Moderator: mgl_300
-Хүмүүсээс “Монголын сайхан эмэгтэй хэн бэ” хэмээн асуухаар таныг болон таны ээж ардын жүжигчин Л.Цогзолмааг нэрлэдэг. Тэгвэл таныхаар сайхан эрэгтэй, эмэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?
- Хамгийн сайхан сэтгэлтэй хүнийг хэлнэ. Хүн гадна талдаа хичнээн сайхан будчихсан, цэцэг хуар шиг байлаа гээд дотроо юу ч үгүй цаасан цэцэгтэй адил бол ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Тийм учраас амьд сарнай байхын тулд өөрөө сайхан сэтгэлтэй, энергитэй, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
Ер нь хүний дотор оршиж буй сайн сайхан зүйл нь гадагшаа гэрэлтэж байдаг. Хүнийг гадна талаар нь хүлээж аваад дотоод сэтгэлээр нь үддэг гэж ард түмэн маань ярьдаг. Гаднах сайхан өнгө нь дотроосоо цэнэглэгдэж, үзэмж нэмж байх ёстой. Хэрвээ дотроо муухай байвал гаднах сайхан өнгө үзэмж нь аяндаа өөрөө өнгөгүй, үхмэл болно.
|
-Таны амьдралаасаа авсан хамгийн том сургамж юу байв?
- Хүмүүс “ Амьдралд хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй” гэж ярьдаг. Үнэхээр хүлээлт, тэвчээр гэдэг зүйл жаргал зовлон ээлжилдэг хүмүүний хорвоод ямар чухал болохыг мэдэрсэн. Хүнд сөхрөх, бууж өгөх үе байдаг. Гэхдээ аль болохоор хүний сэтгэлийг зовоосон, сөхрүүлсэн зүйл хүнд ховор тохиолдоосой гэж боддог.
-Хэрвээ тийм зүйл тохиолдвол хүн өөрийгөө хэрхэн зоригжуулж, ирлэх ёстой юм бол оо?
- Миний хувьд үүнээс хэцүү үе надад ирэх ч юм билүү тиймээс тэвчих хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулдаг. Надад тохиолдож буй зовлонгоос хэцүү зүйлийг хүн энэ ертөнцөд туулж гарсан л байдаг. Мөн аймшигтай хувь тавилантай хүн хорвоод цөөнгүй бий гэдгийг бодох хэрэгтэй. Хүний амьдралд юу ч тохиолдохыг таашгүй. Тэр болгонд хүн сайтар бодож, зовлон дундаас ухаарлыг авч гарах нь чухал юм болов уу.
-Та залуустай ойрхон ажилладаг хүний хувьд тэдний талаар ямар бодол тээж явдаг вэ?
- Залуус маань бүгд ижил биш. Ерөөсөө хүн төрөлхтөн бүтэн үеэрээ адил байна гэж байхгүй. Үе болгон дотроо сайн муу бүхнийг агуулж байдаг. Одоогийн залуусын дотор мэдлэг, боловсролтой сайхан хүн олон. Хэнэггүй толгой ч цөөнгүй байна. Тийм учраас нэгдүгээрт, хэнэггүй, зориггүй, зорилгогүй залуус нь өөрийнхөө үеийн мэдлэг чадвараараа байлдан дагуулж яваа залуусаас үлгэр дуурайлал авч, тэдний эгнээнд хүрэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Мөн залуу хүүхдүүд аливаа зүйлд сониуч хандаасай. Гэхдээ муу зүйлд биш аль болох сайн сайхан бүхнийг сонирхдог, эрж, хайдаг, олж мэдэхийг хүсдэг зан чанар залууст хэрэгтэй байна. Мөн ээж, ааваа хайрла, ах дүү нараа энэрч, хамт ажилладаг хүмүүсээ хүндэл. Энэ бүхнээс чиний сайн сайхан амьдрал эхэлнэ гэж хэлмээр байна. Хэрвээ чи чадахгүй бол аз жаргал, эх орон гэж том үг яриад хэрэггүй. Ер нь хүн зорьсондоо хүрэхэд хамгийн эхний алхам их чухал.
-Тэгвэл таны ажигласнаар манай нийгэмд зорилготой, зоригтой залуус, хэнэггүйчүүд хоёрын аль нь олон байгаа бол?
- Мэдээж хүн амьдралын сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг. Тэр ч утгаараа хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг хүн ихэнх хувийг нь эзэлдэг хэмээн найдаж байна. Гэхдээ хүн өөртөө эрт сэтгэл ханаж болохгүй. Аливаа зүйлд сэтгэл хангалуун, бүх зүйл нь бэлэн байх нь хүнийг амархан өтлүүлж, үхүүлдэг гэж боддог. Тэгэхлээр зорилгогүй, ихийг олж мэдэх юмсан гэсэн хүсэлгүй, одоо байгаадаа сэтгэл ханаж, цагийг дэмий өнгөрөөж эхлэх юм бол тэр хүн үхсэнтэй адил болно. Зарим залуус зугаа цэнгэл хөөж, цагийг үр ашиггүй өнгөрөөдөг. Хүн амьдралдаа баярлаж хөөрөлгүй яахав. Гэхдээ амьд явна гэдэг зөвхөн зугаа цэнгэл, жаргал хөөхийн нэр биш. Ажил хийх, аливааг бүтээх, шинийг нээх гэдэг нь хүний амьд яваагийн утга учир юм. Тийм учраас залуус маань нэгийг бодоосой. Үүний төлөө зүтгээсэй гэж боддог. Гэхдээ зөвхөн үеийнхэн дотроосоо сурах биш, ахмадуудаас их зүйлийг сурч мэдээсэй гэж боддог. Зарим хүн ахмадуудаа “Өө энэ үеэ өнгөрөөчихсөн” гээд тоодоггүй юм шиг байна лээ. Миний бодлоор нас гэдэг бол хүний биологийн утгаараа хүний амьдарсан хугацааны тоо болохоос биш, хөгшин залуугийн хэмжүүр гэж би боддоггүй. Залуу хэрнээ оюун ухаан, санаагаараа өтөлчихсөн, үхчихсэн хүмүүсийг залуу гэж хэлэх аргагүй юм. Хичнээн хөгшин 70, 80 хүрчихсэн байлаа гээд сэтгэх, бодох, эрэх хайх, сэтгэхүйгээрээ ямар ч залуу хүнээс илүү хүн байдаг. Тэр хүмүүсээс залуус үлгэр дуурайл авах ёстой гэж боддог. Тэгэхээр хүн мөнхөд залуугаараа байхыг эрмэлзэх хэрэгтэй. Дандаа амьдралыг урагшлуулж хардаг, мөрөөддөг, зорьдог, хүсдэг ийм сэтгэхүйтэй байх юм бол хүн үхэн үхтлээ залуу байж болно.
- Хүний хүсэл хязгааргүй гэж ярьдаг. Ер нь хүний хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам нь юу байдаг вэ?
- Хөдөлмөр гэж бодож байна. Хүн хичнээн сайхан зүйл мөрөөдөж, хүсдэг мөртлөө өөрөө зүгээр суугаад байх юм бол тэрэнд хэзээ ч хүрэхгүй, биелэгдэхгүй. Аав, ээж шиг нь тавган дээр талх авчираад өгчихдөг хувь заяа гэж байдаггүй. Тэр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хөдөлмөрлөж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Мэдлэгтэй байх ёстой, гэхдээ тэр мэдлэг нь чамд зүгээр хуримтлагдах биш ур чадвар болж, хэрэгжих ёстой. Тэгсэн цагт хүн хөдөлмөрийнхөө шанг заавал хүртэж таарна.
- Одоогийн нийгэмд мөнгөний үнэ цэнэ маш өндөр болжээ. Залуусын маань хөгжих, дэвшихэд ямраар нөлөөлж байгаа бол?
- Надад ажиглагддаг зүйл нь юу гэхээр, зарим залуус мөнгийг, нөгөө хэсэг нь алдар хүндийг, гуравдахь нь албан тушаалын төлөө явах болжээ. Энэ бол хүний зорих зүйл биш, харин жинхэнэ зорилгын дагалдах зүйл нь юм. Хүний ур чадвар, мэдлэг, дотоод сэтгэл ариухан, арвин байвал энэ бүгд юу ч биш. Чи ажлаа сайн хийж чаддаг байвал, мөнгө аяндаа л ороод ирнэ. Тэрнээс биш дээрх зүйлийг нь урдаа тавьчихаар эхний удаадаа мөнгийг олж чадна. Гүйсээр байгаад алдар нэр, албан тушаал авч болно. Ямар нэгэн тэмдэг, цол аваад хадгалчихаж болно. Гэхдээ энэ бол зүгээр цаг зуурын зүйл. Хэзээ ч мөнхийн байж чаддаггүй. Хэрвээ чи үнэхээр мэдлэгтэй, чадвартай, хүнд хэрэгтэй байвал тэр бүхэн чамайг мөнхөд дагалдах болно. Чи “Би мөнгөнд дургүй” гэж хэлсэн ч гэсэн тэр мөнгө өөрөө гүйгээд ирнэ. “Алдар нэр надад хэрэггүй” гэсэн ч эргэн тойронд байгаа хүмүүс чинь чамд аяндаа өгнө шүү дээ. Үүнийг залуус маань ялгаж, салгаж ойлгодог байгаасай гэж хүсч байна.
- Одоогийн нйигэмд гэр бүл салалт их ажиглагдах болсон. Энэ нь залуусын ухамсар, гэр бүлийн талаарх ойлголт муу байгаатай холбоотой болов уу?
- Гэр бүл болсон залуус маань өнгөрснөө амархан мартаад байгаа юм шиг санагдах юм. Мэдээж өөрөө урагшаа тэмүүлэх, хөгжих ёстой нь үнэн. Гэхдээ өнгөрсөнөө мартаж болохгүй. Гэр бүлийнхээ хүнтэй анх танилцаж байсан, гэр бүл болсон, анхныхаа хүүхдийг төрүүлсэн тэр сайхан мөчөө амьдралынхаа явцад мартаад гээчихдэг юм шиг. Тийм учраас дахиад л шинэ сайхан зүйл хүсээд эрээд байдаг юм болов уу гэсэн хар төрөөд байгаа юм. Өөрийнхөө олсон сайхан зүйлээ хадгалж, баяжуулж, хайрлаж байхаа мартчихаад байна. Тийм болохоор эхнэр нөхрийн хооронд ан цав үүсдэг байх. Гэр бүлийн хүмүүс бие биендээ үргэлж хайртай байхын тулд өнгөрсөн үеэ л санаж байх хэрэгтэй юм шиг санагддаг шүү.