Бичлэгийн тоо 6,515
Хаврын тэнгэр чи гунигтайгаар шивэр л дээ надад хамаагүй
Хатан цэцэг чи дур булаан ургасан ч нүдийг минь баясгаж чадахгүй
Намуухан салхи чи чадлаараа намайг үлээ гэвч би хөдлөхгүй
Навчис минь дээ надаас шүлэг горьдох хэрэггүй сэтгэл минь завгүй
Үзэсгэлэнт бүсгүй минь чамайг би гомдоохнээ харцаа надаас буруулж үз
Үлэмж тансаг дурлалаа өөр хэн нэгэнд хадгал надад бол хэрэггүй
Шөнө дамнасан хүсэл тачаал чи сэтгэлийг минь догдлуулахаан больсон
Шингэхэн үсийг нь илбэнхэн эхнэртэйгээ хэвтэж байхад тайван орхицгоо
Сар минь яагаад л бас гуниг хураачихав даа чамайг би өрөвдөхгүй шүү
Санаа алдах хэрэггүй дээ дараа л чамтай дарс хувааж сууя
Үүлэн цаана орж одод минь надаас нүүрээн буруул би харах ч үгүй
Үүр цайтал дуул л даа шувууд минь би сонссон ч уярахгүй
Зүрхийг минь чиглэх дурлалууд зогссон нь дээр дээ тэнд зай байхгүй
Зөвхөн нэг л хүний хажууд та нарын сүр хүч намайг эзэмдэхээн болино
Элэгдсэн модон ор чи юу ч бүү дуугараарай нууцыг минь март
Эхнэр минь намайг зүүдлээд тайван нойрсож байна сэрээх хэрэггүй
