Сайн байцгаана уу?....
Олон жил бодсны эцэст энэ захиаг та бүхэнд бичихээр шийдлээ. Намайг Энхлэн гэдэг. Германд амьдраад арван жил болох гэж байна. Монголд амьдарч байсан хороолол, өсч торнисон байраа, тоглож наадаж өссөн найз нараа бас бурхан болсон ижийгээ санахаар нисээд очмоор гэнэ гэнхэн санагддаг ч аавдаа гомдсон гомдол минь намайг энд хадсаар л байна даа. Ээжийгээ зүүдлэх болгондоо шарил дээр нь очиж асгартлаа уйлж тайвширахыг ямар их хүсдэг гээч. Намайг есдүгээр ангид байхад гэв гэнэт ижий минь бурхан болж, нэг л өдөр газар цөмрөх шиг аюул манайд тохиолдсон юм. Дандаа л ээжийн маань юу гэж хэлэхийг хараад суучихдаг байсан аав минь эхэндээ ёстой үхэж дууссан даа. Нэг хэсэг овоо ч балгадаг байлаа. Согтуудаа ч, эрүүлдээ ч надаас яагаад ч юм бэ хулгаад байсныг би дараа нь л ойлгосон. Ижийгийн 43-9-ний хоног хураасны дараа дүү нь бидэнд тус нэмэр болно гээд манайд ирж сууснаас л бүх юм эхэлсэн юм. Ээж маань ганцхан дүүгээ л гэдэг байсан. Намайг аравдугаар ангиа төгсөх гэж конкурсэнд бэлдэж байсан 87 оны хавар тэр шулам хүү төрүүлж билээ.
Төрснөөс дутахгүй тэлсэн эгч минь хүүтэй боллоо гэж санаад эхэндээ ямар их баярласан гэж санана аа. Харин надад дүүг маань гаргаж өгснийг охиндоо хэлж ойлгуул тэгээд нэг гэрт орцгооё гэж аавд маань хэлж байсныг санамсаргүй сонсоод би яг л солиорох шахаж билээ. Гэхдээ тэр хоёрын хэн нь ч надад хэлж зүрхлээгүй л дээ. Тэрнээс хойш би тамхинд орж, бас хааяа архи ууж заримдаа бүр ээжийнхээ булшин дээр очиж хонодог болсон. Энэ зовлонгоо найз охиндоо халамцуудаа ярьснаас болоод манай ангийнхан аавыг маань үзэн яддаг болж билээ. Бүр шал согтуу явж байхад нь салам зодчихсон байсныг нь би дараа нь л мэдсэн. Ангийнханаасаа ичиж үхэх шахсандаа тэр биш ч гэсэн Бушуухан л тэр гэрээс явахсан гэхээс өөр бодол надаас төрдөггүй байлаа. Тэгээд ч би санасандаа хүрч Орос руу сургуульд явж тэднээс зугатаасан юм. Тэрнээс хойш би зуныхаа амралтаар ганцхан л удаа Монголд очсон. Ээжийн төрсөн дүү нь үнэхээр аавтай адилхан хүү төрүүлж өгснийг ах дүү нар маань мэдээд ад үзэж байгааг би сонссон. Тэгж л би өөдгүй эр хүн, өөдгүй аав ямар байдгыг мэдсэн юм даа.Овгоо солиурмаар байсан ч тэр үед завдал болоогүй . Гэхдээ би нөхрөөрөө овоглодог болсноосоо хойш тэр хүний нэрийг бараг мартсан.
Хэдийгээр нөхөр маань хар арьстан ч гэсэн их сайн хүн надтай таарсан гэж бодоод бурханд талархдаг юм. Нутагт нь цуг амьдарч болох байсан ч дүүд нь эсвэл хамаатан садных нь хэн нэгэн эмэгтэйд алдчих вий гэж санаад сүүлийн арван жил Германд амьдарч байна. Нөхөртөө би аавынхаа тухай нэг ч удаа яриагүй. Харин Монголд очвол би аавыгаа хэн гэж дуудах вэ. Дүүг минь гаргасан шулмыг бас юунд ч буруугүй тэр хүүг нь хэн гэж дуудах болж байна аа. Ингэж өөрөөсөө хэдэн мянган удаа асууж олон жил дотроо шаналсан ч хариуг нь олж чадаагүй л явна. Бүхнийг уучилж чадах шиг том хайр байдаггүйг би мэднээ. Даанч чадахгүй юм даа. Энэ захиаг уншсан манай ангийнхан надтай холбогдмоор байвал Боннд ирээд намайг сураарай. Ядаж та нарынхаа хэн нэгэнтэй нь ч гэсэн уулзаж сэтгэлээ уудлахыг мөн ч их хүсч байна даа. Сэтгэлээ нээсэн чинь бага зэрэг ч гэсэн тайвширлаа. Захиаг маань уншсан таныг бурхан ивээг.
Энхлэн ХБНГУ-ын Бонн хот...
ХҮҮХЭД АЙМААР ҮЗЛИЙН ГОЛОГДОЛ ХАР ЮМАА ХЭНД ГАЙХУУЛДАГ БАЙНАА >>..ӨӨДТЭЙ НЭГЭН ЮМ ШИГ........