Moderator: mgl_300
Өнгөрсөн жил Япон Улс руу гэрээгээр ажилчин гаргана хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт этгээдүүдийг баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан билээ. Энэ хэрэгт холбогдох А.Уянга, Ж.Жаргал нар нь 2006-2008 оны хооронд шунахайн сэдэлтээр бүлэглэн иргэдээс 90 сая 815 мянга 967 төгрөгийг итгэл эвдэн залилсан юм.
Түүнчлэн Ж.Жаргал нь мэргэжил нэгт хоёр сэтгүүлчийг АНУ руу мэргэжлээр нь ажиллуулахаар явуулна хэмээн хоёр сая 763 мянга, Солонгос руу гэрээгээр ажиллуулна хэмээн иргэнээс нэг сая 240 мянган төгрөгийг тус тус авч хохирол учруулсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдэд мөнгөө залилуулсан хохирогчдын дунд байр орон сууц, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгөө худалдан мөнгөө олж өгсөн иргэд олон байжээ. Тэдэнд хөрөнгөө залилуулж шүүхэд гомдол гаргасан 39 иргэн байгаа гэнэ.
Анхан шатны шүүх хурлаас ялтан А.Уянга, Ж.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 148.3, 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Энэ дүгнэлтэд А.Уянгын эд хөрөнгөөс 210.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хураан авч, зургаан жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болжээ. Түүнчлэн түүний бага насны хоёр хүүхдийн асран халамжлах эрхийг эцэг н.Очирхуягт нь шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Харин Ж.Жаргалын эд хөрөнгөнөөс 150.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хураан авч улсын орлого болгон, арван жил нэг хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон аж. Дээрх шийдвэрийг А.Уянга, Ж.Жаргал нар үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
А.Уянга гомдолдоо "Би бага насны хоёр хүүхэдтэй. Мөн одоо жирэмсэн. Тиймээс ялын хугацааг минь хойшлуулж өгнө үү" гэсэн юм. Харин Ж.Жаргал "Би дээрх хэрэгт огт хамааралгүй. Өөрөө ч гэсэн хөдөлмөрийн хөлсөө мөлжүүлсэн. Япон улс руу ажилтан гаргана гэж би 14 хүнээс мөнгө авсан. Тэр мөнгөө бүгдийг нь А.Уянгад тушаасан.
Үүнийг нотлох баримтууд ч хангалттай байгаа. Тиймээс дээрх мөнгийг надад холбогдох хэргээс хасч өгнө үү. Харин хоёр сэтгүүлчийг америк явуулна хэмээн хохироосноо хүлээж байна" гэж мэдүүлжээ. Үүний дагуу өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдсан юм. Уг хурлаар тэдний энэ гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.