Төв аймгийн нутаг дэвсгэрт Сүүж уул гэж бий. Хотоос 100 гаруй км-ийн зайтай байдаг шиг санагдана. Хуучин цагт энд НАХЯ-ны амралт гэж байлаа, сүүлдээ ТЕГ-ын харьяа болоод өдгөө ЦЕГ-ын мэдэлд байгаа болов уу. Лав л “Хүч” спорт хорооны тамирчид, бөхчүүд жил болгон наадмын бэлтгэлд гардаг юмдаг. Даанчиг ойрын хэдэн жил очиж амарч чадсангүй ээ.
Нэлээд олон жилийн өмнө өвлийн амралтаараа тэнд очиж амарч билээ. Шинэ жил дөнгөж өнгөрөөгөөд очиход хүн хар багатай, хоолны амт чанар сайн, нэвсийтэл нь цас дарсан ойгоор өдөржин цанаар гулгаж, орой нь канастир эргүүлж, хааяа ганц нэг лонх юм сулласан шиг амрах ч сайхан байдагсан. Миний очдог тэр жил ердөө долоохон амрагчтай байж билээ.
Өрөөний маань хөрш насаараа НАХЯ-ны системийн байгуулагад ажиллаж чөлөөндөө гарсан өвгөн хурандаа. Ёстой жинхэнэ чекист гэж тийм л хүн байдаг байх аа. Илүү дутуу үггүй. Үг бүрээ бодож байж ярьна. Улсад ажиллахаа ажиллаж, хийдгээ хийсэн, насны бөгсөнд өөрийгөө жаргааж суугаа тэр буурлын ганц дутагдал нь шатарт нугасгүй. Шатар тоглоод нэг суухаараа хоол ундаа ч мартана. Хожигдохоороо бас хөөрхөн шартай. Харин хожсон үедээ бол их маадгар, “хүү минь, дүү минь” болоод л явчихна.
Үдэш болохоор би өвгөнийг “хууч хөөрөөч” гээд л шалаад суучихна даа. Манай хүн эхлээд юу ярих билээ гэсэн шиг жаал бодол болон дуугүй сууна. Тэгээд л нэг сонин юм ярьдагсан. Өөрөө ч их сайхан яриа хөөрөөтэй, нүдэнд харагдтал бараг л өнгөтөөр ярьна гээч.
Яриа нь амьд, баримт нотолгоотой, хэтрүүлэг, өнгө будаггүй, настай хүн гэхэд дэгсдүүлж даваадуулна гэж даанч байхгүй нь сайхан. Би хааяа яриаг нь амттай болгохын тулд сархдын дээж сөгнөнө дөө. Хаа очиж мань хүн хэтрүүлнэ гэж байхгүй. Яг л сайхан болж байна даа гэж бодоход л ”За хүү минь, одоо болноо. Наадахаа таглаад цааш нь тавьчих. Маргааш гэж өдөр бий. Хөгшин залуу хоёр хэтрүүлвэл муухай.
Ам халаад чалчих
Архи уугаад согтох
Адгаж яарч сандрах
Амарлингуй зан гаргах нь
Аюулаас хамгаалахын ажилтны шинж биш” гэнэ. Мөн “Нүдээ сайн харж яв, амаа сайн барьж яв гэж манай ард түмэн эртнээс сургаж ирсэн юм шүү. Үүнийг санаж яваарай “ хэмээн сургамжилна.
Нэгэн орой бид хоёр эртхэн хажуулахаар орондоо орлоо. Удтал эргэж хөрвөөж хэвтсэн өвгөн маань өндийн цай ууж байснаа,
-Хүүхээ, чи унтаж байна уу гэнэ.
-Үгүй ээ. Нойр хүрдэггүй. Таны бас нойр хүрэхгүй байна уу?
-Харин тийм ээ. Жаахан сэрвэлзээд болдоггүй. Дэмий хэвтэхээр хоёулаа босох уу?
-Тэгье л дээ. Та сайхан хууч хөөрөөч. Ганц зуу татах уу, яах вэ?
-Харин ээ. Ганц ганц хундага тогтоочих уу? гэхээр нь босож жоорлосон архиа гаргаж хундаглалаа.
Өвгон маань өндийж суугаад хэсэг дуугүй суулаа. Чухам юу ярих вэ гэдгээ бодож байгаа бололтой. Архиа уух гэж нэг их айхтар шимтсэнгүй. Тааз ширтэн тогтсон харцыг нь ажвал ухаан бодол нь нэлээд хол яваа бололтой. Хэсэг тэгж сууснаа,
-Хүү минь ээ, чи хань ижилтэй болж амжаагүй гэл үү?
-Үгүй ээ. Гэрлээгүй.
-Аан. Энэ хүний бодол санаанд мөн чиг элдэв өнгийн юм орж ирэх юмаа. Би сая харанхуйд юм бодоод хэвтэж байтал аль залуу цагийн минь анд нөхрийн дүр төрх гэнэт харваад ороод ирэх юм. “Шар” Жамбал гэж тавиад оны үед надтай хамт ДЯЯ-нд ажиллаж байсан хүн л дээ. Уг гарал нь хуучнаар Ламын гэгээний одоогийн Баянхонгор аймгийн харьяат. Хойно гүйцэтгэх ажилтны курс, хотод Шинэ хүчний сургууль төгссөн. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, нягт нямбай, бараг хий гаргадаггүй айхтар эр. Олон ч ээдрээтэй хэрэг төвөг илрүүлэхэд чадварлаг ажиллан илрүүлж байсан туршлагатай, тулхтай ясны тагнуулч. 1957 онд яамнаас өөрийн хүсэлтээр халагдаж хөдөө мал дээр гарсан. Уг нь цол хэргэм, албан тушаалын хойноос явсан бол мань мэтийн хүмүүсийн толгой дээр суух хүн л дээ. Гэвч нэг учир байсан биз, хэн мэдэхэв дээ.
Түүнийг яамнаас гарснаас хойш бараг арваад жилийн дараа УИД-ын гол хаалган дээр улаан цагаан халз таардаг юм байна. Харах царайны сайн яваа бололтой. Өдөр шөнөгүй, бүс тайлах завгүй гэмт хэргийн хойноос гүйж, өлөн зэлмэн, хоолтой хоолгүй явснаас нимгэн шар царай нь улам цонхийж шанааных нь яс тодроод байсан Жамбал маань тос даасан малигар шар хүн болжээ. Олон жил бие биенийхээ царайг хараагүй бид хоёр ч дуу алдаад л уулзлаа. “За чи минь сайн, хаана яаж шуухан амьдарч байна, танайхан сайн, өнөө манай хуучин ханагарууд цөм сайн биз дээ” гээд л хоёр биенийхээ таньж мэдэх хүн харыг асууж сурч, амар мэндээ мэдэлцэн, амьтан хүний замд саад болж зогсоогоо ч сайн анзаарсангүй.
Тэгээд сэхээ орон хүний хөлөөс зайдуу гарч хуучлаж зогстол тайрмал үс, намхавтар нуруутай, хот газрын бололтой бүсгүй дөхөж ирээд надтай танимгайрхуу мэндлэх юмаа. Мэнд усыг нь мэдэх зуур сайн харвал яах аргагүй таних хүн байнаа. “Хачин юм даа. Энэ чинь Жамбалын хуучин эхнэр биш үү? Энэ авгайгаасаа салсан гэж амьтан хүн ярьж байсан. Худлаа л юм байх даа. Эсвэл эргээд нийлж барьсан юм болов уу?” гэсэн шүү юм тэрүүхэн хооронд бодлоо. Гэтэл Жамбал ч миний бодлыг мэдсэн бололтой.
-Таньж байгаа биз дээ? Өнөө надтай сууж байсан Дагийсүрэн шүү дээ гэнэ. Би тэгэхээр нь бүүр гайхчихлаа. “За байз, сууж байсан гэдэг чинь юу билээ?”. Тэгсэн Жамбал маань хэлж байна аа.
-Энэ хүүхнүүд үү? Үс нь урт боловч ухаан богинотой улс гэж үнэн байх аа! Энэ маань надтай бараг арваад жил ханиллаа. Би энэ хүүхнийг өмсөх зүүх юугаар ч дутааж гуцаагаагүй. Гэм нь бид хоёрт үр хүүхэд заяасангүй. Гэвч сэтгэл байхад болно доо гэж бодож явсаар, өрх гэрийнхээ амьдралыг босгох гэж зүтгэж тэмцэж явтал энэ маань өөр хүнд сайн болсон гэнээ.
Юуны өмнө нам засгийн захиа даалгавар, улсын ажил гэж хэнхэглэж гүйсээр хайраар дутаасан байж болно оо. Өөрөөсөө дүү хүүхэн авч суугаад толгой дээрээ гаргачихсан миний буруу ч бий л байх.
Сүүлийн үед үүний маань санаа сэтгэл нь хөрч, элдэв ааш зан гаргаж гуйгаад байхаар нь хоёр жилийн өмнө төрхөмд нь хүргээд өгсөн юмаа, нуугаад яахав.
Үргэлжлэлийг: http://www.soronzon.blogspot.com/