Манайхан ч зогссоныг далимдуулж ачааны бүхээгнээс уван цуван гарч биеийн чилээг гаргаж байгаа харагдав. Тэгтэл залуу
- За за би ямар чамайг ам хэлээр барах биш хө гэснээ над руу нүд буландаад
- Энэ жилийн дайчилгаа юу хө?
- Дайчилгаа ч арай биш шиг. Тэгсэн хэрнээ намар буцна гэхээр мөн ч юм шиг. Хөгшин нь үнэндээ дарга нарын явдлыг ойлгох биш. Ёстой нөгөө амьтан ирж л байх юм, явж л байх юм би ямар ялгах биш л гэдэг болоод байна шүү дээ ха ха гэж инээснээ.
- Харин танайхан ингээд гарч байгаа нь энэ үү? Гал нь гараагүй байхад яасан сүрхий эрт явах юм?
- Эрт нь ч жаахан эрт юмаа хө. Гэхдээ бидэнд чинь галаас гадна ажил бий шүү дээ хө. Үгүй тэгээд дарга нарын явдлыг би бас мэдэх биш дээ хө.
- Тэрэг чинь зүгээр үү?
- Манайхан аль эрт жирийчихсэн. Миний ачаа жаахан хүнддээд хө.
- За тэгвэл яахав. Үг олдож, үхэр холдлоо. Хөгшин нь эртхэн дөхье. Энэ дээдэх улс эсчихэж мэднэ гээд пар пар инээгээд араагаа залгалаа. Нөгөө залуу бидний араас эргэн эргэн харсаар тэрэг рүүгээ алхав. Мотор хүчээ авах гэж хэсэг ёнгинож байснаа хөнгөн араанд шилжүүлэхэд сая нэг амьсгаа авах шиг нэгэн хэмээр хүнгэнэж эхэллээ. Хэсэг чимээгүй явснаа би ам нээж
- Тамхийг ч мөн зажилж өгдөг эр юмаа?
- Идчихдэг нөхөр байхгүй юу.
- Нутгийн улс уу?
- Нутгийнх ч гэж дээ цэвэрлэгээний бригадынхан. Үгүй ээ, тэгээд жил бүр ирж ажилласаар байгаад одоо бараг нутаг гэсэн ч болохоор болж дээ.
- Юун цэвэрлэгээ билээ?
- Мод цэвэрлэгээ. Шатсан ойг цэвэрлэдэг юм. Уг нь “Их тулгат” гэдэг чинь манай нөгөө суманд байдаг уул уурхайн компани л даа. Тэдний нөхөн сэргээлтийн ангийнхан. Хийх юм нь олддоггүй юм уу даа хаашаа юм. Шатсан ойг цэвэрлээд л яваа харагддаг юм. Үнэгүй, зардалгүй модыг ч нэг сайхан хийдэг улс даа гэж байна. Надад толгой дохихоос өөр хэлэх үг олдсонгүй.
Газар дөхөх тусам миний дуу хураагдан бодол болсоор байлаа. Жолооч маань үе үе намайг хяламхийвч миний царайнаас намайг ярих дургүй байгааг ойлгов уу бас л чимээгүй. Дээр, битүү тэвшинд манайхан ямар нэгэн хөгжилтэй зүйл ярив бололтой үе үе инээлдэнэ. Тэгснээ нэг хэсэг дуу дуулцгаана. Харин надад “Тэр яах бол” гэсэн бодол гэнэтхэн хургачихаад гарч өгдөггүй. “Ханаж буй бах таваа надад яаж илэрхийлэх бол” Жаахан залуухан юм бол ч яахав нэг их юм бодохгүй сагсагнаад л өнгөрнө. Гэтэл бид чинь дөч давсан яг л ид дээрээ байгаа эрчүүд. Амьдралд хүн ухаан суудаг бол одоо л тэгширч байх ёстой. Гэтэл тэгсэн гэж хэлэхэд нэг л хачин. Би өөртөө ийм итгэлгүй байгаа юм чинь Суурийг учиргүй буурь заасан сайхан амьтан болчихсон гэж бодох хэцүү. Эсвэл явж, явж би өөрөө тийм овилгогүй бодолд ээрэгдээд байна уу? Магадгүй тэр миний бодож байгаагаас тэс өөр, ухааны цараа өргөсөж, жинхэнэ насны бяд суусан байж болох шүү дээ. Амьдрал баян гэдэг биз дээ. Гэхдээ л би түүнтэй хамгийн сүүлд муудалцсан үеэ мартаж чаддаггүйтэй адил тэр ч гэсэн миний тухай ямар нэгэн бодолтой л байж таарна. Жинхэнэ амьдрал гэрэл, сүүдэр хосолж л байдаг хойно. Тиймээс тэр намайг тийм ч аятайхнаар угтана гэж итгэхгүй байлаа.
Манай машин давхисаар аймгийн төвийн баруун хөтөл дээгүүр гарч ирэв. Байгаль гэдэг үнэхээр бахадмаар сайхан ажээ. Ёстой л нөгөө уул ус нь жигдэрсэн сэтгэл хөглөм сайхан нутаг байлаа. Ийм сайхан нутгийг хайрлахгүй, харамлагүй байхын арга алга. Харин аймгийн төв нэг л навсгардуу, өнгө муутай зэгэлтсэн саарал суурин нүүгэлтэнэ. Хотод олон жил шигдсэн хүний анхны мэдрэмж байж болох ч хавар цаг болохоор тэгсэн байж ч мэдэх юм. Ер нь цасны шар ус хэдийн хатаж, хэзээ мөдгүй хуурай шороо босох нь тодорхой харагдана. Бид уг хөтлөөс доош уруудан давхисаар Онцгой байдлын албаны хашаанд орж зогслоо. Жолооч маань кабиныхаа хаалгыг пад хийтэл хаагаад ёстой л нэг гэртээ ирсэн хүн шиг хаахаг хаахаг алхсаар хаашаа ч юм яваад өглөө. Манайхан тэвшний бүхээгнээс үсрэн бууцгааж биеийн чилээг гарган суниана. Зарим нь хувцас хунараа гөвнө. Тэгснээ хаа нэгтэйгээс ямар нэгэн сүрдэм амьтан гараад ирэх юм аятай зэнзийрхэн намайг бараадан бөөгнөрөв. Орон нутгийнхан хэдий ижил албаныхан ч гэлээ хотоос ирсэн шинэ хүмүүсийг сониучирхан харцгаана.
- За ингэж зогсоод яахав. Та нар эндээ байж бай. Би очиж ирснээ илтгээд ирье гээд эргэтэл төв байрны хаалгаар ширвээ хар сахалтай, ширүүн харцтай дэвхийсэн ахмад гарч ирсэн нь Суурь байлаа. Манай салаа жагсаж би түүний өмнө алхаж очоод гараа чамархайндаа аван
- Эрхэм ахмадад! ОБА-ны ....дугаар ангийн “Тусгай-2” салаа таны мэдэлд ажиллахаар ирлээ. Салаан дарга ахлах дэслэгч Галбаатар гэлээ
Яг энэ үед надад үнэхээр хэцүү байв. Магадгүй би наашаа явах шийдвэр гарснаас хойш энэ л мөчийн төлөө шаналж байсан байж болох юм. Шаналах юу байхав дээ ичиж байсан байх. Суурь жагсаалын өмнүүр нуруугаа үүрэн, ихэмсэг харцаар хүн бүрийг шинжин харж явснаа хүнгэнсэн бүдүүн дуугаар
- Сул зогс! гэж команд өгөөд харцаа тойруулснаа над дээр харцаа тогтоож
- Намайг ахмад Батсуурь гэдэг. Аандаа бид танилцах болно. Та нарт өрөөг чинь бэлдсэн байгаа. Гэхдээ та нарыг энэ хавар зун тэр өрөөнд хэвтээд байна гэж бодохгүй л байна шүү. Хээр нэг гарвал эргэж ирнэ гэж бодох хэрэггүй гэж зөвлөх байна. Та нар ямар хот орондоо эхнэрийхээ өвөрт хэвтэж байгаа биш.
Жижүүр! Эднийг өрөөнд нь оруулж өг гээд эргэхдээ
- Эрхэм ахлах дэслэгч, намайг дагаад яв гэлээ. Би дагахаас өөр яахав. Өрөөндөө оруут тэр зөөлөн сандалд мэдэгдэхүйц лагхийн суугаад намайг хэсэг ширтлээ. Цолоор бага хүн яахав дээ зогсож л байдаг юм хойно. Өрөөг хөнгөн харцаар тойруулан харвал хөдөөний оффис гэхэд их бололцооны тавилгатай, товхийсэн тохижилттой өрөө юм. Тавиур дээгүүр цом, дарцаг, өргөмжлөлүүдийг өрсөн байна. Ихэнхи нь дэд байр, хоёрдугаар байр гэсэн үзүүлэлттэй юм. Нэг том хайрханы зургийг нилээн том хэмжээтэй зурж жаазлаад өлгөсөн нь сайн харвал нөгөөх цэг хатгах аргаараа зурсан байв. “Хэдэн сая живаа цэг орно доо” гэж бодож амжив. Тэр зургаа хаяагүй бололтой. Ширээн дээр нь элдвийн зураг харагдсангүй. Гэр бүлгүй байж мэднэ. Гэхдээ байсан ч зураг хөргийг нь ширээндээ тавих хүн бас биш. Ер нь бид их хөндийрчээ.
- Нөгөө алдарт салаа яасан бэ? Яагаад ийм нусаа гоожуулсан юмнуудтай яваа юм? гэж тэр гэнэтхэн асуулаа. Тэр манай салааныхны тухай мэдээгүй, сонсоогүй байна гэж байхгүй шүү дээ. Ам асууж л байгаа хэрэг. Манай салаанд тохиолдсон гай тотгорыг, яагаад миний цол буусныг, шинэ салаа яах гэж байгуулсныг, энд яагаад ирснийг Суурь мэдэж л байгаа. Тэр бүү хэл орон даяар тархсан манай салбарынхан бүгд мэдэж байгаа. Би дуугарсангүй. Надад яагаад ч юм ЖА-гийнхаа өмнө номхон зогсох шинэ цэрэг шиг мэдрэмж төрж, шар хөдлөөд ч байх шиг. Суурь намайг дуугарсангүйд дургүй байгаа бололтой нэг мурчигнаснаа
- Чамайг харах таатай байна шүү. Ялангуяа ёсолж байхыг чинь. Энэ яваа насандаа ийм юм болно чинээ бодож явсангүй. Тэгэхээр чи ч бүр бодоогүй хэрэг. За тэр яахав. Ямар чиний хүсэл биш. Танай тэр хоёр лойдор үхсэнээс болсон юм хойно. Тиймээ? гэж асуусан янзаар тавлахад би бас дуугарсангүй.
- Чи яагаад дуугарахгүй байгаа юм? Арай ам ангайхгүй байсаар энэ хаврыг барчих юм биш биз дээ? Эсвэл нэг муу шазраад байгаа ухаантай юм уу?
- Намайг арай айгаад байна гэж бодоогүй биз? гэхэд тэр дуугарсангүй. Гэхдээ нэг зэвүү хүрэм инээмсэглэв. Тэгэхээр нь би
- Чи их өөрчлөгдөж гэж зуунги маягтай хэлвэл
- Тийм үү? Харин чи их сул дорой харагдаж байна.
- Чамд ёсолсон болохоор уу?
- Үгүй ээ, их дээрээс унасан болохоор эрхэм хошуучаа. Чи гэж нэг их гялалзсан хошууч байдаг байж билээ. Хэзээ ч хөдөө явахгүй юм шиг, хэзээ ч тушаал буухгүй юм шиг. Чамайг би гайхдаг байсан юм. Яагаад энэ ийм их өндөрт хөөрвөө гэж. Нэртэйгээр нь чи хурандаа болчихгүй. Тэгвэл унасан ч энд биш тэндээ унах байж дээ. Хийн бөмбөлөг бас хагардаг л юм байна.
- Ердөө энэ байсан юм уу? Энүүхний төлөө чамайг ингэтлээ атаархаж явах юм гэж огт бодсонгүй гэхэд Суурь ухасхийн босож, надад нүүрээ тулгаад
- Энүүхэн гэнээ? . . . Ав адилхан сургууль, нэг ангийн адилхан хүүхдүүд яахаараа тийм ялгаатай байх болсныг би гайхаж байсан юм. Чамайг хотын дулаахан байшинд авгайгаа тэвэрч хэвтсээр байгаад хошууч болон нисэхэд би энд . . . гэж цухалдсандаа үгээ таслан ширээ балбаад
- Энд бахь байдгаараа хаврын хавар, намрын намарт гал дундуур бэдчиж явсаар бүх насаараа энд хадагдсанаа гайхаж байсан юм.
- Одоо тэгээд гайхах зүйлгүй шив?
- Тиймээ, одоо чи тэр энүүхэн гэдгээ үзэх болно. Гэхдээ чи түр ирсэн болохоор зүгээр л нэг жүжиг үзэх төдийхөн л болох ч гэлээ би чамд мэдрүүлэхийг хичээнээ.
- Мэдлээ эрхэм ахмадаа
- Их сүржигнэж байх шив дээ чи. Чиний энд ирдэг хувь заяаны гэсгээл үү, ял уу? Би ялгахгүй байгаагаа гайхаад байна
- Чиний юу эсвэл миний юу? гэж намайг асуухад тэр духаараа харан хэсэг зогссоноо их тайван өнгөөр
- Харин л дээ. Харан байж л болъё
Надад цааш нь ярилцах хүсэл тэр ч бүү хэл ёслох ч сонирхол байсангүй. Шууд л гарлаа. Хонгилд гарсан хойноо харин ямар нэгэн том даваа давчихсан юм шиг мэдрэмж төрлөө. Аргагүй байх. Би түүнтэй уулзах анхны харц, анхны ярилцлагын тухай хэтэрхий их бодож өөртөө шаналгаа үүсгэсэн бололтой юм. Одоо бол хамаагүй. Тэрний яаж аашилж авирлах тэр бүү хэл би түүний өмнө номхон зогссон ч ичгэвтэр биш болсон шиг санагдана.
Салааныхаа байрлаж буй өрөөнд орлоо. Хоёр давхар төмөр орнуудыг зэрэгцүүлсэн томоохон казармд манайхан өөр өөрийн ороо товлон төвхнөж авсан байв.
Манай салааныхан гэж хээ шаагүй хэдэн эрчүүд бүгд л онцгой байдлын албанд их бага хэмжээгээр зүтгэсэн улс. Галын аюул байтугай гал гэж юу байдгийг мэдэхгүй хүн ч бас ганц нэг байгаа. Намайг оронгуут тэд дэрхийн бослоо. Тэднийг болно гэж гараараа дохиод нэг орон дээр биеэ сул орхин хэвтэв. Явдалдаа юу эсвэл эрээлж жирэлзсэн бодолдоо болсон уу ямар ч байсан учиргүй ядарсан юм шиг санагдана.
- Ахлах дэшлэгчээ, та ямар нэгэн юм уух уу? гэж ахлагч Сансар асууж байна.
- Нэг хүйтэн юм байвал өгчих гэвэл нэг цэвэр ус авч өгснийг бараг нэг амьсгаагаар залгилж орхилоо. Манайхан намайг ажаад байгаа бололтой чив чимээгүй сууцгаана.
- Та нар чинь яачихаад гэм хийсэн юм шиг таг болчихов? Өнөөдөртөө сайхан амраад ав. Хэзээ түгшүүр өгнөв тэгээд л гараад өгнө шүү дээ. Ой хээрийн түймэр гэдэг чинь хот газрын ахуйн түймрээс өөр шүү. Ингэхэд ер нь манайхнаас ойн түймэрт явж байсан нь хэд билээ?
- Би лав явж л байшан. Манай Шэлэнгэд байш гээд л түймэр гардаг юм гэж Сансар хэллээ. Энэ залуу Сэлэнгийн онцгой байдлын албанд ажиллаж байгаад хотод ирсэн юм. С үсгийг Ш-ээр дууддаг, шулга дуу нэгэн. Бусдаар бол их сэргэлэн. Ганц бие их зөв хүмүүжилтэй эвдрээгүй, хүүхэд шиг ааштай залуу.
- Ингэхэд чамайг хэн гэдэг билээ? Чи нэрээ хэлдээ гэж Сансараас асуух хүрэн бор залуу ахлах ахлагчийг Однар гэнэ. Онцгой албанд овоо хэдэн жил болчихсон. Бусдыгаа бодвол хуучны нөхөр. Гэм нь жаахан шооч. Гуч дөхсөн хэрнээ гэр бүлгүй, ээжтэйгээ амьдрана. Залуу хүн гэхэд үгээ зажилж ярьдаг, хашир нь дэндчихсэн хүн. Заримдаа ярилцаж буй хүнээ залхаачихна. Нэг үг хэлэх гэж жигтэйхэн удна. Тэгсэн хэрнээ арай гэж гарсан үг нь цаанаа нэг хоржоонтой.
- Намайг Шаншар гэдэг гэж Сансар өнөөх л хүүхэд зангаараа хэлээд бусдыгаа инээлгээд авав. Ямар тохиолдлоор юм бүү мэд манай салаанд Даваа, Мягмаржав, Лхагва-Очир, Пүрэвсүрэн, Баасандорж гэдэг таван залуу орсон байв. Бид тэднийг нэгдэхээс тавдахь гэж нэрлэнэ. Надтай нийлээд найман хүн Тусгай-2-хон болно. Уг нь бол орон нутагт хүч хүрэхгүй тохиолдолд дайчилгаа гээд баахан хүмүүсийг цуглуулан гаргадаг. Үүний оронд “Тусгай” нэртэй салаа байгуулсан нл бид хэд юм. Гэтэл бидний байгаа байдал үнэхээр тусгай салаа юу гэвэл учир дутагдалтай. Арван хүн байх ёстойгоос жолооч, холбоочин хоёр маань хараахан ирээгүй байдаг. Хамгийн гол хоёр хүн маань шүү дээ. Хэн нэгэн даргын л шийдвэр. Миний хувьд бол шийтгэл. Гэхдээ улсын хэмжээнд эрэн хайх болон ой хээрийн түймэртэй тэмцэх тусгай салаа байхад болохгүй юмгүй. Гэтэл өөрсдийнхөө байж байгааг харахад тийм хүчирхэг салаа болно гэхэд тийм ч итгэлтэй биш байв. Учир нь бидний багаж зэвсэг гэхэд орон нутгийнхнаас ялгарах юм үгүй. Тийм л тусгай юм бол нисдэг тэрэгнээс авхуулаад хүчин чадал сайтай баймаар. Гэтэл машин ч үгүй орон нутгийнхны машинд дайгдаж ирэхэв дээ. Тэр бүү хэл холбоочин маань ч ирээгүй гэж байгаа. Нэг л их сүржин нэртэй хэдэн хүн энд хэвтэж байгаа юм шүү дээ. “За нэг шижигнэсэн салаа бэлдээд өгөөрэй” гэх Хурандаагийн үг урам зориг гэхээсээ илүүтэй итгэл найдвар нь тасарч буй даргын үг шиг санагдана. Дээр нь ядаж байхад Суурийн команданд ирдэг. Энэ бүгдийг бодож хэвтэхдээ яагаад ч юм хоосорч, тамирдаж буй мэт мэдрэмж төрж байв. Энд ирнэ гэж сонссон мөчөөсөө эхлээд л би элдвийн бодолд дарагдаж эхэлсэн. “Ер нь энэ их эрээвэр хураавар бодлоороо би өөрийгөө дарамтлаад байгаа юм биш биз” гэж дээд орныхоо төмөр пүршний сүлжээг ширтэн элдвийг бодон хэвтсээр байлаа. Намайг таг дуугай болчихоор манайхан ч тэгэсгээд чимээгүй болцгоочихов. Харин энд тэндгүй утасны мессеж жирвэлзэх нь сонсогдоно. Залуучууд энэ гар утас гээчийг мөн ч сүрхий ашиглах юм. Аймгийн төв гэсэндээ утас барьж байгаа нь их юмдаа гэж бодохтой зэрэгцэн миний утас дуугарлаа. Харвал Hani гэж байна. Авав уу, үгүй юу Сэлэнгэ байж ядсан өнгөөр
- За яасан?
- Яахав, яваад л ирлээ
- Үгүй ээ, цаадах чинь яаж байна? Цэхвэлзэж байна уу?
Үргэлжлэл бий ..