Moderator : Ixus
Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амьтнаас хүнд халдварлаж, хүний вирус элдэв вирустай нэгдэж, тааварлахын аргагүй шинэ халдварт өвчнүүд гарсаар байна.
Манай урд хөршид дахин шинэ вирусын халдвар бүртгэгдлээ. Хаанаас гаралтай ямар өвчний вирус болохыг тогтоогоогүй байгаа ч ДОХ-ын вирустай төстэй гэж хятадын эмч нар үзэж байна.
Хятадын хэдэн мянган иргэнээс үл мэдэх вирус илэрчээ. Халдвар авсан бүх хүнээс ДОХ-ын шинж тэмдэг илэрч байгаа ч, шинжилгээгээр ДОХ-ын вирус илрэхгүй байгааг эмч нар нотлоод байна.
Ийм өвчний тохиолдол Бээжин, Шанхай, Жэзян, Гуандун, Зянсу болон Хунань мужид бүртгэгджээ.
Хонконг, Сингапурт ч энэ үл мэдэгдэх вирус илэрсэн тухай Хонконгийн хэвлэл мэдээллээ.
Урьдчилсан мэдээгээр, ДОХ-той төстэй энэ вирусын халдвар бэлгийн замаар болон цус, шүлсээр дамжин тархаж байгаа юм байна.
Энэ нь шинэ төрлийн вирус гарсан байж болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа.
Вирусын халдвар авсан өвчтөнүүдэд тунгалагийн зангилаа томрох, гар хөлрөх, арьсан дээр улаан толбо гарах, бага зэрэг халуурах шинж тэмдэг ажиглагдаж байгаа юм байна.
Энэ бүх шинж тэмдэг нь ДОХ-ын халдвар авсан эхэн үед илэрдэг.
Хятадын хэвлэлд мэдээлснээр, дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээс цусны 59 дээж аван, нэмэлт шинжилгээ хийхээр Америкийн лабораториудад илгээжээ.
Ц.Соёлмаа