Монголчуудын бичиг үсэг, уран зохиол, түүхийн гол таван дурсгал хэмээгддэг “Хураангуй алтан товч”, “Лу. Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх” сурвалжийн бүрэн хэмжээний судалгааг Ш.Чоймаа, М.Баярсайхан, С.Чулуун, Д.Заяабаатар нарын эрдэмтэн хийжээ. Монголын түүхэн сурвалжийн дотор онцгой байр суурь эзэлдэг эдгээр бүтээлийн хамгийн эртний бүрэн эх Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд үүнийг эрдэмтэд судалгаандаа ашиглажээ.
Ингэхдээ БСШУЯны зөвшөөрлөөр ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн “Лу. Алтан товч” болон Монголын ховор, хосгүй үнэт бүтээлд орсон судруудын хуудас бүрийг гэрэл зурагт буулгаж, эх бичвэрийг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлж, кирилл үсгээр буулгасан байна. Түүнчлэн дээрх зохиолуудыг ижил төстэй бусад хувилбар болон тухайн цаг үед холбоотой түүхэн сурвалжтай харьцуулан нягталж, үг хэллэг, түүхэн үйл явдлын талаарх хэлний болон түүхийн дэлгэрэнгүй тайлбарыг дагалдуулжээ.
Мөн латин галигаар нарийвчлан буулгасан нь гадаадын монголч эрдэмтдэд чухал хэрэглэгдэхүүн болсон гэж эрдэмтэд үнэлжээ.