Өвөл болохоор хүү зуныг хүсэх нь олон. Гэтэл саянаас “Өвөл болоосой” гэж боджээ. Энэ бол ааваас л болсон хэрэг. Аав байсан бол юунд тэгж санах вэ...
  
Тэр өдөр дээрээс нар төөнөж, доороос газар цоргисон их л халуун өдөр болов. Хүү бүр нозоорч гүйцэв. Гол руу хүрч усанд шумбах минь. Эс тэгвэл ийм өдрийг өөрөөр хэрхэн өнгөрүүлэх билээ гэж боджээ.
   
Дэргэдүүр машин тэрэг өнгөрөхөд шатам халсан замын өлөн тоос дэгдэж, тэр нь ойр явсан жаал хүүг хучиж авна. Хөвүүн тоосноос зайлж, замын энтээд нэг гарч тэртээд нэг гарч явав. Тэгж явахад их л төвөгтэй байв. Наранд улайдсан зам улнаас жигнэж, чингэтэл бас жижиг чулуу өвдтөл нухаж байжээ. Хүү цамцаа тайлж чирэх шахам гэлдрэв. Гол хүрэхэд бас л зайтай. Тэгтэл энэ нарыг. Би ч мөдхөн наршина биз. Ядаж цагаан малгайгаа мартсан байна.
   
Ер нь зун гэдэг шал дэмий юм. Өвөл бол аштай юу. Ядаж наршихыг үзэхгүй...
Энэ зун хөвгүүн мөн ч олон наршсан даа. Одоо хэр нь түүнийг санахад бие эвгүй оргино. Хамгийн сүүлд бүр эмнэлэгт хэвтжээ. Хүүг эдгэрч гарахад эмч ахиж наршвал биед их л муу болно гэсэн байжээ. Ай ер зун гэдэг шал дэмий юм. Өвөл бол аштай юу... Тэгтэл бас ч тийм биш байжээ. Урьд өмнө хүү өвлийг ингэж хүсэж байсан нь үгүй. Тэгэхэд халууцах гэж юу байдаг, нарших гэж яадгийг ч мэддэггүй байжээ. Тэгэхэд гол руу аавтайгаа явна. Халуун өдөр бол аавын машины бүхээгт сууж салхивчаар толгойгоо цухуйлгахад салхи нүд рүү сүүгэж чих шүргэн сэнгэнэж буйхуйд юун нарших. Харин тэгж удаахан шиг явбал даарч мэднэ. Гэсэн ч хүү ер анзаардаггүй байжээ. Зам турш хуучилсаар л гүүр хүрнэ дээ.

Өвөл цагт хүү даарахыг бас л сайн мэдэхгүй. Гагцхүү цэцэрлэгт явах л бэрх дээ. Тэнд бүх л юм дэглэм журам. Зундаан цэцэрлэг өчнөөн хол зусланд нүүчихнэ. Тэгэхэд хүү гэртээ ирнэ. Өвөл бол хүү ай зун бушуухан ирээсэй, энэ цэцэрлэгээс болих юм сан гэж залхталаа бодно. Тэгж ядаж байхад зун болохгүй их л удна. Хүү бүр тэсэж ядаад эцэст тэндээс оргодог байжээ. Мөн ч олон оргосон доо. Оргож яваад эцгийн алганы амтыг үзсэн нь бий. Эцгийн машинд сууж нүдэндээ нулимстай эргээд хүргэгдэж байсан нь бий. Одоо санахад тэр цэцэрлэг гээч үнэхээр сайхан юм. Ер нь энд ингэж явснаас тэнд тоглож суусан нь дээр дээ. Ээжид хэлье байз... Чингэтэл хүү аав эзгүйг санав.Ээжээ ганцаар орхиж яаж болно. Аав мөд ирээсэй. Өвөл мөд болоосой. Цэцэрлэгтээ явах минь. Тэр дэглэм журам нь ч яах вэ, тэр өдөр унтах барих нь ч яахав хэрэг. Түүнд яваандаа дасаж болно.
   
    Нар нөгөө л хэвээр ноцно
    Хүү цамцаа чирсээр явав. Энэ үеэс ард машин ирж яваа нь дуулджээ. Бас л тоосоор будах нь. Ай юутай залхуутай өдөр вэ. Хүү зогсож, эргэн харахын завсар мөнөөх машин дэргэдүүр цагаан тоос дагуулсаар одов. Хүү нэгэн мөч алмайран зогсохдоо тэр машиныг танив. Тэр бол эцгийн машин мөн. Сая л хүү хамаг чадлаар хашгирав.
    -Ээ зогсооч! гэжээ. Гэтэл халуунд хоолой хатаж, олигтой дуу гарсан нь үгүй. Хүү машины араас ухасхийж мөнөөх цагаан тоос шороон дундуур гүйж гарав. Цээж хорсоно. Тэгтэл машины дуу улам холдоно. Гүйх тусам цээж улам хорсож, амьсгаа улам давчдаж эцгийн машины дуу бүр холдсоор байжээ.
   
Хүү гүйсээр гүүр хүрэв. Эцгийн машин үзэгдэхээ болив. Зам дагууд цагаан тоос хөшиглөнө. Хүү тэрхүү тоосыг буутал нь удтал ширтэв. Сая л ихэд халууцсанаа мэдэж цамцаар хөлсөө арчив. Хөлс нүд рүү дусалж шанаа руу урсан, өдөржин гүйсэн мэт норсон байжээ. Хүү сэтгэл гуниж, гүүрийн хашлага налан зогсоод урсгал ширтэв. Гүүр урсгал сөрөн хөвж байх шиг санагдана. Усан онгоц л ингэж хөвдөг биз. Гэтэл тэгж удаан ширтвэл толгой эргэж доош унаж ч мэднэ. Хүү өндийж, доохно нь хүүхдүүд усанд шумбаж буйг харав. Тэд хүүг аль түрүүн үзээд дуудацгааж байжээ. Жаал хүүгийн найз болох үүдэн шүд нь онгорхой нэг хүү усны гүехэнд зогсоод,
    -Чи тэнд юу хийгээд байгаа юм. Нааш бууж ирээч! гэж чангаар хашгирав. Гэтэл хүү тийш очсон нь үгүй. Харин цамцаа чирсээр эргэж тэр чигээр зам даган явжээ. Хүүхдүүд цөм гайхан хоцров.
    Хүү гэртээ ирвэл ээж нь юм угааж суув. Хүүгийн орж ирэхийг үзээд ээж нь угаасан юмаа орхиод босож ирэв.
    -Хүү минь малгайгаа юунд орхио вэ. Хүү хариуд,
    -Би аавыг харлаа гэжээ.
    -Хаана тэр вэ?
    -Сая машинтайгаа гүүрээр гараад явчлаа гэв. Ээж учрыг мэдэв. Эргэж суугаад хүүг тэвэрч хацар нүүрийг илбэн, хөлс нэвчсэн толгойг нь үнсэж,
    -Иш хүү минь, хүү минь гэжээ.
    ...Намар болов. Ааваас захиа иржээ. Тэгээд ээж хариу бичив. “Сайн байна уу, чи минь! Ямархуу явж байна даа. Өнөөдөр чамаасаа захиа авав. Хүү минь тэр захидлыг дэрлээд унтаж байна. Миний амралтын хугацаа ч дуусах дөхөж л байна даа. Манайхан намайг долоо хоногоос хэтрэхгүй гэцгээж байна. Энэ ч бараг үнэн болов уу. Ер гайгүй байсан, ойрноос үе үе өвддөг болж байна. Цээж үргэлж хуурай оргиод хорсож байх шиг санагдах юм. Цай л уугаад баймаар. Чамайг дуурайсан их үстэй л охин гарах болов уу даа.
   
Хүү минь чамайг дандаа л ярих юм. Энэ бол ааваас ирсэн арван зургаа дахь захиа гэж тоолсон шүү. Аавын захидал гэсээр л бүгдийг дэрлэж унтдаг даа. Аав хэзээ ирнэ гэж вэ алив уншаач гэдэг юм. Цас орохоор л ирнэ гэсэн байна гэдэг. Өөр юу ч гэх билээ. Хүүгийн минь хүслэн ганц өвөл л болж дээ. Чи минь яваад дөнгөж зургаан сар болж байна. Ахиад нэг жил дутуу. Цас орохоор би хүүдээ юу гэх билээ. Ахиад л хуурах хэрэг үү?! Аль эсвэл үнэнийг хэлэх үү?!
    Хүү минь эхийн худал хэлснийг мэдвэл яана. Аавыгаа архи ууж бусдыг зодсоныг мэдвэл яана.  Би ямагт л сэтгэл зовж явна даа Чулуун минь. Хүмүүсийн ярих нь ажлаа хийгээд байвал хугацаанаас нь өмнө гаргадаг гэх юм. Эцэг нь хүмүүжүүлэх газар явсан гэж хэлэх сэтгэл надад алга.Ашгүй хүү минь одоогоор юу ч мэдэхгүй л явна. Тэр нь ч дээр юм даа.Чи минь биеэ сайн бодоорой доо. Бид хоёрт санаа зоволтгүй шүү. Бид болоод л байж байна” гэжээ.
    Хүү эцгийн захидлыг дэрлэж унтахад эцгийн хамт байх шиг санагдана.
    Ээжийг аяар аяар ёолж байхад хүү сэрэв. Гэрт харанхуй байжээ. Ээж сулхан ёолно. Хүү өндийж ирэв.
    -Таны бие өвдөө юу? гэжээ.
    -Тэглээ хүү минь. Гэрлээ асаагаач гэв. Хүү босож ирэв. Гэрт их л хүйтэн байжээ. Харанхуйд тэмтэрсээр асаагуурыг олж дарав. Нүд гялбаж гэрэл асав. Ээж орон дээр хоёр гараар тулан суугаад их л зовиурлан байжээ.
    -Ээж нь шөнөөс нааш өвдлөө. Наран ахад нь хэлэх сэн. Гадаа гэгээ ороогүй л байна. Яадаг юм билээ гэнэ.
    -Би гүйчихье гэж хүү хэлэв.
    -Гадаа харанхуй байна шүү дээ гэв. Хүү түүнийг дуулсан эсэхийг бүү мэд. Төдхөн хувцаслаж эхлэв. Гэрт их л хүйтэн...
    -Сайн дулаалаарай хүү минь. Шөнө хүйтэрсэн дэг шүү. Гадаа цас орж байна гэж ээж хэлнэ. Юу хэлэв. Цас оров гэнэ үү?!
Хүү гадагш гарав. Гадаа тас харанхуй, бас хүйтэн салхи үлээнэ. Цасны хүйтэн ширхэг  нүүрэнд бууж сормуус нойтон оргихуйд хүү ай цас орж байна гэж амандаа үглэнэ. Ээжийг өвдөж эхлэхэд цас унадаг нь болж дээ гэж санана. Гэтэл гадаа хаалгыг бүрэн хааж амжаагүй байтал хүүгийн сэтгэл нэг л хачин болоод явчив. Хүү хол явсан нь үгүй. Харанхуй гэдэг хэцүү. Хүүгийн айдас төрж хэдэн агшинд хөдөлсөнгүй. Жаал удаад харанхуйд нүд дасаж газрын бараа харагдах болов. Гэтэл гудамжны үзүүр тийш харахад мөнөөх л хэвээр тас харанхуйлж хүүгийн дотор ахиад л айдас орж ирчихээд ахиад  л хөдлөлгүй зогсоно. Яаж явах вэ.

Хүү урьд өмнө ийм шөнө орой ингэж явж үзсэн нь үгүй. Хүү харанхуйгаас ямагт эмээдэг байв. Харанхуйд гадаа гарах болбол ямагт ээжийг дагуулна. Харин аавыг байх үед ээжтэй гарах явдалгүй. Эцэг хүн гэдэг их ч түшиг, их ч тулгуур болой.
    Одоо бол тийм биш. Хүн амьтангүй гудамд ганцаар зогсоно. Хүү дотроо уйлж байжээ. Төдөлгүй нулимс мэлтэрч нүдийг дүүргээд хацар дагаж урсана. Яаж явах билээ? Би бол жаахан. Би харанхуйгаас их айж байна гэж хүү бодно. Аав байсан ч болоосой. Тэгвэл би юунд ингэж ганцаар явж, ээжийг юунд ганцаар орхих билээ. Гэтэл хүү ээжийг санав. Ээж мөнөөх л хэвээр зовиурлаж, мөнөөх л хэвээр ёолсоор суугаа хэрэг. Удвал ээжийн бие дордох болно.
   
Хүү энэ замаар олонтаа явдаг байв. Наран ахынд олонтаа очдог байв. Тэгэхэд энүүн шиг ингэж гэрэл гэгээ ч үгүй хав харанхуй шөнөөр явж байсан нь үгүй. Наран ахынх тун ойрхон юм сан. Гэтэл одоо хол болсон шиг.
    Гудамж өнөөх л хэвээр тас харанхуйлж, хүйтэн салхи үлээж, цас шидэлнэ. Хүү айлын хашааны нөмөр даган шогшино. Гэтэл айлын хашааны үүдээр өнгөрөхийн сацуу хажуунаас гэнэт сүр сар хийсэн чимээ гарц хүү үнхэлцгээ хагартал цочив. Айлын нохой жигтэйхэн муухай архирч хаалга үүдийг төмрөөр зурах мэт маажилж самардсаар үлджээ. Хүү хашааны нөмөр бараадахыг больж нулимс цувуулсаар хүйтэн салхийг сөрөн шогшино.

Наран ахынд хүрэхэд тун ч дөхөв. Хүү шогшсоор л байжээ. Наран ах өдийд лав унтсан даа.Саруул эгч ч бас унтсан биз. Тэд хаалгаа л түргэн тайлаасай билээ гэж бодно.
    Ай аав байсан ч болоосой.
    Хүү Наран ахынд ирэв. Гадаа хаалганд тулж үүдний бариулыг тэмтчин тогшиход бэлэн болов. Гэтэл бас л гай дайрав. Гэнэт хэн нэгний муухай хашгирах дуун хадав. Тэр дуу дэргэдхэнд гарчээ. Эргэж харвал харанхуйд ер хэн ч үзэгдсэн нь үгүй. Хүүгийн зүрх түгшиж огтхон ч хөдлөлгүй зогсов. Гэтэл холгүйд дуу аялах сонсдож төдхөн хөлийн чимээ тодорч

    Хайдаг хайдаг үнээ нь
    Харгана хөөгөөд одно           
    Хайрлаж суусан тэр нь
    Хаяад хаяад... гэж дуулна.
    Энэ бол согтуу хүн байна гэж хүү мэдэв. Согтуу явсаар бүр ойрхон ирэв.
    Тайлаг тайлаг тэмээ нь
    Таана хөөгөөд одно
    Танхил хонгор тэр нь
    Орхиод орхиод... гэж хашгирав. Согтуу хүн явсаар ойртох үед түүнийг олж харав. Бөөн бараан юм л үзэгдэв. Шөнийн харанхуй түүний дэргэд юу ч биш.
    Нөгөө согтуу гэнэт хүүгийн зүг эргэж дөхөж ирэв. Хүү улам айж чичрэн суужээ. Ашгүй хүүг олж харсан нь үгүй. Хүү тэрхүү согтуу эрийг харан огт хөдлөлгүй сууна. Ашгүй согтуу улс нүд муутай болдог байжээ.
   
Согтуу эр хүүгийн огт мэдэхгүй дуу дуулсаар холдов. Хүү сая л өндийж ирэв. Төмөр хаалгыг тогшино. Их л аяархан тогшино. Согтуу хүнийг сонсох вий гэж санажээ. Ай аав байсан ч болоосой...
    Ээж эмнэлэгт явах болов. Эмч, Наран ах хоёр ээжийг түшсээр машинд суулгажээ. Хүү ээжийн айхтар ядарсныг тэгэхэд л үзэв. Нүдэнд зовиур тодорч гишгэх бүрийд уруулаа тас зууж хоёр гараар Наран ах, эмч хоёрын гарыг тас базаж байжээ. Хүү ээжийг гунигтай нь аргагүй харав. Ээжийг өрөвдөж нүдэнд нулимс тунарсаар үлдэв.
    -Ээж нь хүүдээ дүүтэй болоод ирэмз. Дээлээ өмсөж сайн дулаалаарай. Наран ах нь эргэж ирээд гэртээ аваачна биз гэв. Машины хаалгыг хаахад ээж шилний цаанаас хүүг харж сулхан инээвхийлжээ.
    Эмнэлгийн тэрэг явж одов. Хүү нулимс унагасаар тэрхүү тэргийг шинэ цасанд шинэ мөр гарган гудам өгсөж одохыг харсаар үлдэв. Тэр зүгээс цагаан гэгээ эхэлж байжээ...
    Ээж явчив. Гэрт жигтэй хүйтэн. Бас эл хуль оргиж их л эвгүй байжээ. Хүү гал түлэх сэн гэж бодов. Ээж юм ч идэж чадсангүй. Цай ч ууж чадсангүй. Ай аав байсан ч болоосой.
    Гадаа цас орсоор байв. Наран ах ирэлгүй их л удав. Гал хэдийнэ асаж гэрт дулаан болов.
    Гадаа цас орсоор... Хүү цай үйж сууна. Анх удаа цай үйж үзэв. Өөрийн чанасан цай амттай юм гэж хүү бодно. Ээж уугаад явсан бол аштай юу...
    Цас орсоор... Наран ах түргэн түргэн алхалсаар ирэв.
    -Хүү минь! Дүүтэй болсон доо. Охин дүү биш шүү. Чам шиг цэргийн бүртгэлтэй эр гарсан даа гэв. Хүүгийн нар гарав. Багана тойрон гүйж харайж гэр доргитол баярлав. Над шиг л бол болох нь тэр дээ. Ай аав байсан ч болоосой...
    Хүү явах болов. Гэрийн үүдийг түгжиж гадаа хаалгыг хаачихаад явав. Үүр гийж байна. Цас орсоор. “Ай даа энэ жил цас их л эрт уналаа даа” гэж Наран ах гайхав. Аав чинь ирлээ дээ гэсэн шиг сонсогдоно. Хүү гэрийн зүг байн байн эргэж харсаар явав. Эцгийг мөд ирнэ гэж санасаар явжээ...
 
                1979 он

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/