Эмэгтэй хүн энэ хорвоод бий болж, үрийн зулайгаа үнэрлэнэ гэдэг хамгийн аз жаргалтай мөч байдаг. Жирэмслэлтийн эхний хэдэн саруудад тухайн эмэгтэйн биед өөрчлөлт их гардаг. Үүнээс болж жирэмсэн эмэгтэйчүүд дэргэдээ байгаа хэн нэгэнд уурлаж, бухимдах зэрэг олон үйлдэл гаргаж байдаг ч энэ л үед тэдгээрийн сэтгэл зүйг ойлгох нь хамгийн чухал байдаг. Эхний хэдэн сард ихэнх эмэгтэйчүүдийн хоолны дуршил буурч, гашуун, давсархаг аль эсвэл чихэрлэг зүйлд дурлах, дотор муухайрах, бөөлжих зэрэг өөрчлөлт гардаг. Эмч мэргэжилтнүүд үүнийг жирэмсний хордлоготой холбож тайлбарладаг. Гэхдээ энэ өөрчлөлт нь цаг хугацааны явцад хэвийн болж, харин ч хооллох дуршил нэмэгдэнэ. Тиймээс айж сандрах зүйл байхгүй байж болох нь ээ. Нислэлийн Эрүүл Мэндийн Газрын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Болормаа жирэмслэлтийн явцыг хэвийн өнгөрүүлэхэд тус болох зөвлөгөөг хүргэж байна.
Нэгдүгээрт хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй. Хоол хүнс цуглуулах үедээ хэн нэгнийг дагуулж явах нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэмтэл, тэр дундаа зулбалтаар төгссөн эмгэнэлт үр дагаварын 61.4 хувь нь хүнс дүүрэн цүнхтэй явж байхдаа унаж бэртэх, хальтарч ойчсоноос болдог нь мэргэжлийн хүмүүсийн гаргасан судалгаагаар тогтоогджээ.
Хоёрдугаарт оёдлын машин дээр юм оёх, морь, дугуй унах, хүнд хэцүү биеийн дасгал хийх, спортоор хичээллэх, үсрэх, огцом хөдөлгөөн хийх зэргийг хориглох хэрэгтэй.
Дараагийн зөвлөөгө бол жирэмсний явцад хөдөлгөөнөө эрс багасгах, өдрийн туршид хэвтэх зэргээс татгалзах хэрэгэй. Энэ нь эргээд урагт муу нөлөөтэй байдаг. Наад зах нь ураг гэдсэндээ таргалж, төрөхөд хүндрэл үүснэ. Мөн урагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай байдаг. Тиймээс хөдөлгөөн багатай байх нь бие организмд хүчилтөрөгч орж ирэхэд саад болдог гэдгийг эмч нар зөвлөж байлаа.