Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Нийтээр нь хомроглон Их баривчилгаа эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийг дурсан улс даяар хэлмэгдсдийн өдрийг тэмдэглэх болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ.

 

Таван хошуу малаа маллан, тааваараа айраг цагаагаа хүртэж, дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж явсан нүүдэлчин монголчуудыг “ангийн хувьсгал” хэмээх аймшигт мангас хоттой хонинд орсон галзуу чоно мэт хүү татаж, дураараа тонгочсон хар дарсан он жилүүд байлаа.

“Революция гэж мэдэхгүй бол

Энэ маузераар ярихаб, сархинсаг” гэсэн үг “моодонд” орсон будантай манантай тэр жилүүдийн шуурганд 37 мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Гэхдээ энэ бол ердөө багцаа  төдий тоо ажээ!

 

Монгол улсын нутаг дэвгэрт байсан 800 шахам сүм хийдийг бараг бүгдийг нь газрын хөрснөөс арчиж,  сурвалж угсаатан гаралтай ноёд тайж явсан хүмүүс, ном эрдэмтэй лам хувраг, төрийн мэргэн түшмэд, төвшин энгийн ард зэрэг нийгмийн бүх давхаргын  төлөөллийг  хуйгаар нь хядсан аймшгийн тэр он жилүүдэд дэлгэсэн тэрлэг шиг нутагт минь бараг л айл бүрээс шахуу хэн нэг нь толгой дээгүүрээ дээлээ нөмөрч, ард үлдсэн эхнэр хүүхэд нь нүүрээ нулимсаараа угааж  суусан  юм гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган Зөвлөлтийн коммунист төр, засгийг “Ороолонгийн эзэнт гүрэн” хэмээн онож нэрлэсэн билээ. И.Сталины толгойлсон “Ороолонгийн эзэнт гүрний” хараа хяналт, хатуу ширүүн нударга дор 37 мянган хүнээ хэлмэгдүүлэн хядсан “Тоглоомын бүгд найрамдах улсын” Ерөнхий сайд асан А.Амар гуай их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн буюу 1936 онд  “Бид дотооддоо эв нэгдэлтэй, гадааддаа найртай болбоос манай улс тогтнож чадах ажээ. Манай улсын удирдлагын явж ирсэн байдлыг үзвээс хэдэн жил болмогц ямагт эвдрэлцэн тэмцэлдсээр ирсэн бөгөөд бидний энэ тэмцэл нь улс тогтнон хөгжих хийгээд ардууд амар тайван орших явдалд ихээхэн саадтай бөгөөд хэдий нэгэн удаа эвлэрсэн нэртэй болдог боловч бас хэдэн жил өнгөрөлгүй эвдрэх хэрүүлийг хийсээр ирсэн баймой. Энэ явдлын үндсэн гол шалтгаан нь өөрийн улсаа бодолгүй элдэв төөрөгдөлтэй явдлаас гарах амой”  хэмээн  бичиж байсан нь гашуун боловч үнэн билээ.

 

Эх орон, элгэн нутгийнхаа төлөө ингэж цогтой үнэн үгээ хэлж байсан Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад онцгой комиссын хурлаар оруулан цаазаар авах ял оноосон байдаг. Дэлхийн II  дайн эхлээд бараг сар шахуу болж, эх орныхоо ихэнх хэсгийг фашистын Германы армийн хүчтэй довтолгоонд алдаад байсан мөртлөө туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайдыг ардын хувьсгал ялсных нь 20 жилийн ойн баярын өдрөөр цаазаар авах ял оноож байдаг нь ёстой л “Орооолонгийн эзэнт гүрэн”-ий бодлого   мөн дөө.

 

Малаа хариулж явсан малчин, маань тоолж суусан хувраг, төрийн төлөө оготно мэт зүтгэж явсан албан хаагч, цэрэг цуух, хөдөлмөрчин ард зэрэг хэлмэгдүүлэлтийн хар саварт амь насаа алдсан таны, миний, бид бүгдийн аав ээж, авга нагац, өвөг дээдсийн минь  ариун сүнс энэ өдөр дээд тэнгэрээс үр хойч биднийгээ харж байгаа нь лавтай. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн сэтгэлийнхээ хойморт гэгээн дүрийг нь залан, гэрийнхээ хойморт бадмалан асах мөнхийн зулаа өргөе.   Аръяабал. Ум ма не бад ми хум!!! 

 http://www.soronzon.blogspot.com/