Бичлэгийн тоо 3,329

Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн гишүүд дахин сонгогдох “эрх”-гүй болно


 - “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭНЭ” -

 

        Урин дулаан цаг дуусаагүй, хүн бүр л амралт, зугаалгын байдалтай байдаг намрын налгар өдрүүдэд улс төрийн амьдрал ид буцалж байна. Уг нь уламжлал ёсоор жил бүрийн өдийд нэгдсэн чуулган хаалтаа хийгээд, төрийн түшээд тойрогтоо ажиллаад “алга болсон” байдаг байлаа. Харин энэ жил төрийн түшээд өмнөх шигээ тойрогтоо ажиллаж, амарч зугаалах нь бүү хэл, зэл тойрон эргэлдэх адуун сүрэг шиг хотоос холдож чадсангүй. Өөрөөр хэлбэл, энэ зун улстөрчдийн тэр дундаа нам, эвслүүдийн хувьд аминаас нь ч үнэтэй болоод байгаа сандал суудлын томилгооноос авахуулаад ах, дүү, амраг садных нь идсэн уусныг өршөөх хуулийг баталсан явдал ийнхүү төрийн түшээдийг саарал ордноос уяатай зусуулав.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ САНАЛАА УИХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

 

Хэдийгээр Төрийн тэргүүнээсээ авахуулаад хүлээн зөвшөөрөхгүй, олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Өршөөлийн хуулийг нэгэнт баталчихсан. Өөрөөр хэлбэл, уг хуулийг энэ сарын 11-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн саналаар баталж, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, өршөөл үзүүлэхэд гарах зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газарт даалгаж, энэ сарын 14 буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд хуулийн эцсийн найруулгыг уншсанаар хууль хүчин төгөлдөр болсон. Гэхдээ Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аар баталсан аливаа хуульд хориг тавих эрхтэй. Тэрбээр энэ эрхээ хэрэгжүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож, бусармаг хуйвалдаан зохион байгуулсан учраас гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр энэ саналаа өчигдөр орой УИХ-д хүргүүллээ. Ерөнхийлөгчийн хуулийн бод-логын зөвлөх Ч.Өнөрбаярын хэлснээр дэгийн тухай болон холбогдох бусад хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар нээлттэй хэлэлцэх юм байна. Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхийг ямар гишүүд дэмжиж кноп дарахыг та бид хамтдаа харах боломж бүрдэнэ.

 

СПИКЕРИЙН “БЯР”-ЫГ ҮЗЬЕ

 

Ерөнхийлөгч хэлсэндээ хүрч, Өршөөлийн хуульд хориг тавихаа илэрхийлчихлээ. Одоо хамгийн түрүүнд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хэзээ, хэрхэн хуралдуулахаа зарлана. Харин үүний дараагаар нэгдсэн чуулганд Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл, заалтыг тусгайлан авч хэлэлцсэнээр УИХ хүлээж авах эсэхээ шийднэ. Ингэхдээ гишүүдийн гуравны нэг нь буюу тухайн өдрийн хуралдаанд ирсэн гишүүдээс 26 нь дэмжсэн тохиолдолд хоригийг хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудалд нийт 76 гишүүний 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрддэг. Харин тэдний 26 нь хориг тавьсан заалтуудтай санал нийлж, кноп дарвал хүлээж авна гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, юун түрүүнд УИХ-ын дарга захирамжаа хэрхэн гаргах нь сонин. Өнөөдрийн нөхцөлд ээлжит бус чуулганыг нэг удаа хуралдуулаад Засгийн газрын сайд нарыг огцруулах, нэг ёсондоо засгаа бужигнуулах ажлыг хэлэлцсэн. Бас нэг анхаарал татсан сэдэв нь өдгөө асуудлын гол болоод байгаа Өршөөлийн хууль. Ээлжит бус чуулганаар улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлыг цаг алдахгүйн тулд хэлэлцсээр ирсэн. Харин энэ удаад энэ дэг алдагдаж, засаг төрөө тогтворгүй болгох, авлига, албан тушаалтнуудынхаа толгойг илэх асуудлыг хэлэлцсэн гээд эхний удаагийн ээлжит бус чуулган маш их шүүмжлэл дагуулж байгаа. Гэтэл эхний чуулганаас үүдээд хоригийн асуудал гараад ирвэл дахин ээлжит бус чуулган зарлахаар холион бантан болно. Гэхдээ ингээд ч болов хутгасан бантангийнхаа учрыг олохгүй бол Өршөөлийн хуулийн цаана Засгийн газрыг байгуулах асуудал барьцаалагдчихсан байгаа. Эндээс харвал УИХ-ын дарга дахиад зүхүүлэх ажил хийх үү эсвэл УИХ-ын дэгийг удаа дараа зөрчсөн даргаар тодрох уу гэдэг хүндхэн сорилттой нүүр тулна. Хэдийгээр гаднаас нь харахад спикер ямар сонголт хийх нь сонирхол татаж байгаа ч тэрбээр хэдийнэ шийдвэрээ гаргачихсан ч байж болох. Тодруулбал, тэртэй тэргүй элдвээр хэлүүлээд хуулиа баталж чадсан. Харин ямар нэгэн саад /хориг г.м/ гарч ирсэн ч нүдээ аниад хэлэлцээд явахаас өөр аргагүй. Ингэхгүй гэх нь ээ намрын ид ажлын цаг ирж байхад Засгийн газар нь зургаан сайдаар дутуу “цоорхой” байж болохгүй. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд түүнийг нь дэмжихээр МАН-ын 26 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаанд орол цож болзошгүй учраас өөрийн намын болон МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн төдийгүй Бие даагч гурав, ИЗНН-ын хоёр ч хоёрдохгүй ирц бүрдүүлэн ирж байж баталсан хуулиа бүтэн “авч үлдэх” боломж байна. Одоо л спикерийн хүчийг бас нөлөөг харж болох нь. Гишүүд хуралдаа ирж суух эсэх нь С.Дэмбэрэл гишүүний хэлдгээр зоргын асуудал болоод байгаа ч энэ удаад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөж ирэхгүй бол асуудал өөрөөр эргэж мэдэх нь.

 

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН АШИГ СОНИРХОЛ ИЛ БОЛНО

 

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьснаар спикер чуулганы хуралдааны тов зарлахаас өөр аргагүй боллоо. Харин одоо гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харах боломж бүрдэх нь. Өөрөөр хэлбэл, хаалттай хаалганы цаана хэлэлцэн баталсан Өршөөлийн хуульд авлигачдыг хавтгайруулан өршөөх заалт оруулсан нь олон түмний төдийгүй төрийн тэргүүний уурыг багагүй хүргээд байгаа.

 

Тиймээс Ерөнхийлөгч энэ хуульд бүхэлд нь биш, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх агуулгатай зүйл, заалтад хориг тавихаа илэрхийллээ. Харин дээр дурдсанчлан тухайн асуудлыг хэлэлцэх үеэр 76-гийн 39 нь хүрэлцэн ирсэн тохиолдолд ирц бүрдэнэ. Харин тэднээс 26 нь уг заалтыг дэмжвэл хоригийг хүлээж авна. Харин гуравны нэг буюу 26-д хүрэхгүй бол хоригийг хүлээж авахгүй гэсэн үг. Гэхдээ хоригийг дэмжихгүй унагаснаар улсаас их хэмжээний мөнгө идэж ууж шамшигдуулсан буюу төрөөс төрсөн цагаан захтнууд өршөөгдөх бүрэн боломжтой болно.

 

Ингэж тэдэнд ийнхүү давуу эрх олгох гишүүд хэн байх вэ. Өнөөдөр батлаад байгаа Өршөөлийн хуулийг хэрхэн хэлэлцсэн, санал хураалт хэрхэн явагдсан зэрэг нь нууц хэвээр байгаа ч МАН-ын 26 гишүүн хуралдаанд оролцолгүй, эсэргүүцлээ илэрхийлсэн. Эрх баригчид буюу АН-аас Х.Тэмүүжингээс бусад нь, харин МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Г.Уянгаас бусад нь Өршөөлийн хуулийг дэмжиж байгаа. Тэр дундаа “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн авлигачдад өршөөл үзүүлэхийг, тэднийг бүр ялгүйд тооцуулахыг туйлын ихээр дэмжиж байгаа. “Авлигачдын нам” гэгдээд байгаа АН ч гэсэн өөрийнх нь хэд хэдэн хүн торны цаана суугаа гэдэг утгаараа Өршөөлийн хуулийг тэр дундаа Ерөнхийлөгчийн хориг тавих гээд байгаа заалтыг дэмжиж байгаа. Ингээд үзэхээр АН-ын болон “Шударга ёс” эвслийн бүлгийнхний ирэх онд дахин сонгогдох боломж хаагдаж байна гэсэн үг. Нэг үгээр тэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авалгүй энэ хуулийг хүчин төгөлдөр болгосноор Н.Энхбаярыгаа ялгүй болгож, улс төрд оруулж ирэхээс гадна улсын мөнгөнөөс хумсалж, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүстэй холбоотой төдийгүй хувийн ашиг сонирхол байна гэж харахаас өөр аргагүй.

 

Угаас ийм ашиг сонирхол байгаа учраас л тэд Өршөөлийн хуулийг үхэн хатан өмгөөлж, хамгаалж байж таарна. Учир нь өнөөдрийн нийгэмд хувийн ашиг сонирхолгүй улс төр гэж үгүй болсон. Тэдний үгсэн хуйвалдаж, ханцуйн дотроо наймаалцан байж баталсан хуулийг ард түмэн буюу сонгогчид дэмжихгүй байгаа. Тиймээс улс төрийн карьераа үргэлжлүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлуулан зөөлөн суудалд шигдэх, цаашлаад төрийн сайдын суудалд хүртэл заларч суух мөрөөдөлдөө хүрэх боломж нь ийнхүү хаагдмал байдалд орно гэсэн үг. Ард түмэн тэнэг биш, тэд бүгдийг харж байгаа гэдэгчлэн хэн хэн энэ хуулийг дэмжиж, кнопдоод байгааг мэдэх хүн олон бий. Тэд лав авлигачдыг дэмжигч өгөх саналаа урвуулчихсан суугаа нь лавтай.

 

М.Өнөржаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8703794/da5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2889 Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно 2015-08-26 4262
2888 Хувийн дунд сургуулийн төлбөр 50 сая төгрөгт хүрчээ 2015-08-26 4191
2887 Монгол руу мөнгө гуйвуулж байсан каргоны эзэнг саатуулжээ 2015-08-26 3970
2886 С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ? 2015-08-25 3991
2885 Хоёр Солонгос хурцадмал байдлыг намжаах талаар санал нэгдлээ 2015-08-25 3738
2884 Хөхөнд сүү оруулах шилдэг аргууд 2015-08-22 3877
2883 Парист цуутай Монгол гүнжийн амьдрал 2015-08-21 4224
2882 5 жилийн дотор байр машинтай болох вэ? 2015-08-21 3658
2881 Хуурамч мөнгө гүйлгээнд оруулсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна 2015-08-21 4247
2880 Ял эдлээд гарч ирсэн залуус өршөөлийн хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ 2015-08-20 4132
2879 топ модель Болормаа охидоо баян эрчүүдэд зуучилдаг 2015-08-19 4272
2878 Завгүй үедээ ч заавал амжуулах 5 зүйл 2015-08-19 3733
2877 Залуу хосуудад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө 2015-08-19 3521
» Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн гишүүд дахин сонгогдох “эрх”-гүй болно 2015-08-18 3400
2875 Хятадын банк төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ 2015-08-18 3604
2874 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдсан тохиолдолд 2015-08-17 3895
2873 Индонезийн сураггүй болсон онгоц ууланд сүйрчээ 2015-08-17 3913
2872 Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 2015-08-17 3404
2871 Ким Чен Ун Ерөнхий сайдын орлогчоо цаазалжээ 2015-08-14 4112
2870 Одууд хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турдаг вэ? 2015-08-14 3965
배너신청
자생병원

배너신청