Түрүүч хэсэг нь “Монгол зураг-2”-т байгаа

…Давид яриагаа намуухан үргэлжлүүлж Канадын “Мапсофт” компанитай хамтарч ажиллаж байгаа ба энэхүү түнш нь Австралийн нэгэн програмчлалын компанийг худалдаж авсан тул “Гео систем” өөр түнш сонирхохгүй байгааг тун эвтэйхнээр илэрхийлэв. Галаа ёс төдий хэдэн асуулт, хариулт өрнүүлж, Давид хариулснаар уулзалт өндөрлөхөөр боллоо.  Төгсгөлд нь Давид энэ асуудлаар хэрэгцээ гарвал дахин ярина гэж манжлахаа мартсангүй. Асуудал ойлгомжтой болжээ. Манай  хүний зорилго бүтсэнгүй. Эд нар  түс тас хэлэлгүйгээр ингэж асуудлаа цэглэдэг заншилтайг ямар мэдэхгүй биш.

Галаагийн ажилладаг “Мултисис” компани нь 1990-д оны мэдээллийн технологийн (МТ) тэсрэлтийн үед гараагаа эхлэн тэр үеийн ихэнх компьютерийн компаниудын адилаар богино хугацаанд маш хурдан амжилтанд хүрч, үүсгэн байгуулагч Пол Браун нь дөнгөж 30 хүрч байхдаа саятан болжээ. Пол бол ихэнх шинээр гарч ирсэн МТ –ийн баячуудын адилаар өөрийн хөдөлмөр, оюун ухаанаараа баяжсан тун ухаалаг, овжин хүн бөгөөд асуудлыг маш хурдан газар дээр нь шийддэг, ирээдүйдээ итгэлтэй, шулуун шударга яриатай, үргэлж инээмсэглэн, хошигнож чаддаг зөөлөн хүн мэт сэтгэгдэл төрүүлэх авч энэ багийнх нь ард маш хатуу, шийдмэг дүр төрх нуугддаг юм.

Харамсалтай нь сүүлийн үед зах, зээлийн ширүүн өрсөлдөөний улмаас “Мултисис” компаний байдал муудаж, зах зээлээ алдсаар байгаа нь компаний ирээдүйн хувь заяаг бүрхэг болгож байгаа билээ. Пол, Галааг илгээсэн учир нь техникийн зөвлөхийн хувьд эхний ээлжийн тохиролцоог хийвэл зүгээр гэж үзсэнд, нөгөө талаар энэ чиглэл рүү ороод үзье гэсэн Галаагийн санаачлагаас үүсэлтэй байлаа. Галаагийн хувьд энэ уулзалт чухал сорилт байв.

Мэдээж “Мултисис” компанид нь Галаагийн хэмжээний сэтгэдэг, магадгүй түүнээс илүү юм мэддэг инженерүүд бөөн, бөөнөөрөө л байгаа. Гэвч программч хүнд хамгийн чухал шинж чанар болсон аливаа юмыг өөр өөр өнцгөөс нь харж чаддаг, түүнчлэн асуудлыг нэг бүрчлэн детальчлан (салгаж ялгадаг) задлаж шинжлэн дүгнэдгийг нь Пол олзуурхан Галааг ихэд үнэлэх болжээ. Анх Галаа тус компанид ороход түүний олон сонирхолтой өөр өнцгөөс харсан үл бүтэх ч юм уу? гэмээр санаа дэвшүүлдэгт нь зарим хүмүүс шоолонгуй ханддаг байсан боловч угийн овсгоотой, ажил хэрэгч, ажигч, гярхай Пол эдгээр санааг олзуурхан шүүрч аван, багагүй үр дүнтэй шийдэлд хүрснээр Галаагийн нэр хүнд, байр суурь компанид дээшилж эхэлжээ. Аливаа хүн ном, онолыг уншиж судалж байх нь зөв болов ч тэр болгон номоор, онолоор яваад байж болохгүй. Ном бол онол, сэтгэлгээ, хүний ажил амьдралын туршлагаас бүтдэг болохоор цаг үеийн үйл явдлаас ихэнх тохиолдолд  хоцорч явдаг. Амьдрал агуу их, таагдахын аргагүй. Нөхцөл байдал, хөгжил дэвшил, орчины өөрчлөлтөөс шалтгаалаад хүмүүст, хүн төрөлхтөнд ямагт шинэ даалгаварыг амьдрал тулгадаг. Үүнийг хүмүүс ойлгож мэдрэн өмнөх үеийн бий болгосон оюун сэтгэлгээний баялагийг (ном зэрэг мэдээллийг) ашиглан баяжуулж шинэ нөхцөл байдалд сэтгэж, эрэл хайгуул хийн хөгжиж байх учиртай юм. Амьдрал нь олон хүчин зүйлсийн нийлбэрээс тогтдог тул заримдаа санаандгүй үйлдэл, санамсаргүй хүчин зүйлс хүртэл үйл явдалд нөлөөлдөг. Тиймээс түүнийг бүрэн хэмжээгээр томьёолж, функцлах боломжгүй, үүнээс үндэслээд аливаа зүйлийг урьдчилан тааварлах бололцоогүй гэж Галаа үздэг.

Хаврын хурц шар нар нүд гялбуулан нүүрэн дээр тусах нь ядаргаатай бөгөөд шаналгаатай ч юм шиг. Галаа өөрийн эрхгүй нүүрээ үрчийлгэн, нүдээ онийлгон Чикагогийн төвийн (downtown) гудамжинд тээнгэлзэн зогсож байлаа. Полын итгэл өгөн Галааг явуулсныг бодохоор, тэгээд зорилтыг биелүүлж чадаагүйдээ хүний ач тусыг санаж явдаг хүнийхээ хувьд манай хүний сэтгэл зовж дарамттай санагдаж эхлэв. Саяын болсон яриа, уулзалтанд дүн шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг. Одоо Австралид унтаж, амрах цаг тул имэйл дэх үү? эсвэл тэнд ажлын цаг эхэлсэн үед утасдах уу? гэдгээ бодож эрэгцүүлснээ, ямарч байсан Полтой холбоо барих нь ойлгомжтой тул буудал руугаа шууд явъя замаараа элдэв бар, саваар орж сэтгэлээ тайтгаруулахаа больё  гэж шийдлээ.

Гудамжаар олны урсгал сөрөх мэт мэдрэмж төрөн бодлогошоронгуй алхалсаар нэг мэдэхэд үл мэдэх газар иржээ. Уул нь Чикаго хот их түймрээсээ хойш блокийн системээр байгуулсан тун ойлгомжтой зохион байгуулалттай хот л доо. Хотын төвөөсөө эхлээд гудамжныхаа дугаарыг эхэлдэг тул хүн хаана нь ч явсан баримжаа авч болдог. Хэрэв явж байгаа газар чинь Hyatt hotel 800N Мичиган өргөн чөлөө гэсэн хаягтай байвал хотын төвийн эхлэл гудамжнаас хойд талдаа явж байгаа юм байна. Энэ гудамж нь хойшоо, урагшаа чиглэлтэй, гудамжны сондгой тоо нь ямагт зүүн талдаа, тэгш нь баруун талдаа байна гэх мэтээр, үгүй бол зүүнээс барууныг чиглэсэн гудамжууд байх ба энэ гудамжууд Стэйт гудамнаасаа баруун, зүүн байрлахаасаа хамаараад зүүн, баруун гэж нэрлэгдэн гудамжны дугаар нь тоологдоно. Гэвч Галаа төөрчээ. Нэг мэдэхэд газар доогуурхи гудамжаар орсон байлаа. Манай хүн газрын зураг энээ, тэрээ авалгүй алхахад төөрөхгүй гэж бодсон нь андуурал болжээ. Хотын төвийн зарим хэсэг нь давхар төмөр блок, гудамж дээр оршиж байгаа аж. Газар доогуур яваад байгаа мэт эл хуль шахуу эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр, дарамттай орчинд санаа зовонгуй алхсаар арайхийж дээдэх гудамдаа гарч ирэв. Энэ удаа нарны туяа манай хүнийг ивээн тэтгэж байгаа мэт нэг л таатай мэдрэмж төрүүлж байлаа.

Буудалдаа очоод, гадуур хувцасаа ч тайлж солилгүйгээр орон дээрээ тэрийж унан хэсэг амс хийснээ лаптопоо (зөөврийн компьтер) асааж аваад байдлыг дарга руугаа емайлдэв. … Галаа нэг мэдсэн чинь дугхийжээ. Утас дуугарах дуугаар сэрэхэд, толгой нь дүнхүүрэн, их л нозооронгуй хүндрэлтэйгээр босож, орон дээрээ жаал суулаа. Өдрийн уулзалтанд сэтгэл зүйн хувьд нилээн дарамттай байсан тул их ядарсан байв. Уахоо мэссэнжэр дээр хамт ажиллаж байсан Батаа ороод ирчихсэн яаралтай харилцах хэрэгтэй байна гэсэн утгатай хэдэн мэссэж үлдээчихэж. Галаа хариулъя гэж бодсонгүй учир нь Женни утсанд нь оройн хоолонд урих бодолтой байгаагаа илэрхийлж Галааг завтай эсэхийг асуун мэссэж үлдээсэн аж.  Цаг харвал оройн 5 цаг болж байх бөгөөд Женни арван есөн цагт Япон ресторанд нөхрийн хамт Галааг хоолонд орохыг урьсан байв. Женни рүү залган уулзах газрынхаа хаягийг авсаны дараа ресипшнд такси захиалав. Босоод шүршүүрт оронгоо сэргэж аван, лаптопоо унтраахаасаа өмнө Батад маргааш чатлая гэж офлайн мэссэж  үлдээлээ.

Хотын төвийн Япон ресторанууд нь сайхан тохижуулсан, үнэтэй, тансаг байдаг боловч, мань хүн Япон хоолонд тийм их дуртай биш билээ. Уг нь Япончуудыг Азийн нэрийг одоохондоо ганц тахалж яваа улс, үндэстний хувьд ихэд үнэлэн талархдаг ч гэсэн Япон хоол үнэтэй мөртлөө орц багатай дээр нь маханд дуртай хүний ходоодонд тун хурдан шингэчихээд амархан өлсүүлдэг. Харин энэ нь бүдүүрэх, таргалах нь үндэсний гамшиг, нэгдүгээр зэргийн асуудалтай өвчин болж байгаа Америк мэтийн оронд жинхэнэ эрүүл ахуйд таарсан хүнс бөлгөө.  Надад хоолны орц, мах ихтэй Америк хоол таалагддаг гээд шууд хэлэх хэцүү тул урилгыг ихэд талархан хүлээн авсан, сэтгэл ханамжтай дүртэй хоол зооглож байв.  Адам бол өндөр туранхай, хар залуугаасаа халцарч байгаагаа нуух гэж үсээ хусаж мулзалсан, гүн хурц, үл ялиг бодлогоширонгуй харцтай хүрэн нүдтэй  тийм боловч инээмсэглэл байнга нүүрэн дээр нь тогтоостой байдаг нь түүнийг ёжлонгуй төрхтэй болгожээ. Адам Галаад үнэн сэтгэлээсээ дотно хандах нь аргагүй зовлон нэгтэй, түүний зовлонг ойлгож ухаарч байгаа баз хүргэн шиг байлаа. Женни хар нимгэн, цээж нь ил гарч хөхний дээд хэсгийг ил харагдуулсан даашинз өмсжээ. Яриа, хөөрөө нь урьдынх шигээ ил цагаан, шулуун хэвээрээ агаад алтан шаргал үсээ даруулаад алмазан шигтгээтэй хавчаар, түүнтэйгээ ижилсүүлээд бөгж, ээмэг, энгэрийн зүүлт, бугуйвч зүүсэн нь үе үе гэрэлд солонгороод алмас эрдэнэ шүү гэдгээ нотлох мэт гялалзана. Ярианы өрнөл голдуу Женнитэй Австралийн тухай дурсах, Монгол орны тухай тэдний сонирхсон асуултанд хариулах зэргээс Адамын тухай сэдэв рүү шилжэв. Адам уг нь Сэйнт Луйст өссөн боловч Иллинойгийн их сургуульд элсэн компьютер графикийн ангид суржээ. Оюутны солилцоогоор сурч байхдаа Женнитэй адилхан хичээл сонгож авсан учраас анх түүнийг их сургуулийн хичээлийн танхимд харан улмаар хамтдаа хичээлээ хийх болсноор тэд дотносжээ. Гэвч Адам их сургуулиа дүүргэсэнгүй. Ихэнх авьяаслаг оюутны адилаар оюутан байхдаа ажил хийж эхлэн улмаар төгсөх жилдээ өөрийн компьютер графикийн чиглэлийн компаниа хамтран зүтгэгч Кент Конлонтой байгуулж сургуулиа орхисон түүхтэй аж. Тийнхүү “Гео систем” -ийн дэд захиралтай ярилцаж сууж байгаа нь тодорхой болсноор, Женни яагаад тэнд ажиллаж байгаа нь ойлгогдож Галаад боломж нээгдэж байгаа нь ойлгомжтой боллоо. Галаа ч боломжийг алдалгүй эвтэйхнээр өөрийнхөө зорилго, нөхцөл байдлаа хэлж тусламж эрлээ. Мэдээж хувийн дотно харьцаа тогтоож байгаагийн хувьд, Женнигийн хүргэн ах байсны хувьд Адам түүнийг дэмжихээ амлан Женни ч гэсэн хажууд нь нөхрөө дэмжин толгой дохиж суулаа. Үнэндээ  “Гео систем” -ийн хувьд алдаад байх юмгүй л дээ. Хамтран ажиллагч компани нэгээр нэмэгдэнэ биз.

Төдөлгүй Адам өөрийн компани болон бизнесийн хэтийн төлөв, орчиныхоо талаар дэлгэрэнгүй ярьж эхлэв. Адам, Кент хоёр анх барилгын зураг төсөл хийх программ хангамж дээр бизнесээ эхлээд аажмаар газрын зураг руу оржээ. Учир нь байшин барихаасаа өмнө тухайн газар нутгийг судалж, төлөвлөлт хийн байшин барих газраа газрын зураг дээр төлөвлөн  байрлалаа тодорхойлж зурдаг. Энэ бүхнийг анзаарсан “Гео систем” компани зөвхөн барилгын зураг төслийн программ хангамж хангалтгүйг ойлгон түүнийг газрын зураг дээрхи газар төлөвлөлтийн иж бүрэн цогцолбортой нь хийх хэрэгтэйг ойлгож хөгжүүлснээр аажмаар энэхүү үйл явц нь GPS технологи руу оруулжээ. Харин Чикаго хотод төвлөрсөн учир нь Чикагогийн мафи өдий хүртэл нөлөөтэй байдаг аж. Энд тун нарийн үйл ажиллагаа явагддаг. Тэд жирийн, энгийн хүнийг оролддоггүй боловч жишээ нь:  Сэйнт Луйст дахь барилга байгууламжийн газар олголт зэргийг хянаж, мөн үйлдвэрчний эвлэлийг (trade union) хяналтандаа байлгадаг. Жирийн барилгачин хүн үйлдвэрчний эвлэлд элсэснээрээ эрхээ хамгаалуулах зэрэг тун давуу эрх, үйл ажилагааг хүртдэг боловч гишүүний татвар нь цаагуураа мафид очдогийг, тэр барилгын компаний үйл ажиллагаа, барилгаа барих газар нутгийг мафи олж өгдөгийг төсөөлдөгчгүй юм. Тийм болов ч энэ нь татвараа төлөөд эрхээ хамгаалуулж байгаа хүндээ ч, татварын мөнгийн аваад, байшин барилгын газар олголтын асуудлыг шийдэж байгаа мафитай ч харилцан ашигтай бизнэс ажээ. Орчин үеийн мафи ийм л нарийн ажиллагаатай болсон байна. Мөн мэдээж хар тамхи зэрэг зүйлд оролцдог боловч өөрсдөө шууд зарахгүй жижиглэн худалдагч нар нь гудамжинд зарж зогсдог байна. Тэд үнэндээ тухайн мафитай шууд холбоо байхгүй голдуу африкан американ, латинуудын бүлгүүд дамаар бараагаа хүлээн авч зардаг болжээ.

Нэлээн хэдэн Асахи пиво ууснаас болоод Галаа, Адам хоёр халан үг нь олшроод, царай нь бутраад ирэхийг анзаарсан Женни цаг оройтлоо хөдлөх үү дээ, та бидэнтэй холбоотой байгаарай таны эндэх ажил бүтнэ гэж найдаж байна гэв. Галаа өндөрлөе гэж дохио өгч байгааг ухааран толгой дохин зөвшөөрөхөд Адам санаа зоволтгүй бид хамтарч ажиллах болно гэснээр Галаагийн бүх ажил бүтээд ирсэн юм шиг дотроосоо нэг л сайхан хөөрөөд явчихлаа. Энэ үед ойролцоо тог тог товшин дөхөн ирж буй үйлчлэгч бүсгүйн алхаа гишгээ, үл ялиг төвгөрдүү хацар зэрэг нь Галаад нэг л монголжуу харагдахад өөрийн эрхгүй чи Монгол хүн үү гэтэл бүсгүй цочих мэт зог тусан, бага зэрэг саатангаа тиймээ та бас Монгол хүн байсан юм уу? гэв. Галаа халсан байсныг хэлэх үү нилээн нүүрэмгий аашилж нөгөө хоёртоо энэ Монгол бүсгүй байна гэж хэлэнгээ хүүхнээс хэр удаж байгаа, хаана амьдардаг уу? гэх мэт хувийн чанартай асуулт тавив. Бүсгүй хариулангаа за би дараагийн ажлаа хийх хэрэгтэй байна гэж эвтэйхэн ойлгуулаад дөлсөн үү эсвэл үнэхээр ажил ихтэй байв уу цааш явж одлоо. Өтгөн хүрэн үстэй, өндөр нуруутай, цайвар царайтай үл ялиг таргалж яваа болов уу гэмээр аятайхан бүсгүй ажээ. Даанч Галааг сонирхох шинжгүй аж.

Рестораны хаалга дөхөнгөө Галаа нөгөө хоёртойгоо салах ёс гүйцэтгэж байтал гэнэт “чи Галаа мөн үү” гэсэн хачин танил дуу ард нь гарлаа. Галаа: юу билээ? Юун танил дуу билээ? Гэсээр гайхах, цочих зэрэгцэн эргэн хартал ёстой бурханы  ерөөлөөр гэдэг шиг хар багын найз Мөөгий нь инээчихсэн зогсож байлаа. Тэр хоромд нэг л сайхан мэдрэмж төрөөд ихэд баярлав. Ийм учрал гэж байдгаа.

Хувь заяаны нар түүн рүү харж мишээж эхлэжээ. Аз хийморь, адал явдлын тэнгэр түүнээс нүүрээ буруулаагүй байж. Өдөрхөн л хорвоогийн нар хүртэл түүнд хэцүү санагдан, дооглон тохуурхаад байгаа юм шиг санагдаж байсан бол одоо мань хүнд бүх юм сайн сайхан санагдан өөдрөгөөр төсөөлөгдөн өөрийн эрхгүй хөгжөөд явчихлаа. Уусан пиво нь нөлөөлөөд байгаа юм болов уу? Эсвэл үнэхээр азын тэнгэр нь наашаа эргэв үү?

                                    Үргэлжлэл бий

Ё. Гантулга

2009 оны 9 дүгээр сар 1

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/