Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ
Уншсан 2634 vote 0 2010.09.13 13:18:25
-Талийгаачийн ээж Д.Цэрэн: Миний охин ахыгаа эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо-
Ц /нэрийг нь товчлов/ гэдэг бүсгүй өнгөрсөн 2007 онд гэр бүл зуучлалын компаниар дамжуулан Солонгосын иргэн Чейсонтой танилцсан байна. Чейсон Ц-г эхнэрээ болгохын тулд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас өөр бусдыг гэр бүлийнхэнд нь өгч байхаа амлан нутаг руугаа авч явсан аж.
Гэсэн ч бүсгүй Солонгост очоод гурван сар бололгүй учир битүүлгээр амиа алджээ. Солонгосын цагдаагийн байгууллага түүнийг амиа егүүтгэсэн, эсвэл бусдын гарт амь насаа алдсан эсэхийг тогтоогоогүй байна. Түүний нөхөр болох Чейсон нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд өөрийгөө Кванжү хотын прокурор гэж танилцуулсан ч нэдэр дээрээ эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан байсан аж.
Ингээд талийгаачийн ээж Д.Цэрэнгийн яриаг хүргэе.
-Сэтгэлийн тань шархыг хөндөх болсондоо хүлцэл өчье. Охин чинь Солонгос иргэнтэй гэр бүл болоод удаагүй байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Алт шиг сайхан охиноо алдсан надад тэнгэр хол, газар хатуу юм шиг санагдаж, хорвоог арай гэж туулж явна даа, эгч нь. Охиноо сонгосон амьдралдаа ингэж бүдэрнэ чинээ бодсонгүй. Үнэнийг хэлэхэд, охин минь санхүүгийн гачигдлаас болж харийн эрийг амьдралын ханиараа сонгосон. Гэхдээ түүний сонголт буруу байсан.
Маш буруу. “Сиймгэр ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэгчээр харийн залууг сонгоогүй байсан бол өдийд амьд л байх байсан шүү дээ. Энэ бүхний дараа би өөрийгөө зүхээд сууж байна. Би найман хүүхдийн ээж. Өнөр өтгөн халуун ам бүлээрээ сууж байсан бол хичнээн сайхан. Хэлэх ч үг алга. Охин УБИС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангиа төгсөөд удаагүй байсан юм. Нэг өдөр “Ээж ээ, би Солонгос залуутай танилцсан. Тэр их сайн хүн юм шиг байна” гэлээ. “Юу болж байгаа юм. Миний охин Монгол залуутай суу. Харийн хүн хань болох нь юу л бол” гэхэд “Санаа зоволтгүй. Их сайн хүн байна лээ. Түүнтэй би зуучлалаар танилцсан.
Яахав, миний ахаас ялгаа юу байхав. Бага зэрэг доголон юм билээ. Гэхдээ хүн нь их сайн юм шиг ээ. Тэгээд ч та бидэнд мөнгө хэрэгтэй байна. Ахыг эмчилгээнд явуулмаар байна шүү дээ” гээд уйлаад хэлж байсан. Эвий дээ, ахыгаа л эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо шүү дээ. Түүний сонголт байсан болохоор бид хүлээн зөвшөөрөхөөс өөр зам байгаагүй. Тэгээд удалгүй Монголд нөгөө танилцсан залуу нь эгчтэйгээ ирж, бидэнтэй уулзсан. Нүдэнд дулаахан, их найрсаг залуу байсан. Чейсон гэдэг, Кванжү хотын прокурор гэж өөрийгөө танилцуулсан. Хэрэг дээрээ тэр прокурор биш байсан юм билээ. -Та бүхэнд худлаа хэлсэн хэрэг үү?
-Тийм ээ. Охин маань прокурор хүн юм чинь намайг дарамталж, зодохгүй байх гээд итгэсэн хэрэг. Солонгост очсон хойноо прокурор биш харин эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан гэдгийг нь мэдсэн. Бас группэд байсан юм билээ. Прокурор гэж худлаа хэлэх ямар шаардлага байсан юм бол. Гайхаад байх юм. Чейсон 2007 оны наймдугаар сард манай улсад ирж охинтой маань сүй тавьчихаад эргээд явсан. Охин болохоор 2008 оны нэгдүгээр сард араас нь явсан. Очоод гурван сарын дараа харамсалтай хэрэг болсон.
Энэ хугацаанд өдөр болгон утсаар “Одоо хадам ээжтэйгээ кимчи дарах гэж байна. Чейсон өнөөдөр жаахан оройтно” гээд л бүх юмаа ярьдаг байсан. Тэдний хурим дөрөвдүгээр сард болох ёстой байсан юм. Надад хуримын урилга явуулна гэсэн мөртлөө явуулахгүй байсан. Утасдаад асуухад “Ээж ээ, хуриманд та амжихгүй юм шиг байна. Гэхдээ хуримын дараа хүлээж авъя” гэж хэлээд холбоо барихгүй таг болсон. Утасдахаар аль, аль утсаа аваагүй. Гэтэл дөрөвдүгээр сарын 23-нд охиныг маань Чейсонтой зуучилж танилцуулсан зуучлалын төвийн ажилтан Н.Зоригоо манай хүүд “Ц амиа хорлочихлоо” гэж хэлсэн. Би түүний үгэнд итгээгүй.
Амиа хорлосон гэдэгт итгээгүйдээ очиж цогцсыг нь харсан юм. Гэтэл 18 давхраас үсэрч амиа хорлосон гээд байсан миний охины бүсэлхийнээс доошх бүх эрхтэн хөх няц болчихсон, гуя нь иртэй юмаар зүсэгдсэн байсан. Харин хамар ам, нүдэнд ямар ч гэмтэл байгаагүй. Солонгосын цагдаа нар “Бид хэргийг шалгаж байна” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд ч охинд маань амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй. Би эхийн зөн совингоор түүнийг мэдэрч байна.
-Охин чинь утсаар ярихдаа Чейсоны тухай юу гэж хэлдэг байсан юм. Түүнийг зоддог байсан юм болов уу?
-Өдөр бүр утсаар ярьдаг байсан. Нэг өдөр “Гэрээ их санаж байна. Буцаад явчих уу” гээд уйлж байсан. Магадгүй намайг санаа зовчих байх гээд хэлдэггүй байсан байж ч болох юм.
-Түүнд яг юу тохиолдсон юм бол?
-Тухайн өдөр хадам ээжтэйгээ кимчи хийж өнжсөн гэнэ лээ. Өдөр нь цэцэрлэгийн хашаанд салхилж суухдаа нэг монгол эмэгтэйтэй танилцсан юм гэсэн. Тэр эмэгтэй “Чи орой манайд ороод ирээрэй. Би чамайг Монгол хоолоор дайлъя” гэхээр нь охин маань тэднийд очиж, хуучилж байгаад нэлээд орой гэртээ ирсэн. Гэтэл гэртээ ороод нэг цаг ч бололгүй цонхоороо унасан гэсэн. Эвий дээ, миний охиныг ямар их тамлаа бол доо.
-Солонгосын цагдаа нар энэ хэргийг юу гэж тайлбарлаж байна вэ?
-Цогцсыг харахад бүсэлхийнээс доош хөх няц болчихсон, гуя нь иртэй зүйлээр зүсэгдсэн байсан гэж хэлсэн шүү дээ. Охин минь их зодуулсан бололтой харагдсан. Харин Солонгосын цагдаа нар “Охин чинь амиа хорлосон байж болзошгүй. Гэхдээ шалгаж байна” гэсэн. Гэсэн атлаа надад шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсан. Яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ гэхээр Ц бусдад зодуулж амиа алдсан гэдэг нь батлагдах гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл шинжилгээний дүгнэлтийг надад өгөхгүй байгаа. Энэ нь үхлийн шалтгаан өөр байсан гэсэн үг шүү дээ. -Энэ тухай Чейсон таньд юу гэж хэлж байх юм?
-”Усанд орно гээд явж байснаа алга болчихсон” гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд өөдөөс ч эгцэлж харж чадахгүй байна лээ. Миний охинд амьдралаас уйдах ямар ч шалтгаан байгаагүй гэж дахин хэлмээр байна. Тэр Чейсоны гарт амиа алдсан. Охиныхоо амийг түүнээс нэхэмжилмээр байна. Тэр анх сүй тавихаар Монголд ирээд байхдаа юу амлаж байсан гээч. Байр орон сууц, машин тэрэг авч өгнө гээд их юм болсон. Гэтэл юун байр, амьд бурханаа алдчихлаа шүү дээ. Солонгосчууд нутагтаа байгаа болохоор миний үгийг нохой хуцаж байна чинээ тоохгүй байна лээ.
Би өөрийн Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Монгол иргэнийхээ төлөө явахыг хүссэн өргөдлүүд өглөө. Ямар ч хариу алга. Гадаад хэргийн яам ядарсан иргэддээ үйлчилдэггүй гэдгийг энэ биеээрээ мэдэрч байна. Тэд харсаар байтал хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн солонгос иргэнд хариуцлага тооцуулах гэсэн ямар ч сэтгэлгүй дарга нар байх юм. Айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа надад сэтгэлдээ хий хоосон тарчлахаас өөр юм алга. Хэн ч надад туслахгүй байна. Би алт шигээ охиноо алдсан хүн шүү дээ. Тэр амиа хорлоогүй, нөхөртөө алуулсан. Солонгосчууд Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажилладагүй юм гээд ингэж авирлаж байгаа юм байлгүй.
-Та эх хүний хувьд бас хохирогчийн хувьд охидод сургамж хэлэх байх?
-Ээ дээ, энэ охидуудыг Солонгос иргэнийг ханиараа битгий сонгооч гэж гуймаар байна. Тэд чамд юу гэж амлаж байсан ч битгий тоо. Охиноо би харийн хүнд өгөөд явуулсандаа өөрийгөө зүхээд барахгүй юм. Тэр маань ямар их өрөвчхөн, сайхан сэтгэлтэй сайн охин байсан гээч. Эвий дээ, миний муу охин. Энэ хэргийн учрыг тайлж байж л нүд амар хорвоог орхино доо.
Д.Болормаа
Өнөөдөр 20.00 цагт бидэнтэй утсаар холбогдон мэдээлэл өгсөн хүмүүстэй хийсэн яриаг энд дахин сонсохоор тавьлаа.
Та бүхэн 010 2837 0399 Лхагваа , 010 8188 6336 Амгаа , 010 8290 8668 Баярсайхан зэрэг хүмүүстэй холбогдон бусад мэдээллийг аваарай.Тэд одоо бусад Монголчуудтайгаа болон амь насаа алдсан гэр бүлийнхэнтэй байгаа юм байна.
ene solongosiin talaar barimtat kino hiigeed mongoliin tv geer odor bolgon gargah hvn bn uu taminee ter tomor konteinert amidardag nuruu ni bogtiison hvmvvs ni hvrtel gertee suugaad jargaj chadahgvi vhtlee ajilladag ter hodooniih ni evdersen salhind unah gej bgaa baishin gulgachin hvmvvs geed l zondoo .........................ali muug ni odor bolgon gargaj bmaar um manai ohiduudiin tolgoind uy bnaa ...............heleh ch vg alga daa