Азай болтлоо хөгширсөн хүн бишээ
 Арван наймтай залуу хархүү ч биш
Гуч гарсан эр хүн, өрхийн тэргүүн
Гундаагүй залуу насны жинхэнэ эзэн нь
Удам дагасан юмуу, магадгүй ээ
Уцаар, шаналлаас үүдсэн үү бас л магадгүй
Толгойтой үсний минь тал нь
Тоолвол магадгүй ихэнхи нь цав цагаан болжээ
Ачит ээжээсээ анх амласан сүү шиг минь
Ангир үрсийн минь хиргүй тунгалаг сэтгэл шиг нь
А үсэг бичиж эрдэмд хөтөлсөн дэвтэрийн цаас шиг
Анхны цас, гангар хун мэт цав цагаан харагдана
Уйлсныг бүү асуу гэдэг ардын ухаан минь агуу
 Ухаарлынхуу, үгүй юуг шүүж тунгаан харвал
Амьдралын минь сайн, муу хоёр тал
Алдсан, оносон үйлс минь толгой дээр минь бичигдсэн мэт
 Амьд бурхан ээжийгээ гомдоож, уурлуулсан тоогоор минь
Арав арван үс цагаан өнгөнд хувилсан болов уу?
Аавыгаа санан дурсаж, аньсага чийгтсэн мөч бүрд
Ахиад л өнөөх үснээс минь хэд хэд нь цантсан юм уу?
Нүд анилгүй хороосон ан бүрийн тоогоор
Нүгэл минь үсэнд од болон харваа юмуу?
Нөхөд бас ноходтой сэтгэл, зам үл таарах бүрд
Нөлөөлсөн бухимдал нь толгойг минь будсан болов уу?
Магадгүй сайн талаасаа ч байж бас болох
Маргаангүй ажил үйлсэд минь цагаан нь их байсан
Мартагдаж, нийгмээс дөлсөн хүүхэд, томчуудад
Маргааш нар гарна хэмээх сэтгэлийн тэнхээ өгч явсан
Өр өвдөн шаналавч, өшөө хорсол зангиравч
Ялтан, хулгайч гэлгүй янхан, худалчыг нь ч мартан
Өнөөдөр бидний л нэг дээ хэмээн санаж
Ялгаварлахгүйгээр тусласны минь хариуд сүү өргөсөн юм боловуу?
Ашиггүй юм даа хэмээн сэтгэлийн ажлаас зугтаагүй
Амин хувьд минь хүртээлгүй гэж бусдад туслахаас дөлөөгүй
Хувьхан ашигаа бодож хууран мэхлэж яваагүйн төлөө
Хорвоо намайг шагнаж холын Алтайн оргил бэлгэлжээ
Үсээ будуулаачээ залуу хүн байж
Үнсэн саарал толгойтой явахаас ичээч гэж
 Олон хүн надад хэлж, зөвлөж, шаардаж байсан
Одоо ч зарим нь улиг болохоосоо залхаж эхэлжээ
Толгойтой үсээ хар болгохшиг амархан юм алга
Тоолдог нь байвал хоёрхон цагийн л ажил байх
Үнэндээ толгой минь хар харагдавч, та бүхэн
 Үндсэн өнгө нь цагаан гэдгийг мэдэх л болнo.....