Нуруу нугасны гэмтэл 100000 хүн амд 1-5 тохиолддог.Осол гэмтэлд нурууны нугалам, үе холбоос,нугасны сегмент, дамжуулах багц,нугасны язгуур мэдрэлүүд,судасны тогтолцоо аль нь ч өртөгдөж болох бөгөөд ихэвчлэн хавсарсан гэмтэл тохиолдоно.Нугасны гэмтлүүдэд нугасны доргилт ,нугасны бяцрал,нугасны эд бүрхэвчийн цус харвалт,нугасны дарагдал багтана.Харин нугасны гэмтлийн үлдэц эмгэгүүдэд менингомиелит,нугасны арахнойдит,архаг эпидурит тус бүр хамаарна.Нугас ихэвчлэн нурууны нугалмын хугарлын улмаас дарагдаж гэмтэнэ.Зонхилон тохиолдолд С5-6,Т12-L1 нугалам гэмтэлд өртөгдөнө.Нугасны гэмтлийн зэргийг түүний дамжуулах тогтолцоо хир нэрвэгдснээс хамааруулан:1.Нугасны дамжуулах үйл бүрэн алдагдсан 2.Нугасны дамжуулах үйл хагас алдагдсан гэмтэл хэмээн ангилна.
Нугасны битүү гэмтлийн эмнэлзүй
Нугасны доргилт:Гэмтлийн хүчин зүйлийн нөлөөгөөр нугасны сегментийн зохицуулга алдагдан,сегментийн сэрэх заагаас хэтэрсэн саатлын үр дүнд үүснэ.Бүтцийн талаас нугасны бодис,бүрхэвчийн хүрээнд хаван үүсч,ганц нэгэн цэг хэлбэрийн цус нэвчилт тодорхойлогдоно.Эмнэлзүйн илрэл нь мэдрэл зохицуулгын саатал,цус,шингэний эргэлтийн түр зуурын хямралын шинжээр илэрнэ.Гар,хөл бадайрах ,мэдрэхүй буурах,2 хөлийн хүч бага зэрэг сулрах ,шөрмөсний рефлексүүд арилах,шээс хаагдах зэрэг түр зуурын шинжүүд илэрч ,хэдэн минут цагаас 1-2 долоо хоногийн дотор бүрэн арилна.
Нугасны бяцрал:
Энэ нь нугасны битүү гэмтлийн түгээмэл тохиолдох хэлбэр бөгөөд нугалмын хугарал, мултрал,нугалам хоорондын дискийн эвэрхий зэргээс болно. Бяцралын үед нугасны тодорхой түвшинд үхжил,цус харвалт үүсч нугас шокын байдалд орно.Хөдөлгөөн ,мэдрэхүйн хүрээний өөрчлөлт гэмтлийн байршил хэмжээгээр тодорхойлогдох хэдий ч ,гэмтэл авсан тохиолдолд голомтын хэмжээнээс үл хамааран,сул саажил мэдрэхүйн алдагдал,аарцгийн эрхтнүүдийн үйлийн хямрал,вегетатив өөрчлөлт гарна.Нугасны шокын үед хөдөлгөөний өөрчлөлт тэгш хэмээр илэрч ,булчингийн тонус,рефлекс алдагдан сул саажлын шинжүүд илэрнэ.Шокын байдал тайлагдахын хирээр булчингийн тонус нэмэгдэн,рефлексүүд ихэсч эмгэг рефлексүүд гарч эхэлнэ.Нугасны хүзүүний хэсэг гэмтсэн бол 4 мөчний саажил,цээж бүсэлхийн хэсэг гэмтсэн бол доод мөчний хос саажил үүснэ.Нугасны бяцралын хүнд хэлбэрийн үед гэмтэл авсны дараах 1-2 долоо хоногт ууц,нуруу,ташаа,хөлийн өсгийний орчим цооролт үүсч,халдвар орох нөхцлийг бүрдүүлнэ.Нурууны рентген зурагт нугалмын их бие нуман хэсгийн хугарлын шинж илэрсэн,ясны хэлтэр нь нурууны сувагт түрж орсон байх зэрэг нь нугасны бяцрал үүссэнийг харуулна.
Нугасны гэмтлийн цус харвалт:
Гэмтлийн шалтгаант нугасны цус харвалт зонхилон нугасны хүзүүний буюу бүсэлхийн бүдүүрэлтийн түвшинд бор бодисыг хамарч,хойт эвэр нугасны гол сувгийн орчимд хэд хэдэн сегментийг хамардаг.Иймээс гэмтэл авсан даруйд цус харвалтын түвшинд өвдөх ,бадайрах шинжүүд илэрч ,мэдрэхүй өөрчдөгдөн сул саа үүснэ.Гол төлөв нугасны хүзүүний бүдүүрэлтийн түвшинд цус харвалт үүсэх учир дээд мөчинд сул саажил,өвдөлт ,температурын мэдрэхүйн өөрчлөлт тогтвортой илэрч ,доод мөчинд өөрчлөлт илрэхгүй,харин шөрмөсний рефлексүүд ихэсч эмгэг рефлексүүд ихэснэ.Нугасны шингэн цусны хольцтой гарна.
Нугасны бүрхэвчийн цус харвалт:
Хатуу хальсны дээрх цусан хураа венийн сүлжээсний гэмтэлтэй холбоотой үүсч,хэдэн цаг үргэлжлэх саруул үеийн дараагаар ,нуруугаар ороож өвдөх язгуурын шинж илрэн,улмаар нугасны хөндлөн дарагдлын шинж хавсарч цаашид гүнзгийрнэ.Нугасны торлог хальсны дорхи цус харвалт нуруугаар хүчтэй өвдөх язгуурын шинжээр эхлэн,мэнэнгийн шинжүүдээр гүнзгийрч ,цаашид нугас дарагдах шинжтэй хавсарч явагдана.Нугасны бүрхэвчийн цус харвалтын үед нугасны шингэн цустай буюу шар ногоон өнгөтэй гарна.
Нугасны гэмтлийн оношлол ,эмчилгээний ерөнхий зарчим:
КТ, МРТ болон миелографи шинжилгээгээр оношийг батална.Бүсэлхийн хатгалтаар ТНШ-г авахдаа шингэний хөдлөлзүйн сорил заавал хийж,шингэний замд хориг байгаа эсэхийг тогтооно.
• Өвчтний нурууг хөдөлгөхгүй байлгах арга хэмжээ авна.
• Зүрх судасны дутал,шокын эсрэг арга хэмжээг авна.
• Өвдөлт намдаах эмийн бэлдмэлийг оновчтой сонгоно.
• Давсганд гуурс тавина.
• Судас бэхжүүлэх бичил эргэлтийг сайжруулах эмчилгээ хийнэ.
• Кортикостеройд бэлдмэл хийнэ
• Хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
• Нугасны дарагдлын үед мэс засал эмчилгээг хийнэ.
• Хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх чиглэлийн эмчилгээг үе шаттай хийнэ.