Бичлэгийн тоо 3,329

Хосе Сальвадор Альваренга нь Эл Сальвадорын иргэн боловч Мексикт амьдраад 15 жил болж буй гэнэ. Тэрбээр махчин загас агнаж, фунт бүрийг нь 25 песогоор худалдаж, аж төрдөг байсан юм байна. Загасчин эр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Азейкел хэмээх хүүгийн хамт далайд гарав. Тэд Чипас мужийн Тонолагаас хөдөлсөн бөгөөд эх газраас бараг 10 мянга гаруй км-ийн алсад загас агнах ажлаа эхлүүлжээ. Гэвч далайн шуурганы улмаас завь нь сүйрч хоёр загасчин задгай тэнгист хаягдсан байна. Альваренгагийн мэдээлснээр хамт явсан Азейкел нь далайд хаягдсанаас сарын дараа амиа алдсан гэнэ. Гэхдээ тэрбээр Азейкелийн талаар нэрнээс нь өөрийг мэдэхгүй. Нас нь 15-18 орчимд байсан гэж Т.Армрастерт ярьсан юм. Ингээд ганцаар үлдсэн загасчин далайн загас, шувуудыг барьж идэн хөвсөөр Маршаллын арлуудад хүрсэн нь тэр аж.
Гэхдээ энэ явдалд эргэлзэх үндэслэл байгааг зарим албаныхан мэдээлээд байна. Тухайлбал Тоналатай ойр орших Коста Азулын завины эзэн Виллермо Родригез Солис гэгч Алваренга болон түүний хамтрагчийг 2012 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр алга болсон гэж мэдээлжээ. Ингэхээр асар хүнд аялалаас амьд гарсан этгээд 14.5 сарын хугацаанд сураггүй болсон гэсэн үг. Мөн найз нөхөд, танилууд нь сураггүй болсон Альваренгаг дөрөв хоногийн турш далайгаар эрэн хайсан боловч олоогүй гэнэ. Мөн Альваренгагийн гарал үүсэл ч эргэлзээтэй байгаа аж. Учир нь Коста Азул болон Тоналагийн оршин суургчид түүний жинхэнэ нэрийг огт мэддэггүй. Зөвхөн Вилли эсвэл Ла Чанча гэдэг хоч нэрээр нь таних аж.
Далайд 13 сар амьдарсан этгээд ердөө загас, шувууны түүхий махаар хооллож байсан. Мөн живэхгүйн тулд өдөр шөнөгүй хөвж, дөрвөн мөчөөрөө ус самардсаар Маршаллд хүрсэн гэж үзье. Гэтэл тийм хүн арьс яс болтлоо турж эцэн хатингаршиж, хөл дээрээ ч босох тэнхэлгүй байх ёстой. Тэгсэн байтал үс сахландаа баригдсан Альваренга харин ч хаван гүйсэн мэт махлаг байжээ. Түүгээр ч зогсохгүй дөрвөн мөч нь асар их өвдөж байна гэсэн ч чөлөөтэй босч сууж, явж зогсож чадаж байгаа нь эргэлзээ төрүүлсэн гэж Филиппин дэхь Мексикийн элчин сайд Хулио Камарена мэдээлсэн байна. Тиймээс холбогдох албаныхан нь далайд 13 сар хөвж амь гарсан этгээдийг эмнэлэгт хүргэж бүх биеийн шинжилгээ сорилт хийж, байдлыг тодруулж, үнэн зөв мэдээлэл олохоор ажиллаж байна.
Далайд хаягдсан ч амьд гарсан хүмүүсийн сургамжит явдалтай харьцуулахад Альваренгад амьд гарах боломж бага боловч байсан нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн тухайд одоогийн байгаа байдал тун эргэлзээтэй юм. Мөн зам туулсан хугацаа нь ч эргэлзээтэй. Сидней төвтэй Шинэ Өмнөд Уэйлсийн Их сургуулийн далай судлаач Эрик Ван Себиллийн мэдээлж буйгаар Мексикийн баруун эргээс Маршаллын арал хүртэл 18 сар аялна. Гэхдээ үүнд салхи, шуурганы нөлөө их чухал. Магадгүй жилийн туршид салхи шуургатай байснаар Алваренгагийн аялал 13 сар үргэлжлэх боломжтой гэв.
Номхон далайд хэдэн сарын турш хөвсөн тохиолдлоос дурдахад 2006 онд Мексикийн махчин загас агнагч гурван этгээд мөн л далайд хаягдаж, есөн сарын дараа Маршаллын аралд хүрчээ. Харин 1989 онд Шинэ Зеландын ойролцоо загас агнаж явсан дөрвөн этгээд шуурганы улмаас олон давхаргат онгоцоо алдаж, далайд хаягдав. Тэд дөрвөн сарын турш задгай тэнгист хөвсөөр амь гарч байсан аж.
Тобби