Шашны уншлага, буяны ерөөлд шингэж
Шад шадаараа утга хөглөх тарни Монгол шүлэг
Шүтээн төгс оюун билэгт ард түмний
Шүлэглэн бичиж сүсэглэн залбирсан судар Монгол шүлэг

Дорнын өнгө аяс жүнз дарс, тэргэл сартай цуг
Дотроосоо төлжиж гадагшаа дэлбээлсэн үгэн лянхуа Монгол шүлэг
Домог нь хуучираагүй хуурын чавхдасын аялгуунд ханьсаж
Долоон эгшигтэй сүлэлдэж туульс болсон Монгол шүлэг

Нуурын шувууд уулсын оргилдоо тэмүүлсэн газраас
Нулимс дуслуулж чулуу өвөртлөх төрсөн буйр
Нуган үрдээ үлдээсэн өвгөдийн захиасны үзүүрт
Нутгаа санагалзах, эх орноо магтах дуун Монгол шүлэг

Ачтан буянтаны үрдээ өгсөн энэрэл хайраас
Алдуурч явсаны гэмшил цайрах замын эхлэл
Амьдралд ганцхан заяах амьд бурхадын бүрэлбаа
Аавыгаа хүндэлж, ээжийгээ хайрласан ухаан Монгол шүлэг

Агшин зуур өнгөрөх дэгж дэрвэсэн насны
Алдааг хуваалцах, намайг аргадах итгэл
Ариун журмын нөхөрлөл, хүний сайхан сэтгэл
Андыгаа дурссан гэгээн гуниг Монгол шүлэг

Улаахан сарнайтай болзооноос үлдсэн үнсэлтийн амтнаас
Уянгын халилаар жигүүрлэсэн үзгэн чимээтэй шөнө хүртэл
Учралын баяр, хагацлын гуниг, хүлээхийн үнэний тухай
Утгын чимэгтэй хайрын шивнээ Монгол шүлэг

Намар намартаа нэрдэг онгодын цагаан дарсны
Нар зөв эргэсэн сэтгэлийн дугарааны сэржим
Нас насны уртад ухаарч тайлагдах учиг
Найрагчийн цээжинд дүрэлзэх миний Монголын шүлэг ээ

profile