ХӨГЖИМЧ БҮСГҮЙ

 

Цагаан дарь эх бурхан шиг ариун гоо бүсгүй
Цаг хугацааны хаахнаас энэхэн орчлонг гийгүүлээ вэ
Ургамал өвсний өнгөн солонго шиг намрын цагтаа төгөлдөр
Урин хавар мэт энэ хүүхнийг хэн наашаа ирүүлээ вэ

 

Жимст цэцэрлэгийн дундуур алхах нь эрхэмсэг хийгээд тансаг
Жингэнэх чимээтэй,мөнгөн зүүлт зөвхөн түүнд л зохилтой
Үнсэж янаглах нь тэнгэрийн хувь зохиол,гайхамшиг
Үргэлж баясгалант охин тэнгэрийн бүрэлбаа хөгжимч бүсгүй

 

Дурласан сэтгэл,үзэсгэлэнт гүнжийн өмнө сөгдөж
Дуун эгшиглэх номын чанартай утга барилдмуй тэр
Гялалзан хөдлөх нь бишрэм,царайн тунгалагт нь дурлам
Эгшигийг захирагч чиний өмнө орчлон ертөнц мэхийнэ.