Moderator: mgl_300
Саванд жигдхэн хийсэн халбага
3-5 жил хамт амьдарч байгаа залуу хосууд голдуу нэгийг нь нөгөөгийн нь ховилд оруулан жигдхэн нягт өрсөн халбага шиг унтдаг байна. Энэ нь тун дотны, эвтэйхэн байрлал бөгөөд эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдсэн ураг ч бас ийм байрлалд байдаг. Энэ нь хос хоёрт бие махбодын хувьд хамгийн ойр дотно байдлыг илэрхийлж, мөн ямарваа зүйлээс хамгаалагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Ихэнх тохиолдолд эрэгтэй нь ард нь тэвэрч унтдаг. Харин голдуу эмэгтэй нь ингэж тэвэрч унтдаг бол бүсгүй эрэгтэйдээ илүү хайртай бөгөөд хайр сэтгэлийг эрэгтэйгээс авах биш, голдуу “өгдөг” гэнэ. Хэрвээ тухайн гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь адил эрхтэй бол шөнөдөө энэ байрлалаа хэд хэдэн удаа солино. Нэг нь эргэж хөрвөхөд нөгөө нь ардаас нь ижилхэн хэлбэрээр даган эргэж тэвэрч унтдаг.
Бал сарын тэврэлт
Яг нүүр нүүрээрээ өөд өөдөөсөө тэврэн унтдаг байрлал ойр дотно байдлын хамгийн дээд илрэл. Гэхдээ энэ нь дээр өгүүлсэн “халбага” байрлалаас ч ховор тохиолддог. Тэгээд ч бүтэн шөнийн турш ийм байрлалд унтана гэдэг тийм амар биш, учир нь хамгийн эвгүй байрлалын нэг юм. Саяхан учирсан, сексийн харьцаанд ороод удаагүй байгаа хосууд жинхэнэ гал халуун байх үедээ энэ байрлалд унтдаг. Эсвэл ер нь хосууд сексийн дөнгөж дараа мөн ингэж хэсэг унтана. Гэхдээ нэлээн удаан хугацаанд хамт байгаа хосууд ямар нэгэн баярт үйл явдлын үед ингэж унтдаг. Эсвэл тухайн хос хоёр хэн хэнээсээ хүчтэй хамаарал, нөлөөг мэдэрдэг бол мөн ингэж унтдаг байна. Хэрвээ хайрт чинь ингэж унтах дуртай байгаад, энэ нь танд их хэцүү байвал хэсэг хүлээгээд түүнийгээ унтсан хойно нь байрлалаа солиорой.
Дээврийн ваар
Хосын нэг нь /голдуу эрчүүд/ нөгөөгөөсөө бүтэн толгой дээш илүү гарч унтах дуртай бол энэ нь тухайн хүн гэр бүлийн аливаа асуудалд толгойлогч байхыг хүсдэгийг илэрхийлнэ. Энэ байрлалыг сэтгэл зүйчид “хааны байрлал” гэж нэрлэдэг. Эмэгтэй нь эрэгтэйн мөрөн дээр дэрлэн унтдаг бөгөөд энэ нь тухайн бүсгүйг эрэгтэйгээсээ харьцангуй их хамааралтай гэдгийг илтгэнэ. Ийм тохиолдолд тэрээр юунаас ч айх зүйлгүй, бат бэх хамгаалалтанд байгаа мэт санадаг. Энэ нь тухайн хос бие биедээ дээд зэргээр итгэдгийг илтгэнэ. Тиймээс ингэж унтах нь байнгын, тогтвортой харьцаанд байдаг олон хосод таалагддаг.
Хайртын өлгий
Энэ нь дээр өгүүлсэн “ваар” байрлалын илүү дотно янаг байдлыг илтгэдэг хэлбэр юм. Энэ тохиолдолд эмэгтэй нь зөвхөн эрэгтэйнхээ мөрийг дэрлэх биш, бие биедээ илүү ойр наалдаж, харилцан бие биеэ тэвэрсэн байдаг. Эмэгтэй нь эрэгтэйнхээ бараг эгэм дээр нь хэвтэж эрэгтэй нь гараараа бүсгүйгээ тэвэрнэ. Энэ нь хайр, хамгаалал, дэмжлэг гэсэн утгатай байдаг байна. Гэр бүлийн хооронд маргаантай, хүндрэл тулгарсан үед ингэж унтах нь эмэгтэйчүүдэд онцгой таалагддаг бөгөөд ханийнхаа дэмжлэгийг хамгийн хурц мэдэрдэг байрлал гэж тооцогддог. Гэхдээ энэ нь зөвхөн эмэгтэйд биш эрэгтэйд ч халуун дотно сэтгэгдэл төрүүлдэг байрлал. Учир нь бүсгүй залуудаа наалдаж, сул гараараа эрэгтэйгээ тэврэх нь хүнд хэцүү ажлын өдөр тулгарсан стресс, хямрал, бэрхшээлийг нь хуваалцаж байгаа хэрэг юм.
Чөлөөт холбоо
Залуу хосууд бие биедээ ойр дотно гэдгээ мэдрэх, мэдрүүлэх, халуун янаг байдлаар унтах гэж хичээсэндээ өөртөө эвтэйхэн байрлалаар унтаж тэр бүр чаддаггүй. Хамтын амьдралын 5 жилийн дараагаас, тэдний хайр сэтгэл, гэр бүлийн амьдралд ямар ч аюул заналхийлэхгүй байна гэдгийг ойлгохоороо аль болох эвтэйхэн, тавлаг байрлал сонгон унтаж амрахыг хичээдэг болдог. Тиймээс эвсэг гэр бүлийн хоёр голдуу хамгийн эхний “халбага” байрлалтай төстэй боловч хоёр биенийхээ хооронд харьцангуй их зайтай хэвтдэг байрлалыг сонгон унтдаг. Бие биеэ мэдэрч байгаагаа тэд бие биенийхээ хөл, гарынхаа харилцан хөдөлгөөн, хүрэлт, шүргэлтээр мэдэрдэг. Энэ байрлал нь хос хоёрын бие биедээ ойр дотно байгааг ч, эвтэйхэн унтаж, сайхан амрах гэсэн эрмэлзлийг ч илэрхийлж байдаг. Энэ нь харьцангуй ойр дотно боловч сексийн дур хүслийг илэрхийлдэггүй байрлал юм.
Хөлний тэврэлт
Зарим хосууд бие махбодоороо хэт халуун дотно байхыг төдийлөн таашаадаггүй байх нь бий. Тиймээс тэдний ойр дотно байдал нь унтаж байхад нь санамсаргүй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл унтаж байхдаа “санаандгүйгээр” хөлөө эхнэр, нөхрийнхөө хөлөн дээр тавих, шагайгаараа шүргэлцэх гэх мэт. Унтахдаа хөл, хөлөө зөрүүлдэг бол нөхөрсөг байдлыг илтгэдэг. “Хөлний тэврэлт” хэмээх энэхүү байрлал нь бас хос хоёрын аль нэг нь өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх дургүй байгааг юм уу, маргаан, хэрүүлийн дараа санаатайгаар хол хөндий байдал гаргах үед мөн илэрдэг байна.
“Зен” байрлал
Он удаан жил хамтран амьдарсны дараа унтахдаа хувь хүний эзлэх өөрийн гэсэн орон зай улам ихэсдэг. Хамтын амьдрал нь бэхжиж, ойр дотно харилцаа нь амьдралаар шалгагдсан хойно хосуудын бие даасан, хараат бус байдал улам нэмэгддэг. Ийм учраас энэ үедээ хосууд хэн хэндээ ийм чөлөөтэй, хүссэнээрээ эвтэйхэн унтах боломж олгох үүднээс илүү өргөн ор худалдан авахыг хичээдэг. Гэхдээ ийм байрлалд унтаж байхдаа хоёул хонгоо нийлүүлсэн байдаг нь тэдний сэтгэл бие биенээсээ хөрч хөндийрөөгүй, урьдын адил ойр дотно байгааг илэрхийлдэг байна.
Тэнгис дэх хөлөг онгоц
Хэрвээ нөхөр чинь гэнэт эргэн хөрвөж хамаг хөнжлөө хамж аваад орны захад очоод нам унтаад өгвөл та нурууг нь харан гомдон хэвтэх үү? Сэтгэл нь хувирч, танд хайргүй болжээ гэж бодох уу? Гэхдээ үнэхээр тийм эсэхийг нь мэдэхгүй байж гомдох уу, яах вэ? Эрдэмтэд, судлаачид хүний унтахдаа баримтлах хууль, зөв буруу байрлал гэж байхгүй гэж үздэг. Гэхдээ энэ байрлалын хувьд үнэхээр хосуудын хооронд ямар нэг асуудал үүссэнийг гэрчилдэг байна. Чухам юунаас болоод та хоёр ийм байрлалд унтаж байна вэ гэдгийг олж ойлгохыг хичээгээрэй. Хань тань ямар нэг зүйлд сэтгэл зовж, тавгүй байна уу, уурлаж бухимдаа юу, гомдоо юу гэдгийг мэдэж засах нь зөв. Хэрвээ хайртай хүн, хань ижилд чинь ямар нэг асуудал тулгараад байгаа бол түүнд энэ асуудлынхаа учрыг олох цаг хугацаа, мөн орондоо ч бол өөрийнхөөрөө, чөлөөтэй байх зай өг. Танд ч гэсэн ийм асуудал, хүндрэл тулгарахад та хэсэгхэн ч бол ганцаараа байхсан гэж боддог биз дээ? Удалгүй та хоёрын хоорондын харилцаа хэвэндээ ороход орон дотроо унтдаг байрлал чинь ч эргэн ойр дотны байдалд шилжинэ гэдэгт итгээрэй.
Арваалж
Хэрвээ та юм уу, таны хайртай хүн, эхнэр нөхөр чинь ямар нэгэн гажиг, хачин байрлалаар, эсвэл хоорондынхоо зайг байж болох хэмжээгээр нь хол байлгах гэсэн мэт орноосоо уначих шахан хамгийн захад унтаж байгаа бол үнэхээр сайтар бодох ёстой гэдгийг илтгэнэ. Эсвэл шөнө унтахдаа гайгүй хэвтсэн боловч таныг унтаж байхад чинь байрлалаа өөрчлөөд өглөөд сэрэхэд танаас зугтан, байдгаараа атиран, таны биенд хүрэхээс айсан мэт хэвтэж байвал тэр үнэхээр танаас холдох, харилцаагаа таслахыг хүсч байж болох юм. Харин үүнийгээ одоохондоо хэлж чадахгүй байгаа хэрэг. Харин шөнө унтахдаа нэг байрлалд унтана гэж байдаггүй цаг үргэлж эргэж хөрвөж, байрлалаа сольж байдаг хүмүүс бол амьдралын идэвхтэй, эрч хүчтэй, эсвэл уран бүтээлч хүмүүс байдаг гэнэ