Дэлхийн
уул уурхайн тэргүүлэх компани “Рио Тинто”-д ажиллаж байсан хоёр
залуутай уулзаж, ярилцлаа. Тэд өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтад хувь
нэмрээ оруулахаар шийдээд ирсэн байна. Х.Амаржаргал “Рио Тинто”-гийн
Лондон дахь төв оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтэн,
Д.Ганбаатар “Рио Тинто”- гийн зэсийн групп болон Кенникотты зэсийн ордод
бизнесийн ахлах шинжээчээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид
ажиллахаар иржээ.
-“Рио Тинто” гэх дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том компанийг орхиод Монголдоо ажиллахаар иржээ, та хоёр. Яагаад ийм шийдвэр гаргасныг тань сонирхож болох уу?
Х.А: -“Оюутолгой” төслийг “Рио Тинто” удирдаж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. “Рио Тинто” дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулсан, нэг л стандартыг баримталдаг. “Оюутолгой” компани нэгэнт дэлхийн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас эх орондоо ажиллах нь илүү. Энд ажилласнаар олон улсын туршлагатай болно. Ер нь өнөө цагт Монголд, тэр дундаа дэлхийн анхаарлын төвд буй “Оюутолгой” төсөлд гар бие оролцоно гэдэг залуу хүн бүрийн мөрөөдөл шүү дээ.
Д.Г: -АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр явсан учраас тодорхой хугацаанд тэнд ажиллаад эх орондоо буцаж ирэх гэрээтэй байлаа. Нөгөө талаас Монгол Улсын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд байгаа учраас эх орондоо ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг.
-Арван жилийн сургуулиа төгсөөд, мэргэжил сонгох үед тань Монголын уул уурхайн салбар ийм хурдан томрох төсөөлөл бага байсан байх. Уул уурхайн салбартай хэрхэн холбогдов?
Д.Г: -Анх 2008 онд АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Мичиганы технологийн их сургуульд эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалаад “Рио Тинто” компанид ажиллах болсон. Үүнээс өмнө Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарыг их сонирхдог байлаа. Тэр үед “Уул уурхай бол Монгол Улсыг богино хугацаанд хөл дээр нь босгох салбар юм байна. Би залуу хүн, энэ шинэ салбарт өөрийгөө сориод үзье” гэж шийдсэн. Засгийн газрын тэтгэлгээр эрдэс, баялгийн эдийн засагч мэргэжлээр суралцана гэдэг миний мөрөөдөл байлаа.
Х.А: -Би Английн Засгийн газрын тэтгэлгээр Их Британийн Дандигийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцахын зэрэгцээ “Рио Тинто”-гийн хуулийн хэлтэст дадлага хийсэн. Дараа нь магистр хамгаалаад, “Рио Тинто”-гийн төв оффист орж ажилласнаар уул уурхайн салбартай холбогдсон.
-Монголын уул уурхайн салбарт дөнгөж хөл тавьж байгаа юм байна. Та бүхний ажиллаж байсан газрынхаас хэр өөр байна вэ?
Х.А: -Урьд нь эх орондоо уул уурхайн салбарт ажиллаж байгаагүй ч “Рио Тинто” аль ч улсад үйл ажиллагаа явуулсан нэг стандарт барьдаг болохоор Лондон, Монголд ажиллахын ялгаа байхгүй.
Д.Г: -Тэнд ажиллаж байхдаа Монголын уул уурхайн салбарын мэдээллийг хүлээн авч байсан. Жишээ нь, миний ажиллаж байсан уурхай 100 жилийн түүхтэй. Нөөц нь дуусах шатандаа яваа. Оюутолгойн хувьд олборлолтоо ч эхлээгүй байгаа учраас харьцуулах хараахан боломжгүй. Гэхдээ олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас ерөнхийдөө дэлхийн бусад том ордтой адилхан.
-Гадаадын олон төсөлд ажиллаж байсны хувьд Монголын уул уурхайн салбарын давуу болоод сул талыг юу гэж харж байна вэ?
Д.Г: -Оюутолгойн ордод ил болон далд уурхайн аль алийг нь ашиглах гэж байна. Миний ажиллаж байсан төсөл далд уурхайг 100 жил ашиглаагүй байж саяхнаас л эхлэн судалж байгаа. Гэтэл Оюутолгой дөнгөж эхэлж байгаа хэрнээ далд уурхайг ашиглахаар бүтээн байгуулалтаа өрнүүлж эхэлсэн нь том давуу тал шүү. Уул уурхайн салбарын олон жилийн туршлагатай орны хүмүүс юм сурахаар, олон улсын туршлага судлахаар Оюутолгойд ирж байгаа нь сайн хэрэг.
-Цөөнгүй жил гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирэхэд ямар сэтгэгдэл төрөв. Уул уурхайн салбар Монголыг тэр чигт нь өөрчилж, Монголын ирээдүйтэй гарцаагүй холбоотой болсон байна шүү дээ?
Д.Г: -Монголчууд уул уурхайгаас их зүйл хүлээж байна. Одоо бүх зүйл эхлэлийн шатандаа байгаа ч Монгол Улс сайн тал руугаа тодорхой хэмжээгээр хөгжиж байгааг харах сайхан санагдаж байна. Удахгүй уул уурхайн салбарын томоохон төслүүд олборлолтоо эхлүүлснээр бидний ирээдүй улам баталгаатай болох байх.
Х.А: -Гэхдээ цаашдын өрнөлийг маш хариуц лагатайгаар явуулах хэрэгтэй. Энэ их баялгаа зөв ашиглаж, үүнээс их мөнгө олох эсэх нь бидний л гарт байна. Одоо Засгийн газрын оновчтой бодлогоос энэ салбарын ирээдүй гарцаагүй хамаатай боллоо. Уул уурхайн салбар нь барилга, үйлчилгээ, дэд бүтэц зэрэг эдийн засгийн бусад салбарын хөгжлийн нэг хурдасгуур нь болдог. Зөвхөн Оюутолгойн ордын олборлолт эхэлснээр Монголын ДНБий гуравны нэгийг бүрдүүлэх тооцоо бий. Мөн “Оюутолгой” төсөл бидэнд баталгаа, нэр хүндийг авчирснаар зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.
-Гаднынхан Монголын уул уурхайг тэгтлээ их сонирхож байгаа гэж үү. Орчинд нь байсан хүний хувьд Монголын уул уурхайн талаарх гаднынхны бодол, төсөөлөл ямар байна вэ?
Д.Г: -Тэр үнэн. Үнэхээр дэлхий нийтээр анхаарлаа хан дуулахаас аргагүй том тэсрэлт үүд Монголд өрнөж байгаа. Нөөцийн хувьд их, түүнээс гадна БНХАУ гэх аварга зах зээлийн хажууд байдаг нь бидний давуу тал. Тиймээс Монголд хөрөнгө оруулах, энд ажиллах сонирхол гаднынханд их бий. Хүн болгон энэ бодит салбарын тухай мэдэж давуу талаа ашиглахаар яарч байна. АНУ-д бол уул уурхай нь технологи, үйлчилгээ зэрэг бусад салбартайгаа адилхан хөгжсөн учраас зөвхөн энэ рүү туйлширдаггүй. Монгол Улс цаашдаа уул уурхайгаа даган бусад салбар нь хөгжөөсэй гэж хүсдэг.
Х.А:
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэлхий нийтээрээ ажиглаж байсан.
Уул уурхайгаар мэргэшсэн хуульчдын хувьд уг гэрээ их сонирхолтой байсан
шүү дээ. Өдгөө ч Монгол Улс томоохон төслүүдээ хэрхэн удирдаж байна вэ,
хөрөнгө оруулалтын гэрээ яав гэдгийг сонирхсон хэвээр байгаа.
Т.ЖИГҮҮР