Moderator: mgl_300
Хүүхдээ сэгсрэх дээш шидэж тоглох нь ямар ч аюулд хүргэж болно
Уншсан 1353 vote 0 2009.12.15 00:21:49Залуу ээж, аавууд бага насны хүүхдээ өхөөрдөн дээш нь агаарт шидэж тоглодог. Бас хүүхдээ ямар нэг зүйл мөргөн унах, бүдрэн ойчиход нь "Сайн сэгсрэх хэрэгтэй" гэж үзэх нь олонтаа.
Гэвч энэ нь маш аюултай, хор уршигт хүргэж болохыг санаарай. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно. Хүүхэд сэгсрэх, дээш шидэх зэргээс айж ухаан алдах буюу таталт өгөх, улмаар өөр бусад сөрөг үр дагаварт ч хүрч болно. Хүүхдийн тархи гэмтэх, толгой болон нүдний дотуур цус алдах, хөдөлгөөн хязгаарлагдах, булчингийн агшилт үүсэх, бүр нүд нь сохорч ч мэднэ.
Хүүхэд эпелепси буюу унаж татах өвчинтэй болох цаашлаад амь насаа ч алдах аюултай. Хүүхэд насанд тохиолддог ихэнх гэмтэл эдгэрдэг боловч толгой, тархиндаа гэмтэл авсан хүүхэд насан туршдаа тахир дутуу болж болохыг анхаарах хэрэгтэй. Нялх хүүхэд сэгсрэх үед амархан гэмтэл авдаг нь хүүхдийн толгойн хэмжээ биетэй нь харьцуулахад том байдаг бөгөөд хүзүүний булчин нь хөгжөөгүй сул байдагтай холбоотой. Сэгсрэхэд хүзүүний булчин нь толгойгоо урагш хойш хөдлөхөөс хамгаалж чадахгүй учир толгойн доторх жижиг цусны судас урагдаж тархинд цус харвалт өгдөг. Мөн том хүнийхтэй харьцуулахад хүүхдийн тархи зөөлөн бөгөөд гавлын ясны дотор илүү хөдөлгөөнтэй байдаг юм. Иймд бага насны хүүхдийг битгий шидэж, сэгсэрч байгаарай.