13934775_327919520875704_3774887899660377471_n.jpg

 

Гал залгисан гэж мөрийцмөөр хурц улаан нарны тод шаргал туяа газрын хөрсийг хаван, мододын үндсийг гижигдэхүй, ичингүйрч улайсан навчис, салхи урин сэрчигнэж, ирж буцах цагийн өнгө даган хувьсана.
Уулс хучин намайсан ар тайгын шугуйд, үүлс дэлгэн буусан манан будан назгайрч, хөвд өвсөнд нуугдсан битүү хар чийг үүлэн чөлөөний наранд уур болон дэгдэх нь бас ч юу юугүй намарших болоогүйг илтгэх аж.
Сургуулийн хүүхдүүд хичээл номоо гэнэт санав уу гэлтэй орны ширэгрүү шидэж орхиод мартсан цүнх саваа хайн, авдрын ёроолд хумин чихсэн өмд цамцаа дэлгэж, угааж цэвэрлэн сандчих үе.
Аянга цахилан дошгирох тэнгэрийн дуу алсраад, алсын цэнхэр ууланд хаа нэг нүргэлэнэ.
Ширэн хөхүүртэй айраг бүлүүрийн аясаар нуугиж, хул шаргал аялгуу дэмбээ даган найгаж, агар хувинтай айраг араанд уусан алдарч, уруул дүрэх төдийд хэл тагнай гижигдээд, уусан даруй хамраар сэнхийн хэхрэх нь тун чиг таатай агаад монгол хүмүүний этгээд араншинд яв цав нийцэх мэт. Баясгалан өвгөнийд наадмын дараахан ирсэн дөрөв таван залуус үдшийн бүрий тасартал гар дамжуулан тоглодог ширэн алаг бөмбөгнөөсөө уйдсан уу яасан бүү мэд, сүүлийн хэдэн орой урьдын янзаар шуугилдсангүй.
Боодогны чулуу, өрөмтэй гамбирт шунан дурлах хот газрын, хээнцэр залуусын дуу цөөрч, өглөө оройдоо чичрүүдэс зуун, томдсон хүрэм хэдрээд, зурсан зураг, түүсэн цэцэг навч, хатаасан шавьж, хорхойгоо эмхэлж цэгцлээд эхлэсэнийг ажвал, буцах тухай бодлоо сэм сэмхэн хөвөрдөөд эхлэв бололтой. 
Шөнийн саранг мэлмэртэл хайрын дуу гитардсан хотын ганган залуусыг буцах сураг даган, уймраа саарал үүлс хөөрцөглөнхөн үймж, салхи аргадан мэгшсээр, навч гандтал уйлагнана.
Хүрлээр цутгачихаа юу гэмээр хүрэлгэр хүрэн царайндаа ёж хавчуулсан дүрэлгэр нүдээ эргэлдүүлэн, оочны буурал нагалаа паливгар хуруугаараа илбэсэн Баясгалан өвгөн төрсөн ганц охин, Тогосмаагаа сүүлийн үес сүрхий өрөмтгөн боддог болоод байгаа ажээ.
Төрүүлсэн ганц охиноо хар нялхаар нь хаяад жилийсэн эхнэрээ яс махнаасаа үзэн ядаж явсангүй.
-Энэ муу охин өвөл зунгүй хэдэн богийн бөгс шагайж, малын араас бөвтнөөд, өглөө оройдоо тав арван гунжны дэлэн зулгааж 

хормой хотосоо сааль сүүгээр дарайлгасаар нэг насыг барах нь дээ. Ядаж эхтэй нь уулзуулаад сэтгэлийг нь дэвтээчихдэг бол миний хүсэл биелэх нь тэр гэж бодлоо ширээн суувч, бусдад ярих нь номонд хазгай. 
Өргөмөл ганц дүүгийнх нь охин, галын ганц зээ дүү нь их хотын том сургуульд зураг урлалын багш гэнэ гэсэн сураг төдий яриа үнэн болж, энэ намар гурван банди, хоёр охин дагуулж авчираад орхисон билээ.
-Хүн ер нь хорвоогийн тоосыг хөдөлгөж, холбоо ялгааг нь тэмтэрч байж ухаардаг хойно доо.
Ганц охиноо өмсөх хувцастай мөр бүтэн, идэх хоолтой гэдэс цатгалан, дэргэд харагдаж байхад айх айдасгүй гэж л бодож явж дээ би.
Гэтэл хол нутгийн хүүхдүүд, хот газрын залуусыг хараад л ганц охиноо гандааж яваагаа мэдлээ. За байз дүү охиноо ирэхээр нь яриад үзвэл яадаг бол. Шал дэмий айлын зарц, аяганы алчуур болгочихдог юм болов уу. Ганц дүүгийн охин ч гэлээ зан аашийг нь мэдэхгүй. Тэгэхээр одоо ярих хэрэггүй юм.
Хойноос нь дагаж очоод байдлыг нь харъя.
Хэдийгээр төрсөн тэлсэн биш ч гэлээ дүү хүүхэнтэйгээ амьдад нь ганц удаа чөмөг зөрүүлээд, хэдэн малын зах тасдаад өгчихдөг юм бил үү. Танагтай дээрээ ухасхийвэл ч болохгүй ч юм алга даа. Энэ дээгүүр толгойтын яриагаар бол овоо л чинээлэг амьдралтай гэж байна.
Үнэн худлыг харж л мэдэх хэрэг.
Зээ хүүхний ам хэл, нүдний харц их л хурц юм. Уг нь сэргэлэн туучий. Ирэх дөхөж байна. Ганц нэг шөлний юм өгч явуулъя даа. Хичнээн дөнгүүр амьдарлаа ч монгол хүнд мах илүүдэх биш. 
Хэд хоног шөл хийж ууг дээ.
Юмыг яаж мэдэх вэ. Нөгөө амьтантай тааралдчихыг хэн байг гэхэв. Амьд мэнд яваа бол ганц охинтой нь уулзуулчих юмсан. Хөөрхий дээ. Зүүдэнд эвгүй ороод байсан. Мэнд шүү л байдаг байгаа даа. Хэдэн жилийн өмнө ядарсан царайтай явна гэж сураг гарсан. Үнэн ч юм уу худлаа ч юм уу хэн мэдэх вэ.
Ухаан муутын санах нь удаан гэж. Зээ хүүхэнтэйгээ ухасхийдэг байж. Тэгсэн бол миний бор хүүхэн ганцаардахгүй, гадаах майхантай хэдтэй бужигнаад ханьтай байх байж гэж бодол дундраан суусаар...
Баясгалан өвгөн аягандаа цай дүүргэж аваад ганц нэг оочлонгоо гадаах хэд босоцгоов бололтой шуугицгаахад
-Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг моньшнууд.
Нөгөө "гэзэг"-т шарга л эртэч золиг. Өглөө нар битүү л урд хайрханы модруу алхчих юм. Юу хийж явдаг хуухай юм. Бусдынх нь үгээр бол байгаль дэлхийн зураг л дарж явдаг бололтой. Явахаас нь өмнө нэг сонирхоё байз.
Овоо чих зөөлөн хүү байгаа юм.
Залуу явахад хүүхэн шуухан ширтэж, хүлэг морьд шинжиж явдаг байлаа.
Нас хэвийгээд ирэхээр хүргэн бэр болчихмоор хөвгүүд охид сонжиж суудаг ажилтай болохдог шүү хэ хэ.
Муу хүүхэн минь миний царайг харж, малын дэлэн шувтарсаар гараасаа хөтлөх үргүй, галыг нь манах ханьгүй ганц олдох насаа гандаачих вий дээ гэхээс сэтгэл өмөлзөөд явчихав.
Баясгалан өвгөн залуу цагийн ярихаасаа бодох нь илүү, явахаасаа суух нь таатай гэсэн сонин араншинтай этгээд нэгэн бөгөөд, долоо хэмжиж нэг огтлох зарчмыг ягштал баримталдаг нямбай хүмүүн.
Өвгөний зан өнөөдөр ч янзаараа, өвгөрөвч өөрийн төрхөөрөө аж.
Бодоод суух нь залхуу хүрмээр санагдавч, бариад авахаараа ажил үйлс нь бүтэмжтэй, алдаа мадаг гаргах нь үгүй.
Тэрбээр бодол эгшээсэн хүлээлт, гомдол тээсэн цөхрөл, дотогшоо нурсан ч гадагшаа үл автах сүрлэг төрх, гаднаа хүйт даасан дүнсгэр ч, дотроо аргалын гал мэт илч цацарсан, бусдад үл ойлгогдом нууцлаг нэгэн.
Саахалтын айлдаа сардаа ганц шагайвал их юм гэж айл хотлынхон нь шоглоход инээж л суух өвгөн. Мөөр нь хагарсан тэрэг, самбар нь санжсан хаалга, шинэ гэрийн тооно, бурхан тахилын гүнгэрваа нэг үгээр хэлбэл модны үртэс, будгийн багстай нөхөрлөж өдөр, хоног өнгөрөөдөг билээ.
Модны судал дагуулж харуул гүйлгэх хооронд ертөнцийн түмэн учралыг бодолдоо шигшиж өнжинэ.
-Хүрэн толгойн сүүдэр нь 
Хөндийгөө дүүрээл хүүшлэнэ дээ гээд нэг их сайхан хүнгэнүүлэн аялаж эхлэснээ сүүлийн ая данг нь амандаа исгэрэх байхын завсар шовширсхийгээд чимээгүй болчихно.
Эвдэрч хагарсан авдар саваа үүрч чирсэн хэнд ч зав муутай, амжихгүй гэсэн үг хэлж байхыг нь харсан хүнгүй гэлцдэгсэн.
Чив чимээгүй сууж, сууж 

-За орхичих доо хоёр хоногоос авчихаарай л гэнэ.
Дуугүйхэн инээвхийлж суугаа өвгөний сэтгэлд юу эсийн бодол шуурч суугааг өөрөөс нь өөр хэн ч гадарлахгүй биз ээ.
Хотын хэдэн залуустай, голт зүрхний амин үрээ харьцууланхан суухдаа хорвоо гэдэг агуужим, өсч төрсөн хонхороос нь хамаагүй уужим гэдгийг ухааранхан сууж, нас бага дээр нь эрдэм ном хөөлгөн, нүд тайлуулах нь зөв гэж бодлоо ч, гэнэн цайлган охиноо гараасаа тавиад явуулчиж арай чадамгүй санагдана.
Ийнхүү хорвоогийн нэг сайхан өдрийн наран баруун уулын хяр дамжин гудайж, үнээ тугал мөөрөлдөн, мал хотлохын үес Баясгалан өвгөн гадаа гарвал Тогосмаатай хувинтай ус дамжлан голын тэртээгээс ирж яваа "гэзэгт шар" гэж өөрөө нэр оноон өгсөн зураач хүүг саравчлан хараад үл мэдэг зурсхийсэн совин, гялсхийн цахилах шиг болжээ.
-За зүгээр туслаж яваа биз. Нэг муу тусч зантай юм билээ гэж догонцсон сэтгэлээ засав.
Ердийн зангаараа хоол унд бэлтгэн суугаа охиноо битүүхэн түншин ажигласан өвгөн 
-Миний шар охин ч эд нарын өмсдөг элдэв чамин хувцсыг нь өмсөөд, үс гэзгээ янз оруулан чамирхчихвал дутаад байх юмгүй л хөөрхөн охин шүү. Эхийгээ өвчөөд төрсөн харламар даа гэсэн, гэгээ татсан яльгүй цагаан атаархал, сэтгэл дундуур жирвэлзээд байлаа.
-Эртхэн хажуулъя даа. Маргааш ганц нэг төлөг гаргая. Хүний өөрийн ялгаа юу байхав. Бас л эх эцэг нь хүлээж суугаа биз. Энэ хэдэн тархинуудад ганц ганц төлөг зүслэе дээ. Сар шахуу хамт байхаар дасчих янзтай. Явцгаачихаар нь үгүйлээд золигтох бий вий гэж дотор ухаандаа инээвхийлэнэ. Манай адгуу хүүхэн нэг л өглөө давхиж ирээд, ум хумгүй догдлуулчих биз гэсэн шүү юм бодон, ор дэрээ засаад унтахаар хэвтэв. Өдрийн ажилдаа ядарсан бололтой, хэвтээд удсангүй хэсэгхэн зуур зүүрмэглэчижээ.
Сэвхийн салхи цохиж, хаалга зөөлхөн хаагдах шиг санагдахад цочин сэрэв. Гэтэл гадаа зөөлхөн шивэгнэлдэх сонсогдож, -жин жин инээх охиных нь дуу гарах шиг болохуй, ухасхийн босч хаалгаар шагайвал, шар охиныг нь хөтөлчихсөн хөл нүцгэн дэгдэж яваа "гэзэгт шар" бандийг хараад золтой л хашгирчихсангүй.
Нэг их гунигтай ч юм шиг эсвэл бүр их догдолмоорч юм шиг гэгэлгэн бодол долгилж, зүрх түгшээжээ.
Сарны саруулд охин нь эргээд харах шиг болоход намсхийн суун тусч хаалгаа бушуухан хаагаад завсараар нь харж зогссоноо 
-За энэ шар хүүхэн миний мэдлээс гарчихлаа янз нь, нас биед хүрч яваа хүүхдийг алийн болгон хорьж цагдах вэ дээ гэсэн эерүү бодол төрөөд буцан орлуугаа алхах зуур үдэш орой хаалга онголзуулсан, гол усныхаа залуусыг царай өгөхгүй хөөж явсан нь нүднийх нь өмнүүр харагдах шиг болж, дүнгэр дүнгэр хийн шивнээд, орондоо оров.
Сар асгарсан тунамал тэнгэрт одод мишээсэн шөнө байлаа.

 

Соёрхын Пүрэвсүрэн 2016