Нүүдэлчдийн
өв соёлыг их хотын хөл хөдөлгөөн дунд ул мөрийг нь баллалгүйгээр
хадгалж үлдэх, урлагийн боловсролоор дамжуулан түүх соёлын зүйлсээ
нандигдах үзэл төлөвшүүлэх зорилготой “Урбан номадс” олон улсын
хөтөлбөрийг СУИС хэрэгжүүлж байгаа.
“Урбан номадс 3” боловсролын хөтөлбөр өнгөрсөн сарын 4-21-нд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдаж, СУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг төлөөлөн 14 оюутан оролцоод иржээ. Тэдний төлөөлөлтэй ярилцлаа.
-Та бүхэн Германы ямар ямар их, дээд сургуулийнхантай хамтран ажиллаад ирэв?
С.Гэрэлтуяа (СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн багш) -“Урбан номадс” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн сүүлчээр олон улсын эрдэмтэн профессорууд, театрын уран бүтээлчид манай сургуульд ирж, оюутнуудтай хамтарч ажилласан. Энэ удаад манай оюутнууд Германд очиж хөтөлбөрт оролцоод ирлээ. Оюутнууд маань Дортмундын дээд сургуулийн Дизайны факультетад 14 хоног ажилласан. Ирэх намар Дортмунд, Хумбольдтын их сургуулийн монгол судлалын тэнхим, Берлиний урлагийн их сургуулийн оюутан, эрдэмтэн профессорууд манайд ирж, хөтөлб өрөө үргэлжлүүлэх юм.
Бид “Урбан номадс” хөтөлб өрийн хүрээнд төлөвлөсөн соёлын үзвэрүүдийг сонирхохоос гадна кино, гэрэл зураг, график дизайны чиглэлээр суралцдаг оюутнуудтай хамтран гарын доорх материалаар том байгууламж хийсэн. Ачааны машины тэвшин дээр урц хэлбэрээр тайз засаад, түүнийгээ монгол, герман, англи хэлээр гаргасан ханын сонин тэргүүтнээр чимэглэсэн юм. Тэрхүү байгууламжийг хийхийн тулд монгол, герман оюутнууд өөр өөрсдийнхөө иргэншлийн онцлогийг харуулсан олон санаа гаргасны дүнд хөтөлбөрийн удирдагч профессор дундаас нь шинэ шийдлийг олох жишээтэй. Хөтөлбөрийнхөө төгсгөлд бид хүн хотжих явцдаа уламжлалт соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдэг сэдвээр Берлиний төв талбайд өдөрлөг зохиож, өнөөх байгууламждаа урлагийн тоглолт зохион байгуулсан.
-“Урбан номадс” хөтөлбөрийн үр дүн бидэнд хэрхэн мэдрэгдэх бол?
-Сая биднийг Германы уран бүтээлчидтэй уулзаж байхад Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь мэдрэгдэж байсан. Тэд биднийг эзэн Чингисээр, эсвэл байгалийн баялагтай орон гэдгээр л мэддэг болохоос өнөөгийн монголчуудын талаар төдийлэн ойлголтгүй юм билээ. Тиймээс энэ хөтөлбөр дээрх чиглэлд анхаарал хандуулахад ач тусаа өгнө гэдэгт итгэж байгаа. Хамгийн гол нь хөтөлбөрийг цааш үргэлжл үүлж, дахиад олон оюутан залуусыг барууны соёлтой танилцуулах хэрэгтэй. Одоохондоо Германд төгссөн хэдэн хүний дэмжлэгтэйгээр л хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Урлаг гэдэг бол амьдралаас хол тасархай зүйл бус, амьдрал бол тэр чигтээ урлаг гэдгийг оюутнууд маань нүдээр үзээд, ойлгоод ирлээ.
-Өөрийн тань хувьд саяын хөтөлбөрт хамрагдсанаар юу нь хамгийн чухал санагдав?
Г.Наранцацрал (СУИСийн бүжиг дэглээчийн ангийн оюутан): -Би өнгөрсөн намраас хойш энэ хөтөлбөрт хамрагдсан. Гэхдээ сая Германд очсоноор хөтөлбөрийнхөө агуулга, ач холбогдлыг бүр илүү танилаа. Ирээд үүнийгээ илүү олон залууст ойлгуулах гэхээр найзуудаас минь эхлээд “Надад ямар ашигтай юм бэ” гэх юм. Бид наад зах нь энэ сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй юм шиг ээ. Тэндхийн хүм үүс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, бас цагийг маш хатуу баримталдаг. Герман оюутнууд их уран бүтээлч сэтгэлгээтэй, багш нь даалгавар өгөөгүй байсан ч ямар нэг зүйлийг оролдоод л сууж байдаг. Бид болохоор багшийн хий гэсний дагуу л бэлэн хоол идэх гээд байдаг муу талтай юм билээ (инээв).
-Соёлын хөтөлбөрийн дагуу та бүхэн Германы урлагийн янз бүрийн байгууллагаар явж үзсэн гэсэн. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамж юу бол?
Ө.Оюунсувд (СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн оюутан): -Бид орой бүр ямар нэгэн дуурь, балет, хүүхдийн жүжиг үзэж, галерей, музейнүүдээр нь орсон. Би өөрөө зургийн чиглэлээр сурч байгаа болохоор тэндхийн галерей их сайхан санагдсан. Манай галерейнуудын ихэнх нь түрээсийн байранд байдаг бол тэнд дээр үед галт тэрэгний вокзал байсан газраа хүртэл галерей болгосон байсан. Тэгээд нэг дор зургаан үзэсгэлэн дэлгэсэн байх жишээтэй. Оюутнууд нь хүртэл сургуулийнхаа хонгилд үзэсгэлэнгээ чөлөөтэй гаргадаг юм билээ. Метроны буудлууд нь нэлдээ уран зураг, зарим барилгын гадна талыг хөгжмийн ноотоор чимэглэсэн зэрэг нь Германд урлаг ямар хэмжээнд хөгжсөнийг илтгэж байсан.
tiimee bid hudag dotorhi melhii shig amidrahgui yumsan