Moderator: mgl_300
Бие нь яаж байна. Одоо бичих захиаг миний бяцхан хөөрхөн маамууд уншиж өгөөрэй. Сайн уу? Миний хамгаас хайртай амьдралын минь цоо шинэ өнгө болсон үр минь. Аав нь гэрээсээ бяцхан үр чамайгаа алдчихвий гэсэн айдастай бас нулимстай энэ захиаг бичиж сууна. Ээж нь чамд аавынх нь захиаг дамжуулж уншиж өгөх болноо. Аав нь чамайг ээжийнхээ гэдсэнд бий болсон гэдгийг мэдээд хоёрхон сар болж байгаа ч үнэхээр их хайртай болжээ. Энэ хорвоод аав нь ч гэсэн чиний л адил ээжийнхээ гэдсэн бүрэлдээд 10 сар бойжиж аав ээжийнхээ жаргал нь болж мэндэлсэн. Чамайг бий болсон гэдэг баярт мэдээг сонсоод цоо шинэ хайр, цоо шинэ баяр баясгаланг мэдэрсэн. Хөөрхөн жижигхээн хүүхэд надад тэврүүлэхээрээ уйлахаа болиод л, намайг санаад уйлаад л, намайг ААВАА гэж дуудна гэж бодохоор аавд нь үнэхээр сайхан бүр зүйрлэж хэлшгүй сайхан байнаа. Харин миний үрд одоо хэцүү, нялх бие нь тэсэхэд бэрх байгаа ч үр минь гуйя наймхан сар тэсчих. Аав нь үнэхээр чамаасаа гуйж байна. Наймхан сар тэсчих… Тэгээд л миний үр аав ээжийнхээ баяр баясгалан болж хорвоод мэндэл. Аав ээж хоёр нь чамайгаа халамж хайраар ер нь юугаар ч дутаахгүй бөөцийлөн өсгөх болноо. Аав нь 7 хоног бүрийн гурав дахь өдөр чамдаа дуртай зүйлийг нь авч өгнө. 14 хоногт заавал нэг удаа ээжтэй нь гурвуулаа гоё газруудаар зугаална. Аав нь чамдаа гар хүрэхгүй, хэлж ярих юм байвал яг найз шиг нь дотно байнаа. Чамтайгаа ноцолдож эсвэл айл гэр болж тоглоно. Хамт сууж хүүхэлдэйн кино үзнэ. Орой унтахад нь гоё үлгэр ярьж өгөөд үнсэнэ. Ер нь аав нь чамайгаа үнэхээр их хайрлаж амьд явах хугацаандаа ээж та хоёрын чинь төлөө, сайн сайхан аз жаргалын төлөө зүтгэх болноо. Энэ бүхнийг аав нь үрдээ амлаж байна. Үр минь гуйя наймхан сар тэсчих… Миний үрд хичнээн хэцүү хичнээн хүнгүй байсан ч хамаагүй аав ээжийнхээ төлөө наймхан сар тэсчих. Гуйя үр минь. Хүсвэл аав нь энэ амласан юмнуудаа одоо ч өгсөн чадна. Гол нь миний үр наймхан сар тэсээд ээж аавдаа тэврүүлчихвэл аав нь бас ээж нь чамайгаа хязгааргүй ихээр хайрлаж хамгаалахаа амлаж байна. Ээж аавын баяр баясгалан минь, аз жаргал хамаг л сайн сайхан зүйл минь, аавынхаа амласан зүйл, ээж аавынхаа хайранд өлгийдүүлж бас аавынх нь дурьдаагүй ирээдүйд эдлэх аз жаргал хайр дурлал гээд бүх л сайн сайхан зүйлийн эзэн нь болохын тулд үр минь наймхан сар тэсээд ээж аавынхаа тэвэрт хүрээд ир. Тэсээрэй үр минь тэсээрэй. Ердөө наймхан сар…
Эхийнхээ гэдсэнд чимээгүйхэн аврал эрж байсан энэ хүүхэд аав ээжийнхээ тэвэрт эрхлэх хувь дутсан юм…