Photobucket

 Эхийн минь мойног гар хив хадаг мэт зөөлхөн           

Ээдрээт амьдралын нууц үрчлээс бүхэнд нь шингэсэн           

Эвэршиж хатсан арьс нь даахинд зөөлнөө үлдээсэн

Эвдэрч бяцарсан хумс нь хатуу бүхнийг билүүдсэн   


            Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм

            Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм

            Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм

            Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
           

Эхийн минь гал буурсан нүд их мөрөн лүгээ дөлгөөхөн         

Ээрэмтэн тогтсон нуух нь зовлон бүхнээ нууцалсан   

Эрвийсэн цөөхөн сормуус нь тоотойхон насыг илчилсэн       

Эвхэрч атирсан магнай нь энэрэл хайраа үгүйлсэн     

            Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм

            Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм

            Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм

            Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм

 

Photobucket

          

Эхийн минь буурал үс нялхын сэвлэг шиг анхилхан   

Халцарч унасан үс нь ачлаагүй ачийг сануулсан         

Хагтаж хогжруутсан хуйх нь ухааны сорилтонд ядарсан         

Харгүй мөнгөн сор нь цагаан сүүндээ шингэсэн         

            Нарны туяа наадсан хилэн хархан байсийм

            Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм

            Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм

            Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм


Эхийн минь үрчгэр царай сарнайн дэлбээ мэт зөөлхөн           

Эмсийж унасан шүд нь цагийн саалтанд суларсан       

Ээдэрч бувтнасан хэл нь хайрын бүүвэйнд ядарсан   

Эндүүрч сонссон чих нь насны сүүдэрт хатуурсан     

            Үрийн зулай үнэрлэсэн бадмын дэлбээ байсийм

            Өргөн шанаагаа тэгшилсэн яралзсан цагаахан байсийм

            Өндөг дарам хонхойсон инээмсэглэлийн оромтой  байсийм

            Өлмийн чимээнд сонордсон янзаган сонор байсийм           

Эхийн минь бөгтөр бие согоон зоо шиг гоолигхон       

Атийж давжийсан бие нь ачааны хүндэд түүртсэн       

Агшиж бөгтийсөн нуруу нь айлгамч үрээ үүрсэн         

Алхайж бохирсон хөл нь амьдралын аянд эцсэн         

            Эхийн минь эгэлхэн бие эгэлгүй гоолиг байсийм

            Сойлгийн морь мэт жавхалзсан гилгэрэм зүслэг байсийм

            Согоон зоо мэт тэвхэлзсэн суман гоолиг байсийм

            Сэтгэл зүрхээ золиослосон залуу халуухан байсийм

 


 

 

profile