Moderator: mgl_300
-Солонгост ажиллахаар манай хэчнээн иргэн бүртгүүлж, шалгалтад хамрагдсан бэ?
-Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 27-нд Солонгос явах иргэдээс хэлний шалгалт авсан. 18 сургуулийн 20 байранд шалгалт явагдлаа. Шалгалтад 14600 хүн орохоос 12451 хүн орсон, ирц 81 хувьтай байлаа. Солонгос явахаар бүртгүүлсэн иргэдийн 15 хувь нь ямар нэг шалтгааны улмаас ирээгүй байна.
-Солонгос хэлний шалгалтын дүн хараахан гараагүй байна. Шалгалтын үеэр зөрчил гарав уу?
-Иргэдээс зарим нэг зөрчил гаргасан байна. Өөрийнхөө оронд өөр хүн оруулах гээд баригдсан, цаг хугацаагаа барилгүй хожигдсон зэрэг дутагдал гарлаа. Гэхдээ иргэдийн ирц өндөр байлаа. Долдугаар сарын 15-нд Солонгосын талаас бидэнд и-мэйлээр баримт ирнэ. Тэгээд шалгалтад тэнцсэн хүмүүсийн сертификатыг олгоно. Шалгалтын материалыг солонгосууд авч яваад, Солонгостоо уншиж, дүнгээ гаргадаг юм. Энэ жилийн хувьд Солонгосоос хянагч нар их ирсэн. Өмнөх жилүүдэд арав орчим хүн хянагчаар ирдэг байсан бол энэ жил 60 хүн ирлээ. Энэ нь Солонгос гаднаас ажиллах хүч авах бодлогоо чангатгаж байгаагийн илрэл юм. Өмнө нь ажиллах хүчнээ чөлөөтэй татдаг байсан бол одоо хэлний мэдлэг өндөртэй хүн авах бодлоготой байх шиг байна.
-Манай иргэдийн тухайд шалгалтад бэлдэж, хэлний мэдлэгээ ахиулсан тал анзаарагдана уу?
-Бүртгүүлсэн иргэддээ судалгаа хийж үзсэн л дээ. Энэ судалгаагаар бүртгүүлсэн хүмүүсийн ихэнхийнх нь ар гэрийнхэн Солонгост ажиллаж байгаа нь тогтоогдсон. Нөхөр дээрээ очих бүсгүйчүүд, гэргий дээрээ очих эрчүүд байна. Тиймээс тэд тодорхой хэмжээгээр бэлтгэж. Түүнээс бус гэнэт шийдвэр гаргаагүй их байлаа. Солонгост ажиллаж байгаа хүмүүс нь тэднийг ирээч гэсэн санал гаргасан байхыг үгүйсгэх аргагүй. Солонгост ажиллахаар өөрсдөө хүсэлт гаргаж явж байгаа хүмүүсийн тоо цөөн байна. Манай байгууллага иргэддээ аль болох Монголдоо ажиллахыг уриалдаг л даа. Монголдоо ажлын байр бий болгох Засгийн газрын бодлого бий.
Монголд сайхан амьдруулах төсөл хөтөлбөр ч байна. Ер нь Солонгост байдал хүнд байгаа. Гэхдээ тэнд хүний л хийх ажлыг хийнэ гэсэн үг. Солонгос хүмүүсийн хийх сонирхол нь буурсан ажлыг л манайхан хийнэ. Цаг уурын хувьд манай монголчуудад Солонгос таатай бус. Манай улс эрс тэс уур амьсгалтай манай улс Солонгос чийгтэй. Иргэддээ зөвлөхөд гадаадад ажиллах гэж зориод байх хэрэггүй юм. Монголдоо боломжийн цалинтай ажил бий. Боломжууд ч нээгдэж байна. Энэ нь ч явах гэж байгаа хүмүүсээс анзаарагдаж байна.
-Солонгост байгаа ар гэрийнхэн нь өөрсдийг нь татаж авах, ажлын байраар хангах гэж байгаа учраас манай иргэд Солонгос руу явах гэж зүтгээд байгаа юм биш үү? Хэрвээ шалгалтад тэнцсэн тохиолдолд цаанаас нь татаад авах боломж бий юу?
-Шалгалтад тэнцээд Солонгосын хөрөнгийн бирж дээр нэр нь тавигдахад цаана ажиллаж байгаа хүн татаад авах боломж байхгүй. Хэрвээ тийм боломж байгаа бол сайн байна. Харамсалтай нь ингэж болохгүй. Үүгээр далимдуулж ашиг хонжоо хайгчид бий. Үүнд хууртсан хүмүүс цөөнгүй байх шиг байна. Дэзр нь иргэд кодоо мэдэх хэрэгтэй байна гээд асуугаад лавлаад байдаг.Хэрвээ тэр код нь хэрэгтэй бол бид өгч болно. Гэтэл тэр нь хэрэг болохгүй. Бид хүмүүсээ бүртгэхдээ кодолдог код шүү дээ. Шалгалтад тэнцсэн манай иргэдийн нэрс Солонгосын ямар хөдөлмөрийн бирж дээр хаана нь байршсаныг бид ч мэдэхгүй. Энэ нь автомат сонголтын систем рүү орж, нэг хөрөнгийн биржээс нөгөө бирж рүү нь тараан байршсан байдаг. Дээр нь 10 гаруй мянган хүн шалгалтдаа тэнцлээ гэхэд Солонгосын тал гурван мянга орчмыг нь сонгон авна. Хамгийн гол нь ажил олгогч нар мэднэ шүү дээ. Бирж дээрээс л ажил олгогчид сонголтоо хийнэ.