Түрүүч нь Монгол зураг 3

Найзууд энд тааралдана гэж санаагүй болохоор хэн хэн нь бяцхан балмагдав. Бие биенээ сонжих мэт харснаа өөрийн эрхгүй тэврэлдлээ. Хар багаасаа, арван жилийн нэгдүгээр ангиасаа эхлэн хамт явж, үерхэж нөхөрлөж явсан андуудын нэгтэйгээ тааралдахад баярлан догдлохгүй хэн байх билээ? Түрүүний үйлчлэгч монгол бүсгүй Мөөгийд “нэг Монгол хүн үйлчлүүлж байна” гэж хэлэхээр нь “энэ үнэтэй ресторанд хооллодог ямар Монгол хүн байна гэж сониучирхаж харсан, их л таньдаг хүн сууж байсан. Тэгээд хойноос нь дагаад очсон чинь яах аргагүй чи байхаар нь дуудлаа” гэсээр Мөөгий тайлбарлав.

Женни, Адам хоёртой салах ёс гүйцэтгээд Мөөгийтэйгээ ярьсаар үлдлээ. Мөөгий: Эд нар чинь юун улс вэ? Порш Кэй-эн (Porsche Cayenne) унадаг гайгүй гарууд уу үгүй юу? гэв. “Галаа: миний баз хүргэн, авгайн дүү хоёр юм аа.” Гэсээр яриагаа өрнүүллээ.

… Мөөгий: “Чи хүлээж байгаарай би босстойгоо ярьчихаад эртхэн ажлаа дуусгаад хоёулаа манайд очьё” гэв. Галаа: “Чи миний төлөө ажлаа алдаад яахав дээ дараа нь зохицуулаад надтай уулзана биз. Би энд нилээн удах байх. Чамтай заавал дахиад уулзалгүй яахав…”  гэх мэт ярилцаж байсан боловч хэн хэн нь дотроо найзтайгаа бушуухан ярьж хөөрөхийг тэсэн ядан хүлээж байгаагаа дууныхаа өнгө, баярлаж догдолсон царайндаа илэрхийлж байлаа.

Мөөгий Чикаго хотын умард хэсэгт галт тэрэгний буудлаас 500 орчим метрийн зайтай сууцанд (apartment) амьдардаг ажээ. Гэрт нь ороод бараг л юм идэж ч эхлээгүй байж “миллер таймдлаа.” (Miller брэндийн пиво уув.) Япон рестораны үйлчлэгч Монгол бүсгүй нь түүний хамтран амьдрагч буюу найз охин Гэрлээ нь болж таарлаа. Хоёр унтлагын өрөө байраа Монголчуудтайгаа хувааж эзэмшин амьдардаг аж. Удтал уулзаагүй анд нөхдийн ёсоор өнгөрсөн амьдралаа багын найзууд дурслаа.  Мөөгий арваад жилийн өмнө аз байвал америкийг үзье хэмээн оюутны визээр орж иржээ. Визийн материалаа бүрдүүлэх гэж арай л Монгол улсын ерөнхийлэгчийн тамгын газрын бичиг олж өгөхөөс л наагуур юм болж. Хэрвээ тэр үед Америкийн элчингээс “Монгол улсын ерөнхийлэгчийн гарын үсэгтэй бичиг олж ир” гэсэн бол тэр үеийн Монголчууд яаж ийгээд ерөнхийлэгчийн гарын үсэгтэй бичиг үзүүлэх байсан байхдаа гэж хоёр найз дурсан ярилцаж өөрийн эрхгүй пис хийтэл инээлдэв. Ер нь Мөөгий, Галаа хоёр уулзаж ярилцан суух болгондоо баахан марзганан, хуучнаа дурсан инээлддэг юм аа. Харамсалтай нь тэр үед Монголд интернэт нэг их дэлгэрээгүй байсан болохоороо Мөөгий компьютер эзэмшихдээ тааруу биш байсан ч имэйл, интернэт ашиглаж сураагүй байсан учир Галаагаас холбоо тасаржээ.

Хувь тавилан гэж сонин ажээ. Мөөгий бол багадаа онц сурахаар барахгүй физикийн олимпиадын аварга зэрэг болж байсан, сайхан зурж бичнэ, спортын ямарч төрөлд ер нь их эвсэлтэй хүүхэд байсан. Улмаар арваа төгсөөд зүүн европын нэгэн оронд дээд сургууль дүүргэсэн юм. Тийм боловч энд 1990-ээд оны дундуур амьдрал хайхаар Америкт ирэн ёстой шуудай шуудайгаар нь мөнгө амархан хийчихнэ гэсэн гэнэн сэтгэхүйтэй анх хөл тавьжээ. Гэвч амьдрал санааснаар нь амар байсангүй. Тэр үед Монголчууд ч цөөхөн байжээ. Нэг нэгэндээ туслах чадвартай болсон хүн цөөхөн өөрсдийгөө яая гэж байсан байна. Энд хэлний курсээ дуусгасан боловч гар хоосон Монгол руугаа буцахыг хүссэнгүй хэдэн төгрөг хийхээр шидэж ажил хайсан боловч эхний үед хэл, туршлага муугаас шалтгаалан ажил олдохгүй, олдсон ч удаан ажиллаж чадахгүй учир нь манай хүн яг үнэндээ ажлаа хийж чадахгүй удаан хөдөлгөөнтй залхуу Монгол сэтгэлгээгээрээ хандаад байсан аж. Олонч ажил дамжжээ. Гэвч аажмаар энэ бүхэндээ туршлага суун хөлөө олж. Одоо байгаа газраа эхлээд сав угаагчаар орж аажмаар ахиж дэвшсээр суши хийдэг хүн болжээ. Мань хүний ярианаас одоо байгаа ажилдаа, авдаг мөнгөндөө сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдэнэ. Босс нь түүнд сайн өөрөө хамгийн сайн ажилч хичээнгүй ажилтан нь аж. Яваандаа өөрийн гэсэн хувийн ресторан нээх зорилготой байгаагаа яриан дундаа хэлж байв.  Найз охиноо ч өөрөө энэ ажилд оруулж өгчээ. Америкт рестораны үйлчлэгч нь цалин бага авдаг боловч гол нь гарын мөнгөөр мөнгө олдог (ойролцоогоор тооцооны арван хувь) нь Галаад сонирхолтой санагдав.

Удалгүй Гэрлээ нь ажлаа дуусгаад ирж байна гэж утасдсан тул дөхүүлж байгаад түүнийг тосож авахаар боллоо. Мөн хэдэн “юм” нэмж авахаар хоёр найз тохиров. Үлдсэн хэдэн пивоо дорно ховх соров. Галаа энэ хооронд амжуулаад босс руугаа болон охин руугаа залгалаа. Ямар ч байсан байдал нааштай эргэж магадгүй, “Гео систем”-ийн дэд захиралтай нь дотно холбоо тогтоосон, баз хүргэн нь байсан тул дэмжлэг авахаар болсноо баяр хөөртэйгээр хэллээ. Пол маш сэтгэл ханамжтай байгаа нь дууных нь өнгөөр мэдэгдэж байлаа. Нөхцөл байдлын тухай ойрхон ойрхон илтгэж байхыг даалгаснаар яриа өндөрлөлөө. Дараа нь охин руугаа залгав. Анн утсыг авч ёс болгон хэдэн үг сольсноо охин Мишээлд нь утсаа дамжууллаа. Монгол ч нэр болдог, англи ч нэр болж болдог болохоор охиндоо Мишээл гэсэн нэр өгсөн билээ. Галаа охиндоо сайн явж ирсэн болон Америкийн тухай сонирхолтой санагдсанаа ярьж дүүгийн (хүүгээ) асуув. Мишель аавыгаа санадаг тухай, сургууль болон хичээл дээр болсон явдалаа ярьлаа. Охиноосоо юу захимаар байгааг асуухад ангийнхан хүүхдүүд “iPod”-той болсон байна гэснээр юу авхуулмаар байгаа нь тодорхой болов. “iPod” –ийн сүүлийн загвар нь Америкт худалдаанд гарсан боловч Австралид хараахан гараагүй 6 сарын дараа л дэлгүүрүүдэд нь үзэгдэх төлөвтэй байгаа аж.  Ямарч байсан аав нь авч өгнө гээд амлаад дүүтэй нь ярья гэлээ. Хүү Рон нь эгчийн нь хэлснээр бол гүйж ирээд хэдэн юм шулганачихаад яваад өгөв. Галаа үнэндээ юу ч ойлгосоонгүй…

Гэрлээг тосонгоо дахиад пиво авлаа. Гэрлээ нь түүнээс дөрөв дүү хотын төвийн нэг дунд сургуулийг төгссөн аятайхан, яриа хөөрөөтэй төлөв охин байлаа.

Яриа Галаагийн тухай сэдэв рүү шилжив. Найз нь Галаагийнхаа сайн яваад ил цагаан атаархаж байгаагаа нуусангүй. Галаа харин үүнд нь даруухнаар ингэж тайлбарлалаа. Монголд сэтгэж чаддаг толгойтой, ажилсаг хөдөлмөрч олон залуучууд байсан боловч тэд зорилго тавьж чаддаггүй, эсвэл зорилгоо зөв тодорхойлж чаддаггүй юм шиг. Хүн янз бүрийн олон зүйлд сатаараад, эсвэл олон зүйл нухаж оролдож амжилтанд хүрэхдээ заримдаа саатдаг. Нэг тодорхой зүйлийг яс барьж аваад тэрнийхээ эцсийг үзэх гэж тэмцдэг, оролддог бол илүү амжилтанд хүрэх мэт. Товчоор хэлбэл тодорхой чиглэсэн зорилготой байх хэрэгтэй. Монголд Галаагаас илүү байж болох олон инженер залуучууд байгаа, байх ч болно. Гэвч тэдний маань ихэнхэд нь авьяас чадвар байхаас гадна эр зориг, аз туршихаас айдаггүй байх, дайчин шаргуу тэмцэгч чанар, ялалтын төлөө тэмүүлэл байх ёстой ингэж байж л хүний нутаг гүний газар хоолоо олж иддэг. Дан ганц авьяас чадвар, мэдлэг боловсрол, их юм уншиж судалсан байх нь гадаадад амжилтанд хүрэхэд хангалтгүй. Хүний нутагт хүнд үедээ сэтгэлээр унах биш өөрийгөө хурцлан зоригжуулах чадвар бас их чухал. Нөгөө талаар хүний зурсан зураг төөрөг тавилан гэж байдаг билээ. Сайн явах санааных, санаа зөв бол заяа зөв гэж үнэн үг шүү. Энэ л бүгд Галааг баруунд гаргаж амжилтанд хүргэсэн нууц нь гэж байлаа.

Найзууд халуурч ойрхон байгаа архиний мухлагыг хаахаас өмнө эртхэн гарч нэмж “юм” авахаар шийдлээ. Найз бүсгүй Гэрлээ нь гарахад ихэд дурамжханаар дэндүү орой болсон юм биш үү? гэхэд Мөөгий маргааш тав дахь өдөр, тэгээд ч Галаа Австрали руугаа ярих  яаралтай хэрэгтэй юм байна. Утасны карт далимд нь авч өгье гэж амын тагласнаар гадагшаа гарлаа.

Орой харанхуй болсон боловч гудамжинд хөл хөдөлгөөн тасарсангүй. Гудамжинд неон гэрлүүд асжээ. Энэ удаа нэг виски нэмж авахаар боллоо.  Хоёр найз дүнгэр, дүнгэр ярилцсаар дэлгүүрээс дөнгөж гараад удаагүй байтал өөдөөс нь алхалж байсан нэгэн Африкан Американ мөнгө болон тортой юмаа өг гэсээр яах ийхийн зуургүй гар буу гаргаад ирэв. Галаагийн дотор пал хийгээд айдасын мэдрэмж төрөв. Харин Мөөгий яагаад ч юм тортой “юмаа” тун хурдхан өгөв. Өврөөсөө түрийвчээ гаргаад өгье гэж хэлээд өвөр лүүгээ гараа орууллаа. Дээрэмчин тортой “юмыг” нь авах үедээ сониучирхан доторхийн харан анхаарал сулрах тэр агшинд Мөөгий аль хэдийн гар буу гаргаад ирчихсэн дээрэмчнийг чиглүүлэн заналтай дуугаар одоо чи гараа өргө миний юмыг буцааж өг, бас дээр нь мөнгөө өг …”mother ......” гэх зэрэг хараалаа урсган хатуу хахир чангаар хэлэв.  Байдал маш эгзэгтэй болж бүх юм удаашраад явчих шиг, цаг хугацаа саатан асар удаан явж байх шиг Галаад санагдана. Дээрэмчин нэг л эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай болоод явчихлаа.

Байдлыг зохицуулахын тулд Галаа одоо самбаачлах хэрэгтэй байлаа. Яагаад ч юм өөртөө маш итгэлтэй дуугаар дээрэмчинд хандан миний найзын буу 17 үсэрдэг Glock 19 гэдэг буу. Гол болон ажилгааны механизмаас бусад эд ангийн пивараар хийсэн сүүлийн үед үнэлэгдэх болсон орчин үеийн найдвартай буу даа! Чиний наад буу чинь “revolver” байна ш дээ. Сайндаа 6 үсэрнэ биз. За тэгээд хэнийх нь буу илүү олон сум гаргаж чадахыг бодол доо гэж өөрөө ч гайхмаар тун тайван хэллээ. Дээрэмчин илт хулчийж байгаа шинжтэй. За болъё. Би ажуухнаар тортой “юм”-ыг чинь газар тавья тэгээд салая гэв. Галаад энэ хангалттай санагдсан тул олон таван үггүй “Ок” гэв. Гэтэл Мөөгий эрс шийдэмгий дуугаар буугаа бас тавь гэлээ. Энэ удаа Мөөгийгийн барьсан буу дээрэмчний нүүрэнд нь шахуу тулжээ.

Үргэлжлэл бий

Ё. Гантулга

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/