Арван секундэд хүн ямар үйлдэл хийж чадах вэ. Би ийм хугацаанд дэргэдээ байгаа аягатай цайнаас нэг балгаад залгиж л амжлаа. Нэг, хоёр, гурав... арав гээд л дуусчих хугацаа. Гэтэл Монголын морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулж, замдаа дөрвөн байд сум тавьдаг юм байна. Гайхамшигтай биш гэж үү.
Монголчууд Эзэн Чингисийн удам гэж цээж дэлдэн бардамнадаг ч, түүний байлдан дагуулал, цэргийн эрдмийн тухай тэр бүр дурсдаггүй. Тухайлбал, 800 гаруй жилийн тэртээд монгол цэргүүд морин дээл дээр уулгалан давхихын зэрэгцээ зэвт сум тавьж эрхий мэргэнээ гайхуулдаг байж. Тулаанд орж байхдаа морио удаан цогиулж алгуурлавал амь эрсдэх аюултай тул хурд хамгийн чухал. Монголын морьт харваачид яг ийм л зарчмаар өндөр шалгууртайгаар бэлтгэлээ базааж байна.
Найман настай харваач олон улсын тэмцээнээс тусгай байр хүртжээ
Энэ
сарын эхээр манай улсад Олон улсын морьт харвааны тэмцээн болж, таван
улсын 19 тамирчин болон Монголын морьт харваачид оролцжээ. Гаднынхан
морины өндөр хурданд сум тавьж чадахгүй алмайрч байхад, найман настай
монгол харваач хүү Ц.Тэмүүжин морины хурд, харааны цэцээ гайхуулан
тусгай шагнал хүртсэн байх юм.
Энэ тэмцээний үеэр морьт харваач Д.Отгонбямба 150 метр зайг 10 секундэд туулан, таван онооны голчтой дөрвөн байг онож, 15 оноо авснаар тэргүүлжээ. Тэрбээр өнөөдөр Турк улсад болох олон улсын тэмцээнд оролцохоор хөлгийн жолоо заллаа.
Хэнтийгээс ирсэн зургаан цэрэг мэргэжлийн жүжигчин болох шахав
Өнгөрсөн долоо хоногт Өлзийт хороололд байдаг морьт харвааны төвийг зорилоо. Таван га талбайд буурь зассан Монголын морин спорт сургалтын төвд морин цирк болон Морьт харвааны сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Энд морь унаж сурахын зэрэгцээ морины зүс болон эдлэл хэрэгслийн нэршилтэй танилцах боломжтой.
Цагаан өнгөтэй морийг яагаад бор, өрөөсөн өсгий нь цагаан адууг бэлбэсэн гэдэг болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж өгнө аж. Түүнчлэн хурдан морины хүүхдүүдэд зориулсан аюулг үй ажиллагааны сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Саяхан болсон “Хааны эрэлд” олон улсын цэргийн хамтарсан сургуулилалтад оролцсон морьтон монгол цэргүүд энд бэлтгэлээ базаажээ. Хэнтий аймгаас таван морьтой, зургаан цэрэг ирж долоон хоног бэлтгэл хийгээд явахдаа морио унагаж, хоёр болон гурваараа зэрэг саад харайж сурсан байна.
Энэ төвийг байгуулсан хүн нь Ш.Цогтхүү. Хар багаасаа Монголын циркийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрт тоглож, одоо багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн хойч үеэ бэлтгэж яваа тэрбээр “Миний сэтгэлийн мухарт Монголын гэх бахархлыг бий болгох хүсэл байсаар байсан. Тиймдээ ч Чежүд 60 морьтны “Чингисийн хар сүлд” тоглолт найруулан, тоглуулсан. Харин одоо морьт харвааг Монгол улсын нэрийн хуудас болгохын төлөө зорьж байна. Малчид мотоциклоор малаа хариулж, ахуй соёлоосоо холдож байна. Хотын хүүхдүүдийн хэд нь морь мал мэдэхгүй өсөж байна вэ. Сэтгэл эмзэглэмээр. Тиймээс би морь малтай ойр байсан туршлагадаа суурилж энэ ажлыг эхлүүлээ. Бүгдийг бэлэн болгож, хүмүүст үзүүлэх гэсээр удлаа. Энэ намар Морьт харвааны улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан” хэмээв.
Хурдаараа ялгарах юм шүү
Монголчууд морьт харваагаа мартсан байх үед Японы нэгэн тамирчин Монголд ирж үзүүлэх тоглолт хийгээд буцжээ. Самурай маягийн хувцас өмсөж морь унасан тэр хүн давхиан дундаа сум тавьж, байг оносон нь тухайн үед манайханд танил хэдий ч шинэ зүйл шиг санагдсан гэдэг. Гэхдээ тэр хүн “Энэ бол монголчуудаас эхлэлтэй урлаг, бас спорт” гэж онцлон ярьж байсныг Ш.Цогтхүү дурссан. Өдгөө морьт харвааны олон төрөл Европт эрчимтэй хөгжиж байгаа ч морио хурдлуулахдаа хойрго гэнэ. Гаднынхан морины цогион дунд л харвахаас биш давхиж байхад нь сумаа ч хуйнаасаа авч амждаггүй аж. Тиймээс Монголын морьт харваачид хурдаараа ялгарахыг чухалчилж байгаа аж. Манай зарим харваач БНСУ, Унгарт болсон олон Монгоулсын уралдаанд энэ төрлөөр амжилттай оролцож, медаль хүртэж байсан. Тэр ч бүү хэл Солонгост хараар ажиллаж байсан монгол залуу солонгос хүний нэрийн өмнөөс олон улсын саадтай харайлтын тэмцээнд оролцож, тэргүүлсэн байх юм. Тэгэхдээ урьдчилан бэлтгэсэн морьтой яваагүй. Харин сугалаагаар оноолт таарсан морио унаж, ийм амжилт гаргажээ.
Эвэр нум хийдэг мэргэжлийн урлаач хэрэгтэй байна
Монголчууд өвлийн хүйтэн, зуны халуунд эвэр нумаа эгшээн харваж, дэлхийн талыг эзэлсэн. Гэтэл одоо харваачид
нь өвлийн харваанд оролцохдоо нумаа манцуйлан дааруулчихгүйг хичээдэг
болсон нь хөөрхийлөлтэй. Энэ нь эвэр нум хийх уламжлалаа үгүй хийсэнтэй л
холбоотой. Тиймдээ ч мэргэжлийн харваачид “Би энэ сатуркнаас салсан
цагтаа Монголын үндэсний харвааг хөгжүүлнэ” хэмээн ярьдаг гэсэн.
Монголын морьт харваачид одоогийн байдлаар солонгос нум ашиглаж байна.
Морин дээр барихад авсаархан, цэц сайтай учраас тэр. Мэдээж Японы сүмо шиг дэлхийд Монголын морьт харвааг гайхуулахын тулд уламжлалт нум хийх арга барилыг сэргээх нь чухал. Уртын дуу, хөөмий, туулиас дутуугүй Монголын үнэт өв уламжлал нь эвэр нум хийх уламжлалт дэг юм билээ. Унгарт дэлхийд хамгийн томд тооцогддог нум, сумны үйлдвэр бий. Тэр үйлдвэрийн алдартай брэнд үүд нь “Нүүдэлчин”, “Хүннү” нэртэй гэнэ. Тэгэхээр бидний эрээд хайгаад байгаа технологи тэнд очсон байхыг үгүйсгэх аргагүй.
Болдогсон
бол улсын бодлогоор нум хийх уламжлалт дэгээ сэргээхэд анхаарал тавьж,
нэг сайн урлаачийг сургаад ирж болох л байх. Тэгвэл үндэсний сур
харваачид болон морьт харваачид гадаадын нум барьж байна гэж ичихгүй,
сэтгэл амар сум тавих биз ээ.
Ж.Солонго
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.