Биднээс хэн нь ч томуу тусч, хамрын нус гоожин, олон хүн их, бага аюултай өөр бусад өвчнөөр өвчин тусч байсан бизээ. Харин бие болоод сэтгэлийн эмгэг өөрчлөлтөд шаналж явдаг хүмүүс байдаг нь даруй итгэхэд хэцүү. Эдгээрийн заримаас дурдъя:
   
Таргалж чаддаггүй хүн
59 настай Жон Перри хоол боловсруулах сонин онцлогтой хүн,  тэр хичнээн л бол хичнээн хэмжээний гурилан бүтээгдэхүүн, амттан, элдэв төрлийн гамбургер, чизбургер, мөхөөлдөс идэж, ундаа ууж чаддаг байна. Ингэхдээ түүний жин нэмэгдэнэ гэж үгүй. Липодистрофи гэж нэрлэгддэг энэ ховор хамшинж нь биед өөх тосыг түргэн зуур шатаадгаараа онцлогтой юм.  Багадаа Жон мяраатай хүүхэд байсан бөгөөд харин 12 настайдаа чухамхүү хэдхэн өдрийн дотор л бүх илүүдэл жингээ хаяжээ. Үүний дараа тэр жингээ нэмэхийг оролдож буй ч, огт  чадахгүй байгаа гэнэ. Жоныг эмч нарт үзүүлж, хэд хэдэн шинжилгээ хийж үзсэний дараа  түүнээс липодистрофи гэдэг ховор өвчин илэрсэн байна. Жингээ нэмэх боломжгүйгээс гадна, инсулиний илүү их хэмжээ нь энэ өвчний нэг гол шинж  юм. Түүний инсулиний хэмжээ эрүүл хүнийхээ зургаа дахин их ажээ.

Цасны хүн
Данийн Вим Хоф «цасны хүн» гэсэн хочоороо дэлхийд нэрд гарсан юм. Тэр мөстэй усанд, түүний дотор мөсөн доогуур сэлж, цасан дээр хэвтэж чаддаг, ингэхэд биед нь огт өөрчлөлт гардаггүй ажээ. Нэг удаа тэр ганцхан богино өмдтэйгөө Монблан ууланд гарсан байна... Түүний энэ бүх амжилт Гиннесийн номонд  орж, харин эмч нар түүний яагаад ингэж чаддагийн учрыг одоо болтол олохгүй байгаа ажээ. Хувирал өөрчлөлтийн (мутаци) улмаас энэ хүн хүйтнийг мэдрэхээ больж,  харин бие нь бусад хүнд аюултай нөхцөлд огт ажирдаггүй чадвартай болжээ гэж эмч нар санал нэгтэй үздэг байна.

Унтдаггүй хүү
Жаал хүүг Ретт Ламб гэдэг, гурван ойтой, үе тэнгийн бусад хүүхдийн адил тоглож, гүйж харайж, элдвээр дэрсгүйтэх дуртай нэгэн.  Энэ хүү нэг л зүйлээр бусдаас ялгаатай бөгөөд тэр огт унтдаггүй байна. 24 цагийн турш сэрүүн байдаг нь түүний эцэг, эх, эмч нарын гайхшлыг бүр хэдэн жилийн турш (бараг төрсөн үеэс) төрүүлж байгаа ажээ. Заримдаа тэр чухамхүү хэдхэн минут л нойрмог юм шиг харагддаг боловч байдал удаан үргэлжилдэггүй, тэгэсхийгээд л мань хүү дахин сахилгагүйтэж, гүйж харайж эхэлдэг байна. Олон удаа шинжилгээ хийсний эцэст Ретт англиар «chiari milformation» гэж бичдэг ховор хамшинж өвчтэй юм гэж эмч нар санал нэгтэй үзжээ. Энэ хамшинж нь тархины нэг хэсэг нь гавлын ясандаа багтдаггүй, тэгээд нугасны чиглэл рүүгээ «дарагдаж», улмаар  нойрыг хянадаг механизм болон бусад хэд хэдэн үүргийг алдагдуулдагтай холбоотой гэнэ. Үүний улмаас жаал хүүгийн нойр л алдагдаж, харин бусад талаар тэр цоо эрүүл хүүхэд шиг харагддаг байна.

Уснаас харшигч
Австралийн Мельбурн хотын 19 настай Эшли Моррис бүсгүй өдөр нь нөр шаргуу ажилласны дараа усан санд сэлж, халуун усанд орох юмуу ерөөс шүршүүр дор зогсож болдоггүй, учир нь тэр усны харшилтай ажээ. Тэр ч байтугай хөлс нь түүнд эмгэг мэдрэмж төрүүлдэг байна. Дэлхийд гарсан бүх тохиолдол нь нэг гарын хуруунд багтаж болох тийм ховор «Aquagenic Urticaria» гэдэг арьсны өвчин илэрсэн 14 настайдаа тэр ийм эвгүй өвчтэй болжээ.

«Тик-так»-аар хооллогч
17 настай Натали Купер генийн өвчний бас нэг золиос болжээ.Тэр бараг юу ч идэж чаддаггүй бөгөөд хэрвээ жаахан л юм идчихвэл хоолоо шингээх гэж тамаа цайдаг байна. Харин овоохон хэмжээний Тик-Так чихэр идвэл нь  ганц аврагддаг ажээ.  Эмч нарын тайлбарлаж чадахгүй байгаа шалтгаанаар бүсгүйн ходоод энэ чихрээс өөр юу ч шингээж чаддаггүй учир тэр урт гуурсаар ийм чихрийн тусгай хольцоор хооллоход хүрдэг байна.

Юм мартдаггүй эмэгтэй
Энэ бол бүх юмыг санадаг 40 настай эмэгтэй. Түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцохоос сэрэмжлэхийн тулд нэр усыг нь  задруулдаггүй бөгөөд тэр AJ гэдэг нэрээр алдаршжээ. Өөрт нь тохиолдсон болон эргэн тойронд нь болсон үйл явдлыг «байнга,  шууд» л санадаг ой санамжтай энэ хүний сонин шинжийг Калифорнийн их сургуулийн доктор МакГаук бусад шинжээчийн хамт удаан хугацааны туршид судалсан байна. Хэрвээ сүүлчийн 25 жилийн аль ч өдрийг хэллээ гэхэд, энэ эмэгтэй  тэр өдөр түүнд юу тохиолдсон, цаг агаар ямар байсан, дэлхийд өөрийнх нь сонирхлыг татсан ямар ямар үйл явдал болсныг нэгд нэгэнгүй ярьдаг ажээ. Энэ ер бусын үзэгдлийг тайлбарлахын тулд гипертиместикийн хамшинж  (hyperthymestic syndrome) гэсэн тусгай нэр томъёо бодож олсон байна.

Байнга зогьсуулдаг залуу
Английн Линкольн хотын 24 настай Крис Сандс  өдрөөр хоёр секунд тутамд зогьсуулж, түүнчлэн шөнө, тэр ч байтугай нойрон дундаа маш олонтоо зогьсдог байна. Крис зогьсуулдгаа зогсоох гэж зөндөө арга хэрэглэж, тухайлбал ховсдуулж, йогоор хичээллэж байсан ч, тусыг олоогүй ажээ. Ходоодны хавхлагийн гажигаас болоод ходоодны шүүс дээшээ байнга гарч ирдэг хэмээн хөөрхий энэ залуу өөрөө үздэг байна. Эмч нар ч үүнийг зөвшөөрдөг бөгөөд  энэ байдлыг зогсоох тусгай эмчилгээ тогтмол хийдэг ч, хэсэг хугацааны дараа бүх зүйл бахь байдгаараа эхэлдэг ажээ. Одоо тэр Ноттингемийн анагаах ухааны төвд шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнд яаралтай мэс засал хийж магадгүй гэнэ.

Унаж тустлаа инээгч
20 настай Кай Андервуд бүсгүй катаплекси хэмээх өвчтэй бөгөөд энэ нь сэтгэл санааны аливаа хүчтэй хөдлөл, сэтгэлийн хөөрлөөс болоод түүний биеийн бүх булчин гэнэт сулардаг өвчин гэнэ.  Хөөрч баярлах, уурлах, айх, гайхах, тэр ч байтугай ичиж зовоход тэр  унаж,  угтаа ухаан алддаг байна. Бүсгүйг өч төчнөөн эрдэмтэн, эмч байнга үздэг ажээ. Тэр өдөртөө 40 хүртэл удаа унадаг, нарколепси гэдэг бас нэг өөр өвчин түүний биеийн байдлыг муутгадаг байна. Энэ хамшинжээс болж агшин зуур унтдаг бөгөөд Британийн 30 мянга гаруй оршин суугч энэ өвчинд шаналдаг ажээ. Тэдний 70 гаруй хувь нь катаплекси өвчтэй гэнэ.

Соёл иргэншлийн харшил
Бидний олонхи нь гар утсаар ярьж, бичил долгионы зууханд хоолоо халааж, эсвэл машин барьж явдаг. Харин энэ бүгдээс харшил авдаг 39 настай Дэбби Бирд гэдэг бүсгүй Их Британид байдаг байна. Яагаад тэр билээ? Юу гэвэл, тэр гар утас, бичил долгионы зуухны харшилтай юм.  Тэр цахилгаан соронзон цацрагт маш мэдрэмтхий учир, дэргэд нь ажиллаж байгаа компьютер, гар утас, бичил долгионы зуух, тэр ч байтугай зарим машин байвал, арьс нь маш ихээр загатнаж, зовхи нь бүлцийж эхэлдэг байна. Энэ өвчнийг нь жаахан ч гэсэн намжаахын тулд түүний өрөөг тусгай  хаалт хамгаалалттай  болгож, энд тэр бидний хувьд ердийн зүйл болсон соёл иргэншлийн үр шимээс жаахан ч гэсэн хөндий байж болдог байна. Харин одоо туйлын ховор бөгөөд сонин өвчтэй нэг бүсгүйн тухай өгүүлье.
Английн 24 настай бүсгүй Сара Кармен өдөр бүр 200 хүртэл удаа дур тавьдаг байна. Явж байгаа галт тэрэгний чимээ, үс хатаагч сэнсний дуу, ажиллаж буй ахуйн техникийн чимээ шуугиан гээд юу л бол юу түүнийг ийм байдалд оруулдаг ажээ. Зөндөө олон техник хэрэгсэл ажиллуулж, гоо сайхны өч төчнөөн үйлчилгээ хийдэг гоо сайхны салонд ажилладагийг нь харгалзан үзвэл, тойруу утгаар түүнд ажиллахад амаргүй байдаг байна. Эмч нарын үзэж байгаагаар, бүсгүй  бэлэг эрхтэнд нь цус байнга ихээр ирэхэд хүргэдэг Permanent Sexual Arousal Syndrome (PSAS) буюу сексийн байнгын хөөрлийн хамшинж гэдэг ховор өвчтэй гэнэ.Түүний олон найз бүсгүй (мөн найз залуус нь ч) Сарад атаархдаг ч,  илүү тайван амьдармаар байна гэж бүсгүй өөрөө ярьдаг ажээ. 19 настайдаа сэтгэл санаа сэргээх эм ууснаар тэр ийм байдалтай болсон байна.  Одоо бүсгүй сексийн амьдралаа илүү тайван голдрилд оруулахаар курс эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Я.Сүхбаатар