Шинжлэх ухаан техникийн гайхамшигт ололт амжилтын энэ эрин үед ч амьд эмийн сан гэж нэрлэгддэг байгаль эхийн шимт идээнээс хүн төрөлхтөн чадлынхаа хирээр хүртэн амьдрал ахуйдаа хэрэглэхийн зэрэгцээгээр элдэв өвчин эмгэгээ ч илааршуулах зорилгоор ашигласаар байна. Байгаль эхийн баялаг шим - жимс ургамлын эмчилгээний ач холбогдлын тухай цуврал нийтлэлээ Оросын нэрт ургамал судлаачдын бүтээл “Лекарственные растения в быту” номноос эх авч орчуулан толилуулж байна.

1.ЧАЦАРГАНА

Чацаргана нь исгэлэн амттай, олон зүйлийн аминдэм, тавь гаруй биологийн идэвхт бодис агуулсан байдаг. Чацарганы тосыг уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн хэрэглэнэ. Чацарганы жимснээс аминдэмээр баялаг шүүс бэлтгэж, аминдэмийн дутагдал болон бусад өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түүний тосон эмчилгээ дэлхийн олон орноо тархан алдаршиж “Монгол чацаргана” сансарт аялсан билээ.
Чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой. Хураасан жимснийг сайтар цэвэрлэж, ус чийгийг хатаана. Ингээд кофе нунтаглагч, махны машин, уур нүдүүр зэргийгашиглан нунтаглана.
Гаргаж авсан өтгөн нухаш дээрээ наран цэцгийн цэвэр тос /1:1.5 харьцаатай/ нэмж, хэвийн дулаантай байранд тавьж байн байн сайн хутгасаар 21 хонуулна. Аяндаа дээгүүр нь тосон тунгалаг үе бий болсныг нь өнгөц юүлж авна. Энэхүү тос нь чацарганы биологийн идэвхт бодисыг шингээсэн байдаг. Үлдсэн шаарыг нь цай мэт хандлан ундаа хийж уухад аминдэмээр хүний биеийг тэтгэнэ. Чацарганы тос эд эсийн хөгжилтийг хурдасган, нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр ходоод гэдэсний шархлаа, судлын ханын хатуурал, цус алдалт, эмэгтэйчүүдиин өвчин, арьсны түлэгдэлт болон цацраг идэвхт бодист хордсон зэрэг эмгэг өвчнүүдийг анагаах ба хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Тосыг хүрэн бараан шилэн саванд хийж таглаад гэрэлгүй , сэрүүн орчинд хадгална. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.
Чацарганы найрлаганд: саахар /3.5%/, глюкоз болон органик исэл /3.2%/, Е амин дэм 165 мг% болон төмөр, бор, марганец зэрэг бусад элементүүд агуулагдсан байдаг.