Түрүүч нь Монгол зураг 4

Хүн эгзэгтэй үед амиа хамгаалах зөн билгээрээ нэг бол айж хулчийдаг, эсвэл санаанд багтамгүй зориг гаргадаг юм.  Ухаалаг хүн нөхцөл байдлыг зөв үнэлэн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоогоо хэрэгтэй үед гаргаснаар энэ нь зориг зүрх болон хувирч, өөрийнхөө болон өрөөлийн амийг хүнд хэцүү үед аварч чаддаг. Мөн заримдаа үнэхээр хүч хүрэхгүйгээ ухаарсан үед буулт хийн ухарч чаддаг байх нь аймхайн шинж биш, харин ухаалгаа харуулж байгаа хэрэг болох болов уу. Нөгөө талаас аймхай хүн ямар ч үед, тухайлбал нөхцөл байдал өөрт нь ашигтай ч байсан, эсвэл өөрийнх нь хүч чадал, боломж байсаар байтал айн хулчийснаар тэнэг байдалд ордог.

Яагаад ч юм Галаад энэ бүхэн урьд өмнө болж байсан зүйл яг дэс дарааллаараа давтагдаж буй мэт сэтгэгдэл төрөн, дээрэмчин буугаа тавихыг хүлээж байлаа. Хүний тархи, зөн совин гэдэг тайлагдашгүй мэт. Мань хүнд үе үе урьд энэ бүхэн болж байсан, эсвэл зүүдэлж байсан мэт зүйл тохиолддог. Ингээд бодохоор урьд нас байсан ч юм уу? Аль эсвэл паралель ертөнц, цаг хугацааны хугарал байдаг юм болов уу? Тэр цаг мөчид тэр хүн тэгж хэлнэ, энэ үед тийм үйлдэл болно гээд яг л програмчилсан мэт урьдчилж мэдрээд байгаа юм шиг. Бид бүхэн “Матриц” кинон дээр гардаг шиг програмчлагдсан ч байж болох уу? Хүний амь гэдэг үхэх цаг нь болоогүй бол яасан ч үхдэггүй бөх юм шиг атлаа цаг нь тулаад хэврэг гэдэг. Галаа хүүхэд насандаа сонсож байсан “Галзуу үхрийн эвэрт хатгуулж үхэхээс айгаад гэртээ байсаар нэгэн удаа чихээ ухаж байгаад хэнгэргээ цоолж үхсэн. Тэр цоолсон зүйл нь галзуу үхрийн эврээр хийсэн байжээ” гэсэн шиг. Бурхан байдаг уу? оршдог уу? гэдэг мөнхийн асуулт, маргаан нь хувь тавьлангийн зам, зураг төөргө гэдэгтэй салшгүй холбоотой ажгуу.

Дээрэмчин алгуурханаар эхлээд тортой “юм”-ийг, дараа нь буугаа тавингууд Галаа нүүрэн дундуур нь өшиглөж унагаав. Эс тэгвэл ямар нэгэн муу юм болох юм шиг, дээрэмчин бодлоо өөрчилж эсэргүүцэл үзүүлж магадгүй гэж санагдав. … Дээрэмчин алгуур ухарсаар бушуухан зугтаан  алга боллоо. Түүний бууг Галаа шүүрэн авч өвөртөө хийнгээ эндээс хурдан зайлая гэв.

Сэтгэл нь их цочирдсоноос болоод хоёр найзын уусан архи гараад цоо эрүүл иэт болсон байлаа. Мөөгийгийн гэр рүү үг дуугүй хурдан алхалж байснаа Галаа гэнэт нам гүм байдлыг эвдэн  чи наад буугаа хаанаас аваа вэ? гэж асуулаа. Мөөгий: Энд жолооны үнэмлэхтэй бол бүх зүйл болно. Буу худалддаг дэлгүүрт нь очоод тусгай маягт бөглөөд цээж зургийн хамт цагдаагийн газар руу шуудангаар явуулчихад долоогоос арван дөрөв хоногийн дотор чамд буу эзэмших АЙДИ (ID) карт чинь хүрээд ирнэ. Аан тийм бас $5 төлдөг шиг санагдаж байна. Тэгээд тэр картаа үзүүлээд мөнгөө төлчих юм бол буу чинийх шүү дээ гэв. Тэгснээ Мөөгий гэнэт саяны муу хогийг өөрийг нь дээрэмдчихдэг байж. Чи яршиг гэсэн болохоор тэгээд зогслоо гэж хэлээд инээв. Галаа ч даган хоёр найз чанга хөхрөлдөв. Хамаг бие сэтгэлийнх нь цочроо тэр хооронд гарах шиг боллоо. Галаа: Манай тэнд бол тийм амар буу авахгүй. Зургаан сарын хугацаатайгаар цагдаагийн завшөөрлийн дагуу сургалтанд хамрагдаж байж авдаг. Түүнд бас хөөрхөн мөнгө төлнө. Тэгээд бас бүтэн автомат буу зарахыг хориглосон байдаг гээд сонирхууллаа.

… Удсан ч үгүй  мань хоёрын хацар нь үл ялиг улаагаад хөөрлийн байдалд орчихсон дуу нь чангарсан амьтад Мөөгийгийн хаалгыг тогштол хаалга онгойлгож өгсөн бүсгүйтэй Галаагийн харц өөрийн эрхгүй тулгарлаа. Анхны харц тулгаралтад бүсгүй яльгүй зог тусан хөмсөг нь сөхөгдөн нүд нь үл ялиг томоров. Тэр хэдхэн секунд яагаад ч юм Галаад  тийм гэж үгээр илэрхийлэхийн аргагүй гүн сэтгэгдэл үлдээв.  Ямар ч байсан мань хүнд бүсгүй таалагдаж байлаа. Энэ харц тулгаралт хэн хэнд нь сонин цочмог үйл явдал мэт санагдсан бололтой бүсгүй хурдан харцаа бурууллаа. Тэр бол өндөр нуруутай, хэрдээ таарсан махтай, цайвар цагаан үл ялиг дугуйдуу царайтай, том давхраатай алаг нүдтэй, Галаатай ойролцоо насны бүсгүй байв.

… Хамаг ертөнц дайвалзаад л, өөрийн эрхгүй инээд нь хүрээд л… Нэг мэдсэн өдөр болчихсон хүмүүс хоорондоо ярилцах чимээ гал тогооных нь өрөөнөөс дуулдана. Галаа өчигдөр юу болсноо арайхийн санаж ядаж байлаа. Ямарч байсан Мөөгийгийн хаалгын тогшиж орж ирсэн. Бүсгүйтэй танилцаж байсан. Тэгээд? … тас үсэрчихсэн бололтой. Толгой үл ялиг өвдөн дотор нь муухай оргиж байлаа. Бодвол нөгөө виски, пивонууд хольсноос болсон байх. Хувцастайгаа буйдан дээр нь унтчихсан аж. Дотроо бага зэрэг түгшиж байв. Айлд дөнгөж ирэнгүүтээ сайн танилцаж ч амжаагүй байж тас үсэрчихдэг гэсэн юм бодоод санаа зовон бослоо.

Гэрлээ Галааг боссоныг хараад бие чинь зүгээр үү? Та хоёр ямар аймаар болчихсон орж ирсэн бэ? Аймар чангаар инээлдээд, харц чинь сонин болчихсон, нэг л хачин хүмүүс байсан гэж хэлээд Галаа руу тун хянамгай харав. Галаа хий дэмий л салхинд гараад цохиулчих шиг боллоо. Архи уугаад гадаа гарахаар амархан согтчихдог тал бий хэмээв. Мөөгий нь өрөөнөөсөө үс нь босоод хачин царайлчихсан юм гарч ирсэнээ үхэхнээ гэв. Гэрлээгийн хэлснээр Мөөгий ингэтлээ согтож уудаггүй байж. Удаан уулзаагүй хоёр найз бие биенээ хараад яг л хүүхэд шиг аашлан өөрсдийгөө хянаж чадалгүй хөөрсөндөө хэтрүүлчихжээ. Галаа ч гэсэн сүүлийн хэдэн жил ингэж айхавтар ууж байгаагүй билээ. Өчигдөр оройн болсон явдлыг бүсгүйчүүдийн санааг зовоохын нэмэр гээд хэлээгүй билээ.

Өчигдөр оройн хаалга онгоолгож өгсөн бүсгүй бол Мөөгийтэй энэ байрыг хамтран түрээсэлж, нөгөө өрөөнд нь амьдардаг хоёр бүсгүйн нэг байлаа. Нэрийг нь Энхээ гэдэг аж. Галаагийн хувьд өглөө Энхээтэй ярилцсан нь хоёр дахиа танилцсан явдал боллоо. Уул нь өчигдөр танилцсан боловч нүднээс нь өөр юм санаанд нь бараг үлдээгүй байлаа. Өчигдөр хүн хардаг айлаасаа гэртээ иржээ. Долоо хоногийн таван өдөр хөгшин хүн хардаг бөгөөд хагас бүтэн сайнд нь гэртээ ирдэг байна. Уул нь Монголд Анагаахын дээд төгссөн эмч бүсгүй боловч, амьдрахын эрхэнд хэдэн төгрөг олох, газар үзэх зорилгоор Америкт цагаачилжээ. Нэг охинтой гэнэ. Харин нөхөргүй! гэдгийг сүүлд Мөөгийгээс мэдэж авсан нь Галаад их сонирхол татахуйц мэдээлэл байлаа. Хамт өрөөнд нь амьдардаг бүсгүйг нь Жаргал гэх бөгөөд заримдаа хагас, бүтэн сайнд ч хардаг хүнээ (асруулагчаа) асрамжилдаг аж. Энэ долоо хоногтоо тэндээ байна гэсэн учир ирээгүй гэнэ. Яагаад ч юм бүсгүй Галаад маш их таалагдаж байсан боловч мань хүн нэг их сүйд болсон шинжгүй сууж байв. Энэ байтугай сайхан бүсгүйчүүдтэй учирч байсан болохоор нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй биз гэж бодно. Галаа хүүхэд шуухадтай бүсгүйчүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлээд дэмий гэж боддог. Учир нь өөрийн хүүхэддээ олигтой эцэг болж чадаагүй байж хүний хүүхдэд сайн хандаж чадахгүй байх гэж дотроо эмээдэг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг нэгэн билээ. Гэхдээ бүсгүй өөрийнхөө зөн билгээр, Галаагийн харц өөр дээр нь нэг л жирийн бус тусаад байгааг бага зэрэг мэдэрч байлаа.

Бүсгүйчүүд манай хоёрт хоол хийж өгсөн ч байдал дээрдэхгүй дотор нь муу байсан учир өчигдөр авчирсан вискинийхээ үлдэгдлийг ууцгааж хэсэг хугацааны дараа биес нь тавирцгааж сэргэж эхэллээ.

Мөөгий кампинг хийе гэж санал гаргав. Бас Галааг өөрийнхөө үерхдэг хэдэн найзуудтайгаа танилцуулах, багын найз Галаагаа гайхуулах зорилготой байв.

…Мөөгийгийн шинэ найзууд нь шалны бизнес хийдэг Ганаа, том машины (commercial truck) жолооч хийдэг Баяраа гэдэг залуучууд байлаа. Ганаа нь хамар дээр нь баас түрхсэн мэт яравгардуу ихэмсэг зантай, өндөр туранхай, нүүрэндээ батга болон батганы сорви ихтэйгээс болоод цоохордуу болсон залуу байв. Орой шөнийн цагаар голдуу том дэлгүүрүүдийг цэвэрлэдэг ажлыг анх хийдэг байсан боловч яваандаа удирдлагатайгаа тохиролцон шинээр ирсэн голдуу Монголчуудыг авч ажлуулан өөрөө гэрээ хийн дундаас нь мөнгө цохидог аж. Ер нь иймэрхүү ажлыг америкчууд нь бараг хийдэггүй болохоор цагаач голдуу нөхдүүд олж аван гэрээ байгуулан өөрсдийн сувгаараа адилхан цагаач нараа хайж олоод дундаас нь мөнгөжинө.  Иймч учраас энэхүү бизнес нь Америк дахь Монголчуудын анхдагч бизнесүүдийн нэг болжээ.

Өндөрдүү булиа биетэй, цагаан цайвар, цэвэрхэн царайтай, нүд нь давхраа бүхий шар залуу нь Баяраа.  Хүүхдэрхүү цайлган яриатай юм шиг мөртлөө заримдаа тун сүрхий гүн ухааны яриа яриад явчихна. Нэг бодлын тун ухаантай ч юм шиг. Нөгөө бодлын гэнэн ч юм шиг дүгнэлт өгөхөд тун хэцүү сэтгэлгээтэй хүн байна гэж Галаа бодов. Яриагаар нь бол бас нилээн мөнгө хийдэг бололтой. Даанч ногоон картгүй учир өөрийн нэр дээрээ том машинаар бараа зөөвөрлөх бизнес хийж болохгүй байгаа аж. Уул нь өөр хотод байдаг ногоон карттай Монголын нэрэн дээр зөвшөөрөл аваад хийж эхлэсэн ч гэсэн нөгөөх нь байдлыг мэдэн юмаа сурч авангуутаа манай хүнийг жийсэн ажээ. Хууль ёсоор байгаа хүнд бол хотынхоо асуудал хариуцсан газраас нь зөвшөөрөл л авчихдаг байна. Тэгээд иймэрхүү ажил олж өгдөг брокер, дилерүүдтэй холбоотой байхад  л тэд нь ачаа зөөлгөх газар олоод өгнө. Түүний хэлснээр бол гол нь хоёр талдаа л ачаа олж чадаж байвал сайн ашиг хийж чаддаг.

Удалгүй Мөөгийгийн андууд Галаатай танилцаж байдлыг мэдээд ирэнгүүт нөгөө Ганаагийнх нь их зан арилж тал засаад эхлэв. Галааг анх шинээр ирсэн Монгол ажил хайж байгаа гэж бодсон гэнэ. Гэтэл Австралиас бизнес зорилгоор ирсэн энэ тэр болоод ирэнгүүт Ганаагийн зан хувирахыг ажиж байсан Галаад дотор нь зэвүүрхэх сэтгэл төрж байсан ч өнгөн дээрээ мэдэгдсэнгүй. Харин дотроо хүн гэдэг чинь ийм л өөдгүй муухай юм даа саяхан л ихэрхээд байсан хүн ингэж хувирах гэж бодов.

Үргэлжлэл бий

Ё. Гантулга

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/