Хорт хавдраас сэргийлж болно

Хорт хавдраас сэргийлж болно
Хорт хавдрын бүх тохиолдлын 25 хувиас сэргийлэхэд эрүүл аж төрөх ёс туслана гэж Дэлхийн хорт хавдрын судалгааны сангийн тайланд дурджээ.     
    
Хорт хавдар гэдэг бол өвчтөний хэзээ ч сонсож болох хамгийн аймшигт онош лавтай мөн. Өвчнийг эхний шатанд илрүүлэх нь олонх тохиолдолд нэлээд түвэгтэй, харин хожуу үеийн онош өвчтөний хувьд тун эвгүй байдаг.  Эмчилгээ нь заримдаа эмзэг байдаг учир, олонх тохиолдолд нас барах хугацааг л хойшлуулж болох талтай. Нас баралтын тоогоор хорт хавдар өвчин дэлхийд зүрх-судасны өвчний дараа хоёрт орж байгаа юм.
    
Үүнээс гадна, хорт хавдраас 100 хувь сэргийлэх боломжгүй гэж үздэг бөгөөд энэ нь хүн бүр уг өвчнөөр өвчилж мэднэ гэсэн хэрэг юм. Харин Дэлхийн хорт хавдрын судалгааны сан энэ зөрөөтэй саналыг няцаах гэж оролджээ. Сангийн тайлангаас үзвэл, хорт хавдар өвчтэй бүх хүний дор хаяад 40 хувь нь эмч нарын хамгийн энгийн зөвлөмжийг мөрдөн, өөрийгөө ийм гунигт хувь тавиланд оруулахгүй байж болно. Ингэхдээ энэ нь бүх төрлийн хорт хавдрыг биш, харин хамгийн олон тохиолддог улаан хоолой, гэдэс, амны хөндий, залигуурын болон умайн хүзүүний хорт хавдрыг хэлж байгаа нь мэдээж.
      
Тайланд дурдсанаар, чухамхүү эдгээр төрлийн хорт хавдар нь бидний аж төрөх ёс, буруу хооллолт, хортой зуршил, хөдөлгөөний дутагдалтай олон талаар холбоотой юм. Чухамхүү тиймээс сүүлийн хэдэн арван жилд өрнөдийн орнуудын эдийн засгийн хөгжлийг дагаад тэнд хорт хавдраар өвчлөх хувь эрс  нэмэгдсэн байна.  Бидний ген ч бас нэрмээс болдог бөгөөд гэхдээ төрөлхийн өвчлөмтхий чанар тийм шийдвэрлэх хүчин зүйл биш гэж илтгэл зохиогчид нотолж байна.
    
Судлаачид согтууруулах ундааг  хорт хавдар үүсгэдэг орчин үеийн хамгийн аюултай канцероген гэж нэрлэсэн нь сонин юм. Харин хэрвээ ийм бодис байгаагүй бол, ганцхан Британид л гэхэд хорт хавдартай өвчтөнүүдийн 26 хувь нь эрүүл байж болох ажээ.  Дээрх сангийн 2007 оны илтгэлээс үзвэл, архи нь амны хөндий, залигуурын хорт хавдрын тохиолдлын 40 орчим хувийнх нь шалтгаан болж байна. Согтууруулах ундаанаас татгалзах нь  хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 22 хувь, гэдэсний хорт хавдраар өвчлөх  магадлалыг 7 хувь, элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 17 хувиар бууруулахад тусладгийг энэ салбарт янз бүрийн үед хийсэн бусад судалгаа харуулжээ.  Өөх тостой хоол болон фастфуд их идэх нь бас ноцтой аюул болж байгааг эмч нар дурдаж байна.
     
Амьдралын идэвхгүй хэв маяг ч багагүй буруутай юм. Өдөр бүр ядаж хагас цаг явган явах нь хорт хавдраар өвчлөх магадлалыг нэлээд багасгаж болох юм гэж эрдэмтэд ярьж байна. Статистикийн тоо баримтаас үзвэл, идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүс хортой хоол бага идэж, тамхи бага татдаг ажээ. Ингэхдээ  амьдралын хэв маягаа жаахан ч гэсэн өөрчлөх нь тус болж чадна. Тодруулвал цахилгаан шатны оронд явган шатаар явах юм уу өдөрт өлмий дээрээ 20 удаа босч, сууж бай, ингэх нь таны хорт хавдар тусахгүй байх магадлалыг нэлээд сайжируулна гэдгийг судлаачид дурдаж байна.