү дээ. Сарнай хариу хэлсэнгүй түүнийг үдэж явууллаа. Буянаа ингэж хэлээд гарсан бол доод тал нь тав хоног ирэхгүй гэдгийг мэднэ. Дахиад ханхар том байшинд гав ганцаархнаа үлдлээ. Буянаагийн хэлснээр Заяатай хамт өдрийг өнгөрөөхөөр залгатал утасаа авдаггүй. Ганцаараа дэлгүүр хэслээ. Урьд өмнө нь сэтгэл гундуу үедээ дэлгүүр хэсэхээр дорхноо сэргэдэг ч энэ удаа ямар ч нэмэргүй байх шиг. Нүдэнд туссан гутал хувцаснаас эхлээд жимс ногоо гээд баахан юм аваад дэлгүүрээс гарч яваад санаандгүй нэг хүнтэй таарлаа. Галаа Сарнайг хараад ихэд уриалгахан
-Сайн уу? Ямар сонин хүн бэ? гэсэнд Сарнай сэтгэлд нь дутагдаад байсан зүйлээ гэнэт олох шиг болж хичнээн их баярласан ч үүнийгээ ил гаргалгүй
-Сайн. Дахиж уулзалдана гэж бодсонгүй шүү гэлцэн тэд санаандгүй өдрийг ихэд хөгжилтэй өнгөрөөж, оройхон тэд хамтдаа Сарнайгийн гэрийн ойролцоох нэгэн кафед суулаа. Галаагийн хөгжилтэй зан гунигаар солигдож үе үехэн санаа алдан тамхи татахыг Сарнай ажиглаж суугаад санаа нь зовон
-Ямар нэгэн юм болоо юу? Чи хэрвээ намайг голохгүй бол ярьж болно шүү дээ гэсэнд Галаа харуусал гунигаар дүүрэн санаашраад
-Сарнай, чи хайрын хамгийн хэцүү зовлонг мэдэх үү? гэхэд нь Сарнай зог тусч хайрын хэцүүг нь битгий хэл сайхныг нь ч амсаж үзээгүйдээ ч тэр үү юм хэлсэнгүй. Галаагийн нулимс цийлэгнэн хоолой нь зангирч
-Би энэ хэдэн өдөр хайртай бүсгүйнхээ гэрийнхэнтэй уулзаж хамт өнгөрөөсөн юмаа. Бид хоёр хуримаа хийхээр товлочихсон байлаа. Одоо тэр маань байхгүй байгаа нь л надад хамгийн их зовлон гэж ярихад Сарнайд энэ бүхэн хүндээр тусч урьд өмнө хэзээ ч түүнд хэн нэгэн сэтгэлээ нээж ярьж байгаагүй болохоор юу ч хэлэхээ мэдэхгүй суув. Галааг бага байхад аав нь Америкт сургахаар явуулснаас хойш гэрийнхнээсээ хол хөндий өсчээ. Үүний цаана олон шалтгаан байгаа ч тэр бүхнийг Галаа ярьсангүй. Тэд оройжин ярилцаж Галаа нэлээн согтжээ. Сарнай түүнийг таксинд суулган байрлаж байгаа буудал руу нь явуулаад гэртээ харилаа. Яагаад ч юм Галаагийн ярьсан бүхэн нэг л ойлгомжгүй санагдан гүн бодолд автсаар гэрийнхээ гадна иртэл Заяа зогсож байв. Сарнайг ирж явахыг хараад өөдөөс нь тосч
-Чамайг хоёр цаг үүдэнд чинь хүлээлээ. Яагаад утсаа унтраачихаа вэ? гэсэнд
-Өө, хүнтэй уулзсан юм. Харин чи хэд хоног хаагуур яваад байгаа юм бэ? гэж асуухад Заяа угийн айлгүй зангаараа инээд алдан
-Найз нь их сонинтой шүү. Яасан гээч. Би нөгөө Болдоотой хамт хөдөө яваад ирлээ гэсэнд Сарнай гайхан
-Үгүй чи чинь солиороо юу? Хаа хамаагүй танихгүй хүнтэй юугаа хийж явдаг байна аа гэж зэмлэсэнд Заяа
-Зүгээр ээ. Харин ч их сайн залуу байна лээ. Бас овоо бэлтэй залуу байна лээ шүү гэж инээхэд Сарнай
-За за, зүгээр бол яахав дээ. Алив гэрт оръё. Нэг сайхан уумаар байх чинь гэж хэлээд тэд хамтдаа гэрт орцгоон дарс задлан өөд өөдөөсөө харж сууна. Сарнайгийн нэг л хачин байгааг Заяа анзаарч
-Ингэхэд чи сая хэнтэй уулзсан болоод ийм сонин болчихоо вэ? Сарнай тамхи асаан хэд хүчтэй сороод
-Галаатай гэж хэлсэнд Заяа
-Юу гэнээ. Намайг загнаад байсан хирнээ өөрөө ч гэсэн уулзаж л байгаа юм байна шүү дээ гэж үгээр идсэн аятай өгүүлсэнд
-Би нэг юм ойлгохгүй юм. Тэр Галаа гэдэг залуу зөвхөн нэг бүсгүйн төлөө,түүнийгээ хайрласан хайрынхаа төлөө амьдарч байхад би юуны төлөө хэний төлөө амьдарч байгаа юм бол гэхэд Заяагийн сэтгэл зовнин
-Юу гэсэн үг вэ? Чамд хүү чинь байна шүү дээ
-Тийм шүү. Надад миний муухай шар хүү бий. Гэхдээ Заяа минь, би нэг л юманд санаа зовж, нойроо хугасладаг боллоо. Одоо миний хүү том эр болжээ. Өсөх тусмаа ээжээсээ холдоно байх гэж ярихад Заяа түүнийг ойлгож
-Би ч гэсэн боддог л юм. Эрхэс аав ээж хоёрынхоо ийм амьдралыг хүлээн зөвшөөрөхгүй л байх даа. Ингэхэд чи одоо алийн болгон Буянаа ахыг дагадаг юм. Орхих цаг нь болсон юм биш үү. Тэр хүн чамд насан туршдаа хань болж чадахгүйгээс хойш эртхэн холдож сайн хань ижилтэй болвол Эрхэст ч дээр биш үү гэж үнэн сэтгэлээсээ найзын хувьд хэллээ. Сарнай хундагатай дарсыг том залгилаад дахин хундаглаж
-Би ч гэсэн бодож үзсэн. Гэхдээ би Буянаа ахаас саллаа гэхэд юу ч үгүй хоцорно. Заяа чи намайг мэднэ шүү дээ. Би гэж хүн ядуу хоосон байхаас үхтэлээ айдаг. Би үгээгүй ядуу амьдарч энэ насыг бармааргүй байна. Хоолгүй хоосон байснаас үхсэн дээр. Тийм ч болохоор би хүнд биш эд мөнгөнд шунан дурласан юм шүү дээ гэж сэтгэлээ барьж чадалгүй асгаруулан уйллаа. Заяа түүнийг аргадан нулимсыг нь арчиж
-За тайвшир даа. Мэдээж зургаан жил хамт байчихаад хүүгээ бодсон ч тэр юу гэж хоосон орхихов дээ. Тэгээд салчихсан цагт илүү хөрөнгө чинээтэй ганц бие эр олдоно шүү дээ. Чамайг ямар ч эр хүн хайрлахаар увидастай гэдгээ мэдэх үү гэж инээмсэглэн хэлсэнд Сарнай бага ч гэсэн тайвширч
-Гэхдээ найз нь Буянаа ахын хөрөнгөнд нь болсон ч түүнд дасчихжээ. Яагаад ч юм түүнийг үгүйлж санах юм.
-Тэгвэл чи яагаад Галаагийн тухай ингэтлээ шаналаад байгаа юм бэ?
-Үгүй дээ, Галаа бол миний хувьд өөр нэгэн ертөнцийн үүд хаалга. Би Галаагийн бодол санаанд өөрийгөө тольдон хардаг. Хачин байгаа биз... саруулхан шөнийн дотнохон яриа ийн өрнөж байтал цонхны цаана хэн нэгэн хүн сүүтэгнэн гүйх нь үзэгдэв. Амьтан хүний хөл татарч, харуй бүрий болсон хойно хэн ингэж сэм гэтэж явааг гайхсан хоёр бүсгүй сэртхийн өөд өөдөөсөө харан хэсэг сууснаа Заяа
-Яанаа, танай энд хулгайч ихтэй юм уу? Чи яаж ганцаараа байж чаддаг байнаа гэж шивнэн хэлсэнд Сарнай
-Чишш, чимээгүй. Энэ лав хулгайч биш байх. Наашаа орж ирнэ гэдэг хэцүү. Заавал үүдний харуулд мэдэгддэг юм. Тэгэхээр айлтгүй гэж хэлснээ ухасхийн босч хаалга руу зөөлхөн гишгэлэн алхсанд Заяа суудалдаа сууж ядан
-Сарнай чи яах гэж байгаа юм бэ? хэмээхэд
-Чи наанаа дуугуй сууж бай гэж хэлээд хаалганы хажуугийн тавиур дээрээс ямар нэг цохичихмоор юм хайтал ашгүй Буянаагийн Шанхайгаас авчирсан цайны халуун савны хэрийн дайтай хүрэл барималыг олж харлаа. Өнөөх барималаа нэг гартаа чанга атган далайж ихэд болгоомжтой хаалганы бариулаас бариад угз таттал өмнө нь Буяндоржийн найз өнөөх хүйтэн царайт эр Мягмар хагас бөхийж хаалганд чихээ наах шахан зогссоноо цочин гэдрэг болох гээд довжооны шат руу өнхөрөөд орчихов. Сарнай айх гайхах зэрэгцэн байснаа гэнэт инээд нь хүрч тачигнатал инээн
-Мягмар ахаа, та чинь энд юу хийж яваа юм бэ? гэсэнд Мягмар өндийж ирэн хувцасаа гөвөх зуураа
-Үгүй ээ, юу л даа Сарнай ах нь чамтай, бишээ Буянаатай уулзах гээд л. Ингэхэд Буянаа байгаа биз дээ гэж баригдсандаа мэдэн будилахыг Сарнай дуугүйхэн харж инээхэд цаанаас Заяа
-Яасан юу болсон бэ? Хэн байна вэ? гэсээр ирж Мягмарыг хараад мөн л гайхаж орхив. Тэд гэрт орцгоон сандарч мэгдсэн Мягмарыг дарсаар дайлах зуураа Сарнай хэдэн хундага татсандаа ч тэр үү урьдаас хэлье гэж бодсон үг нь хоолой давах гээд болдоггүй
-Ах та ч муу дүүгээ шөнө өдөргүй тагнадаг болоо юу даа. Уул нь би танд гэм хийгээгүй л баймаарсан гэсэнд Мягмар түгдчин, зальтай нүд нь тогтож ядан гүйлгэнэж
-Чи намайг юу гэж бодно дураараа л болдоо гэж энэ удаа их л хүлцэнгүй дүр үзүүлэв. Заяа угийн бэлтэй эрд харц унагадаг хойно өнөөх л айлгүй зангаа гарган Мягмарыг сонирхохыг Сарнай ажиж суухдаа хэдий найзууд боловч түүний ингэж аяглахыг дотроо зэвүүцэн дургүй нь хүрч байлаа. Ирсэн зочид буцацгааж Сарнай ахиад л ганцаар үлдэв. Тэрээр энэ л мөчид ээжийнхээ захисан үгийг саналаа. Охин минь архи тамхи хэрэглэж элдэв муу хүмүүстэй л битгий нөхөрлөөрэй гэж хэлсэн энэ үгсийг эргээд болтол одоо түүний өмнө архи тамхи гээд хорвоогийн муу муухай бүхэн цогцолсон байх шиг. Өдийг хүртэл толгойгоо гашилгасан энэ олон асуудлын талаар бодож байгаагүй атлаа Галаатай учирснаас хойш ийн бодолд автан өөрийгөө шүүмжлэх болсон Сарнай нэгэн шөнийг арай ядан барж өглөөтэй золгов. Дахиад л ганцаараа. Гэлээ ч эртлэн босч гэрийн эзэгтэй шиг цай чанаж, ундаа уугаад гэрээ цэвэрлэн хоёр давхраас нэг давхар хүртэл юу ч үлдээлгүй цэвэрлээд хувцасны шүүгээгээ онгичиж суутал утас дуугарав. Сарнай харилцуураа авч эелдэгхэнээр
-Байна, хэн бэ? гэсэнд
-Галаа байнаа. Уучлаарай завтай бол уулзах гэсэн юм гэсэнд Сарнай гэнэт нар гийх шиг сэтгэл нь сэргэн хамаг байдаг чамин хувцсаа шилж өмсөөд эгээ л анхны болзоондоо яарсан гэнэн жаахан охин шиг догдлон догдолсоор явлаа. Энэ хэдэн өдөр Сарнай Галаатай цагийг өнгөрөөж их л сайхан байв. Харин нэг удаа Заяа уйлсаар утасдаж ээжийнх нь бие тун тааруу байгаа тухай хэлээд дахиж холбоо барьсангүй. Сарнайгийн санаа зовж гэрээр нь очсон ч эзэнгүй байсан болохоор хий дэмий Заяаг дахиж утасдахыг хүлээлээ. Буянаа ч усанд хаясан чулуу шиг чимээгүй байв. Энэ нь ч Сарнайд ашигтай байлаа. Ямар ч хүлээсгүйгээр хэн нэгэнтэй зугаална гэдэг эрх чөлөөний амт мэт. Тэрээр аажим аажмаар Галаад дасч, зүрх сэтгэлийнх нь нэгээхэн орон зай хөөр баяраар бялхахыг мэдэрч басхүү шинэ ертөнцөд хөл тавьсан мэт байлаа. Ингэж байтал санаандгүй Заяа ирлээ. Яагаад ч тэр нэг л хөндий, үгээ цэнэж, биеэ бариад ч байгаа юм шиг Сарнайд санагдав. Заяагийн ирсэн шалтгаан нь түүнийг шинэ байранд орсоноо тэмдэглэхээр бяцхан үдэшлэг зохиох гэнэ. Урилга авсан Сарнай маргааш орой нь цэцгийн баглаа барьсаар очлоо. Гоёмсог хийц загвартай хоёр давхар байшингийн үүдэнд чамин улаан тэргээрээ ирж зогсон хонх дартал Заяа инээмсэглэн
-Өө чи хүрээд ирэв үү? Яасан их удав аа. Арай найзынхаа умгар байшинг голсон юм биш биз гэж тохуурхсанд Сарнай баглаатай цэцгээ өгч, хацар дээр нь үнсээд
-Юу гэж дээ. Харин ч манай байшинг бодвол их гоё юмаа За тэр яахав. Ээжийн чинь бие яаж байгаа вэ? гэж асуусанд Заяагийн царай хувьсхийж
-Өө зүгээрээ. За тэр ч яахав. Алив ор л доо. Манай зочид ирчихсэн байгаа гэсээр түүнийг дуу хөгжим болсон цэлгэр өрөөнд дагуулан орсонд урьд өмнө нь харж байгаагүй гурван залуу бас нэг бүсгүй байв. Тэд найраа эхэлж их л хөгжилтэй байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч Заяагийн хачин байдал мөн санхүүгийн асуудалтай гэчихээд ийм сайхан хаусыг чухам яаж авсан нь сонин байвч асууж чадсангүй. Ингээд найр наадам үргэлжиллээ. Зөвхөн залуусын энэ цугларалт Сарнайд ихэд таалагдахын зэрэгцээ шинэхэн танилуудын дарсаар шахах нь түүнд нэг л тааламжгүй санагдаж байтал Заяа түүний дэргэд ирж
-Чи чинь яагаад жаахан хүүхэд шиг гэрэвшээд суучихав аа. Жаахан цоглог бай л даа гэхэд нь Сарнай жаахан гайхаж
-Чамд ийм найзууд байдаг билүү. Би л лав танихгүй юм байна гэлээ. Тэгсэнд Заяагийн царай хувьсхийж
-Аан саяхан танилцсан юмаа. Хүүе ээ, ингэхэд тэр залууг чи харж байна уу? гэж өнөөх гурван залуугийн нэг болох сэргэлэн байрын өндөр залууг заав.
-Чи тэр залуутай шүү. гэж хэлээд үг хэлэхийн завдалгүй дэргэдээс нь босч, өөр нэг залуугийн дэргэд очиж суулаа. Хос хосоороо шийтгэлтэй тоглож дарсаар шахуулах болгонд Сарнайгийн толгой манарч, их согтжээ. Архины халуунаар өнөөх залуутай тэврэлдэн, энэ тэрийг ярилцана. Нэг мэдэх нь ээ шөнийн хоёр цаг болсон байлаа. Гэнэт энэ үеэр нэгэн санаандгүй зочин ирсэн нь Сарнайд бүдэг бадагхан харагдах нь дэлбэртлээ уурласан Буянаа хөмсөг зангидан өмнө нь зогсож байв. Тэрээр юу болоод байгааг ч ойлгосонгүй. Сарнай Буяндоржийн машинд зүүрмэглэн яваагаа бүдэгхэн санаад л тасарчээ