Ажлын цаг дуусахад
Анд найз нар утасдлаа
Сайхан залуус байна гэв
Салж чадахгүй сууцгаах юм гэнэ.

Үнэнч болохоор найзууддаа амалж
Үүрэг хүлээн тараахаар очив
Очлоо, харлаа, суулаа
Умартлаа, уулаа, дууллаа

Шөнө болж шоу тарсан ч
Эгзэг нь таарч бид үлдсэн юм.
Сайхан залуусд нүд унаж
Салж чадахгүй түүнтэй ханьсав.

Дахин уулзах итгэл өвөрлөсөн
Долоо хоног
Утасдаж чадахгүй сэтгэл будилсан
Долоо хоног

Утастлаа, уулзлаа,
Учирлаа, урамшлаа.
Хайрлалаа, харамлалаа

Эм хүн дурлалд сөгдөн
Энэ бие тачаалд умбаж
Хайранд мансуурч

Шинэ, содон, тансаг.
Сэтгэл, итгэл, хайр,
Жил өнгөрсөөр
Зан өөрчлөгдсөөр

Хайр - хардалт, хатуу үгс
Халамж - мөнгө, тэтгэмж
Сэтгэл хүйтэрсээр
Итгэл хоосорсоор

Салж чадахгүй хос шиг байвч
Нийлж бүтэхгүй хоёр сэтгэл
Саллаа, саналаа, нийллээ
Гомдлоо, хаялаа, саллаа

Орхиод явахад нь би задгай, чөлөөтэй.
Эргээд ирэхэд нь би жаргалтай, жавхаатай.

Би өөрчлөгдсөөр
Бодол хувирсаар
Ханилах нь хамтран амьдрахаас солигдон
Хайрлах нь өрөвч занд хувирав.

Тэвчээр, горьдлого, бодол
Гуниг, эргэлзээ, гомдол,
Шийдвэр гаргасан ч
Хэлж зүрхлэхгүй явлаа.
Хайрлаж байсан ч
Харуулж чадалгүй саллаа.

Чамд сайн сайхныг ерөөе.